Халхголын дайны тухай өгүүлэх ХЭЭРИЙН МУЗЕЙ
Эх орныхоо зүүн хязгаарт аялахаар төлөвлөсөн бол анхаараарай. Дорнод аймгийн Буйр нуур, Мэнэнгийн тал болон Халхголын дайны тухай хөшөө дурсгалыг үзэх маршрутдаа ХЭЭРИЙН МУЗЕЙ-г заавал багтаагаарай. Аяллын тань амтыг нэмнэ гэдэгт итгэлтэй байна.
Тэртээх 1939 оны Халх голын дайны тухай өгүүлэх байгаль дээрх ил музей буюу ХЭЭРИЙН ҮЗҮҮЛЭГ МУЗЕЙ нь тухайн үед хэрэглэж байсан цэрэг эрсийн аялга халбага, сав суулганаас эхлүүлээд зэр зэвсэг, техник хэрэгслийг байршуулсан 3 км-ын радиустай задгай үзүүлэн билээ. Эх орныхоо төлөө уухай өргөж явсан цэрэг эрсийн хөлс, цус шингэсэн тус газар нь Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км зайд бий. Анхааруулж нэг зүйлийг сануулахад тус бүс нь хил орчмын бус нутаг тул урьдчилан зөвшөөрөл авсан байвал зохилтой шүү. Шууд сумын төв дээрээс холбогдох хүмүүстэй нь уулзаад очиж үзэх ч боломж бий. Эсвэл тус сумын Ялалт музейн хамт олонд хандаарай. Ер нь Ялалт музейг үзчихээд ХЭЭРИЙН МУЗЕЙ-г зоривол танин мэдэхүйн хувьд илүү амттай болох нь дамжиггүй шүү. /Ялалт музейтэй холбогдох утас: 88207902/
Мэнэнгийн талаар давхиж Буйр нуурын эрэгт амраад Халхголын түүхэн хөшөө дурсгалыг үзэж явахад элдэв чимэггүй энгийн нэгэн хана хэлбэртэй ХАНА хөшөө таарна. Тэр их онцгой хөшөө шүү. Харийн түрэмгийлэгчид дайны эхэнд Монол нутагтруу 20 очим км цөмрөн орсон ч ХАНА-н хөшөө байрлах газраас дотогш гишгэж чадаагүй юм гэнэ лээ. Тус билэгдлийг мөнхжүүлж ХАНАН хөшөө сүндэрлэсэн учиртай. Энэ бол эх орныхоо өмнө тангараг өргөсөн Монгол цэргүүд болон Зөвлөлт Оросын гавьяа юмдаа. Гэвч дайн тулалдаан учир тус хөшөөнөөс цааш Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолын төлөө Монголын 980, Зөвлөлт Оросын 26840 эрэлхэг баатар цэргүүд алтан амиа алдсан юм гэдэг.
Халхголын дайн нь 1939 оны 5-р сарын 8-ны өдөр эхэлж 9-р сарын 16 нд дуусгавар болсон ажээ. Нийт 75,000 цэрэг, 700 нисэх онгоц, 181 танк, 500 их буу ашиглагдсан гэх сурвалжтай юм билээ.
Мэдээлэл бэлтгэсэн: М.Дархижав