Аян замын тэмдэглэл — ЯВГАН АЯЛАЛ

Daagii Compass
31 min readJan 21, 2020

--

ЯДРАХ ЭРХГҮЙ ЯВГАН АЯЛАЛ

Өлгий хотоос Ногоон нуур сум хүрэх шугамын паз автобусанд сууж /үнэ 5000/ өдрийн 14 цагт явган аялал эхлэх газраа ирэв. Ногооннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км-ын зайд харагдах суурин бол Увс аймгийн Бөхмөрөн сум юм. Монгол улсын хамгийн ойрхон сумд энэ хоёр билээ. Дундуураа Бөхмөрөн гол буюу Таван салаа голоор нутаг дэвсгэр нь тусгаарлагдана. Энэ жил бороо хур, үер ус ихтэй байгаа тул Таван салаа гол машин унаа гаргахгүй ааш муутай байгаа бололтой. Гэвч түүний цаана Увс аймгийн унаган хүү Улаангом хотын иргэн эрхэм найз Баяртсайханы Сүхболд гэх залуу хамтран аялахаар ирсэн юм. Нааш цааш гарч чадахгүй 8 км-ын хоёр үзүүрт усанд боогдсон бид хоёр утсаар ярьж арга зам хайна. Миний бие гол гатлах үүрэг хүлээж сумын төвөөс зүүн урагш чигт үүргэвчээ үүрэн наад голыг гүүрээр нь гарахаар алхлаа. 7 км хэртээ явж гүүрэнд хүрлээ. Түүнд очих хэдхэн км зайд хичнээн ч их намаг шалбааг туулснаа тоолж амжсангүй. Тэр гүүрээр гарахдаа түүний доогуур урсах голын байр байдлыг хараад дараачийн их голыг яаж гатлах тухай янз бүрийн бодлууд ээлж дараалан бодогдож байлаа. Түүнээс хойд зүгт машины зам даган алхлаа. Энэ зам голын гарам дээр хүргэх нь тодорхой ч зам хэсэг яваад л намаг шалбаагтай. Эхэндээ тойрч явдаг байсан ч хүнд цүнхэндээ түүртэж сүүлдээ шууд туулаад явдаг боллоо. Хажуугаар нь шиврээ бороо харуй бүрий болтол үргэлжлэв. Шумуул сорил авах аятай энд тэндээс хатгаж, нутагт яваа бол татвараа өг гэж байгаа мэт цус авах санаатай үе үе жирс хийлгэнэ. Олон шумуулын амь цааш нь харуулж билээ уучлаарай. Ингэж явсаар дахин 4–5 км алхаж их голтойгоо нүүр туллаа.

Урсгал нь их ширүүн ч уухад сайхан амттай. Нар хэдийн хаяарч буужээ. Сүхболдтойгоо утсаар яриад өглөө хүрээд ирээрэй гээд гарам хавьцаа нь майхнаа босгоод авлаа. Ганцаараа бургасан дунд хонох бас л эвгүй. Тэр шөнө нойр хулжиж элдэв юм бодож ийш тийш хөрвөөсөөр бараг гэгээ орохын алдад хэсэг зуур нам унтжээ. Өглөө энэ тэрүүгээр жаахан алхахад нэг морьтой хүн явж байхтай таарч гол гаргаж өгөхийг хүслээ. Өнөөх морьтон ах түр байж байгаарай ийшээ яваад өөр морьтой хүн олоод ирье гээд учирлаад явав. Цаг гаран сураггүй байсан учраас цүнхээ толгой дээрээ аваад явган гардаг л байхдаа гэсэн бодолд автаж байтал хос болчихсон хоёр морьтон ирлээ. Энэ үед Сүхболд хэдэн найзуудын хамт голын нөгөө эрэгт машинтай ирсэн харагдана.

Нэгэнтэй нь би сундлаад, нөгөө нь цүнхийг минь дүүрээд голын урсгалын дагуу жишүүлэн орлоо. Үнэхээр ширүүн урсгалтай гүнзгий гол бололтой усны түвшин морины ташаан толгой цохиж байлаа. Монгол морь тулдаа л нөгөө эрэгт хүргэв. Буян заяа нь гийсэн хоёр ахад Бөхмөрөнгөөс захиулж авчруулсан тамхи, ундаа өгөөд буцаалаа. Энэ үед цүнхээ толгой дээрээ аваад явган гарна даа гэсэн бодлоосоо бүрмөсөн няцаж билээ. Ингэж нэг юм явган аяллын хамтрагчтайгаа биечлэн уулзаж аяллын баг бүрэлдэв. Машинд сууж аваад Сүхболдын 10 жилийн ангийн хүүхэд Н.Барсболдынд ирж хувцас хунараа хатааж, хоол унд болов. Төлөвлөгөө ёсоор бид өчигдөр явган аялал эхэлсэн ч одоогоор 10 хүрэхгүй км зай туулсан үзүүлэлттэй. Бөхмөрөн сумын заан Я.Алтанхуяг, сумын заан Э.Хосбаяр, залуу бөх С.Ганбаатар гэх хэдэн сайхан бөх найзуудтай болж танилын хүрээгээ тэллээ. Хоол идэж замдаа гарах болоход Барсболдын аав Б.Нямбаяр ах аян замын ерөөл өргөж тус бүр 10.000 төгрөг алд цэнхэр хадаг бариад амжилт хүссэн билээ. Шинэхэн танилууд маань нутгаа танилцуулж сумын зүүн үзүүрт байрлах Галуутын үзэсгэлэнт хадан хясааны тэнд гаргаж өгөв. Сонирхуулахад тэндэхийн хад цохионд маш олон төрлийн хэлбэр дүрс агуулагдаж зарим нь бүр амьтны дүрстэй байх нь их сонин. Өнөөдрийн алхалт 23 км-ын цаана орших Бөхмөрөн сумын Хадан-Ус багийн төвд хүрэх зорилготой замдаа гарлаа. Далан тугал, Хулсны эхэн гэх мэт орон нутгийн нэршилтэй газруудад сайр, бургас, элсэрхэг замаар үдийн халуун наранд үүргэвчтэйгээ найзлан алхав.

Явган аялал нь заавал мэргэжлийн аялагч, тамирчин гэж ялгахгүй байгальд хайртай, байгалийн сайханд чөлөөтэй хөдөлж, явган аялах дуртай хэн болгонд зориулагдсан хамгийн нийтлэг аяллын нэг төрөл билээ. Явган аялал нь үзэж, харж, сонсож, мэдэрч үнэрлэж чаддагаараа бусад аяллын төрлүүдээс хамгийн идэвхтэй аялалд тооцогддог юм. Байгалийн сайханд явганаар аялах нь биеийн тамир хийгээд зогсохгүй бясалгал болдог гэж үздэг. Ийм л учраас хүн бүр явган аяллаар явж байгаль дэлхий, эх оронтойгоо биеэрээ танилцах хэрэгтэй. Ингэж чадвал эмгүй эмчилгээ өөртөө үнэ төлбөргүй авч байна гэсэн үг. Гэхдээ явган аялал нь ойрын болон холын, хүнд хөнгөн гэсэн хоёр ангилалтайг анхаараарай. Хол ойроос хамаараад аялалд бэлтгэх зүйлс харьцангуй өөр өөр. Улаанбаатар хотынхон маань Богдхан уул, Чингилтэй хайрхан, Сонгинохайрхан, Баянзүрх хайрхан гэсэн хаяа дөрвөн ууландаа их гардаг болсон нь сайшаалтай. Харин олон хоногоор маршрут төлөвлөж тогтсон цаг хугацаандаа амжиж явах гэдэг Богдхан ууланд алхахаас хэд дахин хэцүү. Зориулалтын үүргэвчинд хэрэгтээ бүхнээ багтаан дунджаар 15 кг ачаа үүрч өдөрт 30–50 км алхах нь бий.

Сүхболд бид хоёрын хувьд анх удаа холын замд гарч байгаа юм биш л дээ. “Монголын Адал Явдалт Спорт Аяллын Холбоо” гэх буянтай байгууллагын шугамаар 2012 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгаар Цогзолын хийд, Ловончомбын агуй, Гурван-Зээрдийн агуй, Ханбогд хайрхан, Баяжихын агуй, Чингисийн уурганы нүх, дэлхийн энергийн төв Дэмчог хийд гэсэн маршрутаар 200 км, 2013 онд Эг-Сэлэнгийн бэлчир, Цонхлон уул гэсэн маршрутаар 160 км, 2014 онд Дундговь аймгийн Их газрын чулуу, Бага газрын чулуу 180 км, 2014 онд Төв аймгийн Аглаг бүтээлийн хийдээс Дуган хад, мөн онд Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан 200 км хүртэл түүнчлэн ОХУ-ын Саяаны нуруунд байрлах Шумаак гэх алдарт рашаан, уул нуруудад ээлж дараалан явж байсан явган аяллын туршлагатай хамтрагчид билээ. Үүнээс гадна спорт аяллын олон тэмцээн уралдаанд шүүгч, дасгалжуулагч, тамирчнаар явдаг байсан ёстой л гар нийлсэн нөхдүүд юм. Ийм л учраас Увс аймгийн нутгийг нэвт туулах замын нөхрөөр Сүхболдыгоо сонгосон нь учиртай. Энэ удаад бид хоёр хамтдаа 500 км замыг туулах урт замын зорилготой.

Бид алхаад 10 гаруй км хэртээ явах нээ тэнгэр аашаа хувирган үүл хураад хур бороогоор солигдов. Тэртээ харагдах айлын зүг гүйх аятай яаран алхана. Үүргэвч минь дунджаар 15–20 кг учир удаан алхах тусам мөр өвтгөж, бие ядраана. Гэвч энэ бол зовлон биш зорилго учраас замд таарах жаахан асуудлууд намхан даваа төдий. Өнөөх айлд дөхөн очиход хоёр нохой угтан ирэв. Явган аялахад нэг гэм нь хөдөө айлын нохой хоргоодог учраас урьдчилан бэлтгэсэн таяг, цахилгаан бороохойны хэрэг гарна шүү дээ. Сүхболд маань хоёр таягаа зэвсэг болгон барихад би цүнхнийхээ хажуу халааснаас цахилгаан бороохойгоо гаргаж нэлээн дөхөөд ирэхэд нь тас няс хийлгээд авна. Энэ үед хэр баргийн нохой хулжин зугтана. Анхны туршилт гэхэд цахилгаан бороохойны дуу чимээ үр дүнгээ хормын төдийд гаргах учир энэ аяллын чухал хэрэгслийн тоонд зүй ёсоор нэмэгдэх нь тэр ээ. Тус айл гэрийнхээ ойролцоо хонио хураасан учраас гадна талбайд санаа зовох юмгүй сууцгааж байлаа. Бригадын төв эндээс 3 км зайтай. Хэсэг амарч хэвтэх нээ өнөөх ширүүн бороо аажмаар дуугаа багасган намжина. Энэ үед нь тавган дээрээс нь хэдэн ааруул зөвшөөрөлтэйгөөр халааслаж аваад цааш алхана. Цаг хэртээ алхаад очиход шавар зуурч байх ах гэрийнхээ гадаа харагдаж, эргэн тойронд нь хэдэн байшин, нэлээн гэрүүд дүнхийх юм. Энэ бол өнөөх Хадан-Ус бригад гэдэг нь гарцаагүй. Гадаа хөдөлмөр эрхлэн шавар зуурах өнөөх ах руу дөхөж очоод танилцах нээ тус бригадын засаг дарга Ж.Энхтайван ах байж таарлаа. Биднийг гэртээ урилаа. Маргааш манай төв дээр бэсрэг наадам болно сонирхоод яваарай гэх юм. Энэ зуны баяр наадам бригадын төвийн наадмаар эхлэх нь дээ.

Маргааш өглөөний мандах нарнаар эртлэн босож наадам хүлээсэн ч үдийн 11 цагт эхлэх хуваарьтай байжээ. Бидний байрласан гэрээс 2 км зайд нэг шинэ гэр баригдсан нь наадам болох газар байлаа. Үүргэвчин дэх юмаа цэгцлээд үүргэвчээ үүрэн тийш алхлаа. Тэр хавиас ширхэг нь 600 төгрөгөөр зарагдах хуушуураас тав таван ширхгийг идээд, холгүйхэн майхнаа босгоод тухлаад авлаа даа. Цаг хэртээ хүлээсний эцэст наадам эхэлж морь гарааны зурхай руу явсан хойгуур бөхийн бүртгэл явагдана. Сүхболд маань угаас бөх барилдах сонирхолтой залуу болохоор бүртгүүлчихлээ. Бөхийн барилааны зүлэг ногоон дэвжээний хойморт баригдсан шар асар дотроос бөх эхлэхийг чанга яригчаар мэдэгдэв. Би ч бөхөө дагуулан асарын ойролцоо очиж суулаа. Бөхмөрөн сумын заан найзууд хэдэн залуу бөхчүүдийн хамт бидэн дээр ирлээ. Ингээд бөхчүүдийн дунд бөх хүн шиг л сууна. Хүн харвал намайг бөх гэж харахгүй нь мэдээж. Гэхдээ би давж үзээгүй ч гэсэн бөх хүн шүү гэж наргиа болгоно. Бөхийн оноолт танилцуулахад Сүхболд маань азаар цолтой бөхтэй таарсангүй Бөхмөрөн сумын хэсгийн төлөөлөгч буюу бөх барилдах сонирхолтой Н.Мягмаржав гэх цагдаатай оноолт таарчээ. Удалгүй учраатайгаа золгох цаг ирж зодог өмсөн зогсох нь тун чиг өнгөтэй харагдана.

Миний бие засуулын үүрэг хүлээж бөхөө заслаа. Хангарьдын ч юмуу харцага шувууных ч юм уу бүү мэд ямар ч байсан дэвэн дэвсээр залуу бөх Б.Сүхболд зүлэг ногоон дэвжээн дээр Монгол төрийнхөө далбааны наана шавах нь тэрээ. Сумын заан найзууд Сүхболдыг гарахаас өмнө учраа бөх чинь өмсөх мэхэндээ гарамгай хүн шүү гэж захисан захиасыг толгой дохин ойлгосноо илэрхийлж байсан юм. Учраатайгаа сэрүү барьцнаас сонжин барьц булаацалдана. Ингээд хоёр бөх юу юугүй сэнжиг элэг бүсний барьцтай болжээ. Гэтэл хүмүүсийн шуугих чимээ дээд цэгтээ хүрч бужигнаж хөөрөлдөөд авлаа. Манай бөх шуугиулж байгаа нь тэр шүү. Гэтэл дэвжээн дээр гараад мартсан бололтой унаган мэхэнд нь угтуулж ороод хоёр хөл нь дээш өргөгдөж далаараа цэвэр тавиулан хурсан олны сэтгэлийг нэг сайхан баясгаад авав. Гэхдээ энэ удаа Монголын түүхэнд анх удаа авилгал авалгүйгээр зориуд унасан тохиолдол байлаа хэмээн найзынхаа сэтгэлийг хөгжөөнө. За ингэж нэг наадмын түрүүгээ зааны захиасыг мартсанаас болж алдсан юм даа. Хийморио сэргээсэн бид хоёр үзүүр түрүү дуустал үзэхэд бидний танил сумын заан Я.Алтанхуяг түрүүлж, сумын заан Э.Хосбаяр үзүүрлэж билээ. Хамт зураг хөргөө авахуулаад цаг харах нээ оройн 5 цаг өнгөрчээ. Хоёул өнөөдөр сайхан наадсан болохоор өнөөдрийн туулах зайгаа өнөөдөр туулж амжихгүй ч маргааш яаж хийж байгаад нөхөх болоод хэсэг ч гэсэн замаа хороохоор наадам гүйцэд дуусгалгүй замдаа гарав аа. Биднийг том үүргэвч үүрээд зүүн зүгийг чиглэхийг харсан наадамчин олон ширтэцгээнэ. Ингэж явсаар оройн 20 цагийн үед эзгүй хээр нэр усыг нь мэдэхгүй газар майхнаа босгон амарлаа. Яриа хөөрөө ихтэй өдөр өнгөрсөн болохоор майхандаа дүнгэр дүнгэр цаг хугацааг ухруулан ярина.

Оройн хоол хийгээгүй хонох болсон нь нөөц усгүй байсан болохоор тэр. Шөнө жаахан салхилж майхан дэрвүүлэх юм. Өглөө 07:00 цагт сэрүүлгийн дуунаар босож үлдсэн жаахан усаа хуваан ууж хуурай идэх юм өглөөний унд болгоод Увс аймгийн газрын зургаа хараад цааш алхлаа. Замд хонь хариулж явах хүүтэй таарч зам асуувал одоо эндээс холгүйхэн Хотгорын нүүрсний уурхай бий гэх. Тэнд Сүхболдын бага ангийн найз Төрийн банкны ажилтан Н.Мягмарсүрэн гэх залуугийнх байгаа юм. Өнөөдөр тэнд очиж хонохоор шийдэж урд хойноо орж хэсэг дуугүй алхана, хэсэг амраад дахиад л алхана. Энүүхэн ойрхонд гэж замд таарсан тэр хүү хэлсэн юмсан даанч км –ыг нь асуух нээ сайн мэдэхгүй байна гээд байсан нь энэ зэрэгтээ алхуулж чадсан юм. Тэр өдөр 35 км алхаж өнөөх тосгоны барааг арай хийн харав. Сүлжээ барих төдийд Сүхболд найз руугаа залгахад манайх тэр хавьд нь гэж таних тэмдгээр гэрээ зааж өөрөө хөдөө явж байна оройхон очно гэсэн мэдээ аваад гэрийг нь олж очлоо. Гэргийг нь Н.Алтанцэцэг гэх ажээ. Бидэнд хоол унд бэлтгэх зуураа энд дандаа Казах айлууд байдаг юм ердөө гуравхан монгол айл бий түүний нэг нь манайх гэнэ. Сонгуулийн сурталчилгаа явагдаж чанга яригчаар ухуулга зарлан тунхаглах нь гэрт сонсогдоно. Оройн 19 цагийн үед Сүхболдын найз ирлээ. Мотоцикл дээрээ нэг хонь дүүрч авчраад муулж бидэнд шинэ хонины шөл уулгав.

Маргааш өглөө 10 цагийн алдад аяллаа үргэлжлүүлж ТХГН Ямаатыг зорив. Энэ тосгоноос 10 гаруй км зайд орших тус газар очиход байгаль хамгаалагч Б.Эрдэнэбаатар хэмээх ахынд зочлоод зам заалгаад цааш явав. Мацуулан байж д.т.д 3900 метр өндөр Ямаат уулын оргилд хүрэхэд тэртээ алсад харагдах олон нуурын хөндий түүний цаана сунан дүнхийх Их Түргэний цаст нуруунууд үүлс оройдоо хуруулсан байдалтай харагдана. Түүн дээрээс баруун урд зүг рүү харахад алдарт Ачит нуур тэртээд цэнхэртэн цэлийж үзэгдэнэ. Ийм сайхан байгалийн өнгө төрхийг цаг хэртээ ширтэж суусан байх шүү. Түргэний уулс нь Алтай нурууны салбар бөгөөд д.т.д 4037 метр өндөр Хархираан оргил, д.т.д 3978 метр өндөр Дэглий цагаан гэх сүрдэм өндөр цаст оргилуудтай тус газар нутгийг 1993 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. Энэ бүс нутагт 368 зүйлийн ургамал түүнээс 12 нь ховор ургамалд тооцогддог. Монгол улсын улаан номонд орсон 5 зүйл амьтан ирвэс, аргал, хадны суусар, явлаг сар, хойлог зэрэг амьтад нутагшдаг билээ. Нэг мэдэх нээ салхи биднийг сэвэлзүүлэн жаахан даарах шинжтэй болох үед ухаан орсон аятай байгаль хамгаалагчийн зааж өгсөн замаар орон цааш аяллаа үргэлжлүүллээ.

Та хоёрт төөрөх үндэс байхгүй ээ морин жим бий, харин хоол хүнсээ сайн базаасан уу? бэлтгэл сайн биз гэж дахин дахин асуух Б.Эрдэнэбаатар ахын үг зам их хүнд шүү ойр хавьд айл амьтан ч таарахгүй сайн явж сууринд очлоо гэхэд замдаа заавал нэг хононо гэхийг сануулна.

3 хоногийн хүнс бэлдсэн бидний цүнх жаахан хүнд ч хөлсөө цувуулан өгсөх үед нь өгсөж уруудах үед нь уруудан Түргэний голын захад оройн 20 цаг өнгөрөөгөөд амрав. Маргааш нэг гүрийчихвэл Түргэн сум орно доо гэж өнөөдрийн алжаалаа тайлан хоол ундаа хийж хэн ч үгүй эзгүй арал дээр байгаа мэт тийм л орчинд бид хоёр тухална. Юмыг яаж мэдэхэв гээд орой унтахаас өмнө майхнаасаа 20 метрийн зайд илүү цамц, өмдөөрөө мануухай болгох санаатай гурван талдаа модноос зүүлээ. Майхандаа орж гар чийдэнгээ хажуудаа тавьж, халаасандаа тонгоргоо хийгээд хэвтэцгээлээ. Амьхандаа дотроо айдастай байгаа нь тэр. Хэдхэн жилийн өмнө явж байсан хүн чонотой таарч байсан гэх мэдээ энд хонохоос өмнө сонсчихсон учраас ингэж урьдчилан хамгаалалт хийсэн хэрэг. Гэхдээ сүрэг чоно дайраад ирвэл бид хоёр чадвал мод руу л авирна шүү дээ, өөрөөр бол яаж ч чадахгүй нь мэдээж. Өнөөх мануухай ч тус болохгүй. Гэхдээ тийм юм болохгүй л дээ. Зэрлэг амьтад ер нь өөрт нь гэм хийж халдаагүй л бол хэр барагтай бол хүн рүү дайрна гэсэн ойлголт үгүй. Харин ч чимээ үнэр аваад аль хэдийн зайгаа холдуулан алсална.

Нэлээн шөнө майхны ойролцоо юм дуугараад ч байх шиг сонсогдоно. Модны чимээ түүнийг бүр их сүртэй болгож орхино. Сүхболдыг нударч сэрээрэй сэрээрэй гэхэд мань хүн хэсэг сэрээд хамт сонсож байгаад эргэн хурхирах аятай нам болно. Айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр тэр чимээ шир шир гэж алхаад ч байгаа юм шиг. Мишокоо толгой дээгүүрээ бүтээж хэсэг хэвтэхдээ азаар нам унтчихжээ. Нэг л мэдэх нээ аль хэдийн гэгээ татаж гэрэлт өглөө иржээ.

Майхны цахилгаанаа онгойлгож толгойгоо гаргаж эргэн тойрноо ажиглавал нам гүм. Өнөөх мануухай болгосон өмд цамцнууд байгаа байрандаа. Харин майхны зүүн хэсэгт уясан өмд модны мөчирт орооцолджээ бодвол салхинд тэгсэн биз ээ. Өглөөний цайндаа халуун кофе, бэлэн гоймон хоёрыг хослуулаад замдаа гарлаа. Замаа үргэлжлүүлэн явах зуураа хоносон газраа байн байн эргэж харна. Яагаад ч юм эргэж хармаар санагдаад байсан. Үе үе сэмхэн харсаар харагдахгүй болоход сая нэг мартагдлаа. Сүхболд урд шүгэлдсэн шигээ алхаж байгаад хэсэг амрахад нь гүйцэж очоод чи урд шөнө ямар нэгэн зүүд зүүдэлсэн үү гэхэд хамтрагч маань хээв нэг үгүй ээ гээд хүйтэн ус балгана. Хээрээр гэр хийж явахад ийм мэдрэмж тэрийн болгон төрөөгүй ч урд орой л анх удаа айх шиг, зэвүүцэх шиг болсон юм. За одоо мартая гэж толгойгоо сэгсэр ч аваад түрүүлж алхан дуу аялна. Замын хувьд нэлээн бартаа саад ихтэй. Чулуу, замын налуу, өвс, мод тэр чигтээ л бартаа саад. Өдөр хэсэг амрангаа борцтой шөл пор хийлгээд цаг хэртээ цүнхэн дээрээ тухлаад алхах үед бидний хөл цэврүүтсэн юм. Үе үе оймсоо сольж явлаа.

Байгаль бол үнэхээр сайхан тийм л замаар бүтэн хоёр өдөр алхсаны эцэст Живэрт, Хамар даваануудыг даван оройн 19 цагийн үед Түргэн сум алаглан харагдав. Сэтгэлдээ бөөн баяр. Хэсэг амс хийж аваад сумын төв орлоо. Нутгийн удирдлагын ордонд нь хүрч сааданд нь саатлаа. Сүхболд: найз нь бага ангидаа энэ Түргэн суманд сурч байсан юм гээд ангийнхаа хүүхэдтэй уулзахаар явлаа. Би ч хоёр цүнхээ налж цаг хэртээ суухад хамтрагч маань мотоцикл хөлөглөөд ирэв. Тэндээс хоёул цүнхээ үүрэн 500 метр хэртээ яваад нэгэн дэлгүүрийн гадаа ирж цүнхээ орхиод дэлгүүрээр нь нэвт цаашаа гэрт нь ороход Сүхболдын бага ангийн охин Т.Амарзаяа сайхан банштай цай хийж өглөө. Оройн 22 цагийн алдад хажуу талд нь байрлах эзгүй хашаанд орж майхнаа босгоод тэндээ амрав. Энэ цэг хүрэхэд бид хоёр 150 км замыг хэдийн туулсан байлаа. Маргааш өглөө 09 цагийн үед замаа үргэлжлүүлэн 33 км-ын алсад орших Увс аймгийн төв Улаангом хотыг зорив. Хэд хоног алжааж ядарсан биеэ амраах учиртай газар бол манай Сүхболдын гэр орон, гэр бүл байгаа. Төлөвлөгөө ёсоор тэнд 2 хоног амрах учиртай. Ингээд сумаас зүүн тийш гарч явахад нарийн голын хоёр захаараа ногоо тарьж байгаа мэт энд тэнд хэсэг хүмүүс усалгаа хийнэ. Учрыг асуух нээ хадлан авах газраа ингэж тордон өвс ургуулах арга хэмжээ авдаг гэнэ. Дотроо бодохдоо Дорнодын талд хадлан ургуулах шаардлагагүй дээ гэж бодох ч энд бол хүний хөдөлмөрөөр хадлангийн талбайгаа арчилдаг бололтой. Энэ агшинд Монгол Реппер Мөнх-Эрдэнэ буюу GEE-ийн нэгэн дуун дээр байдаг даа “байгаадаа сэтгэл хангалуун бай, гэвч байхгүй зүйлээ байлгахын тулд байнга зүтгэхээ санаж бай” … гэж.

Тэр өдрийн халууныг марташгүй. Маргаашаас амрах юм чинь гэсэн янзтай халуун нар хамаг биеийг төөнөнө. Явдал удааширч амралт ихэднэ. Тэгж ингэж явсаар 30 км орчим зайг туулах агшинд Улаангом хотын нисэх буудал харагдаж баярлуулна. Түүн рүү нэлээн дөхөж очиход цаана нь Улаангом харагдана. Явсан мэдээгээ хаана яваагаа сүлжээ орох тоолонд Фэйсбүүктээ оруулж явсан болохоор одоо хаана явааг минь анзаарсан нутгийн нэгэн уулчин Д.Баттулга ах тосон ирж уулзав. Ирэхдээ сайхан ундаа, бууз авчирчээ. Энэ аймагт хоёр сайхан хуурай ах байхын нэг нь Баттулга ах юм. Нөгөө нь С.Мавлет ах. Бид 2015 онд Европ тивийн ноён оргил Эльбруст хамт гарч байсан түүхтэй нэг багийнхан учраас их дотно. Хоёр ах аялал эхлэхээс авахуулаад нутагтаа тосож авна гэсэн нь ийн биеллээ олов. Харин Мавлет ах маань жаахан ажилтай байсан тул хараахан ирж чадаагүй гэх тайлбартай байв. Бидний уулзсан газраас аймгийн төв ойролцоогоор 5 км зайтай. Баттулга ах машинд суучих ах нь аймаг хүргээд өгье гэхэд бидний зорилго явган аялал учраас суухгүй ээ та түрүүлээд орж бай гэж учирлаад араас нь алхав. Аймгийн төв рүү орохоос 2 км-ын зайд тус аймгийн БТСГ-ын мэргэжилтэн Б.Солонго тэргүүтэй өсвөр үеийн хөнгөний хэдэн хүүхдүүдийн төлөөлөл тосон авч билээ.

Аймгийн төвийн хүндэт талбай Монгол улсын гурван маршалын нэг Ю.Цэдэнбалын хөшөөний тэнд очиход Д.Баттулга ах эхнэрийн хамт, мөн танихгүй ч гэлээ сошиалаар их дэмжсэн Увс нутгийн залуу Д.Батсайхан гэсэн хүмүүс хүлээж байлаа. Дурсгалын зураг татуулан хэсэг сууцгааж Баттулга ахын машинаар Сүхболдынд хүргүүлснээр хоёр хоногийн амралт ийнхүү эхлэв ээ. Энэ орой хажууханд нь байх халуун усанд ороод эртхэн амарлаа. Урд шөнө сайхан унтсан нь илт маргаашийн 09 цаг өнгөрөөд сэрлээ. Сүхболд маань хэдийн босчихсон охин Нямжаргал, хүү Зоригт нараа эрхлүүлэн аавын үүргээ гүйцэтгэж сууна. Түүний эхнэрийг Б.Булган гэдэг ба зан ааль сайтай найзын минь эхнэр хоол цайгаар хангана. Бид хоёр мотоцикл унаад аймгийн төвөөр тойрлоо. Улаангомд ирсэн хүн Увс нуур үзэхгүй бол алдас болно гэгчээр Ц.Эрхэмбаяр гэх найзынх нь машинаар хамт явж Увс нуурыг үзэв. Аймгийн төвөөсөө зүүн хойд зүгт 35 орчим км яваад хүрэх Увс нуур далайн давсжилтаас даруй 5 дахин их давсжилттай 3350 км2 талбайтай 84 км урт, 79 км өргөн Монгол улсын хамгийн том нуур цэлийн угтах ба д.т.д 753 метр өндөрт орших тус нууранд 38 гол горхи цутгадаг гэнэ билээ. Дулааны улиралд гадаад, дотоодын зочидыг өөртөө соронзон мэт татдаг учир нь түүний ус эмчилгээний агууламжтай ажээ. Би юунаас дутахав удтал орж байгаад гарч ирлээ. Монгол улсынхаа хамгийн том нууран дээр ингэж ирэх хувьтай байж дээ.

Тэндээс буцах замдаа нэгэн фэйсбүүкээр олны танил болтлоо дуулсан дуу нь тарсан Ар Монголын алдарт дуучныд очих азтай хувь заяа түшиж билээ. Увс аймгийн Тэс сумын харьяатай ч зуншлага нь энүүхэнд байдаг гэж сонссон болохоор замд таарсан айлуудаас сураглаж байгаад олоод очлоо. Айлын гэрийн эзнийг Амарсанаа гэх ба тэднийх хоёр охин, хоёр хүүтэй өнөөх алдарт хүү бага хүү нь гэнэ. Түүнийг Өсөх-Ирээдүй гэдэг.

Сэргэлэн гэж жигтэйхэн дүү бидэнд зориулж гурван дуу дуулж өгөв. Мялаалга болгон 5000 төгрөгөөр урамшууллаа. Урлагийн удамтай ах дүүс хожмоо олны танил дуучид болж олон сайхан уран бүтээлийн эзэд болж төрсөн нутаг, төрүүлсэн эцэг эхээ баярлуулах нь дамжиггүй.

Орой хэвд эргэн буцаж аймгийн төв орсноор энэ өдрийн амралт ингээд дуусав. Фэйсбүүкээр найз болж аяллыг минь эхнээс нь одоог хүртэл дэмжсэн Увс аймгийн татварын газрын мэргэжилтэн Г.Батсүх ах маргааш уулзах мессеж чатад үлдээжээ. Маргааш нь 11 цаг өнгөрөөгөөд уулзлаа. Ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж олон залууст үлгэрлэл үзүүлж яваа дүү нарт ах нь яаж тусалж чадахаар байна гэж танихгүй ч гэлээ сайхан үгээр хандлаа. Толгойгоо илэх шахам байж нэг ирснийх Хяргас нуур үзчихмээр л байна гэхэд болно шүү дээ хэдүүлээ үдээс хойш 3 цагийн үед явъя ах нь тэр болтол ажлаасаа чөлөө авах арга бодъё гээд түр зуурын уулзалт энд хүрээд зогсов. Энэ хооронд Д.Баттулга ах С.Мавлет ах хоёртой уулзаж аймгийн төвийн баруун үзүүрт байх Улаан толгой дээр нь гарч аймгийн төвийг бүхлээр нь тольдов. Үүний дараа Г.Батсүх ахтай тохирсон ёсоор уулзаж Хяргас нуурын зүг давхилаа.

ХЯРГАС НУУР

Тэнд хүртэл дан засмал учраас саад тотгор болоод байхаар зүйлгүй. Замдаа сайхан танилцаж, хөгжим сонсож 130 км явсаны эцэст 70 гаруй км урт, 31 км өргөнтэй хамгийн гүн нь 80 метр гэж тогтоогдсон Хяргас нуур мэлтийгээд харагдах нь тэрээ. Нуурын эрэгт очоод духандаа ус хүргэж адис аваад хувцсаа тайлаад шууд л усанд нь орлоо. Сэрүү татаад их хүйтэн байсан ч зорьж ирсэн болохоор их л сайхан байсан шүү. Нэлээн орсоны дараа ер нь чичрэх шинжтэй болоод явлаа. Энэ үедээ уснаас гарч, наранд биеэ ээх зуур Батсүх ах машины араасаа том ундаа жижиг хайрцагтай юм гаргаад ирлээ. Бидэнтэй уулзахаас өмнө хуушуур ундаа амжуулаад авчихсан байжээ. Эргэн Улаангомын зүг давхиж орой нар шингэсэн хойно ирлээ. Ийнхүү хоёр өдөр дараалан хоёр том нуурыг үзлээ.

Утас, зургийн аппарат, гар чийдэн гээд л цэнэглэж болох бүх зүйлсээ унтахаасаа өмнө залгаад амжлаа. БТСГ-ын мэргэжилтэн Б.Солонго өглөөгүүр утастах дуунаар сэрцгээлээ. 11 цагт уулзахад аймгийн БТСГ-ын дарга Т.Төрмөнх хүлээн авч хоол унданд оруулаад аян замыг минь ерөөн 100.000 төгрөгийн дэмжлэг үзүүлэв. Тэндээсээ гараад хоёул шууд зах орж тус тусдаа 18.000 төгрөгөөр богино өмд буюу шорт авч бас хэд хэдэн оймс аваад замдаа гарахаар ачаагаа янзална. Үдийн 14 цаг болжээ. Амралт хэтэрснийг мэдсэн хоёул амьхандаа л жаахан яарсан шинжтэй замдаа гарлаа. Төв зам орж такси бариад аймгаас зүүн тийш гаргуулахад таксины мөнгө 4000 гарчээ.

Аян замдаа эргэн орж Малчин сумын зүг явлаа. Энэ өдөр үдээс хойш явсан ч гэлээ амралт таарсан бололтой бие хөнгөн байж оройн хоноглох газраа хүртэл 20 гаруй км явчих шиг боллоо. Нээх намуухан тийм сайхан өдөр жийж өгсөн 3939 ДОА, 3939 УВА маркийн хоёр гутлаа амрааж майхнаа босгон хэвтэцгээлээ. Борцтой хоолоо хийж аваад маргаашийн нарыг хүлээх зуураа давсанд хамт явцгалаа. Дараа өдрийн өглөөний 06:26 минут гэхэд үүргэвчээ үүрэн замд гарахад бэлэн болжээ. Өглөөний сэрүүн агаар сэвэлзээд явган аялахад их л таатай. Ер нь аливаа аялал тэнгэр хангай гайгүй бол аль болох эрт байвал зохимжтой байдаг. Зуны улиралд нар төөнөх үеэс өмнө замаа их хорооно, толгой сэргэг гээд л олон сайн талтай. Нөгөө талаар явган аялах нь стресс тайлж оюун ухаан сайжруулахаас гадна ясны сийрэгжилтээс сэргийлдэг юм.

Тэр өдрөө халуун наранд харлаж борлосоор, үе үехэн хэсэг цүнхээ дэрлэн амарсаар Малчин сумын төв рүү дөхөөд ирлээ. Улаангом хотоос төрсөн гэртээ түр ирсэн үетэй нь таарсан Б.Солонго найз руугаа утастаж тосож авахыг хүслээ. Гэрт нь орж түүний аав Батаа гуайтай мэндлээд сууцгаалаа. Ээж нь сумынхаа эмнэлэгт хөнгөн эмчилгээ хийлгэж байгаа болохоор Солонго маань ээжийнхээ цай хоолыг чанаж аавдаа туслахаар түр ирсэн нь энэ юм байна. Ингээд тэр хавиар сумын ойр орчмыг жаахан харцгааж хэсэг алхацгаагаад эргэн ирж амарцгаалаа. Нэг л мэдэх нээ нар гэрийн тооноор тусжээ. Босож нүүр гараа угаагаад цай уучхаад явах бэлтгэлээ базаах хооронд Солонгоо ээждээ өгөх цайгаа ч бас бэлэн болгожээ. Бидний явах зам дагуу эмнэлэг нь таарах тул зам нийлж алхацгаалаа. Ингээд эмнэлгийн гадаа бид хоёр түр амарч Солонго ээждээ цайгаа оруулж өгөхөөр оров. Учир нь бид хоёрыг сумаасаа гаргаж өгье хамт хэсэг алхъя гээд хүлээлгэсэн нь энэ. Удалгүй ээжийнхээ хамтаар эмнэлгээс гарч ирлээ. Ээж хүний сэтгэл бид хоёр дээр тусах нь тэр ээ. Ягаан торгон дээлтэй Л.Цэвээн эгч биднийг дөхсөөр ирлээ. Амар мэнд, бие тэнхээг нь асуугаад үүргэвчээ үүрэн явах бэлтгэлээ хангахад өврөө уудлан байж тус бүрт маань тав таван мянган төгрөг өгч аян замын ерөөл өргөлөө. Энэ үед сэтгэл дүүрээд өег байж билээ.

Сумын төвөөс 3 км зайд орших “Хүрэн морьтны” рашаан хүртэл хамт алхсан юм. Тэрхүү рашаанд мал амьтан их цугладаг нутгийнхны яриагаар ходоод гэдэс, цөсөнд их сайн юм гэсэн. Гэдсээ цэрийтэл залгилж аваад жижиг усны савандаа дүүргээд хээрийн замдаа гарлаа даа. Сэтгэл сайтай Солонгоо маань гараа даллаад үлдлээ. Хаа газар явахад танил хүн шиг дотно зүйл тийм ч их тааралдахгүй. Бид хоёр Зүүнговь сумыг чиглэн зүүн зүг зүглэв ээ. Энэ өдөр их халуун байсан болоод тэр үү алсуур өнгөрөх пургон машин зориуд зам хазайн ирээд та хоёрыг сумын төв дээр явж байхад чинь харсан юмаа зам нийлэх бол ах нь дөхүүлээд өгье хэмээн сэтгэл гаргасан билээ. Гэвч бид хоёр алхах үүрэгтэй юмаа гэж учирлахад, энэ эзгүй хээр хэн суусныг чинь мэдэх вэ дээ гэж инээмсэглэн хэлэхэд нээрээ тийм л дээ гээд амандаа өөрийн эрхгүй үглэв.

Ахад баярлалаа гэж хэлээд үргэлжлүүлэн алхлаа. Одоо эргээд энэ тэмдэглэлийг сийрүүлэн суухдаа тэр үед суучихгүй яасан юм болдоо гэж бодох юм. Гэхдээ л үүргээ үнэнчээр биелүүлье гэсэн хүсэлдээ дийлдсэнээ бас ойлгож байна. Өдөржингөө л алхлаа тэртээ холгүйхэн машин дээр хонины ноос ачиж байгаа айлд орж цайлаад гарахаар шийдлээ. Биднийг очиход хэрэг зориг асууж бараг л байцаалтад орж байгаа мэт. Олон хүн байсан болохоор ам амаа уралдаад л зарим нь бидний цүнхийг өргөж үзэн хүндийг нь гайхна. Энэ дотор тэгээд та нарын бүх юм байх уу гэж сониучлана. Би ч эхнэрээс бусад нь бүгд бий гэж цаашлуулна. Тэдний үйлдлийг ажаад байх нээ газарт байсан овоолготой ноосыг хиллэх ч үгүй шууд ачих юм. Гэрийн эзнээс лавлах нээ нэг хониноос тийм хэмжээний ноос гарна, манайх энэ жил тэдэн хонь ноосолсон тэгээд л шууд дундажлаад жинг нь гаргаад тооцчихдог юм гэх. Хөдөө нутагт малчдын ухаан уулс шигээ өгөөмөр, тал шигээ уужуу, түүнийг авч байгаа наймаачид бас агуу. Энэ үйлээс нэг нэгэндээ итгэх итгэл харагдах юм.

Цэв хүйтэн цай ууж аваад зовлогоо хэсэг амраасан хоёр зорилгынхоо төлөө тэндээс хөдөллөө. Хөл цэврүүтсэн болохоор ойр ойрхон амарч гутлаа тайлж хааяа оймсоо солино. Бидний зүүн гар талд алсхан харагдах дэлхийн хамгийн хойд зах руу түрж орсон Бөөрөг дэлийн элс төгсгөлгүй үзэгдсээр байх ч явсаар дэргэд нь ирлээ. Тэндэхийн айлуудын нохой биднийг ээлж дараалан хоргоох ч ядарсан бие маань тэднийг анзаарах ч сөхөөгүй шахуу болжээ.

Малчин, Зүүнговь сумдын зааг болдог нарийн гол дээр ирж майхнаа босгоод хэсэг хэвтлээ. Оройхон нарийн голд хөлөө дүрж хэсэг суугаад ачаалал ихтэй өдөр байсан учраас бараг хоорондоо ч юм яриагүй шууд дуг нойрондоо дугжирчээ. Хорвоогийн жам ёсоор ээлжит нэгэн нар мандлаа. Маргааш өглөө нь цайгаа уухынхаа өмнө элсэн дээр дундаа жижиг ширээний тавцан хэртээ зай үлдээгээд хоёр талд нь гараараа ухаж, сүүлдээ тогооны тагаа ашиглаж байгаад байгалийн ширээ сандал босгоод авлаа. Хөл доороос хүйтэн ус гарч ёстой л диваажинд байгаа мэт сэтгэгдэл төрж нэгнийгээ харж баахан баяссан даа. Энэ өглөөний цай хэзээ ч мартагдахааргүй болж билээ. Тэндээ тухлаад баймаар байвч тэртээ хол өнөөдрийн унтах цэг маань байгаа учраас бэлтгэлээ базаалаа. Замдаа гарахын өмнө Бөөрөг дэлийн элсээр үүргэвчгүй явган аялал хийлээ. Бөөрөг дэлийн элс гэх тус манхан нь 4000 хавтгай дөрвөлжин км талбайтай, 180 км урт үргэлжилдэг гайхамшигт нэгэн аяллын үзмэр юм. Элсний өндөр нь 70–80 метр хүрэх ба д.т.д 1000 метрийн өндөрлөгт оршино. Дэлийн элсний зүүн жигүүрт Баруунтуруун сумын нутаг Дөрөө нуур орших ба элсний хойд хэсэгт цэнгэг уст Баян нуур байрших нь байгалийн өнгө төрх сайтай сайхан газар гэдгээ бэлхнээ илтгэнэ. Урт нь 12 км, өргөн нь 4 км хэртээ Баян нуурыг түшиглэн усан спорт, дэргэд нь элсний спортыг хослуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм.

Ингээд урьдын адил урд хойноо алхсаар үдийн алдад хөнгөн цайлаад хөлийн цэврүүгээ янзлаад хөндий даган цааш алхлаа. Ингэж биеэ зовоож яана вэ? гэж өөрөө өөртөө асуулт тавин юуны төлөө ингэж яваагаа ч сүүлдээ ойлгохгүй болтлоо өөрийгөө эргэлзүүлнэ. Тэгтэл Зүүнговь сумын төв рүү орох үүд хаалга харагдаж хамаг биеийг минь баярлуулав. Хөл минь хөнгөрсөн аятай Сүхболдынхоо урд ороод алхаж байх юм. Ийнхүү явахад үе үехэн бороо байгаль орчныг бидэнтэй хамт чийглэх учир цуваа нөмөрч цувж алхсан хэвээр. Ойрхон харагдах ч овоо газар явуулсан өнөөх хаалган дээр ирэхэд Зүүнговь сум харагдаж байна. Гэвч баярлах эрт бололтой дунджаар хоёр цаг гаруй алхах зай буюу 10 км орчим зайд харагдана. Үүргэвчтэйгээ хаалга түшээд сумын бараа харж ёстой л гуниг царайлаад 30 минут хэртээ дуугүй сууцгаасан байх. Сүхболд маань явъя хө суугаад байвал суугаад байх нь гэх юм. Суугаад байвал би суугаад байж чадахаар байсан болохоор суугаад л байлаа. Гэвч цааш явахаас өөр замгүй. Дөнгөж хөдлөөд алхаж байтал холгүйхэн нэг айлаас хар морь зайдан унасан хүүхэд дөхөөд ирэхэд нь би жоохон наргиад хэлгүй хүн шиг авиа гарган дохио зангаагаар юм ярьж гарлаа. Өнөөх хүү бид хоёрыг хэлгүй хүн байна гэж шууд итгээд өөдөөс бас дохиолон харьцав. Ингээд хоорондоо бараг юу ч ойлголцоогүй байхад өнөөх хүү эргээд давхив. Бид хоёр ядарсан байсан ч тэрүүхэн хооронд хөгжилдөж инээлдээд авлаа.

Сумын төвийнхөө наана нууртай ажээ. Тэнгэр үе үехэн буулгах түр зуурын бороогоо больж хэсэг амс хийх зуураа өтгөн хар үүлээ бөөгнөрүүлээд нэг мөсөн асгахаар шийдсэн нь шинжвээс илт. Сумын төв орохоос 300 орчим метр дутуу зайд явахад гэнэтхэн ширүүн аадар бороо цутгаж эхлэв. Цуваа өмсөөд сумын төв рүү аль байдаг хурдаараа алхацгаахад хажуугаар нь салхи салхилж, тэнгэр нижгэнэнэ. Сумын араас очиход сумын төв эзгүй юм шиг байх нь тэр. Мэдээж хэн борооноор гадуур явах вэ дээ. Хоёулаа захиргааных нь гадаах сүүдрэвчид түр хоргодож өмнө ярьж тохирсноор тус сумын ЗДТГ-ын дарга Б.Цээлэйнамсан руу утас цохилоо. Энэ үед бороо арай намжуухан болж цагаан цэнхэр цувтай хүн бидний чиглэлд наашлах нь тамгын дарга мөн бололтой. Энэ өдөр амралтын өдөр таарсан ч тамгын дарга бид хоёрыг хүлээн авсан. Учир байдал, аяллын маршрут, зорилго зорилтоо ярьж газрын зураг дээрээ тамгаа даруулчихлаа. Ойрын үед бороо ороогүй, нутгийн иргэд малчид маань бороо их хүлээж байсан юм та хоёр аваад ирэв үү дээ гэж хөөргөнө. Улаангом хотод ажиллаж хөдөлмөрлөх БТСГын мэргэжилтэн Б.Солонгоогийн төрсөн гэр энэ суманд байгаа учраас тэднийд буудаллахаар тохирсон юм.

Асууж сураглан байж олоод очлоо. Д.Балжинням, Р.Одгэрэл гэх ах эгч хоёр хүлээн авч байшинд тухлуулж хоол цай болов. Норсон хувцсаа хатааж хэдэн оймс болон бага сага зүйл угаагаад амжлаа. Ядарсан бие маань хэвтье ээ юун зурагт үзэх гэсэн дохиог өгч байсан ч соёлоос хоцрох дөхсөн бид ганц кино үзье гээд суваг гүйлгэлээ. Нэг мэдэх нээ өглөө болжээ. Босоод Сүхээгээс асуух нээ чи кино эхлэхийн өмнө тасарчихсан шүү дээ. Би харин дуусгаж чадаагүй нүд анилдаад байхаар нь дундаас нь унтчихсан гэх. Ингээд хоёулаа явах бэлтгэлээ базааж байтал тамгын дарга захиргаан дээр хүрээд ир гэж ярилаа. Явахаасаа өмнө дэлгүүр орж бага зэрэг юм авах байсан болохоор далимдуулан ороод гарахаар боллоо. Биднийг ороход та нарын ингэж явааг харах үнэхээр бахадмаар юмаа манай сум сонгуулийн хөлд дарагдаад анзаарах сөхөөгүй л байна. Гэхдээ би захиргааны жолоочийг дуудсан байгаа. Баруунтуруун сум руу явахад эзгүй хээр тиймээс та хоёрыг 40 км газар дөхүүлж өгөх байх гэлээ. Тухайн үед энэ санал яг л цагаа олсон мэт завшаан болов. Нэг ч гэсэн өдөр хөлөө амраах нь бас нэг өдрийг хожих нээ гээд үг дуугүй зөвшөөрлөө. Энэ үед ширээнийхээ шургуулгыг татаад 20.000 төгрөг авч өгч далайд дусал нэмэр гэж дэм болон аян замын ерөөл өргөлөө.

Дэлгүүр хоршоо орчихоод байгаа айлдаа ирэхэд ногоон өнгийн УАЗ-469 маркийн машин ирчихсэн биднийг хүлээж байх юм. Санд мэндхэн цүнхээ аваад замдаа гарлаа. Жолооч ах бараг 50 орчим км яваад за хоёр дүү энд буух уу гээд зогсоно. Мэдээж бид хоёр буухаас өөр яалтай санаагаар болдог бол шууд Баруунтуруун хүргүүлчихмээр байснаа нуугаад яахав. Ах эргэн тоос хөөргөн давхин алга боллоо. Нэг өдрийн замаа нэг цагийн дотор туулчихсан бид хоёр цүнхээ дэрлээд нэлээн хэвтэнэ. Элдвийг ярьж хөөрч байгаад хоёулаа цаг хараад яг хоёр цаг алхаад үдлэх үү гээд замаа цааш үргэлжлүүлнэ. Тэртээ хол цагаан юм сүүмийх юм. Түүнийг бид хоёр гэр байна гээд зүглэн алхлаа. Тэгтэл маш сонин нь өндрөөрөө өвдөг хэртээ хүрэх цагаан чулуу холоос яг л гэр шиг харагдсан нь зэрэглээний буруу байлаа. Тэр чулууны хажууд борц нүдэж шөл хийж 2 цаг хэртээ амраад авлаа. Өнөөдрийн аялал цаг хожсон, залхуу ихэдсэн болж байгаа нь илт. 3 цагийн үед замаа цааш үргэлжлүүлэн оройн 19 цаг хүртэл алхлаа. Юу ч үгүй эзгүй хээр майхнаа босгоод энэ өдрийн аялал энд хүрээд өндөрлөсөн юм даа. Орой майхандаа онигоо, болсон явдал гээд л их зүйл ярьсан санагдана.

Маргааш өглөөний 5 цагийн үед хэдийн босчихсон цүнхээ үүрээд цагаа харахад 5:26 зааж байлаа. Үдийн халуун нарнаас урьтаж үүрээр явах тохиолдол нэлээдгүй таарна. Энэ өдөр зам дагуух нутгийн түүхэн газруудыг дайран өнгөрч Баруунтуруун суманд хүрч очих ёстой. Өчигдөр машинаар дөхүүлээгүй бол өнөөдөр орно гэж ярихгүй л дээ. Ингээд эрт босоод алхсаных өмнөх өдрүүдийн адил урд хойноо орж, заримдаа сайхан буу халаад хамт алхсаар хүн тавьдаг газрын дэргэд ирэв ээ. Үүнээс үзвэл Баруунтуруун сум ойртож байгаа нь ойлгомжтой ч тэр газар тийм ч таатай харагдахгүй.

Хажуудах уулыг өгсөж харвал бараа нь үзэгдэнэ. Үе үе бороо шаагин газар чийг даасан болоод тэрүү их зөөлөн, агаар нь ч их тунгалаг нэг л тийм сайхан мэдрэмж төрүүлсэн юм. Байгаль цаг уурын хувьд эрс тэс өөр болж байгаа нь мэдрэгдэж уулсын хэлбэр дүрс, хөрсний байдал, ой мод гээд л энэхэн агшинд шинэ ертөнц рүү хөл тавьж байгаа ч юм шиг. Баруун талаас нь орох машин зам даган мань хоёр тууж явахад хажуугаар зөрсөн машинтай, мотоциклтой хүмүүс гараа даллан мэндчилнэ. Нар буух агшинд модон гүүр даван сумын төв орж ЗДТГ-ын дарга С.Элдэвсайхан биднийг ирснийг гэрчлэх тамга дарж өглөө. Сумын төвөөр алхаж явахад сумын цагдаа ирж бидний бичиг баримтыг шалгана. Цүнхээ тайлаад бичиг баримтаа гаргана гэдэг тийм сайхан санагдаагүй ч ажлыг нь хүндлэхээс яалтай.

Замд таарсан хүмүүсээс асууж сураглан сумын төвийн хойд зах руу байрлалтай нэг давхар зочид буудал олоод очлоо. Өрөөгөөрөө биш ороороо тооцоогоо хийдэг бөгөөд нэг ор хоногийн 10.000 төгрөг. Ингээд буудалд орчихсон тухлаад хэвтэж байтал Улаанбаатар хотоос Б.Булган гэх найз маань залгаад та хоёр манай суманд байгаа юм байна гээд ээжийнхээ дугаарыг өглөө. Найз нь ярьчихсан хэрэгтэй зүйл байвал туслуулаарай гэх юм. Бид хоёр гарч сумын интернетийн газар ороод байж байтал Сүхболдын утас дуугарч авахнээ Булгаагийн ээж Одгэрэл эгч бололтой та хоёр хаана байна вэ? гэж асууна. Байгаа газраа заахад удалгүй гаднаас тор дүүрэн юм барьчихсан орж ирээд сайн явж байна уу? эгч нь Булганы ээж нь байна гээд баахан юм авч өгөөд хэрэгтэй зүйл байвал эгч рүүгээ яриарай гээд явлаа.

Буцаж буудалдаа очоод тортой зүйлээрээ ширээ дүүргээд баяр наадам болж байгаа аятай багахан шиг найрлав аа хөөрхий. Энэ аялал эхлэхээсээ авахуулаад л цаанаасаа бүх юм бүтээд байгааг ажвал зорилго болгоод явахад боломж үргэлж ард нь байдаг гэдгийг илэрхийлэх шиг. Гаднаас ганц ганц лаазтай пиво оруулж ирээд найраа өргөжүүлж суутал утас дуугарч хаа байсан Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос Ч.Сумъяахүү буюу тэмээн аяллаар надтай хамт явсан эрхэм найз маань ярина. Миний хоёр найз Баруунтуруунд байгаа юм уу? наана чинь манай хадмынх байдаг юмаа, би хэлчихсэн байгаа ороод хоол цай идэж уугаарай гэсэн нэгэн найзын ээлжит халамж ирлээ. Өгсөн дугаар луу нь залгаад хаана байгаагаа хэлтэл буудлынхаа хаалган дээр гараад ир гэв. Гайхаад гарах нээ хаяа хашааны цаана найзын хадмынх байж таарлаа. Хадам аав нь гэж сайхан яриа хөөрөөтэй сайн хүн гэдэг нь үг, үйл хөдлөлөөс нь илт. Ахтай уулзахад та хоёр манайд байрлах уу? гэхэд буудлынхаа мөнгийг өгчихсөнөө учирлаад хэлэхэд за тэгвэл маргааш өглөө орж ирээрэй цай уугаарай гэнэ. Хэсэг юм ярьж байгаад буудалдаа орлоо. Цүнхэн доторх юмаа бүгдийг гаргаад эргүүлэн эмхлэн хийлээ. Өглөө ах хаалга тогшиж биднийг сэрээх үед цаг 9 жаахан өнгөрчээ. Та хоёр маань яасан бэ? орж ирэхгүй болохоор нь гайхлаа гээд ийнхүү эргэсэн байна. Бид хоёр цагаан хэрэгсэлтэй тухтай орон дээр тав тухтай унтаад сэрэх завгүй байсан бололтой. Тэднийх рүү орж цай ууж суух хооронд гадаа ногоон пургон ирчихсэн сигнаал дарна. За миний хоёр дүү хол замд их ядарсан байлгүй дээ жаахан ч гэсэн замыг машинаар туулчхаа гээд Завханы Тэс сумаар дайран өнгөрөх машинд аль эрт дайлгахаар урьдчилан ярьчихсан байсан болохоор бид хоёр зөрөх аргагүй болсон юм. Ахын сэтгэл уужуу ажээ.

Буудал руугаа орж цүнхээ аваад пургонд сууж хоёр дахь удаагаа машинд суух нь тэрээ. Хэдэн зуун км газрыг хоёр хөлөөрөө туулсан бидний хөл цэврүүтэж урагш гишгэхгүй болсон үетэй нийцээд ч байх шиг. Ингээд пургон дотроос тэндэхийн байгалийн өнгө төрхийг харж баясан явна. Нэлээн явж байтал жолооч ах, жаахан зам хазайгаад хол яваа хоёр дүүд нэг газар үзүүлнэ гээд хоёр ч гүвээ даваад зогслоо. Буугаад харах нээ тийм ч өндөр биш гэлээ сүрлэг шовх оройтой уулын хормойд иржээ. Энэ бол Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Мөнхбат аваргын төрсөн газар юм гэнэ. Бидэнд харагдах тэр сүрлэг уулыг Соёо уул гэдэг ба хүндэтгэж явдаг аваргын төрсөн газар ийнхүү санаандгүй ирсэндээ сэтгэл огшино. Жолооч ахад хандаж бид хоёрыг Тэс сум орохоос 30 км-ын наана буулгаад өгөөрэй гэхэд яаж байгаа юм бэ та хоёрыг Тэс дээр буулгаарай гэсэн шүү дээ гэж хариу өгнө. Бид хоёр уг нь явган аялал хийж яваа юм, сүүлдээ утгаа алдах шинжиндээ орох нь гэж учирлахад жолооч толгой дохих аятай аан гэж аяархан хэлээд тамхи асаан давхина.

Машин дотор биднээс гадна ах эгч, хоёр жаахан охины хамт зам нийлэн явна. Тэдэнтэй баахан буу халж явахад өнөөх Зүүнговьд хонож байсан Бөөрөг дэлийн элс маань дуусаагүй бидний хойно харагдсаар л явах юм. Их урт замд үзэсгэлэнт төрхөө гайхуулан үзэгдэх нь содон. Пургон маань зогслоо. За хоёр дүү минь эндээс 20 гаруй км яваад Тэс сум байгаа болгоомжтой яваарай гээд хэсэг хором нөхөрлөсөн нөхөд маань түрүүлэн давхин одлоо. Явган аялал маань хэдийгээр хүнд байгаа ч хоёулаа зорьсон зүйлийнхээ утгыг алдахгүйн тулд ийн буусан минь энэ л дээ. Гэхдээ Зүүнговь сумаас дөхүүлсэн машин, өнөөдрийн энэ пургонд суусан маань маш их аз бөгөөд цагаа олсон унаанууд байсан юм. Магадгүй ийм унаанд суугаагүй бол бид хоёр үнэхээр хэцүүдэх байсан байж магадгүй, нөгөө талаар товлосон хугацаанаасаа нэлээн хожимдох шинжтэй. Ийм учраас унаанд суулаа гэж буруутгах хүн гарахгүй байх гэж найдаж байна. Олон хоног дараалан хүнд цүнх үүрээд халуун наранд хэдэн арван км газрыг алхаад маргааш нь, түүний маргааш гээд энэ үйлдлээ олон давтах маш хэцүү. Тэр оройдоо Тэсийн голын эрэгт хүрэв. Тэс гол нь эх оронч гол гэгддэг. Хил гараад буцаад ороод ирдэг учраас ингэж эх оронч хэмээх цолтой юм. Тэс гол нь 550 км газар урсаж Увс нуурт цутгадаг ба дундаж өргөн нь 120 метр, 2,5 метр гүн юм. Түүний эрэг дагуух шовх үзүүртэй сүрдэм гацуур модон ой байгалийн хосгүй үзэсгэлэнг илтгэнэ. Мөн бургасан шугуй, улиасан төгөл ихтэй билээ. Яг үнэндээ бол Тэс голын сав газар бүхэлдээ Монголын газар нутаг байсан ба сүүлд буюу 1930-аад онд Гэндэн сайдын үед Тэсийн хөндийн дунд хэсэг Тувагийн хилд хамаарагдах болсон юм.

Тэндээ Булганы ээжийн авч өгсөн гахайн утсан махаар ил гал дээр шорлог хийж сумын төв ойрхон учраас маргааш хоёулаа сайхан унтана аа гээд сэтгэл амар амрав. Маргаашийн 11 цагийн үед майхнаасаа цухуйв. Сүхболд маань гал түлж хоол хийхээр ажиллав. Би ч голоос гялгар уутанд хутган ус гарган авч оймс ойр зуурын зүйлсээ угаагаад үд өнгөртөл аяллын тэмдэглэлээ бичсэн шиг амарч авлаа. 15 цагийн алдад үүргэвчээ үүрэн Тэс сумын төв ЗДТГ-ын дарга Б.Очирбаттай уулзахаар боллоо. Шууд захиргааных нь гадаа явж очиход хуучны модон байшинд одоо болтол үйл ажиллагаагаа явуулж байх нь сонин. Энэ хүртэл бид 14 хоногт 430 км замыг туулжээ. /Машинд суусан зай ороогүй болно/

Байнга майханд хээр хононо гэдэг олон өдөр явахад их хүндрэлтэй тэгээд ч энэ суманд буудалд хонох учиртай. Шөлтэй хоол хийж идээд аян замын ээлжит тэмдэглэлээ сийрүүлээд амарлаа. Маргаашийн нар мандлаа. Монгол улсын хилийн шугамын дагуу бүтэн тойрохоор 1-р сарын 6-нд дүн өвлийн хахир хүйтэнд Сүхбаатар аймгийн Шилийн богд хайрханаас гараагаа эхэлсэн бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэн ахтайгаа Завхан аймгийн Тэс сумын төв, хилийн цэргийн 0277-р ангид хүрэлцэн ирсэн байхтай нь очиж уулзлаа.

Тэрээр 20 жилийн өмнөх мөрөөдлөө биелүүлж яваа ба одоогоор 172 хоногт 5000 км замыг туулаад ирсэн байна. Залуучууд бидэнд өөрийн биеэр үлгэрлэл үзүүлж яваа ахаараа бид бахархахаас өөр яалтай. Дамдинсүрэн ахтай 2015 оны 6-р сарын 24-өөс 7-р сарын 8-ны хооронд ОХУ-ын Саяаны нуруунд 10 хоногийн явган аялалд хамтран явж байсан болохоор бид нэгнийгээ сайн танина. Монгол хүн битгий хэл Оросууд ч өөрсдөө явдаггүй шахуу замаар орос газрын зураг бариад бидний хэдэн нөхөд явж байсан түүхтэй. Ингэж явахдаа онцгой арга техник, байгаа боломжоо ашиглан хүний амь аварч явсан удаатай. Хилийн албанд 34 жил тасралтгүй зүтгэж хилийн зөрчлийг арилгах тал дээр онцгой гавьяатай түүнийг Монгол улсын хилчид бахархан хүлээн авах нь хүндэтгэлтэй. Залуучууд бид ийм л хүнээс үг сонсож, үлгэрлэл авч байх хэрэгтэй юм шиг. Уран цэцэн үгээр уяраан донгоддог хүнийг анзаарснаас илүү үйлдлээрээ үлгэрлэл үзүүлж яваа энэ мэт хүнийг хүндлэн дагавал амьдралд үлдэх арга ухаан нь үлдэцтэй мэт. Үүний нотолгоо болсон үлгэр жишээ дүү нар бол Аварга БТДС-ийн оюутан П.Ганхишиг, ШУТИС-ийн шинэхэн төгсөгч Э.Энхбаяр нар юм. Тэд замаас нь нийлж өнөөг хүртэл халширч шантралгүй явсаар байгаа билээ.

Энэ мэт аяллын түүхэнд шинэ содон аяллуудын түүх бичигдэн зузаарсаар. Тэр дундаа ахмад аялагчдын түүхэн замнал ямар агуу вэ? Хэдэн жишээ дурдмаар санагдлаа. Тэртээх 1999 хэдэн онд Д.Цэвээндорж гуай 70–75 насандаа 10000 гаруй км замыг туулж Монгол улсаа явганаар анх удаа бүтэн тойрч явсан түүхтэй. Мэнэнгийн талд төөрч усгүй болж амь тэмцсэн, нийт долоон гутал аяллынхаа турш элээсэн гэх адал явдлаар үргэлжилэх тус ахмад аялагч маань амьдралынхаа турш ойролцоогоор 60000 км зайтай тэнцэхүйц явган аяллыг хийж байсан хэмээгддэг. Монголын Адал Явдалт Спорт Аяллын Холбооноос 2009 онд 23 хүний бүрэлдэхүүнтэй Завхан аймгийн төв Улиастай хотоос — улсын нийслэл Улаанбаатар чиглэлд 1000 км-ын явган аяллыг 38 хоногт хийсэн бас нэг түүх бий. Энэ аяллын хамгийн ахмад нь 74 настай Д.Раш хэмээх ахмад буурал амжилттай явсан гэдэг.

Мөн Алдартолгой нэрийн дор нэгдсэн Ж.Оюунтуяа ахлагчтай 10 ахмад аялагч 2015 оны 5-р сарын 1-нд улсын өмнөд цэг Орвог Гашууны Бор Толгойгоос гараагаа эхлэн 1600 орчим км замыг 2 сарын хугацаанд туулж 7-р сарын 1-нд улсын хойд цэг Монгол шарын даваанд хүрч байсан бас нэгэн домогт түүх бий. Хамгийн ахмад нь 69 настай байсан юм. Энэ мэт ахмад буурлуудын маань их зам бидний өмнө бий. Эдгээр түүхүүдийн дэргэд Сүхболд бид хоёрын туулах ёстой 500 км хүүхдийн зай мэт санагдана. Ахмад аялагчид маань чадсан байхад залуу үе бид чадах л учиртай.

Маргааш нь бид хоёр замаа үргэлжлүүлэхээр болж нөгөө хэддээ амжилт хүсээд Баянтэс сумын зүг хөдлөв өө. Ганхишиг, Энхбаяр хоёр дүү маань бид хоёртой нилээд алхан сумаас гаргаж өгөв. Ингээд манай хоёр эргэн буцаж бид хоёр хувь тавилантайгаа эвлэрэн дуу аялан цаашиллаа. Тэр хоёроос Баянтэс сумын ард эвэртэй мод байдаг гэдгийг сонсчхоод очиж үзэх хүсэлдээ хөтлөгдөн яаран алхана. Ойрын үед амралт ихтэй байсан учраас өнөөдөр хөл хөнгөн ачаа таарсан шинжтэй. Хааяа холгүйхэн замаар машины дуу гарна, хонь үхэр энд тэнд хааяа бараагаа үзүүлнэ. Ер нь эзгүй хээр явж байхад ганц ширхэг мал харагдахад л их хань болдог шүү. Цааш алхсаар бид хоёр заасан уул, газарзүйн байршлыг нь харж байгаад Тэсийн гол руугаа ойртлоо. Тэндээ үдлээд хэсэг амс хийгээд голын усанд толгой, малгайгаа норгож аваад байгалийн сайханд үргэлжлүүлэн жирийнэ. Энэ өдөр сэрүү татсан сайхан өдөр болж, 17 цагийн үед нэгэн сүүдрэвч голын эрэгт байхыг олж хараад, өнөөх чинь энэ байх шиг байна ирчихлээ шүү дээ гэж хурдаа түргэсгэнэ.

Яг олоод иржээ. Сүүдрэвчид цүнхээ тавьж хөнгөн хооллоод камераа авч өнөөх эвэртэй модыг үзэхээр явлаа. Тус сүүдрэвчээс 20 метрийн зайд орших эвэртэй мод байрлана. Тиймээ үнэхээр яахын аргагүй эвэртэй юм. Гэхдээ дээхэн үед газар байсан Ухны эврийг авч яртай модонд өлгөж орхисон нь цаг хугацаа явахын эрхээр эдгэн барьцалдаж өнөөдрийн энэ орон нутгийн сонин үзмэрийг бий болгожээ. Тэрнээс биш цаанаасаа эвэртэй мод огтоос биш шүү. Тус эвэртэй модоо орон нутгийнхан хашаалан хамгаалалтад авсан ба түүнтэй хамт 4 өөр төрлийн мод хаяа дэрлэн ургасан нь бас сонин. Нэг иймэрхүү газрыг үзээд тэр хавьдаа хонохоор болж урьдын адил борцтой хоолоо идэж бор хоногийг өнгөрөөв. Энэ өдөр 45 км зайг туулжээ.

Маргаашийн мандах нар цухуйх агшинд эртлэн босож замдаа гарлаа. Баянтэс сумаар дайран өнгөрөвч өглөө эрт байсан учраас хүн холхих нь тийм ч их биш. Үүрээр яваа бид хоёрыг ноход нь харж хуцах юм даа. Дэлгүүр хоршоо орох байсан ч одоо Асгат сум хүрээд л явган аялал маань дуусах учраас аль болох түргэвчилнэ. Сумын захаар нэвт урагшаа гараад 2 орчим км явахад нэгэн хар морины хөшөө байна. Тэрхүү хөшөөний дэргэд ирэхэд ойролцоох гэрээс адуугаа хураахаар явж байгаа бололтой мотоцикл хөлөглөсөн ах хүү ирж тус хөшөөний талаар бид хоёрт хуучлахдаа энэ хар морь нутагтаа цуу алдартай адуу даа. Тасралтгүй олон жил түрүүлж нэг өнжөөд дахин олон жил түрүүлсэн буян даа гэнэ. Өөр сумдаас ямар ч хурдан морьд ирсэн сумынхаа наадмын түрүүг алддаггүй л байсан юм гэх. Энэ яриаг сонсож суухад хүнтэй жишвэл дархан аварга Б.Бат-Эрдэнэ шиг бодогдож байлаа.

Тэр өдрөө ойролцоогоор 30 гаруй км явж байж сумын төвийн логотой пайз буюу үүд хаалга нь харагдана. Сэтгэл тэр үед тайвширч өнөөдөртөө тэндээ хонохоор болж маргааш эртхэн сум оръё гэж тохироод амарлаа. Энэ орой хоол хийх боломжгүй. Учир нь жаахан устай учраас цүнхэнд байсан бэлэн зүйлээрээ хоолшихоос өөр аргагүй. Тэр шөнө учиргүй их салхилж, янз бүрийн дуу чимээ сонсогдох шиг. Дэргэдээ гар чийдэнгээ авч халаасандаа жижиг тонгоргоо хийгээд нойр хулжин хөрвөөж байгаад азаар үүрээр нам унтжээ. Сүхболд маань хэдийн босчихсон цүнхээ янзалж аянд гарахад бэлэн зогсоно. Би нойр дутуу ч өнөөдөр явган аялал дуусах юм чинь гээд өөрийгөө хүчлэн босч юмаа янзлаад авлаа. Сумын хаалган дээр очоод үлдсэн усаа ууж дууслаа. Амандаа нэг нэг чихэр хийж аваад сумын төв рүү гэхээсээ илүү дэлгүүр лүү урагшаа гээд явцгаав. Сумын хойд хаалган дээр ирсэн ч бид хоёрт сумын бараа харагдаагүй. Тэр гүвээг давахад байгаа байх гээд эрчтэйхэн явсан ч өнөөх гүвээн дээрээ гартал сумын бараа алга цаана нь бас нэг гүвээ байх нь тэр. Яасан хол хаалгатай сум бэ гээд хоёулаа буу халан сажилна. Нэлээн явж байж дараагийн гүвээ хүрээд түрүүний пайзан дээр Асгат сум гэсэн байсан даа гээд гайхна. Учир нь сумын төвийн бараа бас л байхгүй. Усгүй болсон бид хоёр хэцүүдэж эхлэв ээ. Дахин нэг гүвээ хараад сэтгэлээр ч унах шиг. Бараг үд болж цаашлаад өлсөж байна ч гэж жигтэйхэн. Энэ гүвээний цаана харагдаасай гэж хий хоосон залбираад толгойгоо гудайлгаад алхаад л байлаа. Тэгсэн гүвээний зүүн энгэр дээгүүр тоос гарч мотоциклтой хүн бидний чигт давхина. Хажуугаар явахад нь зогсоогоод Асгат сумын байршил асуухад өнөөх хүн энэ гүвээний цаад доор байгаа гээд давхиад явав. За ямар ч байсан нохойн дуу ойртож байгаа юм байна даа гээд усны үнэ цэнийг ойлгож шүлсээ залгисан шигээ гоё гоё ундааны нэр нэгэндээ хэлж сэтгэлээ баясган алхана. Явж явж өнөөх гүвээн дээр гараад ирэв ээ. Ашгүй нэг юм сумын төвийн бараа харагдаж сэтгэл тайвширсан ч ойролцоогоор 5 орчим км-ын алсад үзэгдэнэ. Хөлөө жийж хэсэг сууснаа аргагүйн эрхэнд дахин цаг гаруй алхан байж Завхан аймгийн Асгат суманд ирэв. Сумын төв нь сонгуулийн уур амьсгалтай бөөн л эрээн мяраан юм. Дэлгүүрээс нь 1,5 литрийн ус худалдан авч дэлгүүр дотроо хуваагаад ууж орхилоо. Ам цангах гэдэг маш хэцүүг мэдэрсэн бид хоёр ус бол яалт ч үгүй энэ дэлхийн хамгийн чухал зүйл гэдгийг биендээ шингэтэл ухаарлаа. Ялангуяа хүн гэдэг их тэвчээргүй учир бүр их хэрэгтэй. Цайны газар орж тав таван хуушуур идээд сая нэг юм нэгнийгээ таньж чи хамт явж байсан юм уу гэж хөхрөлдөнө. Ийнхүү 530 км-ын зайг 15 хоногт явахаар төлөвлөсөн ч явах зай 2 хоногоор илүү сунгагдан нийт 17 хоног зарцуулан амжилттай дууслаа.

Завхан аймгийн Асгат сумын тамгын газрын дарга М.Доржсүрэн даргаар газрын зураг дээрээ явган аяллын сүүлийн цэг болох нотолгоо болгон баталгааны тамгаа даруулаад амжлаа. Ингээд аяллын зорилго зорилтоо танилцуулаад танай сумаас үхэр тэрэг олдох уу гэж асуухад олдохгүй ээ гэж итгэл төгс хариулав. Баруунтуруун суман дээр байхад Асгатаас үхэр тэрэг олдохгүй дээ гэсэн яриа сонсоод 7-р өртөөнд хамтран аялах учиртай байсан С.Дэмбэрэл найзыгаа хотоос тэр хүртэл ирэхийг нь болиулсандаа зөв шийдэлд хүрч гэдгээ бат ойлголоо. Энэ сум хамгийн сүүлд байгуулагдсан сум юм гэнэ. 1000 хүрэхгүй орчим хүн амтай болохоор хэцүү байх нь ойлгомжтой л юм. Энэ яриаг сонсоод тэнд цаг үрж суухаар дараагийн сум руу явж үхэр тэрэг олох хэрэгтэй гэж шийдээд гудамжаар явах нэгэн мотоциклтой ахад шатахуун хийж өгье гээд зэргэлдээх Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум хүргүүлэв. Ахад тохирсон ёсоороо шатахуун хийж өгч эргэн буцаалаа. Энд ирэхээсээ өмнө Сүхболдыгоо Улаанбаатараас Улаангом ордог төв зам дээр буулгах замын унаанд суулгасан юм. Тэндээсээ манай хүн Улаангом явах автобусанд сууж харих учиртай.

Явган аялах гэдэг тэр дундаа хэдэн зуун км газрыг тогтсон хугацаанд туулна гэдэг, дээр нь өөрт хэрэгтэй бүх ачаагаа үүрээд явна гэдэг тэвчээр шүү.

Алхаж явахад хамгийн сайхан санаа төрдөг

Хүүгийн нүүдэл номоос … Тэмдэглэл хөтөлсөн М.Дархижав

Бөөрөг дэлийн элс — өглөөний цай

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet