Хонгорын элс хүрэх маршрут (Говь)

Daagii Compass
12 min readDec 19, 2022

--

Хонгорын элс

………..

Аяллын зорих чиглэл: Дундговь болон Өмнөговь

Аяллын хугацаа: 5–8 хоног

Аяллын нийт км: 1800 км (Жич: Явалтаас хамаарч бага зэрэг өөрчлөлт орж болно)

……….

Үндсэн маршрут: Улаанбаатар хот — Дундговь аймгийн төв Мандалговь — Цагаан суварга (Дэл уул, Хэвтээ босоогийн агуй) — Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот (Gobi Museum of Nature and History) — Баянзаг — Хонгорын элс — Говь гурван сайхан уул — Ёлын ам — Мухар шивэрт — Бага газрын чулуу — Сүм хөх бүрд — Улаанбаатар

…………………………………..

Аяллын нэг дэх өдөр: ”Цагаан суварга” хүрэх

…………………………………..

Хэрхэн хүрэх вэ: Улаанбаатар хот — Дундговь аймгийн Мандалговь хот (273 км) — Луус сумын төв — Хулд сумын төв — Цагаан суварга (180 км)

Замын нөхцөл: Зорих газар хүртэл 453 орчим км. Үүний 413 км нь засмал, 40 орчим км-ыг шороон замаар явна. Мандалговь хотоос 142 км-ээр зүүн салж болох ч Цагаансуварга хүрэх зам дэржигнүүр ихтэй болно. Харин Мандалговь хотоос 151 дэх км-ээр зүүн эргэж шороон замд шилжин 27 км яваад Govi Caravenerai-д хүрнэ. Түүнээс цааш 3 гаруй км яваад зорьсон газартаа хүрэх учиртай.

Үзэх үзмэр, мэдээлэл

Цагаан суварга нь: Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт байдаг. Зүүн тийшээ харсан байдаг бөгөөд алсаас харахад байшин сууц, хот балгас мэт харагдана. Баруун талаасаа тэгш тал учир харагдахгүй. Их салхи шуургатай үед мал уруудаж унаж үхэх явдал байдаг. Мөргөцөгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй.

Солбицол: 44°35'55.3"N 105°45'02.5"E

Гурван үгт хаяг: ///хаахыг.түүвэрлэх.хавах

Зам дагуу дайран өнгөрөх суурин газрууд

· Мандалговь хот: Дундговь аймаг нь 1941 онд Өмнөговь аймгаас 8 сум, Дорноговь аймгаас 3 сум, Төв аймгаас 7 сум тус тус шилжүүлэн 18 сумтайгаар одоогийн Өлзийт сумын нутаг Ембүү дэрсэнэ ус гэдэг газар Шарангад аймаг нэртэйгээр байгуулагджээ. 1942 онд аймгийн нэрийг Дундговь хэмээн өөрчилж аймгийн төв одоогийн оршин байгаа Зоогийн Хар овооны энгэрт суурьшсан байна. Дуу хуур, гүүний айраг, хонины махны чанараараа улсдаа алдартай.

· Луус сумын төв: 1942 онд Өмнөговь аймгаас Дундговь аймгийн харъяанд орж 10 багтай, 628 өрхтэй, 2700 хүн амтай, 85,8 мянган малтай томоохон сум болсон түүхтэй. Одоо Луус сум 316,1 га нутаг дэвсгэртэй, Улаанбаатар хотоос 320 км, Дундговь аймгаас 55 км — т оршдог.

· Хулд сумын төв: Хулд сумыг Дэлгэрхангай уулын хошуунаас салбарлан, 1923 оны хавар одоогийн Хулд сумаас баруун урд байдаг Гүн ус гэдэг газар 2 гэртэйгээр байгуулсан. 1931 оноос Өмнөговь аймаг байгуулагдахад түүнд харьяалагдаж байгаад 1942 онд Дундговь аймаг байгуулагдахад түүнд харьяалагдах болсноор Дундговь аймгийн Хулд сум гэж нэрлэгдэх болсон.

Буудаллах, хоноглох (Цагаан суварга орчимд)

· Цагаан суварга жуулчны бааз: 99051514, 98610107

· Говь суварга жуулчны бааз: 99598466

· Govi Caravenerai жуулчны бааз: 77091232

Жич: Майханд хоноглох бол тус газарт хоноглох цэгийг зааж өгсөн байдаг. Мөн энэ өдрийн аялал дээрээ Дэл уул болон Хэвтээ босоогийн агуй үзэхээр нэмж болно.

…………………………………..

Аяллын хоёр дахь өдөр: Даланзадгад хотын “Gobi Museum of Nature and History” хэмээх шинэ музей үзэх, говь нутгийг мэдрэх

…………………………………..

Хэрхэн хүрэх вэ: Цагаан суваргааас Өмнөговь аймгийн Даланзадгад хот (210 км) — Ханхонгор сумын нутагт орших Говь жуулчны бааз (40 км)

Замын нөхцөл: Цагаан суварга руу ирсэн замаараа эсвэл Өмнөговь аймгийн Цогтовоо сум руу шороон замаар явж засмалд нийлнэ. Даланзадгад хот хүртэл засмалаар явж Булган сумын чигт буюу баруун хойд зүгт гаран 40 км явж Говь жуулчны баазад хоноглох боломжтой.

Үзэх үзмэр, мэдээлэл

Gobi Museum of Nature and History:

Даланзадгад хотод сүндэрлэсэн “Gobi Museum of Nature and History” шинэ музейг үзээрэй. Энэхүү музей нь дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглодсон танхимуудтай ба эртний үлэг гүрвэл, хүн төрөлхтний өлгий нутгийн нууцыг эндээс олж харах ажээ. Дотоод, гадаад хүн гэж ангилахгүй тасалбар гь 10.000 төгрөг. (Хүүхэд үнэгүй) Тус музей нь 09:00–18:00 цагийн хооронд ажилладаг байна (Утас нь: 88060284)

Үнийн мэдээлэл болон захиалга өгөх линк. https://ihotel.mn/mn/hotel/gov-diskoveri-tur-gov-zhuulchny-baaz?checkin=06/23/2022&checkout=06/24/2022

…………………………………..

Аяллын гурав дахь өдөр: Баянзаг үзэх, Хонгорын элс хүрэх

…………………………………..

Хэрхэн хүрэх вэ: Говь жуулчны бааз — Баянзаг (60 км). Баянзаг — Хонгорын элс (130 км)

Замын нөхцөл: Энэ өдрийн дандаа шороон замаар байна. Баянзагаас баруун тийш Өөлтийн даваагаар давж (Төгрөгийн ширээ) 130 км явж Хонгорын элсэнд хүрнэ. Жич: Нутгийн иргэдээс лавлан сураглаж эсвэл GPS -ээр байршлаа заалган яваарай.

Үзэх үзмэр, мэдээлэл

БАЯНЗАГ

Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Урдаас хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь 5 км, урт нь 8 км орчим. Монголчууд улаан элсэрхэг шаварлаг хөрс хатуурч тогтсон газрыг “цав” гэдэг. Арай өндөрлөг газрыг нь “цонж” гэдэг. Баянзагийн цонжнуудын өндөр нь 20–50 м хүртэл байдаг. Мөн тогтоцын хэлбэр дүрсийн байдлаараа нутгийнханд “ширээ шавар”, “тэмээ шавар” гэх мэтээр нэрлэдэг газрууд бий. Баянзагийн улаан шаварлаг хөрс нь оройн наранд асаж буй улаан гал шиг харагддаг учраас “асаж буй толгод” буюу “flaming cliffs” гэж нэрлэгдэх болжээ. Энэхүү нэрийг 1920-илд онд Баянзагт ирж судалгаа хийсэн Америкийн эрдэмтэд өгсөн гэдэг. Тэрхүү судалгааны үеэр 60–80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан олдворын шинэ шинэ нээлтүүдийг хийсэн учраас палеонтологийн салбарт дэлхийд алдартай газар болж хувирсан юм. Өөрөөр хэлбэл дэлхийд Монголын говийг алдаршуулсан газар юм. Баянзаг нь хойд хэсгээрээ заг модон ойтой. Тэрхүү ой дотор одоогоос 40 мянган жилийн өмнө, түүнээс ч өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр олдсоор байгаа билээ.

Жич. Баянзаг нь түүхийн мэдээлэл бүхий сайхан музей, үзмэрийн төвтэй болсон. Түүнийг үзэхэд тасалбар 10.000 төгрөг.

ХОНГОРЫН ЭЛС

Товч мэдээлэл: Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд Сэврэй, Зөөлөнгийн нурууны араар 180 орчим километр үргэлжилдэг элсэн манхан юм. Баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн, нийтдээ 965 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн харагдана. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь тун үзэсгэлэнтэй. Зөөлөнгийн нуруунаас буусан үерийн ус Хонгорын элсний дундуур зам гарган нэвт урсаж хөрсөнд шингээд, элсний хойд захад Сэрүүн булаг, Арганга булаг хэмээх горхийг үүсгэн газар дээр дахин гарч баруун тийш элснийхээ хаяагаар 10 гаруй километр урсдаг бөгөөд үүнийг Хонгорын гол хэмээнэ. Хонгорын элсний ар талд хэд хэдэн жуулчны баазууд байрлах бөгөөд тэндээс морь тэмээгээр аялан Хонгорын элс хүрнэ. Ширүүн салхитай өдөр элсэн шуурга дэгдвэл эргэн тойрон нь харагдахгүй болдог тул жуулчны баазууд 5–17 километр хүртэл алслан байрладаг. Салхигүй нартай өдөр яг л газар нэлийтэл дэлгэн асгасан алт шиг гялалзан харагдах Хонгорын элс үнэхээрийн үзэсгэлэнтэй. Элсэн манхнаар аялахдаа хамгийн ойр байх толгод дээр эхлэн хажуулдан явж гарах бөгөөд нэг оройгоос нөгөө орой руу толгодын хярыг даган явбал дөхөм болно. Сул нүүдэллэдэг элс учраас эгц авирах боломжгүй, хөл шигдэн амархан ядардаг. Эрт үед Хонгорын элс хавийн заг асар өндөр, шигүү байжээ. Тэрхүү заган дотроос тэмээгээ олдоггүй байсан тухай нутгийн уугуул хөгшид хуучилдаг. Сэврэй уулын хаднаа нэлээд олон тооны хадны сүг зураг байх бөгөөд тэр дунд таван янгирын араас хөөж намнаж яваа дөрвөн морьтой анчныг дүрсэлсэн зураг бий. Нум сум нь энгийн хэлбэртэй бөгөөд хүрэл зэвсгийн үеийн нум байж болох юм гэж судлаачид үзжээ. Дуут манхан: Хонгорын элсний хамгийн өндөр хэсгийг Дуут манхан гэнэ. Орон сууцны 9 давхараас ч өндөр сүрлэг харагддаг энэ элсэн манхны оройд нь мацаж гарахад ойр хавийн хүн мал, салхинд хийсэх элдэв юмсын чимээ ч тод сонсогдоно. Орой дээрээс доошоо харахад бэлээр байх машин тэрэг хүртэл өчүүхэн жижиг хорхой мэт харагддаг нь сонин. Элсэн дээр дээш харан хэвтэхэд дүнгэнэн нисэх агаарын хөлгийн чимээ сонсогддог. Хаанаас онгоц гарч ирэх юм бол хэмээн хүлээхэд онгоцны бараа үл үзэгдэх бөгөөд энэ дуу нь элсэн манхны зөөлөн салхины аясаар хийсэх чимээ болохыг мэднэ. Наранд халсан элс салхины аясаар зөөлөн гулсахад энэ чимээ гардаг ажээ. Тийм ч учраас нутгийнхан “Дуут манхан” хэмээжээ. Өмнүүр нь дүнхийх Хатан Сэврэй уул эмэгтэйчүүдийг ивээдэг хэмээн нутгийнхан шүтэж ирсэн домогтой тул “хатан” хэмээх өргөмжлөлтэй болжээ. Сэврэй сумтай хил залгаа Ноён сумын Толь хад, Ноён богд уул, Хатан Сэврэй, Хонгорын элс дөрвийн тухай ийм нэгэн домог бий. Эрт цагт нутгийн нэгэн ноён ааш муутайгаараа алдартай Сэврэй хэмээх эхнэрээ хашраахын тулд түшмэлийнхээ зааснаар хатнаа алс газар цөлөх болжээ. Уурлаж бухимдсан Сэврэй хатан ноёны цэргүүдээр харгалзуулан алс газар явах замдаа толио шидэж орхитол толь нь олон хэсэгт бутран хагарсны нэг нь Толь хадыг үүсгэсэн гэдэг. Ааштэй хэмээн адалсан ч гэлээ амьдран дассан хатнаа санагалзахдаа ноён тэрхүү Толь хаднаа ирж хатныхаа царайг хардаг байсан учраас хожим урдхан талд нь Ноён хэмээ уул болон үлджээ. Харин Сэврэй хатан алс газар цөлөгдөөд байхдаа өдөр бүр ихийг бодон гуниглаж, голын эрэг дээр очин гил хар гэзгээ самнан санаашран суудаг болжээ. Түүнийг харгалзан ирсэн цэргүүд дотроос Хонгор гэдэг нэртэй нэгэн баатар эр хатны тийнхүү гуниглан суухыг өрөвдөн харсаар сэтгэл алдран дурлажээ. Хонгор баатар бүхнийг умартан хамтын амьдралаа шинээр эхлэн энэ нутагт эзэн сууя хэмээн хэчнээн ятгавч Сэврэй хатан Хонгор баатарын үгийг үл тоон улам ихээр гуниглан дуу аялдаг байжээ. Тэгсээр олон жил өнгөрч, Толь хад ч сааралтан бүдгэрч, Хонгор баатар арга буюу хайрт бүсгүйнхээ гишгэсэн газрыг зөөллөхийн тулд гол руу очдог замын чулуу болгоныг элгэн доороо хийн элсэн манхан болж хувирсан гэдэг.

Солбицол: 43°42'13.9"N 102°30'20.2"E

Гурван үгт хаяг:///талын.агшинд.дахинаа

Хонгорын элстэй хамгийн ойр орших бааз:

Үнийн мэдээлэл болон захиалга өгөх линк. https://ihotel.mn/mn/hotel/gov-diskoveri-tur-khongor-zhuulchny-baaz?checkin=06/23/2022&checkout=06/24/2022

…………………………………..

Аяллын дөрөв дэх өдөр: Ёлын ам — Мухар шивэрт үзэх

…………………………………..

Хэрхэн хүрэх вэ: Хонгорын элс — Ёлын ам (160 км). Ёлын ам — Мухар шивэрт (15 км). Мухар шивэрт — Даланзадгад хот 40 орчим км. (Жич. Энэ өдөр Мандалговь хот орох боломжтой)

Зорих үзмэр, мэдээлэл:

ЁЛЫН АМ

Товч мэдээлэл: Өмнөговь аймаг Ханхонгор сумын нутагт орших Ёлын ам нь Ёл шувууны нэрээр нэрлэгдсэн уулын хавцал. Далайн төвшнөөс дээш дунджаар 2800 метр өндөр. Дархалсан талбай нь 64 ам километр. Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг. Жилийн турш мөстэй байдаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан ихэнх хэсгийн мөс нь хайлдаг болсон. Хавцлын мөнхийн нар тусахгүй зарим газарт 1 метрээс ч илүү зузаантай мөс үлддэг. Бороо хур ихтэй жил хавцлын дээрээс 4 хүрхрээ урсан орж ирдэг байжээ. Нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас өвлийг санагдуулам сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Хавцлын ёроолоос дээшээ харахад тэнгэр тээр дээр зөвхөн нарийн цэнхэр зурвас мэт харагддаг. Зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг.

Солбицол: 43.496537,104.087478

Гурван үгт хаяг: ///сэрүүвтэр.хийгээд.хойшдоо

МУХАР ШИВЭРТ

Товч мэдээлэл: Зүүн сайхан уулын Ёлын амнаас урагш 7 км, аймгийн төвөөс 36 км зайд Мухар шивэртийн ам бий. Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэгд багтдаг бөгөөд гадаад дотоодын аялагчдын сонирхдог газар болсон. Зүүн сайхан уулан дахь хамгийн өндөр мөс бүхий ам юм. 10 орчим метрийн өндрөөс урсдаг жижиг булаг нь өвөл хадан хана даган тэлж хөлдөн их хэмжээний мөсөн бүрхүүлийг үүсгэдэг. Нар бага тусдаг мухар ам учир зуны ид дунд үе хүртэл мөстэйгөө байх нь бий. Уулын гүн рүү машинаар орж тусгай тэмдэг тавьсан машины зогсоолоос цааш 750 м явган алхаж Мухар Шивэртийн эхэнд хүрнэ. Алхах замд хоёр хажуугийн хадат уулсын оройд харагдах янз бүрийн амьтан шувууны дүрс хэлбэрийг сонирхож болно. Тэдгээр байгалийн чулуун урлалд тайлбар хийж, Мухар Шивэртийн орчныг хамгаалах ажлыг орон нутгийн иргэд хариуцан ажилладаг. Тус амны өндөр оргилуудад Ооч Ёл байнга үүрлэдэг учир аль болох дуу чимээ бага гаргаж, заасан тэмдэглэгээний дагуу аялахыг зөвлөдөг. Энэ нь Ёл шувууг үргэж дайжихгүй байхад тустай, мөн зэрлэг амьтад, шувуудыг хамгаалахад томоохон хувь нэмэр болно. Ёлын амтай нэг салбар уулс учир өглөө эрт, оройн нар буух үед анхааралтай ажиглаж явбал Мухарт Шивэртийн аманд цөөнгүй зэрлэг амьтан, шувуудыг харах боломжтой.

Зам дагуух үзмэр:

· Даланзадгад хот: 1931 оны намар Даланбулаг хэмээх голын дэнж дээр 30 гаруй эсгий гэртэйгээр Даланзадгад хот нь анх сууриа тавьсан юм. Даланзадгад хот нь уул уурхайн салбарыг түшиглэсэн хөгжил их бүтээн байгуулалт өрнөсөн өдрөөс өдөрт хөгжин дэвшиж буй Өмнөговь аймгийн хөгжлийн төв болж байна. 47,6 мянган га газар нутагтай. Далайн төвшнөөс дээш 1300–1600 метрийн дундаж өндөрт оршино. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 580км зайд оршдог.

· Ёлын амны музей: Тус музейг үзсэнээр Говь гурвсан сайхан уулын талаар болон тухайн бүс нутагт орших зэрлэг амьтдын талаарх болон бусад олон талын мэдээлэл авах боломжтой.

· Говь гурван сайхан: Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Ханбогд уулын ар шилд Баяжихын агуй гэж алдартай агуй бий. Тус агуйг арга билгийн чанартай, очиж мөргөсөн хүний мөнгө арвиждаг хэмээн итгэсээр иржээ. Агуй нь Х.Ө43 01.58.4 З.У107 02.25.8 солбицолд далайн төвшнөөс дээш 1213м өндөрт оршдог. Агуйн ам руу хүрсэн машин замтай ба доторх зай нь жижиг дөрвөн ханатай гэрийн дайны хэмжээтэй. Агуйд очсон хүмүүс хойд хананд байх Баян Намсрай бурханд мөргөж, идээ будаагаа өргөн, хорьт болон таван мянгатын улаан халзан мөнгөн дэвсгэртийг агуйн хананд үрж Үлэмжийн чанар дууг дуулан нар зөв тойрдог. Хэрвээ мөнгө үрж байх явцад цоорвол “баяжна” хэмээн нутгийнхан итгэдэг. Агуйн хана мөнгөнд үрэгдсээр байгаад мөлгөр гялаан болсон аж.

Даланзадгад хотод оноглох бол:

Үнийн мэдээлэл болон захиалга өгөх линк. https://ihotel.mn/mn/hotel/khan-uul-zochid-buudal?checkin=06/27/2022&checkout=06/28/2022

…………………………………..

Аяллын тав дахь өдөр: Бага газрын чулуу болон Сүмхөх бүрд үзэх

…………………………………..

Хэрхэн хүрэх вэ.

Даланзадгад хотоос Мандалговь хот хүртэл 310 км — Мандалговиаос Дэлгэрцогт сум 44 км — /Баруун хойд зүгт шороон замд орох/ (35 км) — Бага газарын чулуунаас Сүм хөх бүрд (25 км)

Зорих үзмэр, мэдээлэл

БАГА ГАЗРЫН ЧУЛУУ

Товч мэдээлэл: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 35 км зайд бий. Эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн, д.т.д 1768 метр өндөр, боржин чулуун бүс бөгөөд 300 км.кв талбайтай. Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нэлээд байдаг. Бага газрын чулуунд Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гэх мэт үзэх зүйл олон бий. Гэр чулуу хэмээх хаданд олон янзын зураг сийлсэн байдгийн дотор хоёр янгирыг олсоор оосорлон барьсан хүний зураг нь хүрэл зэвсгийн сүүл үед хамаарах ажээ. Гэр чулуунаас холгүй орших өндөр хаданд хоёр том бугын зургийг бодит хэмжээ буюу 170 см урттай, 90 см өндөртэйгөөр дүрсэлсэн байдаг нь сонирхол татна. Сөдөтийн аманд урьд өмнө сөд өвс элбэг ургадаг байсан учраас ийнхүү нэрлэжээ. Эл амны чулуун хавцал дунд ургасан улиасан төглийн дунд 300 гаруй жилийн өмнө хоёр лам даяанчлан сууж, тус тусын гэрийг барихдаа уулын бяцхан горхийг гэрийнхээ дундуур урсаж байхаар байрлуулж, гэрээсээ гаралгүй ус авч цай хоолоо зэхдэг байжээ. Лам нарыг өөд болоход нь туурвисан бүтээлүүдтэй нь зэрэгцүүлэн эл хавьд бунхалсан ажээ. Сөдөтийн аманд нэгэн хийдийн туурь байх бөгөөд түүнийг Ловончамбын хийд гэдэг. Мэргэн мөр хэмээн алдаршсан цорж лам бясалгал хийх үүднээс эл сүмийг бариулсан гэдэг.

Солбицол: 45°45'01.3"N 107°11'34.8"E

Гурван үгт хаяг: ///тоононы.үеэсээ.сэдвээс

СҮМ ХӨХ БҮРД

Товч мэдээлэл: Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт байх Хөх бүрд хэмээх нуур. Нуурын дунд орших жижиг арал дээр XYI-XYII зууны үед баригдсан чулуун цайзын туурь байдаг. Туурийг тойрон үзэхэд өндөр нь 7–8 метр, өргөн нь 10 метр, урт нь 25 метр. 150 сантиметрийн зузаан ханатай 4 хэсэг бүхий том цайз юм. Анх XYI зууны үед Төвдийн нэг ноёны хүү ирж Монголчуудаар бариулсан боловч барилгын нурууг нь барьж амжилгүй баривчлагдан эх орондоо буцжээ. Ийнхүү оройгүй сүм үлдсэн гэдэг. Хожим хэд хэдэн удаа дээвэр хийсэн боловч тухай бүр нь аянга бууж эвдсэн учир дээвэргүй үлдсэн байна. Барилгын урдуур 40 метр урт давхар чулуун хэрэм байжээ. Эдгээрээс гадна бас нэгэн том барилга байсныг нутгийн ардууд буулгаж малын хашаа барьжээ. Энэ чулуун цайзад хэрэглэсэн чулууны ижил нь өмнө зүгт 200 гаруй километр алсад байгаа бөгөөд тэндээс тэмээн хөсгөөр тээж ирсэн гэж таамагладаг. Нуурын шавар нь маш сайн барьцалдуулах чанартай учир шаврыг тэндээс авчээ. Нуурын усыг 3 горхи сэлбэж байсан бөгөөд сүүлийн олон жилийн дараалсан гангаас болж ганц нь л үлдэж усны түвшин ихэд доошлон жил ирэх тутам ширгэсээр байгаа билээ. Ангир, галуу, хун, нугас зэрэг усны шувууд зусдаг байжээ.

Солбицол: 46°09'38.7"N 105°45'35.4"E

Гурван үгт хаяг: ///бууцай.бэрс.эртний

Зам дагуух үзмэр:

- Мандалговь хот: Дундговь аймаг нь 1941 онд Өмнөговь аймгаас 8 сум, Дорноговь аймгаас 3 сум, Төв аймгаас 7 сум тус тус шилжүүлэн 18 сумтайгаар одоогийн Өлзийт сумын нутаг Ембүү дэрсэнэ ус гэдэг газар Шарангад аймаг нэртэйгээр байгуулагджээ. 1942 онд аймгийн нэрийг Дундговь хэмээн өөрчилж аймгийн төв одоогийн оршин байгаа Зоогийн Хар овооны энгэрт суурьшсан байна. Дуу хуур, гүүний айраг, хонины махны чанараараа улсдаа алдартай.

Буудаллах хоноглох газрыг www.ihotel.mn -ээс хайж үзэн захиалаарай.

…………………………………..

Аяллын зургаа дахь өдөр: Улаанбаатар хот орох

…………………………………..

Хэрхэн хүрэх вэ.

Бага газарын чулуу — Дэлгэрцогт сумын Цахиурт баг /тус газар “Өндөр ээж” УСК-г бүтээж байсан түүхэн газар/ (40 орчим км) Засмал замд нийлнэ — (15 км) — Улаанбаатар хот (200 км)

******************

Ерөнхий анхаарах зүйлс:

· Хог хаяхгүй байх.

· Бие засах газар болон отоглох цэгтэй газар майхан барьж хонох

· Музей болон ТХГН-ын хураамжийг төсөвтөө багтаах

· Бэлэн мөнгөтэй явах

· Гол мөрөн, нуурын ус бохирдуулахаас сэргийлэх

· Энэхүү маршрутад заагдсан үзмэрийн талаарх нэмэлт мэдээллийг та бусад хэрэглүүр, орон нутгийн иргэдээс нэмж лавлах боломжтой

· Техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж замд гарах

******************

Онцгой үед холбоо барих утас:

· Эмнэлэгийн үйлчилгээ: 103

· Онцгой байдал: 119

· Цагдаагийн байгууллага: 102

· Хүүхдийн тусламж: 108

******************

ХАМТДАА ХАРИУЦЛАГАТАЙ БАС СОЁЛТОЙ АЯЛЦГААЯ

Таны аян зам өлзийтэй байх болтугай

******************

Маршрут боловсруулсан. М.Дархижав (fb/Daagii compass)

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet