Үхэр тэрэгний аялал
Бодож төлөвлөж байснаас тэс өөрөөр эргэж төсөөлөл төөрүүлсэн аялал бол 7-р өртөө буюу үхэр тэрэгний аялал байлаа. Завхан аймгийн Тэс, Баянтэс сумдаар явган аялал хийж явж байхдаа дараачийн өртөөгөө бодож явахдаа орсон айл таарсан хүмүүсээс Асгат сумаас үхэр тэрэгтэй айл олдох болов уу гэж битүүхэн чих тавьж явахад толгой сэгсэрсэн хариулттай их таарсан. Хуруу дарам хэдхэн хүн л сайн мэдэхгүй байна гэсэн баттай бус хариулт өгч билээ. Үхэр тэрэгний аялалд С.Дэмбэрэл гэх эрхэм найз минь хамт явах учиртай. Тийм хэдий ч ирэх замдаа итгэл алдарсан болохоор найздаа учирлаад болиулчихлаа. Улаанбаатар хотоос Улиастай орж Улиастай хотоос Асгат сум ирээд надтай хамт хэдхэн хоног үхэр тэрэгний аялал хийгээд эргэн буцна гэдэг их ажил болох учраас орон нутгийн хөтөчтэй хамтрахаар шийдсэн билээ. Завхан аймгийн Асгат сумаас үхэр тэргээр аяллаа үргэлжлүүлэх боломжгүйг мэдсэн болохоор хажуу сум руу явах арга бодож гудмаар явж байсан хэд хэдэн мотоциклтой хүнтэй уулзаж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум хүргүүллээ. Их үнэ хөлс өгч чадахгүйгээ хэлэхэд ах зүгээрээ ийм урт замд яваа хүнд ийм тус хүргэлгүй яахав гээд шууд давхилаа. Хятад мотоцикл бага иддэг түргэн унаа шүү гэж ах унаагаа магтана. Хэсэг зогсож тамхи баагиулж тамхил хэмээн янжуур барин гар сунгахад нь би татдаггүй юм аа гэж хариу өгүүлэхэд, зөв зөв сайн байна гээд дуу муутайхан эргүүлэн гараа татна. Үргэлжлүүлэн давхиж Цэцэрлэг суманд оройн 19 цагийн үед ирэв. Зам зуур ярьж явахдаа гурван хүүхэдтэй гэхийг нь тогтоосон би дэлгүүр орж жаахан юм аваад ахад нэг хайрцаг тамхи авч өгөхөд холын хүнийг шатаачихлаа даа гээд яахнав хэмээн учирлаад өвөртөө хийн эргэн давхилаа.
Араас нь хэсэг харж зогссон би за даа хөдөөний хүн тэр дундаа хал үзэж хат суусан ийм л хүнээс ийм сэтгэлтэй гаргадагыг гадарлана. Ингээд үүргэвчээ үүрэн ойролцоо харагдах ЗДТГ нь явж очлоо. Сонгууль дөхсөн учраас надад олддог хүн амьтан ховор. Сонгуулийн үеэр хаа газрын тамгын газрын дарга нар л өрөөндөө байдаг бололтой тус сумын тамгын газрын даргатай уулзаж хэрэг учраа тайлбарлан хэлэхэд туслах гэж их л хичээн ийш тийш баахан утас цохино. Нэг бол үхрээ ойрын хэдэн жил хөллөөгүй гэх. Цаашлаад ихэнх нь үхэр бол байна харин тэрэг алга байна гэж хариулт өгөх юм. Нүүдлийн соёл маань маш эрчимтэйгээр техникийн соёл руу шилжиж байгаа нь энэ хэдэн минутад л ойлгогдоно. Сураглаж суусны эцэст нэг үхэр тэрэгтэй айл оллоо шүү. Дотроо бөөн баяр ч гаднаа царай хувирахгүй.
Сумаас 30 гаруй км зайтай тус айлд очно гэдэг асуудал. Тус айлын утасны дугаарыг аваад ямар ч байсан ЗДТГ-аас гарлаа. Сумын зүүн урд байрлах хоёр давхар шинэхэн зочид буудалд буудаллаа. Хоногийн 10.000 төгрөг гэнэ. Өрөөндөө ачаагаа орхин сумын төв рүү унаа эрхээр эргэн гарав. Хэдэн хүнтэй уулзсаны эцэст мотоциклтой ахыг олоод өглөө эртлэн явахаар тохиролцлоо. Би ч буудалдаа орж гаазан дээр борцтой шөл хийж идээд аян замын тэмдэглэлээ хөтлөн хэвтэх зуураа нам унтчихжээ.
Өглөөний 08:00 цагийн үед гадаа сигнаал дуугарах шиг болоод нойрноосоо сэрлээ. Цонхоор харах нээ Пүүжээ ах. Өнөөх айл руугаа урд орой маргааш очно гэдгээ мэдэгдсэн учир сундалж аваад гараад өглөө. Зам тийм ч сайхан биш хад чулуу, хэсэг шавар бас таарч байлаа. Мөн нарийхан жим хүртэл таарахад их л чадамгай жолоодох юм. Тэгж явсаар Ренчинжугнай нуурын ар шилд зунших ганц цагаан гэрийг зориод очлоо. Би гэдэг хүн энэ нуурын нэрийг өмнө хожид сонсож байгаагүй юм уу сонсож байсан ч мартчихсан юм уу бүү мэд ийм нэртэй нуур байдгийг анхлан сонслоо. Яагаад ийм сайхан нуурыг мэдэхгүй байснаа бодоод бодоод харамсах юм. Том гэж жигтэйхэн битүү модоор эргээ хучсан үнэхээр үзээд ханамгүй үзэсгэлэнт нуур ажээ. Гэрийн гадаа ирэхэд айлын эзэгтэй тосон нохой хорино. Гэрт орох нээ бидний үеийн нэг залуу, дунд ангийн нэг охин хоёр сууж байлаа. Гэрийн эзнийг хаачсаныг асуух нээ одоо удахгүй ирнээ гэх юм. Би ч сумын төвөөс авчирсан жаал жуул юмаа гэрийн эзэгтэйд өгөөд цай оочин сууна. Тогоон дээр хонины мах чанаж байлаа бололтой уур савсана.
Удалгүй гэрийн эзэн ирлээ. Яриад байсан залуу чи байх нээ ах нь үхрээ аваад ирлээ гэж хэзээний нэг танил шиг дотно хэлнэ. Алдар нэрийг асуувал Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2-р багийн малчин Д.Дамдинрагчаа харин миний ханийг Д.Должинжав гэдэг дээ харин дүүг хэн билээ гэж хариу асууна. Би ч нутаг ус нэр алдраа хэрэг зоригийн хамт эхнээс товчхон хэлж өглөө. Энэ хооронд том саванд тогоон дотроос мах гаргаж байх дүр зураг сайхан. Түүний шөлөнд нь гурил хаяж хоолны төрлийг нэмж амтыг арвижуулна. Хоол ундны дараа гэрээс гарч үхэр тэргээ хөллөх гэтэл гэрийн эзэгтэй дээл хувцас байхгүй юмуу гэж сониучлана. Уг нь байгаа л даа үхэр тэргээр хамт явах байсан найз маань хотоос авчрах байсан юмаа хэмээн учирлана. Би харин үхэр тэрэг олдохгүй болохоор болиулчихсан гэхэд голохгүй бол цаана чинь миний хүүгийн ногоон дээл байна тэрийг өмс гэнэ. Би ч аваад өмслөө надаас арай өндөр болохоор жаахан элбэгдүү. Гэрт байсан залуу босож ирээд дээлийг минь жаахан янзалснаа тас хар өнгийн хором гутлаа дөхүүлж өгөв. Ингээд би илбэдүүлсэн мэт уламжлалт үндэсний хувцсаараа гангарчихлаа.
Гэрийн баруун талд шинэхэн бололтой ажилд дайчлагдаагүй үхэр тэрэг байх нь Дамдинрагчаа ахын гарын бүтээл ажээ. Хөндийхөн тугалын хашаанд уяатай хайнагийн хар шарыг хүү нь хөтөлж ирэв. Өрөөсөн эвэр нь аргал хонь шиг мушгирсан нь сүрэн дээр нь сүр нэмж сүрдмээр харагдах хар хайнаг хөллөгөөндөө ч ороод сурчхаж. Ингээд бид хоёр Ренчинжугнай нуурын баруун хойд талаас зүүнийг чиглэн хойд талаар нь чиглэн хөдлөв. Гэрээс хөтлөн нэлээн алхаж байж хоёулаа тэргэн дээрээ суугаад авлаа. Овоо хөл хөнгөнтэй үхэр юм. Бодсоноос хамаагүй хурдан заримдаа шогшин татуулаад би ч тэргэн дээрээ ойж буух нь холгүй явна. Ингээд бид юм ярьж нэлээн явсны эцэст нуурын эрэгт ундаалах хэдэн үхэр сүрэг рүү явахаар зангаа хувиргав өнөөх хар шар минь. Ах бууж чигээрээ явуулахаар хөтлөн хэсэг алхав. Тэгснээ эргэн сууж хэсэг явахад дахиад л хоргодно. Энэ удаад би бууж нилээн хөтлөн алхсан нь хэд хэд давтагдав. Сүүлдээ үхэр тэрэгний аялал биш үхэр тэрэг хөтөлдөг явган аялал болохнуудээ гэх хошин бодол толгойд орж гарна. 10 гаруй км яваад бид эргэв ээ. Гэрийн зүг явахаа мэдсэн хайнагийн хар шар маань харин энэ удаад ёстой гялалзуулж өгч байлаа.
Явах замдаа ахаас баахан зүйл шалгаана. Үхэр тэрэгний талаар, түүний эдлэл хэрэглэл гээд л. Ах ч төвөгшөөхгүй дэлгэрэнгүй ярина. Унаа тэрэг хөгжсөн энэ үед үхэр тэргээр ус түлээнд явна гэдэг мартагдах үйл болсон гэнэ. Соёлоо хамгаалъя гэвч орчин цаг үеийн соёлын довтолгоонд өртчих юм байна шүү дээ гэх. Нээрээ л тийм бололтой замд таарах айлууд бүгд гаднаа нэг нэг портер тэргүүнтэй ачааны машинууд хажууд нь багадаа л нэг хятад мотоциклтой болж. Орчин үеийн малнууд нь ч техникээс үргэхээ ч байж.
Энэ нэг хоёр юмыг бушуухан хүргэчихье гэсэн янзтай үхэр маань ч хурдан хурдан алхах юм. Гэрийн цаана холгүйхэн уяан дээр эмээлтэй бор морь харагдахыг бодоход энэ айлч ойр зуурын юмандаа морио хэрэглэдэг нь илт байлаа. Гэрт нь эмээл, унинд нь хусуур, хананд нь хазаар өлгөөтэй байхыг харахад бас ч гэж жинхэнэ малчин байна даа гэж дотроо их хүндэтгэнэ. Ингээд ирж очихын 20 гаруй км замыг үхэр тэргээр туулав. Явсан нохой яс зууна гэж ардын сайхан үг бий. Ямартай ч хоосон байсангүй зах зухаас нь мэдрээд авсандаа баяртай байлаа. Ер нь энэ аяллаа энэ хүрээд зогсоох нь зөв бололтой. Олон хоног үхэр тэргээр явбал бөгс өвдөж дотор эрхтэн солигдож хамаг нээрэв барагдах юм шиг санагдлаа. Харин энэ аяллаас юу олж харсан гэвэл мэдээж эхлээд айл бүхэн хурдан унаа гэж хошуурч болох ч үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх ганц үхэр тэрэг хийгээсэй гэж бодогдсон. Нөгөө талаар гадна дотны жуулчдад үйлчилдэг байгууллагууд маршрутдаа өрх айлтай тохиролцож хэдхэн км ч болтугай үхэр тэргээр аялуулбал гэсэн санаа төрсөн. Мэдээж сайн сургасан үхэр сайн тоноглосон тэрэг хэрэгтэй. Үхрийн хамартаа цулбуурыг чанартай сур эсвэл чанартай өнгөлөг зүйлээр хийх, тэргийг чанартай хийхийн зэрэгцээ аль болох тав тухтай, өнгөлөг чамин хийвэл дотоод гадаад гэлтгүй сонирхол нь татагдаж аяллын маршрутын нэгэн сайхан чимэг болох нь дамжиггүй. Хажуугаар нь сүү сааль, ахуй соёл гээд л түүнийг хүрээлэх соёл их шүү дээ. Ийнхүү 7-р өртөө маань төлөвлөгөөнөөс жаахан гажсан ч хоосонгүй байснаа олзуурхана. Сүүлийн үед хаа газар түргэн унаа техникжжээ. Ийм байхад харин энэ зэрэгтээ үхэр тэрэг олж зав цагийг нь хумслан байж нэлээдгүй явсандаа харин азтай билээ.
Өнөөдөр гэдэг өдөр өнгөрөх нээ. Хамт ирсэн Пүүжээ ах бид хоёр хэргээ бүтээсэн учраас буянт айлдаа талархаад эргэн Цэцэрлэг сумын зүг зүглэв. Биднийг буцахад бороо жаахан орсон учраас өвс ногоо шүүдэртэж мотоцикл явахад жаахан хүндхэн болж хувирлаа. Гэсэн ч бид нар буухын цагт сумын төвдөө ирлээ. Би буудалдаа орж цүнхэндээ юмаа хийж аваад буудлаасаа гарч тэр айлынхаа хашаанд майхнаа бариад амарлаа. Хоногийн 10.000 төгрөг төлнө гэдэг бол надад их мөнгө учраас бага ч гэсэн хэмнэсэн минь энэ л дээ. Өглөө нар хэвийж 10 цагийн үед Мөрөн орох пургон машинд сууж Цагаан-Уул сум буюу морин аялал эхлэх цэг рүүгээ явлаа. За ямартай ч үхэр тэрэгний аялал маань төлөвлөсөн зайнаасаа бага, тогтсон хоногоо гүйцээж чадаагүй ч хоосон байгаагүй болохоор сэтгэл өег дуусгалаа. Үхэр тэрэгтэй хол замд олон хоног аялах гэдэг хэцүү хэцүү.
Аяллын тэмдэглэл хөтөлсөн М.Дархижав
“Аяллын түүх” номын хэсгээс