Чингэлтэй хайрхан ба маршрут (2021)
… Улаанбаатар буюу бидний амьдарч буй хотын орших газрыг Алтан тэвшийн хөндий гэдэг. Түүнийг хүрээлэн дөрвөн их уул бий. Баруун талд Сонгинохайрхан, хойд талд Чингэлтэй хайрхан, зүүн талд Баянзүрх хайрхан, урд талд Богдхан уулс дүнхийн оршино. Энэ удаагийн нийтлэлээр танд Чингэлтэй хайрхан ууланд хэрхэн гарах болон тус ууланд аялах боломжийн тухай өгүүлэхийг хичээх болно.
За ингээд өдрийн хоол болон жаахан шингэн юм цүнхэндээ хийж аваад алхахад бэлэн гэж төсөөлье. Одоо уул руугаа хамтдаа очицгооё! Танд очих зай буюу км-ын багцаа өгөх үүднээс улсын нийслэл Улаанбаатар хотынхоо Сүхбаатарын талбайгаас машиндаа суун Чингэлтэйн автобусны эцсийн буудал хүртэл явъя гэж тооцъё. Энэ хооронд яг 11 км шүү. Хэрэв хувийн унаагүй бол санаа зоволтгүй. Улсын унаа хөлөглөх боломж бий. Төв талбайн ойролцоох багшийн дээдээс 23 номерын автобусанд суугаад чингэлтэйн автобусны эцэст хүрсэн ч болно.
Ямартай ч Чингэлтэй хайрханд гарахын тулд тус буудал дээр очихнээ. Эцсийн буудлаас цааш 1,7 км зай буюу шороон замаар явж Чингэлтэй уулын явган алхалтын тохижилт бүхий хаалган дээр очих болно. За энэ цэгээс л үндсэн явган аялал, алхалтаа эхэлнэ шүү дээ. Мэдээж үргэлж хариуцлагатай аялахыг хичээх хэрэгтэй. Мөн бусдад өөрийн үйлдлээрээ үлгэрлэж хог хаяхгүй, гал түлэхгүй, хамгаалалтын бүсэд машинаар давхихгүй, мод хугалахгүй гээд л ер нь буруу үйлдэл хийхгүй байх нь хамгийн чухал дөө.
Аялал эхлэх модон хаалганы хажууд байх танилцуулга бүхий самбартай сайн танилцаарай. Тус самбараас багахан ч болтугай уулын болон маршрутын амрах цэгийн мэдээллийг бас авах болно.
Алхалт эхлээд 300 гаруй метр явахад л таныг нэгэн гоё орчин хүлээж байх болно. Тэр бол “Чийрэг Монгол” нэртэй задгай уулын фитнес юм. 2020 оны 8-р сарын 15 нд ашиглалтад орсон юм билээ. Тэнд хэсэг тухлан саатаад аяллаа замын тэмдэглэгээний дагуу үргэлжлүүлэх ёстой. Уулын оройд хүрэхэд 3,6 км байдаг. Энэ замын таних тэмдэг, тохижилтыг Нийслэлийн аялал жуулчлалын газраас санаачлан 2017 оны 12-р сарын 01-ний өдөр хийж аялагч, амрагчдын тав тух, аюулгүй байдлын төлөө хийж бүтээсэн байдаг.
Чингэлтэй хайрхан руу алхаж хүрэх хамгийн гоё замын мэдээллийг танд хүргэж байгаа нь энэ юм шүү. Бусдаар бол Чингэлтэй хайрханд очих өөр 3 ч зам бий. Дан ганц Чингэлтэйн эцсээс бус өөрийн байгаа орчноосоо хамаараад ирэх боломж ч бий бий. Гэхдээ замын бартаа тэмдэглэгээ, орчны хувьд энэ замыг хараахан гүйцэхгүй нь тов тодорхой билээ. Ямартай ч тус 3 замыг товчхон танд хэлье. Эхнийх нь Зүүн салааны эцсээс алхаж болдог. Ойролцоогоор оргил хүртэл 6,5 км зайтай. Нөгөөх нь Яргайтын богиноос дээш алхах боломж бий. Харин хамгийн сүүлийнх нь Долоон буудлаас Яргайт чиглэлд явах замд Тахилт-3 аар зүүн эргэж явах бас нэгэн боломж байгаа шүү.
Аль ч замаар очсон оргил дээр “13 овоо” (нэр нь) бий. Тус овооноос зүүн урд зүгт тус уулын савдаг гэгдэх Бодон гахайн хөшөө байдаг юм шүү. Олоод очиход андашгүй ээ өндөр антин харагдана. Түүний хажууд л бий дээ.
За үндсэндээ Чингэлтэй хайрхан гарах маршрут товчхондоо ийм. Төөрөөд будлиад байх асуудал нээх байхгүй. Хамгийн гол нь аялал, цаг агаартаа тохируулан хувцаслан явах нь таны аяллаас үлдэх сэтгэгдэл дурсамжид бас нөлөө үзүүлж байдаг. Учир нь бэлтгэл амжилтын үндэс гэдэг дээ.
Төгсгөлд нь хамтдаа Чингэлтэй хайрхан уулынхаа талаар жаахан мэдээлэлтэй болцгооё! Бид ямар үүх түүхтэй хайрханд бараалхаж байгаагаа мэдэх нь зүйтэй биз дээ. Танд уншихад бас ойлгоход дөхөм болгох үүднээс мэдвэл зохих 10 мэдээллийг доош цувуулан дугаарлан хүргэе ээ.
1. Ой мод нь шинэс, нарс, хуш, гацуур, хус, хайлаас гээд олон төрлийн модыг агуулсан холимог ойтой ба дэгд, гоньд, халиар, гандигар, агь, жууцай, сөд, бамбай, даль, нохойн хошуу зэрэг эмийн төрлийн ургамал мөн үхрийн нүд, хад, нэрс, аньс, гүзээлгэнэ зэрэг жимс элбэг ургадаг.
2. Чингэлтэй уулын ноён оргил нь д.т.дээш 1949 орчим метр өндөр
3. Уулын савдаг гэдэг нь Бодон гахай бол шивдэг нь олон шавьтай, номын багш дүрээр холоос харагддаг гэж эртнээс үзэж ирсэн. Тиймээс номын багш гэдэг нь Чингэлтэй хайрхан уулын шивдэг юм.
4. 2012 оны 5 сард УТХГазар болгосон. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тогтоолоор Чингэлтэй хайрханыг тайх их тахилгыг таван жилд, бага тахилгыг хоёр жилд нэг удаа тус тус зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
5. Маршрутын хувьд — Чингэлтэй — Зүүнсалаа — Яргайтын богино — Тахилт-3 аар очих боломжтой
6. Түүхэн домог, дуурсах үлгэр, дуутай, эртний хиргисүүр, булш бунхан, туурь хадгалсан эрдэний судар мэт ариун дагшин газар юм. Одоо харамсалтай нь гол горхи, рашаан булаг нь ширгэж, ургасан модыг нь хулгай аваад дуусгаж бгаа гэнэ билээ.
7. Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хорооны иргэд өөрсдийн санаачлагаар хот орчмын байгалийг танин мэдэх, чөлөөт цагаа зов боловсон өнгөрүүлэх, бүх нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор “Чингэлтэй хайрхан” клубыг үүсгэн байгуулсан юм билээ.
8. Богд, Чингэлтэй уулын домог /Богд мэргэн баатар, Чингэлтэй бөх гэдэг хоёр айл амьдардаг байжээ. Гэтэл Богд мэргэн баатар лусын үзэсгэлэн гоо охин Туулыг эхнэр болгон авахаар шийдэв. Уг нь Чингэлтэй бөх Туул охинд сэтгэлтэй байсан юмсанж: Тэгээд баатар бөх хоёр эр чадлаа үзжээ, хэн дийлсэн нь Туул охиныг авахаар тохиролцоод ач дач ноцолдоод Богд мэргэн дийлж гэнэ. Гэтэл Чингэлтэй бөх ингэж өгүүлрүүн: Хэлэлцсэн ёсоор чи Туул охиныг авах биз ээ. Харин чамаас гуйх нэг зүйл байна. Би Туул охинд байнга сэтгэл алдрах тул миний толгойг авч дэргэдээ тавина уу. Үхсэн ч миний толгой Туулыг байнга харж байг хэмээн гуйв. Иинхүү Богд Чингэлтэйн толгойг авч дэргэдээ тавьсан нь Зайсан толгой болж, Чингэлтэй бөх өөрөө хойд уул болсон гэдэг/
9. Чингэлтэй ууланд 1920 онд тухайн үеийн МАН-ын журмын нөхөд болох Лосол, Дугаржав хоёр лам дээл өмсөн хувьсгалын үйл хэргийг явуулж байжээ.
10. Явган аяллын тохижилтын замын нээлт 2017 оны 12-р сарын 01 ний өдөр болсон бол задгай фитнесийн нээлт 2020 оны 8-р сард 15-нд ашиглалтад орсон байдаг.
За ямартай ч хэрхэн очих болон уулынхаа тухай богино ч гэлээ голлох мэдээлэлтэй боллоо. Ингээд таны аялал, алхалтад амжилт хүсье. Аян зам нь өлзийтэй байх болтугай!
Тэмдэглэл бичсэн: М.Дархижав (FB: Daagii Compass) 2021.03.29