АЛТАЙ ТАВАН БОГД
Монголын улсын хамгийн өндөр цэг Хүйтний оргилд хүрсэн түүх /Аян замын тэмдэглэл/
… Мааньт хайрхандаа бараалхчихаад Бөкенбай ахынд ороход нэгэн танил эмэгтэй унтаж байсан билээ. Тэр бол бидэнтэй хамт Алтай Таван Богд явахаар ирсэн Н.Байгальмаа юм. Бид хоёр өмнө нь Европ тивийн ноён оргил Эльбруст /д.т.д 5642м/ 2015 оны 05-р сарын 01 гэх өдөр бусад 4 нөхдийн хамт гарч байсан түүхтэй найзууд. Энэ удаагийн дараачийн ууланд явах баг маань өнөр олуулаа болох учиртай. Дараа өдрийн онгоцоор Л.Мөнх-Оргил, Н. Баттулга гэх хоёр ах бидэнтэйгээ ирж нэгдсэнээр үндсэн баг бүрэлдэв.
6982 БӨА фургонтой жолооч О.Серикбол хэмээх казак залуутай тохиролцсоноор маргааш өглөөний нарнаар биднийг авахаар ирлээ. Аяны ачаагаа ачиж 5-р сарын 28-нд ээлжит уулсын замдаа гарав. Хэдийгээр ХХЕГ-аас зөвшөөрлийн бичигтэй ч эндэхийн хил хамгаалах 0285-р ангиас давхар зөвшөөрөл авах учиртай. Өлгий хотоос хойш Цагааннуур сумын төвд байрлах хилийн цэргийн анги орж зөвшөөрлөө аваад жолоо эргүүлэн Алтай Таван Богдыг зүглэн эргэв. Биднийг зорилго руугаа явах замын турш цагаан цас цаг харгалзахгүй хаялан орж байсан юм. Өндөр ууланд цас их орж л байвал сайн байдаг учраас бидний замыг засаж байна даа гэж Сэнгү ах маань амны билэг айлдаж явлаа. Цагаан голын хойд эрэг дээр Шивээт хайрханы бараа хараад хэсэг зогсоход өнөөх цас дагаад зогсчих шиг. Тэнгэр цэлмээд үүлс туугдаад зураг авах агшин бүрдэхэд манайхан дор бүрнээ л утсаараа чиг чаг хийцгээнэ. Цааш хэсэг давхиад Сэнгү ахын зусланд ирэв. Зуслан гэхээр тэнд газартай гэж бодов оо. Манай ах чинь угаас уулчин хүн болохоор зуны хэдэн сар энэ хавьд дотоод гадаадын жуулчид, уулчдыг хөтөчлөн явдаг ажилтай тул зуны улиралд үргэлж ирдэг билээ. Тэндэхийн хүн бүр андахгүй Сэнгү зусландаа ирж байна уу гэсэн яриатай.
Алтай Таван Богд байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч н.Дашням ахынд ирлээ. Энэ үед мөн манай багт нэгдэх тус нутгийн нэгэн дүү Г.Ариунбаатар ирж нэгдсэн билээ. Ингээд манай үндсэн гишүүд 6 болов. Маргааш өглөө ачаагаа тэмээнд ачиж 10 гаран км газрыг харин өөрсдөө дагаж алхах учиртай. Жам ёсоор цаг явж нар эргэж хоёр тэмээнд ачаагаа өгч Д.Алтаншагай гэх тэмээний эзэн залуугийн араас бид уул руугаа явган алхав. Потанин мөсөн гол даган уулчдын овооны зүг алхаж явах зуур тэнгэр аашаа хувирган цас орж шуураад бид очих газраасаа 2 км дутуу отгоо байгуулахаас өөр аргагүйд хүрсэн юм. Тэндээ хэрэгтэй зүйлсээ авч ялган хэрэггүй зүйлсээ үлдээхээр болж гутал хувцасаа бэлтгэн хоноглов.
Дараа өдрийн үүрээр үүргэвчээ үүрэн үндсэн зорилгодоо хүрэхээр алхацгаалаа. Уулчдын овоон дээр очиж миний бие гялсхан борцтой гоймонтой шөл хийгээд өдрийн хоолоор дайлав. Манай баг явсаар Малчин хайрханы хормойд очиж Потанин мөсөн гол дээр тулж зогсоод гутландаа кошка хийцгээлээ. Ингээд нэг нэгэндээ амь насаа даатгаж нэг олсонд орж хэмнэл тааруулан Потанин мөсөн гол дээр алхаж хааяа таарах мөсөн хавцал дээгүүр харайн гарч айдсаа давж явлаа. Оройн 17 цагийн үед Хоног толгойгоос наана 1 км зайд буудаллан үндсэн майхант отгоо байгуулав. Хобби, зорилгынхоо төлөө хэзээ ч цөмрөөд унаж мэдэх бүсэд уулчид л амь дүйж хонодог билээ. Бидний байгаа газар Потанин мөсөн гол юм.
Тэр мөсөн гол уулын мөсөн гол бөгөөд 1876–1899 онд Монгол улсын голлох газар бүрээр судалгаа хийж байсан Оросын судлаач Г.Потанин хэмээх эрхэм нээж дэлхийн газарзүйн шинжлэх ухаанд өөрийн нэрээр нэрлэн бүртгүүлсэн түүхтэй. 20 км урт 5 км өргөн бөгөөд хоёр сая жилийн өмнө дөрөвдөгч галавын үед үүсчээ гэж тогтоосон байдаг. Гэвч бодит байдал дээр очиж үзвэл голын уртаас эрс багассаныг харж болно. Монгол улсын нутаг дэвсгэр дээр байх Потанин мөсөн гол нь дэлхий дахинаа танигдсан алдартай гол юм.
Маргааш 6-р сарын 1 гэх өдөр болно. Хотод бол бөөн баяр болох нь дамжиггүй, харин бидэнд бөөн адал явдал учрах нь дамжиггүй. Хоёр майхнаа босгосон бид нэг майхандаа цуглаж хоол цай хийх зуураа элдвийг ярьж, ууланд нэг баг болохын учирыг мөн яриад амжлаа. Ингээд мишокондоо ороод маргаашийн өдөр цэлмэг байгаасай хэмээн залбираад амарцгаалаа.
Үүрээр босч хувцас хунараа зузаалаад ууланд авирахад багаараа бэлэн боллоо. Нэг баг, нэг амь, нэг олс, нэг зорилго учраас нэг нэгнээсээ хамааралтайгаар мөр мөрөн дээрээ гишгэж шил даран явлаа. Өглөө босоход тэнгэр жаахан бүрхэг байсан нь нөлөөлж Хүйтэний оргилын хормойд ирэхэд цасаар шуурч эхлэв ээ. Багийн ахлагч Сүрэнжав буюу Сэнгү ах шийдвэр гарган өнөөдөр Хүйтэний оргил руу гарахгүй өнөөдөр Найрамдал оргил руу гарна хэмээн маршрут өөрчлөв. Ууланд бол багийн ахлагчийг үг хууль байдаг.
Бид замаа өөрчлөн огцом хойд зүгийг баримтлан Монгол улсынхаа хоёрдугаар ноён оргил Найрамдалыг зорилоо. Өмнөх хүн бараг харагдахгүй шахуу цасаар шуурсан ч шазуур зуун манайхан зүтгэсээр Найрамдал хайрханы элгэн дээр гарч ирэв. Тэр үед цасан шуурга арай гайгүй болж сэтгэл санаа сэргээв. Энэ их нүдгүй шуурганд тэгж уулаа зөв олж зөв замаар явна гэдэг бол аргагүй л туршлагатай багийн ахлагч, чиглүүлэгч хүний үйлдэл байлаа. Тус оргил элгэндээ их эвгүй хэсэг зуур мөсөн бүрхэвчтэй байдаг. Ингэж өгсөх үед Н.Баттулга ах маань жаахан хөл алдаж доош гулгахад өмнө нь явсан Мөнх-Оргил ах ард нь явах миний бие олсны хамгаалалтыг түргэн хийж мөн Баттулга ах өөрийн авхаалжаар урьдчилан зааж байсны үр дүнг гарган нэг бүтэн өнхрөөд эргэхдээ гарт байх аясаксаараа мөсөнд зоож гулсахаас сэргийлж амжсан удаатай. Ингээд баг ахин дээш мацсаар д.т.д 4082 метрийн өндөрт өргөгдсөн Найрамдал оргилд хүрэв.
Тэр оргил нь Монгол, ОХУ, БНХАУ гэсэн гурван улсын баруун хязгаарын хилийн уулзвар цэг болдгоороо онцлогтой хайрхан юм. Уухайн түрлэг өргөн фото зургаар баталгаажуулан эргэн буух замдаа орлоо.
Миний бие энэ хайрханд 2014 онд мөн гарч байсан билээ. Хоёр дахь удаагаа Сэнгү ахтайгаа гарах хувь тавилан дахин тохиолоо. Буцаж буухад өнөөх шуурга арай намжуу болж зам тод харагдах юм. Ингээд энэ өдрийн уулын авиралт амжилттай дуусч отог дээрээ ирэн бие биендээ баяр хүргэж хүүхдийн баяраа томчууд бид амжилтаар тэмдэглэлээ. Хорвоогийн бор хоног шар нар ээлжлэн солигдож 6-р сарын 2 гэх өдөр айлчлан ирлээ. Энэ удаагийн тэнгэр бас л жаахан эвгүйхэн тул багаараа ярилцаж байгаад Малчин оргилд гарахаар шулуудав. Өчигдөрийн цасанд норсон гутал хөв хөлдүү ч оймсон дээрээ гялгар уут углаж байгаад гутлаа дээрээс нь дэвсэн өмсөх дүр зураг бас дууссаны дараа дурсамжтай шүү. Ууланд авирна гэдэг их тэвчээр, хүч хөдөлмөр, сэтгэлийн хат, биеийн хүч шаарддагыг би хэлж байгаа ч уул нотолно.
Гэсэнч бид зорилгодоо хүрэхийн тулд хэцүү бүхнийг умартаж хэн хэндээ дэм болон нэг нэгэндээ илүү оймс, хуурай хувцасаа илүүчлэн байж тэр өдөртөө /д.т.д 4037 метр/ Малчин хайрханы оргилд хүрэв. Малчин уул харагдах талаасаа хад дамжаад хэн ч гарчихмаар байвч өгсөхөд хэцүү шүү. Гавъяат уулчны амийг хүртэл авч байсан уул гэхээр бас л эвгүй. Орой хэсэгтээ цасан үетэй оргилд хүрсэн ховор агшин байвч ширүүхэн шиг цасан шуургатай байсан учраас хурдхан шиг зургаа авхуулан баталгаажуулаад бууцгаалаа даа.
Эргэн буух үед Ариука бид хоёр тэмээнээс ачаагаа буулгаж хоносон тэр газар руугаа эргэн явж үлдсэн хэдэн гаазаа олж ирэхээр болов. Ядарсан үед тийшээ яваад эргэж ирнэ гэдэг санаанд буухгүй байсан ч гаазгүй бол хоолгүй, хоолгүй бол Хүйтэний оргил дээр гарч чадахгүй нь илт тул арга буюу эргэн явахаар боллоо. Хоёул түрүүлэн буухдаа Малчин уулын зүүн хойд тал руу бага багаар гулгасаар хормойд хүрэв. Биднээс 1 км-ын зайд ОХУ-тай хиллэх улсын нэгдүгээр багана гозойн үзэгдэнэ. Бид хоёр хувцасаа нимгэлэн зам зуур орхиод цааш аль болох хурдхан алхаж үлдсэн гааз, шоколадаа аваад эргэн уулчдын овоо, Потанин мөсөн гол дээгүүр алхаж майхандаа хүрэхэд манай хэд аль хэдийнэ ирээд тухлаад авжээ. Гаазтай болсон бид одоо маргаашийн цаг агаарыг сайхан байхыг л хүлээх үлдсэн. Байгаль хангайг бид захирч чадахгүй болохоор залбирахаас л өөр замгүй. Өмнөх хоёр өдөр тэнгэр муухай байсан нь сэтгэл эвгүйтүүлнэ.
Ядарсан ч ядраагүй шинжтэй манайхан хөөрөлдөж хөгжилдөж байгаад чийг даасан мишокондоо орж амарцгаалаа. Дараа өглөө багийн ахлагч Сэнгү ах маань эртлэн босож бүгдийг майхнаасаа гараад ирэхийг уриална. Ээлж дарааллан майхнаасаа гарах багийнхны маань нүд нь гэрэлтэж нүүрэнд нь инээмсэглэл тодроно. 6-р сарын 3 гэх энэ өглөөний тэнгэрт үүлгүй цэлмэг байсан нь тэгж баярлуулах сэдэл болсон юм. Хөлдүү гутландаа хөлөө чихэж, хүйтэн куртикээ хурдан өмсөж ээлжит өдрийн авиралтандаа бэлтгэнэ. Өнөөдөр сайхан өдөр болох нээ гэж өөрөө өөртөө хэлэх ч өглөөний нарыг наранд бүү тооц, өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц гэсэн ардын аман үг байдаг учраас битүүхэндээ тэнгэр сайхан байгаасай гэж найдна. Хүйтэний оргил руу бид 2016 он буюу энэ жилийн уулчдын анхдагчид нь болж байгаа учраас зам гаргах гэдэг том ажил бий. Сэнгү ах, Ариука бид 3 ээлжлэн урд зам гаргасаар Хүйтэн уулын хормойд ирэв. Улсынхаа ноён оргилд миний бие 2 жилийн өмнө гарч байсан түүх бий. Тиймээс энэ уулын ерөнхий авиралт хандлагыг гадарлахтайгаа юм. Өмнө гарч байсан үед их цастай байсан бололтой, энэ удаад хөх мөс нь ил гарсан харагдана. Ийм мөсөн дээгүүр дээш гарна гэдэг боломжгүй учир бид уулыг араас нь тойрч гарахаар хормой даган цааш алхав. Энэ удаад миний бие хамгийн түрүүнд явж ангал хавцал байгаа эсэхийг таягаар шалгаж аюулгүй гарах зам олох үүрэгтэй. Гэхдээ мэдээж багийнхан маань араас олсоор холбоотой учир хамгаалалт болно гэсэн үг. Нилээн хэдэн ангал хавцал илрүүлж түүнийг тойрохыг нь тойрч дээгүүр нь гарахыг нь гарч явсаар нэг удаа гэнэтхэн олс татагдав. Би биш миний ард зааварчилгаа өгч явсан Сэнгү ах маань мөсөн хавцалд цөмрөн оржээ. Урд хойдох хүний олс хамгаалалт болсон учраас гараад ирэв. Энэ үед ард явсан манайхны зүрхэнд жаахан шар ус хурсан нь ойлгомжтой. Түүнээс цааш явсаар огцом өөд гарах үед миний бие гэнэтхэн доош цөмрөн орлоо. Азаар гараараа тэгнүүлдэн тогтсон ч хөл хүрэхгүй хэсэг сандаргаж чадсан юм. Арай хийн гарч уртаар амьсгаа авах зуураа ямар ч байсан оргилд хүрэх ёстойгоо л мэдэж байлаа. Энэ удаад Ариунбаатар дүү зам гаргахаар ээлж солигдов. Алтайн нуруу нь Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан гэсэн дөрвөн улс орны газар нутгийг дамнан оршдог их уулсын тогтоц ба хамгийн өндөр цэг ОХУ-ын нутаг дэвсгэрт д.т.д 4506 метр Белуха оргил юм. Харин манай улсын оргилыг Хүйтэн хэмээн нэрлэдэг билээ.
Бид ар талаас нь авирсаар мацсаар д.т.д 4374 метр өндөрт өргөгдсөн Монгол орны дээвэр Монгол Алтайн ноён оргил Хүйтэн /ХӨ: 490 08I 45II — ЗУ: 870 49I 09II/ дээр багаараа 16 цаг 44 минутанд амжилттай гарч зорилгоо биелүүллээ.
Үүрч гарсан туг далбаагаа намируулан зураг хөрөг авхуулаад бушуухан буух тийш хандав. Бид хэтэрхий их цаг зарцуулан их орой гарсан тул буух замд харанхуй болчихвол явахад хэцүү болох байлаа. Буух тухай бичихээс өмнө нэг юм тодруулан бичье. Мөнх-Оргил гэх ах маань анх удаа улсынхаа дээд цэгт хүрчихээд уйлж билээ. Түүнийг харахад надад болон манай багийнханд урам орж омогшил төрсөн. Хэр баргийн аавын хүү ээжийн охин энэ их бэрхшээлийг туулж айдсаа даван Хүйтэний оргил дээр зогсож чадахгүй учир бахархалт баярын нулимс байлаа. Нар ч хурдан доошлоод байгаа бололтой бид ч яарахгүй бол болохгүйнээ.
Эргэн буух замдаа ирсэн мөрөөрөө эргээд алхав. Ирэхэд цөмрөөгүй хэрнээ буцахад цөмөрч Н.Баттулга ах маань эгээтэй л бүтэн биеэрээ яваад орчихсонгүй тийм том ангалд унах шахлаа.
Азаар урд хойноо нэг олсонд холбогдсон хүнтэй учраас тийм амархан уначихсангүй. Энэ бол нэг олсонд нэг баг болж явахын ач тус харагдаж байгаа юм. Бид нэг нэгнийхээ амь насыг батлан дааж яваа гэж ойлгож болно. Ямар ч байсан яаж хийж байгаад гараад ирэх нь тэр. Араас нь явж байсан би унасан нүхийг нь харахад үнэхээр том гүнзгий ангал байсан. Уучлаарай хүн унах гэж байхад гэх вий би хамгаалалт хийгээд сууж байхдаа зөвшөөрөлгүй араас нь бичлэг хийчихсэн юм. Одоо тэр бичлэгээ үзээд Баттулга ах яаая гэсээр уулга алддаг даа. Одоо эргээд харах нээ нандин сайхан дурсамж болон хадгалагдах билээ. Ингэж явсаар гэгээ тасрах тэр агшинд майхан дээрээ ирсэнээр бидний нулимс өөрийн эрхгүй урсаж нэг нэгэнтэйгэээ тэврэлдэн баяр хүргэцгээнэ. Тэр үед манай отгоос 300 метр зайд нэлээн хэдэн майхант отог босчээ. Тэд Б.Гантулга ахлагчтай Хайрхан клубын аялагч тамирчид байлаа. Маргааш өглөө бид ачаагаа баглан буцахад Хайрхан клубын тамирчид дараа өглөө авиралт хийх бололтой энэ өдөр амарцгааж үлдэв. Биднийг өмнө нь явсаныг мэдсэн Хайрхан клубынхэн уулчдын овоон дээр байгуулсан үндсэн отог том асарынхаа дэргэд ундаа болон бас бус зүйлс үлдээгээд орхисон байлаа. Ядарч туульдсан бид арай хийн уулчдын овоон дээр ирж цүнхээ тайлаад ундаа хувааж уух тэр амт тэр агшин тун сайхан. Уул аяллынхан нэгнээ ингэж л жижиг зүйлээр том дэмждэг өндөр мэдрэмжтэй сайхан сэтгэлтэй улс байдаг юмдаа. Тэндээ тэрийн хэвтэж тэмээ ирэхийг хүлээв. Тэмээ ирээд бид унахгүй өнөөх ачаагаа дайж анх гарсан айлруугаа эргэн алхах учиртай. Удалгүй товлосон өдрийн ёсоороо тэмээ маань хөтөчтэйгээ тэртээ холоос айсуй. Нэг морь илүү хөтлөөд иржээ. Тэр нь аз болж ганц эмэгтэйгээ унуулж эрчүүд бид алхав. Ядарсан болоод ч тэрүү ирсэн зам суначихсан юм шиг хол санагдаж гэгээ тасарсан хойно танил айл Дашням ахынд ирлээ дээ.
Ийнхүү Потанин мөсөн гол дээр майханд багаараа 4 хоносон түүх, өдөр бүр амралтгүй Хүйтэн, Найрамдал, Малчин оргилуудад гарсан түүх Монгол улсын түүхэнд тун ч ховор тохиох буйзаа. Хамгийн чухал нь ингэж чадсан учраас бид өөрсдөөрөө бахархахаас өөр яалтай. Хөлдүү гутлаа өмсөх гэж оймсон дээрээ гялгар уут хийгээд чихэж зогссон үе ард хоцорчээ.
Урьдчилан тохирсон ёсоор Өлгий хотоос хүргэж ирсэн өнөөх пургон маань маргааш нь давхиад ирэв. Машиндаа сууж аваад Өлгий хот хүртэл дуулж хуурдан, инээж ханиасаар тэр оройдоо Бөкенбай ахынд ирж амарцгаалаа. Маргааш нь бүгд саунд орж борлосон арьсаа цайруулах санаатай, гэвч нүүр авах юмгүй харлаж, зарим нэгнийх нь уруул хагарсан байлаа. Бүр нэгнийгээ толинд битгий хараарай гэж шоглон сануулж байсан сайхан үе. Тэр өдрөө Өлгий хотоор бид дэлгүүр хоршоо хэсэж маргааш өглөө нь манай хэд Улаанбаатар хот руугаа онгоцоор эргэн ниссэнээр уулын авиралт маань амжилттай дуусч энэ хүрээд өндөрлөсөн юмдаа. Тэдэнтэй хамт гэрийн зүг харьчихмаар байвч 6-р өртөө явган аяллаа үргэлжлүүлэх үүрэгтэй учраас үлдэхээс өөр сонголтгүй. Хэд хоног дасал болсон нөхдөө үдээд Өлгий хотод дахин нэг өдөр амраад дараачийн аялалдаа Дархижав хүү явах учиртай тул энэ хүрээд уулсын оргилд хүрсэн аяллын тэмдэглэлээ төгсгөе.
Сонирхуулахад Түвд ба Непал улсын хилийн зааг болон оршдог дэлхийн дээвэр болсон д.т.д 8848 метрт өргөгдсөн Эверест ноёр оргилд 1953 оны 9-р сарын 29 нд Шинэ Зеландын уулчин Хиллари болон Балбын хөтөч Дэнзэн Норов нар хүрч хүн төрлөхтний түүхэнд анхны оргилд хүрсэн хүмүүс болж мөнхөрсөн байдаг. Харин манай улсын дээвэр болсон Алтай Таван Богдын Хүйтэний оргилд 1956 онд 11 хүний бүрэлдэхүүнтэй баг анх гарч байсан түүхтэй юм гэнэлээ.
Уулын виралт, аян замын тэмдэглэл хөтөлсөн М.Дархижав