Өвлийн аялал жуулчлал ба Боломж
Гадаад улсад суралцаж буй нэгэн монгол залуугийн гадаад найз нь амьдралдаа ямар нэгэн онцгой адал явдал мэдэрмээр байгаа тухайгаа түүнд ярьжээ. Тэрээр өвлийн хүйтэнд манай оронд Хөвсгөлийн тайгын урцанд шинэ оноо угтаж болох юм гэж зөвлөсөн аж. Ингээд түүнд туслах зорилгоор тэд хамтдаа Монголын аялал жуулчлалын компаниудын цахим хаяг руу мэдээлэл авахаар эрэл хайгуул хийсэн байна. Харамсалтай нь аялал жуулчлалын компаниудын цахим хуудас зунаараа байжээ. Учир нь нүүр зураг дээр ногоон ой мод, элсэн цөл, Хөвсгөл далайн ус халгин байх нь яг л монголд өвөл болдоггүй мэт сэтгэгдлийг төрүүлэхээр мэдрэмжийг авчээ. Захиалга өгөх бүү хэл мэдээлэл авах боломж тун хомс байжээ. Ийм байхад Монголд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай яриад ч нэмэргүй ба тэрээр компаниуд цахим хуудасныхаа тодорхой хувийг өвлийн тухай мэдээлэл багтаавал гэсэн санаа өөрийн сэтгэгдлээ илэрхийлж байсан гэдэг.
Монголын аялал жуулчлалын маркетинг сурталчилгааны өнгө төрхийн 90 хувь нь урин дулааны улирлыг илэрхийлж байдаг нь өөрөө нэг алдаа мэт. Сурталчилгааны ядаж 40% хүртэл орон зайг өвлийн өнгөөр сольж, өвлийн аяллын маршрут, эвент арга хэмжээг санал болгосон байдлаар оруулах нь зүйтэй юм шиг ээ.
Мөн өвлийн аялал жуулчлалын чиглэлээр гадаад улсад мэргэжилтэн солилцох, бэлтгэх болон дотоодын их, дээд сургууль, МСҮТ-үүдийн сургалтын системд энэ талаар тусгах нь бид хүний нөөцөө хурдан бэлтгэх хамгийн түргэн алхам болох болов уу. Нөгөө талаар аяллын хөтөч тайлбарлагчийн сургалт явуулдаг албан ёсны зөвшөөрөлтэй сургалтын төвүүд мөн үүнд хамаарна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг бид үүнээс эхлэх болов уу гэж бодож байна.
Үүний дараа төрийн бодлого салбарын уялдаа холбоо нэн чухал. Монголын аялал жуулчлалын салбарт жилд нийт 110 орчим эвент арга хэмжээ төлөвлөгдөж байна. Үүний 20 гаруй нэр бүхий эвент нь хүйтний улиралд явагддаг. Үүн дотроос тодорхой чиглэлийн эвентийг бодлогоор дэмжиж явах нь илүү чанартай болох нь дамжиггүй. Өвлийн гэж тодотгож буй ч намрын сүүл сар болон хаврын эхэн сарыг мөн уялдуулж байж жинхэнэ хүйтний улирлын цогц бодлого болно. БОАЖЯ-ны зүгээс 2019 онд хавар, намар, өвлийн нийт 17 арга хэмжээг төрийн болон ТББ-тай хамтран зохион байгуулж байсан байна.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын нарийн бичгийн дарга Талеб Рифай манай улсад зочлохдоо “Монгол орон бол тусгай сонирхлын орон. Тэр дундаа өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой” гэж тодотгосон гэдэг. Энэ нь та бүхэнд боломж байна гэж хэлсэнтэй ижил байж мэдэх юм.
Дан ганц орон нутаг бус Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зарим аймгийн төвүүд гэсэн томоохон хотуудаа мөн түшиглэх хэрэгтэй. Тэдний дэд бүтэц, нөхцөл боломж дээр тулгуурлан шинэлэг бүтээгдэхүүн эсвэл хуучин эвентийг нь шинэчлэн найруулж эхний ээлжид ОУ-ын маркетингийн баг оролцуулж тогтмол хэдэн жил хийвэл үр дүнгээ харуулж мэднэ. Гагцхүү ямар ч арга хэмжээний зохион байгуулалтыг чанд сайн гүйцэтгэлийн өндөр төвшинд хийх нь хамгийн чухал. Үүний зэрэгцээ тэдгээр хотуудад орших дөрөв, таван одтой зочид буудлын өртгийг өвлийн улиралд тодорхой хувиар хямдруулах бодлого хамт хэрэгжүүлэх нь дэмтэй байж мэдэх юм.
Харин орон нутагт өвөл жуулчин хүлээж авах зочид буудал ялангуяа жуулчны бааз хомс байдаг. Монгол улсын хэмжээнд одоогоор нийт байршуулах хэрэгслийн тоо 2056 байна. Үүний 842 нь нийслэл 1214 нь орон нутагт байна. /2019 он/
Үүний тал … түүнээс илүү хувь нь зөвхөн дулааны улиралд ажиллаж хүйтэнд хаалгаа барьдаг. Энэ нь мэдээж өвлийн халаагуур, дулаалга болон түүнчлэн гол зорилго үйлчлүүлэгчгүй учраас улирлын чанартай ажиллах нь ойлгомжтой. Хэрэв үнэхээр өвөл цагт зун шиг жуулчин ирдэг болчихвол түүнийг дагаад тэдний бизнес хувьсан өөрчлөгдөж татагдан оролцох ойлгомжтой. Гагцхүү бид бүгдэд өвөл жуулчид ихээр ирэх гэсэн ганц л мөрөөдөл бий. Гэвч олон асуудлууд бидний нүдний өмнө илт. Үүний нэг нь биз олголт ба манай улс жуулчинд хамгийн хатуу визний нөхцөлтэй орнуудын нэгээр тооцогддог байна. Энэ үзүүлэлтээр дэлхийд 128-д ордог юм гэнэ лээ. Бодох л асуудал.
Эвент бол ерөөсөө л шинэ санаа, сайн сурталчилгаа, тууштай зохион байгуулалт дээр явагддаг. Хөрш орнууд маань цоо шинэ биш ч өөр өөрийн сонин содон эвентүүдийг дэлхийд гаргаж байна. Жишээ нь: БНХАУ-ын Харбин хот. Тэнд дэлхийн хамгийн том мөсний фестиваль зохион байгуулж сая сая жуулчдыг урин дуудаж байна. Харин хойд хөрш ОХУ-д жуулчдад танк унуулж, буудуулж хүртэл үзүүлэх эвент шууд анхаарал татам тун сонирхолтой. Яг үнэндээ би хүртэл энэ 2 эвентэд боломж таарвал оролцож үзмээр сэтгэгдэл үүнийг бичиж байхад л төрж байна.
Харин бусад улс орнуудад хамгийн алдартай эвентүүд юу байдаг бол хамтдаа сонирхъё. Норвегийн өвлийн аяллын гол орлого нь “мөсөн зочид буудал” бөгөөд зул сарын өмнө шинээр барьж цас мөс хайлах хүртэл зочдыг хүлээн авдаг байна. Канад улсын Winterlude наадам 20 орчим өдөр үргэлжилдэг бадэлхийн өнцөг булан бүрээс мөсөн барималчид цугладаг байна. Берлин хот нь зул сарын шоппинг аяллын орлогоор дэлхийд тэргүүлдэг байна. Рэйн (Rhine) мөрний дагуух хотууд цувран тэмдэглэдэг Fasching хэмээх өвлийн багт наадамд дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид цуглаж хөл хөдөлгөөнд умбадаг гэх мэт дурдвал улс бүр л өөр өөрийн гоёмсог эвентээ брэнд болгож болж өгвөл жил бүр трэнд болгох хүсэлтэй.
Харин манайхаас өвөл хийгдэж байгаа ОУ-ыд танигдаж эхэлж байгаа нь Бүргэдийн баяр, Хөх сувд мөсний баяр, Түмэн тэмээний баяр гэх мэт. Гэвч энэ 3 эвент нь зохион байгуулагдах хоног хугацааны хувьд маш ойрхон байдаг ба зарим тохиолдолд хоног давхацдаг. Бид ядаж хоногийн хугацааг нь хооронд нь зөрүүлж очиж үзэх боломжит хугацаагаар хангах хэрэгтэй. Үүнийг БОАЖЯ болон салбарын учир мэдэх хүмүүс эдгээр эвентүүдийг багцлаад “Нүүдэлчдийн өвлийн наадам” хэмээн тунхаглах санаачлага гараад явж байгаа. Мэдээж бусад эвентүүдийг уялдаа холбоог мөн харгалзан хамруулах үе шат явагдах биз ээ.
Манай улс өвлийн аялал жуулчлалын хүрээнд морин аялал, тэмээн аялал, нохой чарга, цаа буга, мөсөнд авирах, нар харах, од дурандах, цас мөсний баяр, шинэ жил, цагаан сар, амьтан ажиглах, цаатны урцад хоноглох, малчин айлын өвлийн амьдралыг үзэх, цооногоос загас барих, харзны ус, халуун рашаанд орох, бөөгийн зан үйл, мөсөн шагай, сур харваа гэх мэт бусад олон сонирхолтой аяллыг зохион байгуулах бүрэн боломж бий.
Үүний зэрэгцээ өвлийн аялал жуулчлалыг бид орчин цагийн техник технологи ашиглаж шинэ бүтээгдэхүүн шинэ үйлчилгээгээр өргөжүүлж хөгжүүлэх мөн боломж ч байна. Ер нь өвлийн аялал жуулчлал эрчимтэй хөгжвөл улс орны эдийн засаг, ажлын байр гээд сайн талууд их байхыг бүгд мэднэ. Үүний тулд бид өдөр бүр энэ сэдвээ орхихгүй оролдвол нэгэн цагт олон шийдлийг олох болно.
Бидэнд нөөц байна уу гэж асуувал байна л гэж хариулна … /Үргэлжлэлийг … “ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА 21 АСУУЛТ 21 ЗОЧИН” Ном-оос уншаарай. Энэ номонд өвлийн аялал жуулчлалын “олон өнгө” цуглах болно … Coming soon 2021 оны эхээр …/
2020.12.25 23:25 М.Дархижав
#АялалЖуулчлал #WinterTourism #Travel