2022 оны дотоодын аялал жуулчлалын өнгө!

Daagii Compass
3 min readJan 23, 2023

--

Энэ зун хаачих вэ? хэмээх аялах сэдэл өгсөн энэхүү асуулт гэр бүл, найз нөхөд, албан байгууллагын дунд уламжлал болон асуугддаг болсон нь дотоодын аялал жуулчлалын зах зээл эрчимтэй тэлж буйг илтгэх бизээ. Магадгүй танай гэр бүл, хамт олны дунд энэхүү асуулт хэдийн яригдаж улмаар хаашаа аялах, хаана очих тухайгаа урьдчилсан байдлаар төлөвлөн аялсан байх гэдэгт итгэлтэй байна.

Монголчуудын хувьд “аялал” гэдэг хэрэгцээ амьдралынх нь салшгүй нэгэн хэрэглээ болсоор байгаа. Ялангуяа урин дулааны цагт төлөвлөгөө нь биеллээ олж эх орныхоо өнцөг булан бүрт аялж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Жишээ нь: 2019 онд хийгдсэн 21 аймгийн байрших хэрэгслийн судалгаа буюу Ковид-19 цар тахлаас өмнөх үеийг авч үзвэл гадаадын 320072 жуулчин орон нутагт аялсан бол дотоодын 780482 аялагч, амрагчид орон нутагт аялсан статистик гарсан байдаг. Харин 2021 онд хийсэн дотоодын аялагчдын дунд явуулсан нэгэн судалгааны үр дүнг харвал …

• Дотоодын аялагчдын эх орноороо аялах аялалдаа зарцуулж буй нийт зардлын 54% нь хоол хүнс, ус, ундаанд зарцуулсан байна.
• Аяллын үеэр байрлаж буй байр, сууцыг нь судлахад 71.4% нь майханд, 27.2% нь жуулчны бааз, амралтын газар, зочид буудалд, 1.4% нь айлд болон бусад газарт байрладаг ажээ.
• Тээврийн хэрэгслийг авч үзвэл 93.8% хувийг хувийн машинаараа аялсан бол үлдсэн хувь нь зохион байгуулалттай аялалд хамрагдах болон нийтийн тээвэр ашигласан байна.
• Аялахдаа үзэхийг хүсдэг зүйлсийг судлахад музей болон байгалийн үзэсгэлэнт газар дийлэнх буюу 92.3% эзэлдэг байна.
• Дотоод аялагчдын аялж буй давтамжаас харахад дийлэнх буюу 74.9% нь жилд нэг удаа, аялалд зарцуулж буй хугацааны 60.3% нь 1–3 хоног гэж хариулсан байжээ.
• Зорьж буй чиглэлээр авч үзэхэд хамгийн их хувийг Увс, Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Архангай аймгууд эзэлж байна.
• Аялж буй улирлаар авч үзэхэд 91.2% нь зун, хавар буюу дулааны улиралд, 5.8 % нь намар, өвөл буюу хүйтний улиралд аялдаг байна.
• Дотоодын аяллын үеэр цахим технологийг ашигладаг 40.7%, ашигладаггүй 59.3%-ийг эзэлж байна.
• Аялагчдын 51% нь гэр бүлийн хүрээнд аялдаг бол нийт аялагчдын 74.3% нь даатгалд хамрагдаагүй байна.

Дээрх судалгаанаас үзэхэд хувийн авто машинаараа гэр бүлийн хүрээнд явахдаа ихэвчлэн майханд отоглож явдаг гэх үр дүнг харж болно. Энэхүү үр дүнд тохирсон шийдэл бол зорин очих голлох газарт байгуулагдах отоглох цэг юм. БОАЖЯ-аас 100 отоглох цэг байгуулах зорилтыг дэвшүүлж эхнээсээ биеллээ олж байгаа билээ. Сайн зүйлийн хажуугаар саар зүйлс мэр сэр байдаг. Отоглох цэгт нийтийн бие засах газар шийдсэн ч зарим нь харгалзах манаачгүй болохоор дараагийн хүн орохын эцэсгүй үнэр, бохир болж үлдэх, хог хаягдлын асуудал гарсаар байна. Гэвч өргөс авсан мэт өмнөх асуудлууд гэнэт зүгээр болчихгүй нь ойлгомжтой. Аялал жуулчлалын бүх нийтийн боловсролыг хүртээмжтэй олон нийтэд хүргэж, хэдэн жилийн давтамжтай үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлж чадвал магадгүй ойрын таван жилийн дотор илүү ухамсартай аялагч, амрагчидтай улс болсон байхыг үгүйсгэхгүй бас гайхах зүйлгүй. Монголчууд аливаа зүйлд дасахдаа маш хурдан бөгөөд нэг л сэтгэлээ зориулсан бол хайр гамтай байж чадах түмэн билээ.

Аяллыг ер нь дулааны бас хүйтний гэж ангилан үзвэл зохимжтой мэт. Трэнд аяллын чиглэл тогтоох гол хүчин зүйл бол аялагчдын бичлэг, зураг буюу сошиал хэрэглээний нөлөөлөл нь гол хүчин зүйл нь болдог.
Сүүлийн үед эх ороороо аялах сэдэл ихэсч нэр бүхий газрууд трэнд болсон. Улаагчны хар нуур, Буйр нуур, Хяргас нуур, Цагаан суварга, Хонгорын элс, Хөвсгөл нуур, Тайга, Алтай Таван Богд гэх мэт газруудыг нэрлэж болох юм. Эдгээр газрууд ойрын хэдэн жил зорин очих газрын байр сууриа хадгалсаар байх болов уу гэж боддог.

Ер нь бол хүмүүс сайн мэддэггүй ч шинээр трэнд болохуйц нууцлаг гэмээр газрууд эх оронд минь их бий. Тэднээс дурдвал Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт орших Хаяа Гурван бөгтий элсэн манхан, Булган, Сэлэнгэ аймгийн нутгийн заагт орших Бал хад, Булган аймгийн хил орчмын нутаг, Хөвсгөл аймгийн Ханх чиглэл, Ховд аймгийн Тахийн тал, Хэнтий аймгийн Дадал сумын Сөөгтийн агуй болон Дорнод аймгийн нутагт орших хуучны нууцлаг хот буюу Эрдэс хотын туурь гэх мэт сонирхолтой содон газрууд олон бий. Магадгүй жил ирэх тусам шинэлэг газруудын эрэлт ихэсч дотоодын аялагчид зорин аялах нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Гагцхүү сайхан газруудад зорин очих бололцоо, нөхцөл байдал, менежментийг холбогдох төрийн байгууллагын зүгээс шаардлага бодлогыг хэрэгжүүлэх нь зөв зохистой аялах боломжид түлхэц өгөх алхам болно.

Одоо харин хүйтний улирал наашиллаа. Аялалд дан ганц зун явдаг гэх ойлголт өнгөрсөн. Өвлийн аяллын бүтээгдэхүүн өчнөөнөөрөө … ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ …

М.Дархижав

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet