Дугуйн аялал — аян замын тэмдэглэл

Daagii Compass
20 min readAug 29, 2018

--

Монгол Улсынхаа дархан хилийн хязгаар нутгаар эх орноо тойрон аялах аяллын 2-р өртөө … UCC брэндийн улаан өнгийн хоёр хос дугуйгаар үргэлжлэв.

Энэ удаагийн аяллын хамтрагчаар Оргил дугуйн клубын тэргүүн Баднаабазарын Наранбаатар хэмээх эрхэм найз минь явах билээ. Бид хоёр тэртээх өвлийн нэгэн амралтын өдрөөр Ар Гүнт рүү хамтдаа дугуй жийж танилцаж байсан түүхтэй ба түүнээс хойш багагүй хугацаанд нөхөрлөсөн билээ. Аяллын ачаалал даах, засвар үйлчилгээ үзүүлэх, хол замын хань болох тал дээр сүрхий нэгэн учраас Наранбаатар найзтайгаа явах болсондоо баяртай байлаа. Нөгөө талаар азтай хэрэг.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс авто аяллаар хамт явсан Д.Нэргүй найзаараа Монгол эрчүүдийн их шүтээн Шилийн богд хайрханд хүргүүлсэн юм. Тухайн бүс нутагт 200 гаруй унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд билээ. Богд гэх нэршил нь сүүлд Буддын шашны нөлөөгөөр нэрлэгдсэн нэршил бөгөөд эрт дээр үеэс Монголчууд “Шивээт шил”, “Агшуун” гэх зэргээр нэрийдэж тал нутгийн их шүтээн хэмээн дээдлэн тахин шүтэж өнөөг хүрсэн. Өглөөний ургах нарнаар гарсан эр хүний хийморь сэргэж хүлгийн шандас хөвчирдөг гэж өвгөд хуучилдаг нь орой дээрээ хүйтэн агаар хуримтлуулан байдагтай холбоотой байж болох юм. Тус хайрханы орой дээр бид хамтдаа гарч хийморь сүлдээ сэргээн уухайн түрлэг хэдэнтээ өргөөд хормой доороос нь Дарьганга сумыг чиглэн 2016 оны 4-р сарын 01-нд 11 цаг 30 минутад дугуйн аяллын үндсэн гараагаа эхлүүллээ. Хоёр дугуйн дээр ачаа ачих зориулалттай тусгай ачаа тогтоож түүнд таарсан дугуйн цүнхнүүд зүүж хэрэгтэй бүхнээ багтаасан даа. Ачааны арай хүнд нь хамтрагчийн минь дугуйн дээр ноогдлоо. Зам бол үнэхээр сайхан хатуурч тэгширсэн халцгай байсан болохоор бас анхны өдөр болоод ч тэр үү жийгээд л баймаар санагдав. Урд хойноо орж жийсээр эхний өдөр гэхэд 50 гаруй км жийж Сүхбаатар аймгийн Дарьганга суманд дөхөж ирэв ээ. Ойролцоогоор бид 10 км жийгээд нэг амралтыг зарладаг байлаа. 19 цагийн үед майхнаа барьж хоол хийх ажилд ханцуй шамлан Наранбаатар маань орж, хажууд нь надад илүү дутуу юм ярих ажилтай л суухаас өөр ажил олдсонгүй. Аяллын тэмдэглэлээ бичмээр байвч залхуу хүрээд маргааш бөөндчихье гээд өөртөө хэлээд хоол хийх үйлд хуруу биш хошуу нэмэрлэнэ. Удалгүй майханд борцны үнэр хан хийж гоймонтой хоол бэлэн боллоо. Хамтрагч маань угаас хоол сайн хийдэг болохоор амт гэж сайхан байсныг хэлэхэд бараг илүүц болох биздээ. Энэ өдрийн нар их сайхан жаргаж билээ. Дугуйн аяллаар яаж явах тухайгаа хоорондоо ярилцах зуураа бидний зам ч болоогүй байна даа хэмээн бодсоор амарцгаалаа.

Дугуйн аяллын хоёр дахь нар мандлаа. Өөр өөрийн ачаагаа ачаалан өнөөдрийн замдаа гарахад бэлэн боллоо. Сумын төвөөр цуван явахад иргэд бүгд гайхсан шинжтэй энд тэндээс харцгаана. Нэг ах зорьж ирээд “Hi” гэж мэндлэхэд нь бид хоёр сайн байна уу? гэхэд сонсмогцоо хүүш Монгол хүмүүс байна ш дээ гэж цочих аятай болно. Нүүрээ битүү халхалсан, тод шар өнгийн ижил дугуйн хувцастай болохоор ах ийнхүү андуурсан байх л даа. Орон нутгийн захиргаан дээр нь очиж газрын зургандаа баталгаа хийлгээд тэндээ түр дугуйгаа орхин машинд шатахуун хийж зүүн урагш чигт гарч давхин Тоорой бандийн дурсгалт хөшөөн дээр очлоо. Энэ нутагт яваагийнх шилийн сайн эрсийн талаар хуучлахгүй бол сонирхолгүй байх.

Энэхүү хөшөөг олон хүн ирж үзсэн нь дамжиггүй. Тоорой бандийг “хулгайч” гэж үзэх нь буруу юм. Халхын сайн эрсийн нэг Тоорой банди хэмээх нэрээр алдаршсан Нанзад нь 1834 онд одоогийн Дарьганга сумын Бударын чулуу хэмээх газар мэндэлж, бага залуу насандаа эцгээс өнчирч эхийн хамт их л тарчигхан амьдардаг байхдаа Бургасан дуган-д шавилан суух болсон ч удалгүй оргон зайлсан гэдэг. Тоорой банди хожим “төрийн бөөс” хэмээх хочоор алдаршиж 1860 оны дунд үед Цахар найман хошуунд төдийгүй Халх даяар нэр алдар нь цуурайтжээ. Шилийн сайн эр баяд ноёдын адуунаас авсан малаа үгээгүй ядуу хүмүүст тарааж явахдаа адуугаа таниад ирсэн эзэнд нь Тоорой бандиас авсан гэж хэлээрэй гэж захидаг байжээ. Хэрвээ эзэн нь адуугаа эргүүлэн аваад явсан байвал өнөөх баяд ноёдын адуунаас шилж сонгож байгаад хэдэн арваар нь аваад явчихдаг байж. Түүнийг мэддэг баяд ноёд адуугаа таньсан ч Тоорой бандиас авсан гэхээр зүгээр орхичихдог болсон байна. Цэцэн хан аймгийн нутагт байхад нь 800 цэрэг дайчлан хайлгаад олдоогүй нь ард түмний хүндлэлийг хүлээсэн тул тэдний дунд нуугдаж чадсан түүхтэй. Тоорой хэмээх нэр нь говийнхны “эр зоригийн мод” хэмээгддэг тоорой модны нэр болов уу, харин банди гэх нь түүнийг хийдэд шавилан сууж байсантай нь холбон тус нэрийг хүртжээ хэмээн судлаачид үздэг. Тоорой банди Монголын их баялгийг хил гарахаас нь өмнө шомбодож нутгийн ядуу ардад тараадаг байсан учраас “Тоорой бандийг байхад торгоны сайныг өмслөө

Тоорой бандиас хойш тостой даавуу ч олдсонгүй

Гуна гүнжийн нуруунд гундаа нь үгүй Тоорой

Гучин хоёр хошуундаа баригдаа нь үгүй Тоорой

Цанатын цагаан нуруунд цантаа нь үгүй Тоорой

Цахар найман хошуунд баригдаа нь үгүй Тоорой доо” хэмээн ардын дуунд мөнхрүүлэн дуулдаг байжээ. Шилийн сайн эрийн түүхийг мөнхлөх үүднээс үеийн үед ард түмнийх нь дунд үлдээхээр 1999 онд Ганга нуурын зүүн хойно байрлах Гангын цагаан овоон дээр уран барималч Ж.Дүүрэнтөгс гэдэг хүн урлан цогцлоожээ. Энэ бол зөвхөн нэг шилийн сайн эрийн товчхон түүх бөгөөд үүнээс олон газар ард түмнийхээ төлөө босож тэмцэж чаддаг олон монгол эрс байсан юм.

Дараачийн үзэх газар Ганга нуур. Сумын төвөөсөө 11 км зайд орших тус нуур 4 хавтгай дөрвөлжин км талбайтай элсэнд боогдсон тогтмол нуур юм. Ганга нуур нь талбайн хэмжээгээр бага хэдий ч цэнгэг устайн дээр өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлдэг билээ. Хун шувуу бол Ганга нуурын билэгдэл болдог. Монголчуудын дунд “Мянган хунгийн чуулган” нэрээр алдаршсан нь намар орой хун чуулдагтай холбоотой. Монгол улсын дээгүүр шувууны нүүдлийн гурван гол зам байдаг ба түүний нэг нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын чиглэлээр нүүдэллэх боломжтой байдаг байна. Нуураас зүүн хойд зүгт 50 метр хэртээ зайд газрын гүнээс хүйтэн булаг оргилон гардаг нь Оргихын булаг юм. Тэндэхийн байгалийн өнгө төрх, үүх түүхийг бага сага уншиж байсан учраас өмнө нь ирж байсан ч юм шиг сэтгэгдэл төрүүлж байлаа.

Эргэн сумын төв дээр ирж өөрсдийн унаандаа залгаад Алтан Овооны зүүн хормойгоор жийж Онгон сумын зүг баруун гарын замаа барин явлаа. Хажууханд дүнхийн харагдах Алтан Овоо д.т.д 1354 метрт өргөгдсөн ба хүрмэн чулуу ихтэй галт уулын гаралтай уул бөгөөд 1700 оноос орон нутгийн тахилгатай байж байгаад 1913 оноос төрийн тахилгатай уул болжээ. Дарьганга сумын төвийнхөө салхийг хаан хамгаалан дүнхийх тус овоонд аяллаа даатган залбирлаа. Сумаас хойш гараад жийхэд газрын хэвлий жаахан өгсүүр байсан тул хөл хүндрээд жийхэд хэцүүхэн хөлс урсаж амандаа бурхан минь энэ байдлаараа ер нь чадах юм уу гэж өөрийгөө голох аятай. Уг нь энэ аялалд явахаас өмнө Улаанбаатар хотод тогтмол дугуй жийж, амралтын өдрүүдээр Оргил дугуйн клубын гишүүдтэйгээ хол ойргүй нэлээн жийсэнсэн. 2014 оны өвлийн хүйтэнд уулын замаар нэг өдөрт 100 км газар жийцгээж байсан ч үе бий. Ямартай ч Наранбаатарынхаа барааг араас нь хараад л жийгээд байлаа. Сүүлдээ буугаад хэсэг газар түрж ч үзлээ. Харин Алтан Овооны хойно гараад ирэхээр зам нь арай дээр болж урам орж хурд жаахан нэмэгдсэн шүү. Хамтрагч маань жийгээд байгаарай өнөөдөр хоёулаа 60 км явна шүү гэнэ. Үг хэлэлгүй толгой дохин үргэлжлүүлэн жийж билээ.

Тэр өдөр бага зэргийн салхитай байсан учраас чанх өөдөөс үлээнэ. Гэсэн ч нэгэнт замдаа гарч явсан тул надад жийгээд байхаас өөр замгүй. Замын хажуугийн ойролцоох айлын ноход хаяа ирж хоргоон хуцаж хэсэг дагаж давхина. Замд зөрөх машины жолооч цонхоороо гараа даллаж, зарим нь сигнаал өгч мэнд мэдэх дүр зураглалтай аялал үргэлжилнэ. Аяллын цүнхээ ачаад ирэхээр дугуй маань сүр орж дээр нь хоёулаа касктай, тод шар өнгийн ижил дугуйн хувцастай болохоор их л содон байгаа бололтой. Тэр өдрөө явсаар байгаад Онгон сумын бараа харагдах үед буудаллан ээлжит хоногоо өнгөрөөлөө. Дараа өглөөний үүрийн таван жингээр эртлэн босож зүтгэсэний хүчинд Баяндэлгэр сумаас 20 орчим км зай дутуу байхад дахин нэг хоног таарлаа. Анх эхэлж байснаа бодвол дугуйндаа болон аялалдаа дассан бололтой хөндүүр байсан биеийн чилээ гарчээ. Орой нь борцтой шөл хийж идээд баахан буу халж байгаад амарсан даа.

Уул давааны өгсүүрийг эс тооцвол дугуйгаар явах зам тун тохиромжтой. Сүхбаатар аймгийн нутагт өнгөрүүлсэн ээлжит өдрийн 11 цагт Баяндэлгэр сумын төв дээр ирлээ. Биднийг угтан тус сумын Залуучуудын холбооны тэргүүн, Засаг даргын орлогч Б.Амарсанаа гэх залуу хүлээн авч газрын зураг дээр маань орон нутгийнхаа тамгаа дарж баталгаа хийж өглөө. Энэ сумаас Дорноговь аймгийн Сайншанд хот орох учиртай. Замд хот суурин таарахгүй 220 км зай хүлээж байгаа учраас дунджаар 4 хоногийн хүнс бэлтгэж аваад ачаагаа хүндрүүлэн 16 цаг өнгөрөөгөөд цааш замдаа гарсан билээ. Баяндэлгэр сумаас 25 км яваад дугуйгаа амраан майхнаа босголоо. Энэ өдөр 50 км зайг туулж бараг уламжлалт болоод байгаа хоол борцтой шөлөө хийж идээд амарлаа.

4-р сарын 5-ны нар хэзээ мандсаныг мэдэж чадсангүй нэг мэдсэн өглөөний 9 цаг өнгөртөл унтжээ. Наранбаатар маань босонгуутаа шууд тогоочийн үүрэг гүйцэтгэн борцтой будаатай хуурга хийлээ. 11 цагийн үед үргэлжлүүлэн замдаа гарч зам дагуу таарах Баян бригадын төвөөс усаа нөөцөлж аваад үргэлжлүүлэн давхив. Давхих ч гэж дээ жийв. Бригадын төвөөс хөдлөөд 35 км зайд Бадрах гэх нутгийн айлаар зочлон зам сураглаваас Нартын уулын баруун доогуур явбал том машинуудын зам бий түүнийг дагаад 40 км явахад 120-ын гуанз нэртэй газар бий гэх нь тэр. Нартын гэх уул нь тийм өндөр биш ч баялаг түүхтэй баахан амьтантай орон нутгийн хамгаалалттай онгон сайхан хайрхан бололтой. Аргал хонь тус уулын билэгдэл юм гэнэ. Ахын заасан замаар жийж жийж өнөөх том машинуудын замыг олоод очлоо. Тэндээ хэсэг амрангаа газар шимийн салат талхан дээр тавьж идээд, хүйтэн чихэртэй хар цайгаар даруулан цайлна. Тэр замын дэржигнүүр үнэхээр их болохоор гарын булчин суллаж амрахаас өөр замгүй болгоно. Зарим газраа арай гайгүй ч нунтаг тоос дэгдэж хөөрөөд нүд хамар луу тургин босож шургах гэнэ. Том машин холоос айсуй харагдвал аль болох салхин дээр нь гарч өнгөрөөнө. Тэгэхгүй бол тоосонд булуулж нэгнийгээ танихгүй болтлоо хувирах нь ойлгомжтой шүү дээ.

Нар шингэх үед өнөөх гуанзан дээр хүрэлцэн ирлээ. 120-ын гуанз гэж нэрлэсэн нь Дорноговь аймгийн Сайншанд хотоос яг 120 км зайд байх цэг юм байна. Түүний эзнийг Жаргал гэх ба 12 жил тасралтгүй энэ газрыг ажиллуулж байгаа юм гэсэн. Сүхбаатар аймгаас Дорноговь руу тусгай шороо зөөдөг 100 шахам жолоочийн замын хоол унд, хонох газраар хангадаг ганц цагаан сэндвечин барилга байсан юм. Өнөө шөнөдөө энэ газар хоноглохоор болж учир байдлаа, аяллын зорилго зорилтоо танилцуулахад Жаргал эгч биднийг цуйвангаар үнэгүй дайлав. Холын замд яваа бидний ходоод хонхолзож байснаа хоол идсэний дараа даварч араас нь сүүтэй цай ууж эзнийхээ нүүрийг улалзуулна. Ээж хүний сайхан сэтгэл шингэсэн оройн хоол байлаа. Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө гэж үг бий. Бид хоёр бас зүгээр суусангүй энэ оройн хоолных нь махыг би хөшиглөж, гурилыг нь Наранбаатар маань хавтгайлан элдэж тусалж хариу барив. Та янз янзын хоол хийдэг үү гэж сониучлахад эмэгтэй хүн, гэрийн эзэгтэйн үүднээс бол олон төрлийн хоол хийж чадах ч манай жолооч нар ихэвчлэн цуйван заримдаа шөлтэй хоол л иддэг гэх юм. Энэ гуанзанд хоолны цэс гаргах хэрэггүй бололтой. Эрчүүд яагаад цуйванд дуртай байдаг вэ гэх өөрөө өөрөөсөө асуусан асуултандаа яг тодорхой хариулт өгч чадахгүй байгаа ч ямартай ч цуйван гэдэг хоол гоё шүү. Жаргал эгчийн гэр нь гуанзнаасаа 300 орчим метр зайд байрлах ба тэднийд хамт очиж хурга ишгийг нь ялгалцаж өглөө. Цаг агаарын хувьд тогтуухан сайхан өдөр байсан учраас өнөөдөр 76 км газар туулжээ. Ингээд нэгэн шөнийг жолоочдын хотхон гэж нэрлэсэн жижиг байшинд тухаллаа. Дугуйн аяллын ганц хэцүү дайсан бол салхи юм. Мөн цаашилбал замын дэржигнүүр сул элс ар араасаа жагсаж асуудал дагуулна. Одоо байгаа газрынхаа нэршлийг газрын зураг дээрээс харвал Зараа уул гэж заасан байх юм. Жаргал эгчийн нэршлээр бол Үжин уул гэдэг бололтой. Олон жил энд амьдарсан хүний зөв үү газрын зураг дээрх нэршил нь зөв үү.

Дараа өглөө эртлэн босоод том машины явдаг өргөн замаар цааш үргэлжлүүлэн жийлээ. Салхи өөдөөс сэвэлзсэн учраас хурд сааруулж хөл өвтгөх өдөртэй учирлаа. Нэг удаа бүр Наранбаатар найзынхаа араас хүрч чадалгүй дугуйнаасаа бууж баахан сууж чадахгүй юм байна гэж анх удаа тийн шантарлаа. Хамтрагч маань намайг хараад зогслоо. Арай хийн дугуйгаа араас нь түрж очоод амрах санал тавьж тэндээ чийгнийхээ гудсаар нөмөрлөж суугаад гаазан дээр ус буцалгаад бэлэн гоймон дэвтээж идлээ. Энэ үеийн хамгийн тохиромжтой хоол байсан уу нэлээн сэргэлт өгөх шиг. Чийгний гудсаараа биеэ ороон хэсэг хэвтэхдээ дуг хийгээд авжээ. Салхи бүр ширүүсэх янзтай болохоор нь том тэрэг тосож суучих санаатай гараа өргөсөн ч хоёрын хоёр хүн хоёр дугуй баахан ачаа харагдсан байх л даа зогссонгүй. Аргагүй биздээ хаанаа ч багтааж явах билээ. Хувь тавилантайгаа эвлэрч уруу царайтай унжуу сэтгэлтэй явсаар 60 орчим км замыг туулан нэр усыг нь мэдэхгүй газар майхнаа босгон хонолоо.

Унтаж байхад цагийн зүү яасан ч хурдан эргэдэг юм нэг л мэдэх нээ дараа өглөөний 8 цаг болж байх юм. Ойролцоогоор өнөөдөр 50 гаруй км явчихвал Сайншанд хотод очих учиртай. Сэтгэлийн тэнхээгээ дээд цэгтээ тултал хөөргөөд сэргэлэн цовоо өглөөг угтаж цааш жийж гарлаа. Аймгийн төв дөхөх тусам зам маань бүүр сайхан болж халцгай талдаа болох юм. Энэ үед урам орж хурдаа ч ихэсгэнэ. Бид дунджаар 15 км цагийн хурдтай явж байсан билээ. Ямартай ч хөлсөө цувуулан, хөлөө өвдтөл жийсний эцэст Дорноговь аймгийн төвд ирлээ. Урьдчилан ярьж тохирсноор ээжийн минь том эгч Б.Далантай эгчийн бага охин С.Отгончимэг хэмээх хамаатан маань энэ хотод их эмчийн ангийн төгсөх дамжааны оюутан, тус нутгийн бэр болон суурьшиж байгаа юм. Биднийг тосон авч гэртээ авчирлаа. Гэрт нь дугуйгаа оруулаад ширээ дүүрэн хоол ундны хоёр талд гарч суугаад багахан шиг найрлав. Хүнд зам байсан ч хүрээд ирсэн болохоор сэтгэл санаа сайхан байж билээ. Урт холын аяны замд ядарна бас өлсөнө гэдэг нэгэн төрлийн зовлон байж болох ч үнэндээ жаргал юм шүү. Сайн дураараа аялж яваа бидэнд бол туршлага, танин мэдэхүй, шинэ ертөнц болж үлдэх учиртай. Бид хоёрыг гэртээ байгаа юм шиг байгаарай гэж захиад хадмынх руугаа явж хонохоор гарлаа. Хаалга цаанаасаа хаагдмагц хэзээний нэг гэртээ байгаа юм шиг усанд орж, хувцсаа угаагаад телевизийн удирдлага барьж суваг солиод л нэгэн оройг тав тухтай өнгөрөөх завшаан тохиолоо. Зөөлөн орон дээр хэвтэж шөнийн 2 цаг хүртэл зурагт үзсэн дээ.

Сайншанд хотын өглөөний нар мандлаа. Отгончимэг маань ирж цай чанаж бууз жигнээд тэдний машинаар Хамарын хийд үзэх аялалд гарлаа. Аймгийнхаа төвөөс чанх урагш 40 гаруй км зайд орших Хамарын хийдийг 19-р зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар уг хийдийг байгуулжээ. 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Дүйнхор, Цохон гэсэн 4 хэсэгтэй 80 гаруй сүм хийдтэй 500 гаруй лам хуврагатай байсан гэдэг. Их хэлмэгдүүлэлтийн үед лам Г.Түдэв гэдэг хүн 64 авдар эд зүйлийг газарт булж нуун олон жил дарсны эцэст 52 жилийн дараа Хамарын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа дахин сэргэсэн байна. Хийдээс 20 км зайд Хүсэлийн Хар уул гэж бий. Эмэгтэйчүүд уулын хормойд орших жижиг сүмд үлдэн зөвхөн эрчүүд оргилд хүрч хүслээ шивнэдэг заншилтай. Говийнхон тус хайрханыг эрт цагаас тахиж ирсэн ба Хан Баянзүрх гэх албан ёсны нэртэй хайрхан юм. Хийдээс зүүн урагш 2 км зайд эрт цагт лам нар бясалгал үйлддэг байсан олон жижиг агуйнууд байдаг. Хийдийн дэргэд Өвгөн суварга буюу Монгол улсын хамгийн өндөр монгол гэрийн хэлбэртэй 32 метр өндөр 5 талтай суваргыг 2011 онд босгожээ. Хамарын хийд гэх говь нутгийн чухал газар миний бие тэртээх 2007 онд буюу 9 жилийн өмнө үзэхээр ирж байсан удаатай. Гэвч тэр цагаас хойш эрчимтэй сэргээн засварлалт бүтээн байгуулалт хийгдэж танигдахын аргагүй өнгөө засжээ. Улаанбаатар хотоос 521 км зайд орших Шамбалын орон тус хийдэд дотоод гадаадын зочид ихээр ирэх болсон байна. Энэ зуур бага үд өнгөрчээ.

Аймгийн төвд эргэн ирж аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сансармаа биднийг хүлээн авч Дорноговь аймгийнхаа лого бүхий энгэрийн тэмдэг дурсгав. За тэгээд Замын-Үүд сумыг чиглэхээр замдаа гарлаа. Газрын хэвлий уруу талдаа, мөн дээр нь засмал замтайг хэлэх үү зовох түүртэх юм байхгүй явсаар 55 км газрыг яах ийхийн зуургүй туулжээ. Салхи ихтэй байсан учраас замаас гарч нэгэн худгийн дэргэд хонолоо. Үүрээр адуу мал майхныг минь сонжин үхэр сүрэг үүдэнд ирээд босооч ээ гэж байгаа юм шиг даажигнана. Гараад ирвэл үргэх аятай ч бүгд хөдлөхгүй харан зогсох юм. Удалгүй худгийн эзэн ирээд мотор татан ус гоожуулахад бид хоёрыг үхэр сүрэг сонжин цуглаагүй нь ойлгомжтой болж таарсан ба өглөөний ундаа ууцгаахаар ирсэн нь энэ байжээ.

Цаг харвал 9 өнгөрчээ. Яаравчлан ачаагаа ачаалж засмал замдаа орж үргэлжлүүлэн явах зуур эсрэг урсгалаар өнгөрч явсан цагаан портер зогсож сигнаалдана. Зогсоод эргэн харвал аавын минь ганц эгчийн хүүхдүүд болох А.Бадмаа, А.Бат-Очир, А.Цэвэлмаа мөн Бат-Очир ахын гэргий Оюун-Эрдэнэ гэх хүмүүстэй маш санаандгүй байдлаар таарч хэсэг хуучилж байгаад дурсгалын зургаа татуулаад зам замаа хөөлөө.

Манай хэд ноолуураа өгчхөөд БНХАУ-ын Эрээн хотоос хэрэгтэй зүйлсээ базаагаад нутаг буцаж яваа нь энэ байлаа. Засмал замаар давхисан энэ өдөр 170 км газрыг туулж Замын-Үүдэд 4-р сарын 8-ны 22:45 цагт ирлээ. Засмал зам, дээр нь салхи уруу болохоор их зам туулжээ. Мэдээж хэдэн өндөр даваа замд таарсан ч үүний дээр гарчихвал цаашаа уруудна шүү дээ гэсэн сэтгэлээр яаж хийж байгаад давцгааж энэ хүрсэн билээ. Замын-Үүдийн залуучууд олноороо нэгдэж сум руугаа орох хаалган дээрээ цагаан сүүтэй тослоо. Оюутан ангийн анд Ч.Гантөмөр, Сүлд багийн засаг дарга Н.Нямбаяр, дугуйчин н.Сүхбат, Төмөр замын цагдаа Дэлгэрсайхан, найз Г.Дашням тэргүүтэй залуучууд тоссон юм. Жийж жийж ирэхэд жинхэнэ сайхан хүлээж авч Жим буудалд амраагаад жимбий мах идүүлж билээ. Тоссон залуучуудын дундаас Ч.Гантөмөр, Г.Дашням гэх хоёр найз минь 2014 оны зун Замын-Үүд сумаас — Хөвсгөл нуур хүртэл дугуйгаар аялж байсан удаатай нөхдүүд. Тэнд хоёр хоног амрах төлөвлөгөө маршрутандаа орууллаа.

Замын-Үүдийн унаган хүү Ч.Гантөмөр маань Элбэгжин гэх аялал жуулчлалын компанид ажилладаг бөгөөд хятад жуулчдад зориулсан өдрийн хөтөлбөртэй үйлчилгээ үзүүлдэг ба дотоодын албан байгууллага хамт олныг Эрээн хоттой солилцоогоор танилцах аялалд явах боломжийг олгодог ажилтай. Түүний ажил маргааш бас үргэлжлэх юм гэнэ. Ярианаас нь сонсвол Дорнод аймгийн Чойбалсан хотын Хан-Уул цогцолбор сургуулийн багш нар хил гарах юм гэхэд надад маш ойр санагдлаа. Арван жилийн боловсролоо тус сургуулиас тээж төгссөн төрөлх сургууль минь учраас хичээл орж байсан багш нараас минь тэр дунд байх учиртай. Өглөө болж өнөөдрийн амралтаа Эрээн хотод гарч өнгөрөөхөөр болж сургуулийнхаа багш нартайгаа нэг автобусаар хил хамт гарлаа. Их сонин тохиолдол цаг хугацааны хувьд давхцаж “А” үсэг анхлан заасан ачит Б.Доохүү хэмээх бага ангийн багштайгаа мөн таарлаа. Эрээн хотод очиж буудалд байрлаад Наранбаатар бид хоёр шинэхэн танил Хуягбат болон анд найз Гантөмөрийн хамтаар Эрээн хотоор аяллаа. 2011 онд очиж байсан үеийг минь бодвол танигдахын аргагүй хөгжжээ. Зам талбай, тарьсан мод зэргийг нь хараад биширч ээ явлаа.

Хэдийгээр эх орноо бүтэн тойрч яваа ч амралтынхаа нэг өдрийг тийнхүү хил давж Эрээн хотод өнгөрүүлсэн билээ. Хилийн цаана яг 29 цаг болж нийт 31.000 төгрөгийн зардал гарсан байна. Маргааш нь эргэн Замын-Үүдэд ирж Жим буудалдаа тухлахад Г.Дашням найзын ах Г.Чойжил гэх залуутай танилцаж танилын хүрээ нэгээр тэлэв. Маргааш гэдэг өдөр аялалдаа эргэн орж замаа үргэлжлүүлэх үүрэгтэй учраас дугуйныхаа гинжийг тослон бага сага бэлтгэл ажил хийцгээлээ. Миний бие ойр зуурхан л дугуй их унадаг хэдий ч мөрөөдлөө биелүүлэхийн тулд 1000 км-ын дугуйн аяллыг тогтсон хугацаандаа амжиж дуусгах ёстой. Тийм ч учраас зорилгынхоо төлөө дахин жийхэд биеийн болон сэтгэлийн бэлтгэлээ мөн давхар хангалаа.

Бидний туулах 1000 км зай дугуйн аяллын түүхийг сөхвөл бага зай юм. Тэртээх 1992 оны 4-р сарын 12 гэх өдөр Г.Жаргалсайхан ахлагчтай Г.Дэлгэрсайхан, Ш.Ёндондаш, А.Ганболд, Б.Лхагвасүрэн гэх хүмүүс “Гарын таван хуруу” нэрийн дор нэг баг болон 294 хоногт 28.000 км замыг туулахдаа тив алгасан амжилттай явснаараа Монгол улсын төдийгүй дэлхийн дугуйн аяллын түүхэнд хүндтэй байр эзэлдэг юм. Харин 1994 онд Сүхбаатар аймгийн харъяат Ш.Энх-Амар ахлагчтай “Шилийн богд” багийнхан эх орныхоо хилийн хязгаар нутгаар анхны дугуйн аяллыг амжилттай зохион байгуулж байсан түүхтэй. Мөн түүний дараа 2014 онд хүсэл мөрөөдөлд хөгжлийн бэрхшээл саад болохгүй уриан дор МЗХ-ны дэмжлэгтэйгээр сонсгол хэлний бэрхшээлтэй ч Ч.Мөнгөндалай улсынхаа хилийн хязгаар нутгаар хоёр хэсэгчлэн ээлжлэн дугуйгаар 293 хоногийн хүч хөдөлмөр гаргасны үндсэн дээр эх орноо тойрсонд тооцогддог билээ. Энэ нь хүсэл байвал мөрөөдөл биелдэгийн нотолгоо юм.

Бидний аялал тооцоолол ёсоор бол Замын-Үүдээс хамгийн хүнд замдаа шилжих юм. Салхи өөдөө явахын зэрэгцээ Дорноговь аймгийн өмнөд хэсгээр элс, хайрга ихтэй, айл мал цөөтэй зам хүлээж байгаа. Дээр нь хаврын улирал учраас ид салхилдаг үе ба өнөөх алдарт босоо улаан дэгддэг цаг билээ. Ийм зам ийм цаг уурын нөхцөлийг тооцоолон гарсан учраас шантарна гэсэн ойлголт үгүй. Говийн нарны мандах шингэх хоёр үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнтэй шүү. Нэгэн нарны мандах туяагаар амарч алжаалаа тайлсан хоёр Улаанбадрах сумын зүг замдаа гарлаа. Ирсэн засмал замаараа эргэн буцаж Улаанбадрах сум руу салдаг хэсэг рүү явж байгаа нь энэ юм. Сумын төвөөс нилээн зайд явж байхад Наранбаатарын маань утас дуугарлаа. Ар гэр, ажил хөдөлмөрийн хүндэтгэх шалтгаанаар хот руу буцахаас өөр замгүй болох нь тэр ээ. Эхлүүлсэн ажлаа дуусгамаар байгаа нь үйл хөдлөл ярианаас нь илт ч хүндэтгэх шалтгааныг нь үндэслэн хамтрагчдаа аяллаа дундаас нь дуусгах зөвшөөрөл олголоо. Надад зөвшөөрөхөөс өөр сонголт байгаагүй юм. Ингээд ганцаараа цааш замаа үргэлжлүүлэх болсон би өөрт хэрэгтэй ачаагаа аван хэрэггүйгээ Наранбаатартаа өгч замын машинд суулгаад буцаалаа. Энэ үед Замын-Үүд сум руу утас цохиж учир байдлаа Ч.Гантөмөр найзтайгаа хуваалцахад чи наанаа байж байгаарай найз нь одоохон яваад очъё гэсэн хэл дуулгав.

Замын хажууд дугуйгаа дэрлээд хэвтэж байхад хар өнгийн приус-20 маркийн машин хажууд ирж зогслоо. Дотроос нь Ч.Гантөмөр болон шинэхэн танил Г.Чойжил, н.Хуягбат нар бууж ирээд Улаанбадрах сумын төвд хүргэж өгөхөөр боллоо. Найзуудынхаа буянаар ямартай ч машинд сууж аваад очих сумандаа очлоо. Энэ өдөр үнэхээр их салхитай мөн дээр нь ирсэн замаа харахад сул элс, хайрга харагдаж байсан учраас цагаа олсон хүргэлт байжээ гэж баярлах юм. Энэ хүрэхэд дугуйн аяллын минь цэвэр жийлт нь 720 км-ыг зааж байлаа. Гурван найз маань гэгээ тасрахаас өмнө их замдаа нийлэхээр яаравчлан буцлаа. Намайг очиход Улаанбадрах сумын Залуучуудын холбооны дарга М.Хишигбаяр болон Д.Мөнхномин, Р.Төгсбаяр, Н.Нанжилсүрэн Т.Отгонтунгалаг нар тосон авч сумынхаа зочид буудалд байрлуулсан юм. Жимбий мах чанан өгч говийн хөмүүл гэх амттай ургамалаар хачирлав. Манай нутагт таана, мангир дарж амтлан хоол хүнсэндээ хэрэглэдэг бол говийнхон хөмүүлийг их хэрэглэдэг байна. Хөмүүл нь цус төлжүүлдэг, амьсгалын замын нөлөөгөөр ядарсан үед тэнхрүүлэх гэх мэт олон ашиг тустай байгалийн амьд хүнс юм. Тэр орой тийнхүү шинэхэн танилуудтай боллоо.

Ганцаараа хоноод ганцаараа ачаа бэлдээд ганцаараа явна гэхээр сэтгэл нэг л уйтгартай. Тийм хэдий ч үлдсэн 250 орчим км замыг хугацаандаа туулах үүрэгтэй. Маргаашийн мандах нарнаар тус сумын сургуулийн захирал Т.Отгонтунгалагын урилгаар очиж хүүхэд багачуудад дугуйн аяллын талаарх сургалт зохион байгууллаа. Ингээд замаа үргэлжлүүлэхээр болоход М.Хишигбаяр, Д.Мөнхномин нар машинаар жаахан дөхүүлээд өгье гэсээр байгаад Хөвсгөл, Улаанбадрах сум хоёрын зааг Өлийн овоо хэмээх газар хүргэн өгч цаг хугацаа хожиж өглөө. Тэнд хүрэх зам тун амаргүй нь харагдаж байсан ч хар сүүлт, хулан хоёртой нэлээдгүй тааралдав. Түүнээс цааш өөрийн хувь тавилантайгаа эвлэрэн дөхүүлж өгсөн хоёр найздаа талархаад цааш жийлээ. Говийн нутгаар 4-р сарын 14–17-ны өдрүүдэд цаг агаар муудаж салхи шуургатай байхыг цаг уур шинжилгээний газраас анхааруулж байсныг мэдсэн ч дугуйгаа унан жийсэн юм. 20 орчим км яваад хааш хаашаагаа 1 км-ын өргөнтэй элсэн дунд яваад орлоо. Тойроод гарч болохгүй тэр замаар дугуйгаа унах битгий хэл түрээд холхон явж чадахгүй мөн ч олон амарсан даа. Энд дугуй унахыг бараг мартаж, гараа өвдтөл түрж, хөлсөө гоожтол аахилж хажуугаар нь гуталд элс орж юм юм л үзлээ. Холгүйхэн гурван хар сүүлт сонжин харж шороон царайлсан энэ хүнийг хардаа гэж бие биендээ хэлж байгаа юм шиг цааш ганц хоёр дэвхрэнгээ байн байн эргэж харна.

Ачаа хүнд зам хэцүү учраас ихэнхдээ хүчлэн жийсээр баруун хөлийнхөө шөрмөсийг гэмтээсэн бололтой хөндүүрлэж зовиуртай байсан ч сэтгэлийн тэнхээ маань намайг дийлж оройжин явсаар 40 орчим км замыг туулж Хөвсгөл сумын төвд ирлээ. Сумын Залуучуудын холбооны дарга буюу сумын Засаг дарга Б.Жавхаа хүлээн авч буудалд байрлууллаа. Нэлээн орой болсон учраас өглөө тавтайхан уулзахаар болж билээ. Өнөөдөр ачаалал ихтэй өдөр байсан учраас амрах тийш хандлаа.

Энэ үед болсон хөгтэй ч гэх үү аймшгийн ч гэх үү надад тохиолдсон нэгэн зүйлийг сонирхуулъя. Дугуйн аяллын хоногийн маршрут таарч Дорноговь аймгийн Хөвсгөл сумын тамгын газрын зочид буудалд хонохоор боллоо. Ойр зуурхан юм хумаа янзалж аян замын тэмдэглэлээ биччихээд цагаа харвал шөнийн 1 цаг болох дөхжээ. Яг тэр агшинд миний өрөөний цонх тогших шиг чимээ чихэнд сонсогдов. Амьсгаагаа хураан ажин хэсэг чимээгүй суухад тус чимээ дахин сонсогдох нь тэр. Эхэндээ бие арзас хийлгэж айдас төрүүлж чадлаа. Гэнэтхэн зориг орж сумын төв дээр юу л байв гэж бодоод жижиг тонгорог халаасандаа хийж аваад гадагш гарч үзэхээр гарлаа. Буудлын гаднах хаалга онгойлготол яг өөдөөс хараад нэг хүн зогсож байна. Царай зүс нь их эвгүйхэн хүн болохоор харсан зүйлдээ итгэсэнгүй. Өнөөх зоригтой хүний айдас эргэн ирж эцэстээ тулах шинжтэй болж билээ. Юу юугүй эргээд хаалгаа хаалтай нь биш өөдөөс нь харан хэсэг зогслоо. Тэрхэн агшинд дотроо бол өнөөх сүнс гээч нь юм байхдаа хэмээн их эмээсэн. Өөдөөс харж зогссон тэр хүн эргэж хэд алхаад байшингийн булан эргээд алга болов. Энэхэн агшинд уртаар санаа алдаж өнөөх хүний явсан зүг рүү нүднийхээ булангаар тагнан хартал өнөөх хүн байшингийн буланд тал биеэ ил гарсан байдалтайгаар дахин намайг харан зогсож байх юм. Дотроо би ч өнгөрчээ одоо яах уу гээд л их юм бодоостой. Ингээд эвгүйхэн тохиолтой учирсан би эргэн хаалгаа түргэхэн шиг хааж сайтар түгжээд, түжсэнээ дахин шалгаад өрөө рүүгээ коридороор алхах тэр мөчид эргэн байн байн хаалга руу харж байлаа. Өрөөндөө орж хаалгаа бас түгжлээ. Ядаж байхад энэ буудалд энэ үдэш би ганцаараа хонож таардаг нь ч юу вэ? гэж бодогдох. Энэ үед хамтран аялагч Наранбаатар найзыгаа их санаж билээ хөгжилтэй ч юм шиг. Орон дээрээ хэвтэх үед цонхны тэр хавьд дахин дуу чимээ гарлаа. Эр хүн юм чинь айгаад байхдаа яахав хэмээн өөрийгөө зоригжуулаад утсан дээрээсээ дуу тавьж хамгийн чанга дээр нь тохирууллаа. Сүүлийн үед ядарсандаа болоод тэрүү дэр дэлдэн хоёр нийлээд л нам унтдаг болсон минь тус болж нэг л мэдэх нээ өглөөний гэгээ ороход утасны ч цэнэг дуусаад унтарчихжээ. Урд шөнө юу болсон юу харсанаа сэрээд бодох бас л эвгүй байлаа. Нартайд буудлаас гарахад өнөөх хүн эргэн тойронд харагдахгүй алга болжээ. Ингээд явах бэлтгэлээ базаан дугуйгаа гарган ачаагаа ачаад сумын захиргаан дээр нь яваад очлоо. Засаг дарга Жавхаагаар газрын зураг дээрээ тамга даруулан суух зуураа урд шөнийн болсон явдлаа хуучлахад түүнийг сонсоод засаг дарга инээх юм. Би ч гайхах сониучлах хоёр зэрэгцэн байх үед харсан зүйл чинь гэм хоргүй ээ сүнс сүүдэр бол бүр ч биш энгийн хүн юм шүү гэж учирлана. Манай суманд нэг тиймэрхүү гэм хоргүй өвчтэй хүн байдаг юмаа шөнө орой айлын ихэвчлэн буудлын цонхоор харж явдаг юм гэлээ. Тэр хүний түүхийг сонсоод надад үнэхээр өрөвдөлтэй санагдаж билээ. Эрт мэдсэн бол өөрөө өөрийгөө ч айлгах хэрэг гарахгүй байж шүү дээ гэж учирсан явдлынхаа зангилааг олсон юмдаа. Хөвсгөл суманд ийм нэг паянтай учирсан минь одоо сайхан дурсамж болон үлджээ.

Өнөөдөр бас баяртай мэдээ сонсох шиг. Учир нь дугуйн аялалд дөхүүлээд өгье гэсэн унаа тэрэгнээс татгалзахгүй болжээ. Б.Жавхаа дарга жолоочоо дуудан дөхүүлж өгөхийг үүрэг болгов. Хатанбулаг сумын төвд очиход замдаа зайлшгүй нэг хонох байсан бол хүний сайхан сэтгэлийн үндсэн дээр хоног хожихоор боллоо. Дэлгүүр хоршоо орж хэрэгтэй зүйлээ авч базаагаад замдаа гарлаа. Хатанбулаг сумын нутаг Цагаан худаг хэмээх газар түр саатав. Хаа газарт худаг таарвал усны онгоцыг нь дүүргэж байгаарай хэмээн бага байхад өвөө минь их захидаг байсан нь толгойд үлджээ. Тэр дундаа говь нутагт ховоо татах гэдэг том буян ч байж болох юм. Намайг худаг дээр ирэхэд алслан байсан хонин сүрэг шогшин татуулаад ирэх юм. Юу байна түүгээрээ дайл гэдэгчлэн ховоо татаж усаар дайллаа. Цааш үргэлжлүүлэн давхиж Хатанбулаг сумын төвөөс хойш 20 км зайд орших Эргэлийн зоо хэмээх газар хүргээд буцсан юм.

Эргэлийн зоо хэмээх газарт очсон хүн үнэхээр гайхна. Говийн бүх зүйлийг алган дээрээ тавьсан мэт харах нь сайхан мэдрэмж ер бусын сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлнэ. Энэ сайхан үзэсгэлэнт байгалийн сонин тогтоцтой газар нь палеонтологийн үнэт олдвор ихтэй газар бөгөөд 30 сая жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон сүүн тэжээлтэн, яст мэлхий, үлэг гүрвэлийн сээр нурууны олдворыг хадгалсан хэв шинжтэй тэгш өндөрлөг. Иймээс амьтан ургамал олдворыг байгалийн жамаар нь хамгаалах зорилгоор 1996 онд УИХ-ын 43-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байна. Энэ газрын тухай Р.Ч.Эндрюс болон дэлхийн эрдэмтэд эрдэм шинжилгээний бичиглэл их хийсэн байдаг ба ихэвчлэн “Алтан уул” хэмээн тэмдэглэсэн байдаг. Ховор нандин олдвортой энэ газар говийн төдийгүй Монголын бахархалт нэгэн газар болсон билээ. Хонин гүрвэл хөл дор гүйлдэх хосгүй энэ газар эрт цагт далай байсан гэдэг ч домог бий. Хажуухан зүүн доороо усны ундаргатай худагтай ба түүнээс нь халуун хошуут мал нь ундаасч байдаг их л буян хишигтэй бурхны газар юм даа. 2017 онд Р.Ч.Эндрюс Монголд үлэг гүрвэлийн судалгаагаар анх ирсний 100 жилийн ой болох билээ.

Эргэлийн зоо үзээд түүний зүүн доогуур Хатанбулаг сумын зүг 10 орчим км яваад майхнаа босгон амарлаа. Эзгүй хээр говьд ганцаараа хонохдоо хоол хийсэнгүй цүнхэндээ байсан бэлэн зүйлээр хооллоод унтаж билээ. Дугуйн аяллын 15 дахь өдрийн нар манджээ. Өглөөний 10 цагийн үед аяллаа үргэлжлүүлэн өдрийн 14 цаг дөнгөж өнгөрөөгөөд сумын төвд ирэв. Захиргааны хажуу талын нэг давхар улаан тоосгон зочид буудалд орлоо. Нэг өрөөгөөр биш нэг ороор хоногоо бодож тооцоо хийдэг байна. Нэг ор хоногийн 10.000 төгрөг. Дөнгөж буудалдаа ороод удаагүй байтал гадаа үзэгдэх орчин харагдахгүй нүдгүй улаан шороон шуурга шуурч гарлаа. Амжиж ирсэндээ амьхандаа баярлаж суулаа. Хатанбулаг сумын Залуучуудын холбооны тэргүүн Г.Мөнхтүшиг хэмээх залуу ирж уулзлаа. Нутаг орныхоо талаар түүх хүүрнэж, их сайхан яриа хөөрөөтэй залуу бололтой. Сонсоод байхнээ шатар сайн тоглодог учраас аялангаа энд тэндэхийн газар оронд очиж шатар нүүх хүсэл мөрөөдөлтэй. Маргааш өглөө нь сумын засаг дарга М.Мөнхбаяр гэх эрхэм өрөөндөө уулзаж мөн л сайхан сэтгэл гарган машинаар дөхүүлж өгье хэмээх юм. Эхэндээ үгүй гэсэн ч арга буюу сэтгэлийг нь хүндлээд 40 км замд явахаар боллоо. Ногоон пургон машин буудлын гадаа ирж би ч юмаа ачихад хамт Г.Мөнхтүшиг болон тус сумын цагдаа, хошууч н.Чулуунсүрэн жолооч Ө.Пүрэвдорж нар гаргаж өгөхөөр болжээ. Замд гарч явсаар товлосон зайгаа туулж миний бие буулаа.

Энэ цаг мөчөөс эхлэн замд суурин газар таарахгүй ч хол зайтай айл бол таарахаар зам заалгаад үлдлээ. Дугуйн аялал маань дуусахад одоо 140 км явж Өмнөговь аймгийн Ханбогд суманд оччихвол дуусах учиртай. Ойрд хүмүүсийн сайхан сэтгэлд автаж хэд хэдэн удаа газар дөхүүлж хөлөө үе үе амраагаад авсан би дугуйгаа унан баруун зүгийг барин машин замаар жийж гарлаа. Элс гэхээсээ илүү сул хайрга дэржигнүүр ихтэй зам байлаа. Тэр өдрөө ойролцоогоор 60 гаруй км явж айлын бараа хараад хонолоо. Ээлжит эзгүй хээр замд бүтэн өдөр үдлэх завгүй жийсээр заримдаа түрсээр хэсэг амарсаар 60 орчим км-ыг туулах үед хэдийн гэгээ тасарчихсан байсан үе. Түүнтэй зэрэгцэн хойд дугуйны хэдэн хигээс ачаандаа дийлдэж тасарчихжээ. Явахад хүнд болж хувирсан учраас майхнаа босгоод унтахаар болж амрах үедээ урьдчилан олж тэмдэглэсэн хэрэгтэй хүмүүсийн утасны жагсаалттай жижиг дэвтрээ гарган Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын дарга Х.Нэхийт гэдэг хүн рүү залгаж үзлээ. Хоёр дуудуулаад азаар утсаа авахад нь учир байдлаа ойлгуулахад сумын төвөөс 20 хүрэхгүй км-ын алсад байх над руу машин явуулж авсан билээ. Ийнхүү дугуйн аялал маань эцсийн цэгтээ ирэхэд эвдэрсэн нь дээрээс тэнгэр харж, доороос газар түшсэн азтай хэрэг боллоо. Өмнө нь ганц удаа дугуй хагарч байсныг бодвол дугуй маань хүрэх гэсэн газар амжилттай хүргэж үүргээ биелүүллээ. Анх төлөвлөсөн ёсоор бол 1000 км-ын аялал байх байсан ч 17 хоногт яг 840 км дугуйгаар туулж үлдсэн 160 км-ыг нь машинд сууж дөхүүлэх нэрээр туулсан түүхтэй боллоо.

Аян замын тэмдэглэл хөтөлсөн: М.Дархижав

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet