Аяллын амт

Daagii Compass
3 min readJan 21, 2020

--

Тэртээх … 2016 оны 3-р сарын 21-нд Монгол улсынхаа төв цэг Өвөрхангай аймгийн Бүрд сум Өвөр хөшөөтийн булаг хэмээх газраас эрхэм найз Доржийн Нэргүйн хамт — авто аяллаар гараагаа эхлэн зүүн хойд, зүүн хязгаарыг зорин 3400 км зам туулж үргэлжлүүлэн эрхэм найз Баднаабазарын Наранбаатарын хамт — дугуйгаар 840 км, эрхэм найз Чинзоригийн Сумъяахүүгийн хамт — тэмээгээр 400 орчим км, эрхэм найз Болдбаатарын Энхбаатарын хамт — мотоциклоор 2710 км, эрхэм ах Наваансүрэнгийн Сүрэнжавын хамт — Мааньт — Хүйтэн — Найрамдал — Малчин гэх мөнх цаст уулсын авиралт, эрхэм найз Баяртсайханы Сүхболдын хамт — явганаар 530 км, эрхэм ах Д.Дамдинрагчаан хамт — үхэр тэргээр 25 км, эрхэм дүү Төмөрбаатарын Баярбямбын хамт — мориор 1100 км, эрхэм найз Оюунчимэгийн Шүхэрбаярын хамт — завиар 500 орчим км, галт тэргээр 450 км газар нэгээс нэг рүү шилжин эх орныхоо дархан хилийн хязгаар нутгаар тойрон аялсан билээ. Ингэхдээ аяллын явцад нааш цааш холхисон зайгаа оруулаад нийт 11000 гаруй км замыг 130 хоногт туулж 7-р сарын 29-нд улсын нийслэл Улаанбаатар хотод ирснээр “Хүүгийн нүүдэл-2016” аялал амжилттай дууссан түүхтэй.

Эх орноо бүтэн тойрч дуусаад ирэхэд харагдах байдлаасаа зүгээр ч биед их ядралт ирсэн нь унтах, амарч суух үед илт мэдэгдэж байсан юм. Би ер нь ингэж энд тэнд аяллаа гээд ямар ашиг тустай юм болдоо гэж өөрөө өөрөөсөө өмнө нь хэд хэдэн удаа асуудаг байлаа. Асуултдаа оновчтой хариулт өгч амжихгүй дараачийн замдаа гарчихдаг байсан болохоор өнөөдөр энэ цэгт ирж өөрөөсөө хариултаа дахин эрнэ. Зарим хүмүүс асуудаг юм. Чам шиг ийм их завтай бол ингэж тэнэхсэн, ингэж явлаа гээд мөнгө авдаг уу? гэх мэтээр. Би тийм хүмүүст хандаж хоёр өгүүлбэрт багтаан хариу хэлчихдэг. Санхүүгүй бол сайхан газруудад яаж очих билээ, санаагаараа биш сажилж байж хүрнэ шүү дээ, өөрөө өөртөө зав гаргахгүй бол өөдөөс минь тэр газрууд хүрээд ирэхгүй шүү дээ гэж. Аялал жуулчлалын мэргэжилтэй болохоор мэргэжилдээ эзэн байхын тулд өөрийгөө бэлтгэж явна хэмээн мөн өөр талаас бас хариулах тохиолдол бий.

Аяллаа гээд амьдралынхаа цаг хугацаанаас үрж байна гэж огт бодож болохгүй. Харин ч аялал гэх зүйл нь эх орон, эх дэлхийтэй зөв зохистой харьцах дадал болон аль ч сургуульд заадаггүй аж ахуй амьдралын арга ухаан олгож байдаг амьдралын төгс сургалт юм шүү дээ. Та ч бас энэ сургалтанд идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Хэдэн газар үзлээ гээд бид өөрсдийгөө “аялагч” гэж нэрлэж болохгүй юм. Их зүйл үзэж харах, олон талын судалгаа шинжилгээний ажил хийх нь аялагч гэж нэр зүүхээс чухал. Бидний өмнө О.Намнандорж, Х.Пэрлээ, Ш.Шагдар, О.Сүхбаатар тэргүүтэй бусад судлаач эрдэмтэд үүргээ амжилттай биелүүлж эх орныхоо өнцөг булан бүрт хүрч олон түмэнд эх нутаг, газар орноо танин мэдэхэд нь үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн хүмүүс. Энэ л ахмадын замаар орж сүүлийн үеийн шинэчилсэн судалгаа, газар орны байдлын үнэн төрхийг өнөө цагт үлдээх гэсэн алсын зорилгыг бид үүрэх үүрэгтэй. Ийм сэтгэл зүрхтэй миний мэдэх олон залуучууд байна. Түүнээс цааш танихгүй олон хүмүүс ч бий гэдэг нь эргэлзээгүй. Гэвч бидний зорилгын эцсийн үзүүр нэг юм. Үүнийхээ төлөө олон түмнийхээ дэмжлэгээр бага багаар юм үзэж нүд тайлж л явна.

Харагдах байдлаасаа энд тэнд аялж яваа мэт боловч бусад шиг ардаа ажилтай, ар гэртэй, амьдрал ахуйтай юм. Маргаашийн хоолоо олохын тулд өнөөдөр хичээж яваа энгийн л нэг иргэн хүн. Аялах дуртай хүмүүсийн нэг давуу тал бол өөрөө өөртөө цаг гаргаж чаддагт байгаа юм. Энэ үйлдлээрээ аяллын амтанд орчихсоноо хувь хүн өөрөө мэдэхгүй ч бусдад үйлдэл нь нотолгоо болон харагддаг.

Аавын буйд хүнтэй танилц, агтны буйд газар үз гэж үг бий. Адал явдалтай аяллыг илүүд үзэж байж “аяллын амт”-ыг мэдрэх боломжтой. Адал явдалгүй аялал яг л давсгүй хоолтой адил. Залуу насандаа зав гаргаж аялахгүй бол өтөл насандаа өнгөт орчлонг гүйцэд үзэж амжихгүй байж мэдэх юм шүү.

Үдээсээ чангалаад үүргэвчээ үүрээд үзэсгэлэнт эх оронтойгоо биеэрээ танилцаарай .

Танд амжилт хүсье.

Сэтгэгдлээ хуваалцсан: М.Дархижав

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet