TOURIST TAX ба Аялал жуулчлалын сан

Daagii Compass
3 min readOct 29, 2020

--

Бидэнд ямар САНАЛ байна вэ гэхээр гадаад жуулчид болон гадагш чиглэж буй монгол жуулчдаас хураамж авдаг “тогтолцоо” бий болгож “Аялал жуулчлалын сан”-д хуримтлуулъя. Жуулчнаас хураамж авдаг хоёр хэлбэр гадаад орнуудад байдаг. Нэг нь улсын хил дээр бүртгэж оруулах үед, нөгөө нь зочид буудал, ресортод хоноод гарах үед авдаг хэлбэр. Манай улсын хувьд үүргэвчтэн жуулчид, майхант жуулчид ихтэй учраас байрлан хоноглосон газарт хэрэгжүүлэх боломжгүй. Харин Монгол улсын хил дээр ирсэн ямар ч жуулчнаас авах боломжтой юм.

Хураамж ЯМАР байх вэ гэхээр “хямд” байх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Жуулчдынхаа тоог өсгөхийн төлөө явж байгаа учраас бусад улс орнууд шиг “өндөр” үнэтэй хураамж байж болохгүй. Дэлхий дээр одоогийн байдлаар 42 улс орон “жуулчин такс”-тай. Тэдгээрийн хамгийн өндөр нь Бельги улсад хоногийн 8.53 ам доллар байдаг бол нэг удаа нэвтрэх хураамжийн хамгийн өндөр нь Шинэ Зеланд улсад 23.54 ам доллар байдаг. Манай улсын хувьд нэг гадаад жуулчнаас 3 ам.доллар, нэг монгол жуулчин гадагш явах үед 5 ам. доллар хурааж байхад эхний ээлжинд хангалттай юм. Энэ нь ердөө 9–15 мянган төг гэсэн үг.

Гадагш аялж буй монгол жуулчдаас ЯАГААД хураамж авах ёстой вэ. Монголчуудын гадагш явж буй аялалд жилд 1.5 их наяд төгрөг урсаж байна. Гадаад улс орнуудад монголчуудаас оруулдаг орлого гэсэн үг. Бид нар ийм их хэмжээний мөнгийг гадагш алдаж байна. Тэртээ 1850-аад оны үед Халхын То ван монголчуудын Утай, Гүмбэн, Ганга мөрөн мэтийн газар руу зөөгөөд байгаа сүсэг бишрэлийн тэр их мөнгийг Монголдоо барьж тогтоохын төлөө “Их бурхант” хэмээх Жанрайсиг бурханы том цогцолбор бүтээлгэж, нутгийн ард түмнээр шороо зөөлгөж “Утай таван уул” хэмээх хиймэл уул хийлгээд “хүний нутгийг шүтэж явахаар өөрийн нутгийн уул усанд мөргөж яв” гэж сургасан байдаг. 2014 онд монгол аялагчдын 40 орчим хүнтэй группыг аваад Гүмбэнд очиход “1800 оны үед монголчуудын өргөсөн алтаар барьсан” гээд цул алтан дээвэртэй, цул алтан бурхадтай сүмийг үзэж байсан. Тэрийг хараад “маш их хэмжээний алт эрдэнэс Монголоос Гүмбэнд иржээ” гэж харуусан бодож билээ.

Аялал жуулчлалын сан АЖИЛЛАХ нь чухал. Урьд өмнө АЖ-ын тухай хуулинд “АЖ-ын сан” гэж зүйл заалт оруулж байсан боловч хэрхэн хэрэгжих тогтолцоог нь зааж өгөөгүй, боловсронгуй бус байсан учраас ажилладаггүй сангуудын жагсаалтанд орж, улмаар татан буугдсан байдаг. Тэр алдааг одоо “давтах” учиргүй. АЖ-ын санд хуримтлагдсан хөрөнгө мөнгөөр зорин очих газрууд дахь хуучны барилга, түүхэн хөшөө, дурсгалуудыг хамгаалах, АЖ-д оролцож буй бүх ард иргэдэд “боловсрол олгох” сургалтанд зарцуулах хэрэгтэй. Мөн АЖ-ын бүсүүдэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах учиртай.

“Ковид 19” эхэлснээр манай салбар “нусаа хацартаа наана” гэдэг л болж байна. 88 мянган ажлын байр орлогогүй болж, 700 орчим тур оператор компани төрөөс тэтгэлэг, дэмжлэг “гуйж” эхэлсэн. Хурал, семинар, цугларалт бүрд “бид баларч бна, хэцүү бна” гэж ярьж байна. Аялал жуулчлал хэвийн байдалдаа эргээд ороход 19–24 сар буюу 1.5–2 жил зарцуулна. Тэр хооронд дэлхийн дижитал технологи улам хурдална, дэлхийн аялал жуулчлалын салбар ч өөр тоглолтууд хийж эхэлнэ. Тийм учраас энэ “амралт” маягтай байгаа цаг хугацаагаа ашиглаж салбарт өөрчлөлт ХУВЬСГАЛ хийх хэрэгтэй. Түүний нэг нь салбарын мөнгөн хуримтлалын хүчирхэг САН-тай болох, байгуулах гарц гаргалгаа, тогтолцоог бүрдүүлэх, төр засгаар дэмжүүлэх ажлуудаа хийцгээе ээ.

Жуулчин такс бусад орнуудад ямар байдаг талаар дэлгэрүүлэн мэдээлэл авахыг хүсвэл дараах линкээр ороорой.

http://www.mongolianguideschool.com/news/detail/11

Энэхүү нийтлэлийг Ч.Буянбадрах бэлтгэв.

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet