Бид хэзээ сэрэх вэ?
Бүүр дээр үед ч биш л дээ. Хэдхээн жилийн өнө юм л даа. Нийслэл хот оршиж буй энэ газрыг “Алтан тэвшийн хөндий” гэдэг байлаа гэх нь холгүй болжээ. Одоо бол хатуухан хэлэхэд “Үхлийн хөндий” гэж нэрлэж болохоор байна.
Гоншигнож байхаар хөдөө явж амьдар гэх нэгэн байхад гоншигнохчгүй энэ хөндийдөө амаа үдүүлсэн мэт аж төрж хорвоогийн бор хоног, шар нарыг тоолох нь цөөнгүй байна. Мэдээж орон нутагтаа очиж ажиллах амьдрах сайхаан. Яг үнэндээ явмаар л байна. Даанч боломж, хөгжил нь чөдөрлөгдчихсөн нийслэл хотдоо хоргодох шалтгаан байна. Номхон морийг ноолоход амархан гэдэг. Бид ч үнэхээр хүлцэнгүй, тэвчээрийн тууль болсон түмэн юм дөө. Энэ хотод нийтдээ 500 мянга хүрэхгүй өрх айл бий. Гэтэл энэ улсад дэлхийд тэргүүлдэг газрын баялаг бий. Дэлхийд тэргүүлэх газар нутаг (нэг хүнд ноогдох хэмжээгээр) бий. Гэхдээ энэ улс авилга хээл хахуульдаа өтчихсөн. Аз жаргалын индексээ зохиомлоор гаргадаг болсон.
Азгүй гаруудаар улс орноо залуурдуулсан түмэн. Нээрээ тэд азтай ч юм уу амаа олохгүй идэж уугаад. Том жижиггүй мөнгө шаах, ашиг унагах тухай л бодно. Амьдралд тустай юм хийчих гэсэн сэтгэлтэй нь харин тэнгэрт од харвах мэт гялалзаад л дуусна. Дуусахаас ч яахав. Тэднийг тэнгэрийн хулгайчид зүгээр байлгахгүй хавчина, хатгана, харлуулна. За тэгээд шударга царайлсан нь энэ хар нийгэмд өөрөө хохироод үлдэнэ. Нийгэм ийм л байна.
Хэдэн жилийн дараа нийслэлд амьдрах бид бүгд нэг өвчнөөр өвдөнө. Энэ магадгүй ойрхон байгаа. Үүнд зориулаад зарим нь аль хэдийн судалгаа гаргачихсан эмчилгээ хийх гээд эмнэлэгээ хүртэл бэлдчихсэн байж мэднэ. Хүүхдүүд бүгд амьсгалын замын өвчтэй, уушиг нь сэмэрсэн нэгэн болж өснө. Өвчин өвчнөө л дагуулдаг. Өөдлөх зам нь өгсүүр ихтэй. Энэ юуных вэ? Бид яагаад ийм хүлцэнгүй юм бэ? Багтрахгүй байна уу?
Өнөөдөр бид болж байгаа мэт боловч өөр замаар биднийг оруулаад байна даа. Хааяа үнэхээр уур хүрэх юм. Би яагаад, бид яагаад ийм дээрэлхүүлж суух ёстойн бол гээд. Нөгөө ГЛГ-нүүд нь зурагтаар, сошиалаар ярихдаа бүгд буруугүй болчихдог. Тиймээ тэд үнэхээр буруугүй. Тэдэнд ямар ч буруу байхгүй. Буруу нь бидэнд л байна. Тэднийг үнэхээр өөхшүүлж, хаан мэт харьцаж залаад байгаа бидэнд маш том буруу байна.
Улсын нийслэл нь утаандаа баригдчихсан, улс төр нь авилгалд идэгдчихсэн хөөрхий энэ улс. Түүхэндээ бол энэ дэлхийн алтан үе. Түүнээс хойших нь харин хогийн цэгийн хөгийн нийгэм.
Бид яагаад ийм хүлцэнгүй тайван ард түмэн бэ? Хэзээ ухаарч хэзээ сэхээрэх бол. Талбай дээр жагсаал болж л байдаг. Би үүнийг эрүүл нийгмийн тэмцэл гэж хардаг ч харх шиг хулгайчууд турхирагчдыг шургуулдаг нь бас нэгэн амьдрал юм. Гэхдээ нэг л өдөр Монголчууд босно оо. Тэр үед харин хар цагаанаараа ялгарна. Тэр үед авилгачид харин харийн оронд очиж амьдарна. Ханатлаа баяжсан хүмүүст асуудал бол биш. Гэхдээ ҮЙЛИЙН ҮР гэж бий. Буруу замаар будаа тээсэн хүмүүс өнөөдөр сайхан амьдарч болноо. Харин үр хүүхэд, түүнээс хойших удам угсаа нь харин хэзээ ч өөдлөхгүй. “Үйлийн үр” үснээс нарийн тооцогддог гэнэ билээ.
Бид одоо нөгөө том авилгал, аллага, нүүрсний хулгай, хөгжлийн банк, согтуурхалын гай гамшиг хэмээх асуудлыг өдөр өдрөөр мартдаг наргиан ч ард түмэн. Асуудлыг наргиа болгоод маазруулаад хөөсрүүлдэг. Наргих юмаараа наргиж мэдэхгүй болтлоо сошиалын хар мэдээнд нүдүүлсэн!!!
Бид ямар хүлцэнгүй юм бэ? Би ямар арчаагүй юм бэ?
М.Дархижав