Хар Зүрхний Хөх нуурт хэрхэн хүрэх вэ? /Маршрут/
Аяллын зорих чиглэл: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум
Аяллын нийт зам: Талдаа 220 км. ( 185 км засмал, 35 км нь шороон зам)
Солбицол: 48°01'07.6"N 108°56'50.8"E
Гурван үгт хаяг: ///өнгөрсөн.дадал.хурах
Үндсэн маршрут: Улаанбаатар хот — Цонжинболдогт орших Чингис хааны морьт цогцолбор — Налайх дүүрэг — Багануур дүүрэг — Хар Зүрхний Хөх нуур
ХЭРХЭН ХҮРЭХ ВЭ?
Улаанбаатар хотоос зүүн зүгт — Цонжинболдогт орших Чингис хааны морьт цогцолбор (53 км) — Нийслэлийн Багануур дүүрэг (77 км) — (үргэлжлүүлэн засмал замаар явж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум (55 км) — Хар Зүрхний Хөх нуур (35 км)
Замын нөхцөл: Зорих газраа та нийт 220 км замыг туулж хүрнэ. Улаанбаатар хотоос зүүн аймгийн чиглэлийн төв зам дагуу гарч 185 км замыг засмалаар туулж ертөнцийн зүгээр хойд зүг буюу зүүн гар тийш шороон замд нийлэн 35 км явж Хар Зүрхний хөх нуурт хүрэлцэн очих учиртай. Бороо их орсон үед шороон зам зарим хэсэгтээ ус тогтох бага зэргийн шавартай байх магадлалтай. Гэвч та санаа зоволтгүй саатах зүйлгүй санасан газраа хүрэх болно. (Жич: 170 дахь км дээр Хөх нуур луу эргэж шороон замд шилжин очих боломжтой. Гэхдээ та 185 дахь км-ын заалт, пайзаар эргэвэл зам нь арай дардан болно)
Товч мэдээлэл: Тус нуур нь д.т.д 1675 метрийн өндөрт өргөгдсөн байдаг ба түүний урд эрэг дээр байх модон сийлбэрт дурсгалууд бол Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон саран хэлбэрийн байрлалтай алтан ургийн хаадыг 108 эрхийг билэгдэн 108 метр зайд дундын зайг хамааруулан байршуулсан байдаг. Олон түмний яриагаар яригдах Хар Зүрхний Хөх нуур гэж нэрийдэх тус нуурын өөрийн уг нэрийг зүгээр л Хөх нуур гэдэг юм. Хар Зүрх гэдэг нь түүний хойд эргийг хашин тогтсон урд энгэр нь халцгай /модгүй/ уулыг тийнхүү нэрлэдэг билээ. Энэ хоёр газрын нэрийг нийлүүлэн нэг нэр мэт андуурдаг ажээ. Монголын нууц товчоонд Хар зүрх уул гэж дурдагддаг ба хожим лам нар Хар гэдэг нь бөөгийн өнгө гээд Баянзүрх гэж нэрлэсэн гэдэг. Нэрт судлаач О.Сүхбаатар Хар зүрхний Хөх нуурт Тэмүүжин Бөртэ хатантайгаа гал голомтоо асаасан ба дараа нь энд Тэмүүжин “Чингис хаан” цол өргөмжлөгдсөн онцгой түүхт газар хэмээн бичсэн байдаг.
Зам дагуух үзмэр:
· Налайх дүүрэг: Улаанбаатар хот буюу Нийслэлийн есөн дүүргийн нэг бөгөөд Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сумтай хиллэн оршдог. Хотын төвөөс 36 км зайтай билээ.
· Сайн номуун хийд: Налайх дүүргийн төвд байрших тус хийд нь буддын шашны чиглэлээр байгуулагдсан ба өнгө үзэмж сайтайн зэрэгцээ гадаад дотоодын аялагчид үзэх сонирхох, аян замын ном уншуулах боломжтой.
· Чингис хааны морьт цогцолбор: Монгол түмний бахархалт нэгэн газар болсон Цонжинболдогт байрлах их хааны нэрэмжит морьт цогцолбор нь тэртээ 2008 оны 09-р сарын 26 нд албан ёсоор нээгдэж байсан түүхтэй. Тус хөшөө 40 мерт өндөр ба 36 баганатай билээ. Багана тус бүр нь алтан ургийн 36 хааныг илтгэдэг аж.
· Багануур дүүрэг: Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км зайд Хэрлэн голын сав газарт оршдог нийслэлийн хамгийн алслагдмал дүүрэг билээ. БНМАУ-ын АИХТ-ийн 1980 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 43-р зарлигаар Улаанбаатар хотын район нэртэйгээр байгуулагдаж байжээ. Нийт 62,2 мянган га нутаг дэвсгэртэй ба д.т.д 1276–1333 метрт өргөгдсөн байдаг байна.
· Хэрлэн гол: Номхон далайн ай савын гол мөрнүүд дотор уртын хэмжээгээр нэгдүгээрт орно. Хэрлэн гол Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгийг дамжин урсаж улмаар улсын хилээс гадагш гарч БНХАУ-ын нутагт орших Далай нуурт цутгана. Их Хэнтийн нурууны өвөр бэлээс эх авч урсах Богдын гол, Цагаан гол хоёрын уулзварыг Хэрлэн голын эх гэж үзнэ. Манай орны нутагт дэвсгэрт нийт 1090 км урт үргэлжлэн урсах ба урсгалын байдал тогтуухан билээ.
Буудаллах, хоноглох: /Хар Зүрхний Хөх нуур орчимд/
· Хар Зүрхний Хөх нуур бааз: 99112825
· Бишрэлт жуулчны бааз: Утас 9913–3636, 9713–3636
· Мандал жуулчны бааз: Утас 98600468, 95298283 гэх мэт бусад баазуудад хоноглох боломжтой.
Жич: Хэрэв майханд хонох бол тусгай барих газрыг зааглан хязгаарлаж түүнийг хашаалж отоглох цэгийг тогтоосон байдаг. Тус хязгаарлалтын бүсэд майхан (асар) барих боломжтой. Мөн тус орчинд бие засах газар болон нийтийн хогийн цэгийг байгуулсан байдаг.
Анхаарах зүйлс:
· Хог хаяхгүй байх.
· Хөх нуурын бүсэд нэвтрэх хураамж жижиг тэрэг 10,000 төг, автобус 20,000 төгрөг. /2020 оны 5-р сарын байдлаар …/
· Зөвшөөрөлгүй газар ил гал түлэхгүй байх
· Гол мөрөн, нуурын ус бохирдуулахаас сэргийлэх
· Шумуул, хөхтрүүтэй байх магадлалтай
· Майхан барьж хонох бол тухайн газарт тусгай отоглох цэг байгааг шалгах
…………………………………………………………………………..
Нийтлэл, маршрут бэлтгэсэн: М.Дархижав /FB Daagii Compass/