Мардай буюу нууцлаг “ЭРДЭС ХОТХОН”
“Мардай” нэрээр түмний чихэнд мэр сэрхэн сонсогдож байсан газар бол нууцлаг “Эрдэс хотхон” юм. Дорнод аймгийн Чойбалсан хотоос хойд зүгт 130 км газарт социалист нийгмийн үед нэгэн онц, нууц зэрэглэлийн бүс оршин байсан нь Мардайн ураны орд буюу “Эрдэс” хотхон байжээ. Газрын зураг дээр ч тэмдэглээгүй нууцалсан эл хотхоныг 1983 онд цөмийн бөмбөгөөр газрын хөрснөөс арчих төлөвлөгөө Бээжингийн цэрэг дайны стратегийн хэтийн төлөвлөгөөнд тусган баталсан байсан гэдэг. Тийм л нууцлаг онцгой газар байжээ.
Мардайн ураны ордны дэргэд боссон Эрдэс хотхонд тухайн цагтаа 10,000 орчим хүн оршин суудаг байсан гэнэ лээ. Гэхдээ хотхон дотор чухам ямар амьдрал өрнөж байсныг өмнөх үеийнхэн ч, залуу үеийнхэн ч ялгаагүй нарийн сайн мэдэхгүй билээ. Ойр хавийн застав, хилийн цэргийн офицерууд хаяа нэвтрэх тохиолдол байсан ч дэлгүүрээр нь орохоос хэтэрдэггүй байсан гэдэг. Сосновскийн экспедицийн хийсэн судалгааны дүнд тогтоогдсон Мардайн ордын ажилчдыг амьдруулах зорилгоор баригдсан уг хотхонд Москвагаас томилогдсон, тусгай зөвшөөрөлтэй хүмүүс л нэвтрэх эрхтэй байсан ажээ. … Тэнд аав (цэргийн хүн) ээжийн хамт тушаалаар очсон нэгэн (хүү) иргэн хожим ярихдаа … 1981 оноос ураны далд олборлолтоо явуулж эхэлсэн уг хотхоноос 1985 он хүртэл 4 жилийн хугацаанд 400 мянга орчим тонн уран олборлон төмөр замаар Краснокаменскийн уурхайд аваачиж, Приаргуны үйлдвэрт боловсруулж байсан гэдэг. Уурхайн газар доогуур 10 мянган метр урт газар доогуур сүлжилдсэн хонгилын хаа нэгтээ нь тухайн үед ЗХУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу алах ял сонссон хоригдлуудыг хорьдог шорон байсан бөгөөд ураны уурхайн хортой, хүнд хэсэгт тэднийг ажиллуулан аажмаар үхэлд хүргэж, цааш нь харуулдаг байсан гэдэг хэмээн дурсаж. Мөн тухайн үед уг явдлыг маш нууц зэрэглэлд хамааруулж, чанд хадгалдаг байсан учраас “Эрдэс” хотхоны оршин суугчид өөрсдөө уурхайн гүнд цаазын ялтай 200 гаруй хоригдол ажилладаг тухай огтхон ч мэддэггүй байсан юм гэнэ лээ.
… Гэх мэт уран олборолт, их гүрний бодлого дагуулсан том асуудлын нууц болон үлдсэн “Эрдэс хотхон”-ы туурь өнөөг хүртэл орхигдон хоцорсон ч тэнд бий. Тус газрын тухай үргэлжлүүлэн уншиж судлахыг хүсвэл ГҮҮГЛЭ-ээр их мэдээлэл олдоно. Бас түүний тухай хэд хэдэн ном гарч байсан юм билээ шүү.
(Доорх зурагт тосгоны хуучин бааз суурь харагдаж байгаа болно)
Тэмдэглэл сийрүүлсэн. М.Дархижав