Гачууртын ганц “ганган газар”-ын тухай … @RiverPoint

Daagii Compass
3 min readMay 9, 2020

--

Кафе

Ганган газар гэхээр мод, ус, уул нуруу хэмээн төсөөлж байна уу? За бараг л бүгдийг нь агуулсан гэмээр донжтой нэгэн амрах газар Гачууртад бий. Энэ бол мэдээж River Point Lodge. Ер нь бол орчны шийдэл нь илүү их таалагдсан л даа. Очиж үзэх хүний харцыг булаах олон нандин үзвэрүүд дотор гадаагүй байх бөгөөд бараг л жижигхэн музей гэмээр. Гэр бүл найз нөхдөөрөө салхинд гарч сайхан дурсамжаа мөнхлөх боломжтой догь газар юм билээ шүү.

Байршлыг нь хэлүүлэлтгүй гарчиг дээр өгүүлснээр Гачуурт гэхээр тодорхой байгаа биз дээ. Гачууртын эцэс буюу засмал замын төгсгөл хэсгээс цааш шороон замд нэгдээд нээх хол бишээ хэдхэн зуун метр газар яваад л оччихно. Замд тань танилцуулах самбар үүргээ гүйцэтгээд л хөдлөхгүй зогсож байна өө. Давхиад очиход дайраад ирэх мэт сэтгэгдэл төрүүлэм сэгсийсэн 2 банхар угтагчийн үүрэг гүйцэтгэнэ. Тэр 2 угтагч сүртэй харагдах нь ойлгомжтой. Машинаасаа буух уу яах уу гэж хүртэл таныг эргэлзээнд оруулж чадна гээд боддоо. Аан гэхдээ аюулгүй юм билээ шүү тэд. Ажлаа их сайн хийдэг ч юм билээ. Олон хүн орж гардаг учраас овоо эрх зан суусан бололтой.

Угтагчаасаа эхлүүлээд үүдний хаалга нь хүртэл их сонирхолтой. Хашаа руу нь яваад орвол бүүр гоёоо гоё. Байршил нь догь харагдах хэлбэр хийц сайтай Монгол гэрүүд цэрэг мэт эгнэж харагдана. Харин түүний наана усан цөөрөм бий. Тэр усан цөөрөм мэт харагдах төрхтэй боловч үнэндээ цахилгаан үүсгэж байдаг ид шидийн бүтэцтэй юм ажээ. Хажууд нь найз нөхдөөрөө ирчихээд ганц хоёрхоооон пиво шимэнгээ мах шараад, буу халаад суух боломжтой орчин хүртэл байна цаана чинь. За тэгээд хүн л болсон хойно бие засах хэрэгцээ бий шүү дээ. Энэ хэрэгцээг тэнд төгс шийджээ. Зай талбай том, гоёмсог чимэглэлтэй, элдэв үнэргүй гээд л нойл нь аятайхан шүү. Хүн гэдэг амьтан аман дээрээ сайхан байгаль, аялал, орчин энэ тэр гэдэг боловч хамгийн чухал зүйлсийн нэг бол хаана байсан бие засах газар байдаг. Энэ далдын хүслийг River Point-ийнхон бол сайхан шийдсэн юм билээ дээ.

Машин, мотоцикл, морь хүртэл унах үйлчилгээ бүр цаашлаад хашаанд нь майхнаа бариад хонох хүртэл гоё гоё боломжуудыг нээлттэй байлгах байгууллага ч ховор байх даа. Эднийх гадныханд их алдартай гэсэн шүү.

Төмөр шатаар тог тог чимээ гарган дээш алхан нэгэн кафе-д ч зочлоорой. За тэрийг бол энд нэг нэгэнгүй бичээд магтаад дуусахгүй дээ. Жижигхээн орон зайг жинхэнэ бүтээлч орчин болгосныг очоод үзэх орон зай үлдээе.

Өөрт төрсөн сэтгэгдлээ өчив өө. 2020.05.09

Гаднах орчин

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet