Аян замын тэмдэглэл — Говь хангайн цэнхэр орон Баянхонгор нутгаар
15:12 …
Хамгийн түрүүнд энэ аяллыг хамтран зохион байгуулагч байгууллагуудаа дурдъя. Монголын аялал жуулчлалын холбоо, Баянхонгор аймгийн засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албатай хамтран зохион байгуулсан болно.
Жуулчдад зориулсан шинэ маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах үндсэн зорилготойгоор тур оператор компаниудын оролцоотой “Говь, Хангайн цэнхэр орон” хонгор нутагтай танилцах аяллын тэмдэглэлийг танд хүргэж байна. Аялал бүхэн өөр өөрийн онцлогтой байж өөр өөрийн дурсамжийг мөнхлөн үлдээдэг. Энэ удаагийн аялал судалгааны талдаа. Тийм ч учраас хэрэгтэй нэгэнд нь хэрэг болж юуны магад хэмээн аян замын тэмдэглэлээ сийрүүлэн бичсэн минь энэ билээ.
Бидний замд гарсан өдөр бол 2018 оны 10-р сарын 18-ны өдөр байлаа. Аяллын багийнхан урьдчилан тохиролцсоноор болзсон цагтаа товлосон газраа уулзаж 2224УБХ улсын дугаартай Стана маркын машинаар Баянхонгор аймгийн зүг хүлгийн жолоо залж билээ. Манай машины жолоочийг Доржготов гэдэг. Ааш зан сайтай аавын хүү байсан шүү. За ингээд алсын замд гарч аяны дөрөө өргөлөө.
Улсын нийслэл Улаанбаатар хотоос гарч 22-ын товчоон дээр ирэхэд бугуйн цагны урт богино зүүний давхцал 11:00 цагийг зааж байлаа. Бидний аяллын үндсэн зорилго нэг, тиймдээ ч нэг баг нэр зүүлээ. Өөр өөрийн боломж нөхцөл, харсан үзсэн зүйлдээ тулгуурласан судалгааныхаа хүрээнд шинэ маршрут гаргах болон өөр аймгийн, өөр түүхэн дурсгалт аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбох ажил ард нь бий билээ.
Замд явсаар …
Замд явахад аяллын багийнхан маань элдвийг хуучилж, инээд хөөрөөр нэгнээ баясааж яг л бусдын адил замд хөгжилдөн явна. Сүүлийн үеийн супер үйлчилгээний газар гэгдээд байгаа Урьхан цогцолборт үдийн хоол маань таарлаа. Гадны зочид аваад явахад нүүр улайхгүй зам зуур таарах үйлчилгээний ганц газар нь энэ. Тэнд хамгийн гол нь хоолны сонголттой бас тохилог нойлтой. Жуулчин дагуулаад явахад хоол нойл хоёрыг хоршоо үг болгон цээжилсэн аялал жуулчлалын салбарынханд маань тун чиг хэрэгтэй газар юмсанж. Хоолны үнэ дунджаар 5800–7900 төгрөг. Харин нойл үнэгүй.
Сайн хүн явснаа, муу хүн идсэнээ гэдэг. Би бол сайн ч биш муу ч биш эрээн бараантай хүн болж таарах гээд байна. Учир юу вэ гэвэл Урьханд цуйван идсээн. Учиргүй их таалагдсан тэр цуйван. Гэхдээ сайхан зүйл үзэхээр явж байгаа учир ходоодоо бас тэжээх л хэрэгтэй тэ.
Зам минь засмал зам даган цааш үргэлжилсээр харанхуй нөмөрч сар гийсэн оройн 21:10 минутад Баянхонгор аймгийн төвд ирэв. Тус аймгийн Гадаад харилцаа, аялал жуулчлалын албанаас урьдчилан бидэнд зориулж зочид буудал захиалсан байна. Тэнд их замын алжаалаа тайлж маргаашийн мандах нартай учрахаар амарлаа.
Хорвоогийн бор хоног шар нар ээлжлэн солигдох хүрд эргэн 10-р сарын 19-ний өглөөтэй золгов. Бидний байрласан зочид буудал шинэхэн ашиглалтанд орсон замын гийчин, жуулчдад үйлчилгээ үзүүлэх Өлзийт Палас зочид буудал байв. Манайхан тус зочид буудлын 4 давхарт 401, 409, 408 гэх тоот өрөөнүүдэд байрласан ба миний бие Тахь Трэйвел ХХК-ийн захирал Мөнх-Оргил ахтайгаа 402 тоот өрөөний зочид болов. Өглөөний ундаа 08:00–09:00 цагийн хооронд тус буудлын 2 давхартаа бууж ууна. Өрөөний үнэд өглөөний цай багтсаныг тодруулах гэсэндээ ийн дэлгэж бичлээ.
Энэ цаг мөчөөс эхлэн бидний үндсэн аялал буюу “Говь хангайн цэнхэр орон” Хонгор нутагтай танилцах аялал эхлэх учиртай. Бидэнтэй орон нутгаа төлөөлөн оролцох тус аймгийн Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны ахлах мэргэжилтэн Д.Содномсамдан 09:10 цагт ирж үндсэн багтайгаа нэгдсэнээр манай баг бүрдэв. Нээрээ нэг хүн нэмэгдвэл баг жинхэнэ ёсоороо бүрдэх юм байна. Алс холын замд аяны жолоо барих жолооч маань гадаа хүлээж байлаа. 3317УНХ улсын дугаартай саарал өнгийн цэмцийсэн пургон зогсож байна. Түүний дотор бараан саарал цамцтай Баяраа хэмээх нутгийн ах байлаа.
Бүгд пургондоо сууж аваад нутгийн удирдлагын ордонг зорилоо. Яваад ороход Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргал, Гадаад харилцаа аялал жуулчлалын албаны дарга С.Баярмагнай тэргүүтэй албаны төлөөлөгчид угтан авч орон нутгаа танилцуулахын сацуу аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх алс хэтийн зорилгоо давхар танилцуулж байлаа. Баянхонгор аймаг нь 2018 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарлаж үүнийхээ дагуу олон ажлыг санаачлан хийж байгаагийн нэг нь энэхүү танилцах аялал юм. Нутгийн удирдлагын ордны урд байрлах эрхэм хүний хөшөө бол тэртээх Халхголын дайнд эх орныхоо төлөө баатарлагаар тулалдан явсан гавьяат 14 баатрын нэг Норпилын Жамбаа баатрын хөшөө харагдана. Түүний өмнө дурсгалын зураг татуулан аймгийн музейг үзэж сонирхов.
Аймгаас 20 орчим км зайд давхин “Шатар чулуу хөшөө” цогцолборт зочлон очлоо. Хашаа хороогоор хамгаалаагүй ил задгай түүхийн чулуун дурсгалын бүхий л төрөл нэг дор байдгаараа онцлог бүтээгдэхүүн юм. /Миний харснаар бол энэ сайхан цогцолборыг хашаалж мал амьтан шөргөөж эвдэн сүйдэхээс эртхэн хамгаалбал гэж хэлээд л амжсан/. Тэртээх 3000 гаруй жилийн өмнөх хүний оюуны гайхамшигт бүтээл төдийгүй 50 орчим дурсгалууд нэг дор бөөгнөрчээ.
Бусад дэлгэрэнгүй тайлбарыг “Google” багшаас асууж бусад хайлт зургийг дахиад Google багшаас сураглаарай. Энэ дэлхийн хамгийн ухаантай интернет багш маань бүхнийг дэлгэрүүлээд хэлээд өгнө. Түүнд мэдэхгүй чадахгүй юм байхгүй учир цаашид тэмдэглэлд дурдагдах түүхэн газар дурсгалын тайлбарыг товчхоон хүүрнэх юм шүү.
Шатар чулуун хөшөө ороход зам харгуй гайгүй ба хажуу талын том нурууг Адуун чулууны нуруу хэмээн нэрийддэг байна. Энэ цэгээс 12 км зайд Эрдэнэцогт сумын төв байршина. Сумын төв “Таван түмэн сарлагийн баяр” нэр бүхий аялал жуулчлалын эвент арга хэмжээ сүүлийн жилүүдэд зохион байгуулагдаж тогтмолжиж байгаа юм байна. Энэ суманд ирэхэд үндсэндээ алдарт Түйн голыг бараадан явах ба замд таарах уулын үзүүр хэсэгт тогтсон өндөр цавчим хясаанууд хоорондоо тун ижил харагдана.
Сумын төвд үзэх нэг сайхан бүтээгдэхүүн бий. Тэр бол хуучнаар Сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошуу Түйн голын эрэгт Хачин ламын хийд 1903 оны үед баригдсан юм билээ. Хачин лам нь Төвдийн Банчинэрдэнээс VIII Богд Жавзундамба хутагтын багш ламаар ирсэн хэдий ч тодорхой учир шалтгаанаар Богдын хүрээнээс гарч дээрх хошуу нутагт ирж суурьшин нутгийн олон түмэнд эрдэм ухаанаараа хүндлэгдэх мэргэн хачин, хачин багш, хачин номун хаан хэмээн алдаршжээ. VIII — р Богд гурван хачин ламтай байсан гэдэг. Хачин гэдэг бол өглөө, үдэш жавтай буюу ариун цэврийг сахидаг ариутгал хийдэг. Хачин ламын сүм нь сумын баруун урд зүгт хар модон банзан хашаатай хашаа болон сүмийн хаалга нь баруун талдаа байгаа нь зарим сүм барилгыг Шамбалын орон руу харуулж барьдаг нэгэн ёс уламжлалтай холбоотой. Сүм хоёр давхар урьд талын хаалгаар нь ордог доод давхар нь өвлийн сууц бөгөөд дотроо хоёр өрөөтэй гадна талаас нь галлаж ханзыү халаадаг байж. Хийдийг барихад төвд, монгол уран дархчууд нийлж хийсэн гэгдэх ба өнгө үзэмж сайн, тогтмол лам шавьлан суух болжээ. 21-р энэ уламжлал хэвээр хадгалагдсан байна. Хийдийн ловон лам буюу тэргүүн ламыг Чогбурал Эрэнбүчи /сонссон сонсголоороо тэргүүн ламын нэрийг бичсэн болно/ хэмээх лам бий. Тэрээр Улаанбаатар хотын төв ганданд байдаг ба жилдээ хэд хэд эргэн ирдэг юмсанжээ. /Илүү дэлгэрэнгүйг Google багшаас асуучихна бизээ/
Энд ингэж саатсаны дараа 50 орчим км цааш давхин Монголдоо төдийгүй дэлхийд нэр цуутай алдарт Шаргалжуутын рашаан сувиллын газар морилон ирж энэ өдрийн замыг өндөрлөнө. Цаг харвал яг 19 цаг дор иржээ. Оройн хоолыг эндэхийн хоолны газар өглөөний цайг мөн тус хоолны газар хамтдаа сууж өнгөрүүлэн рашаантай танилцлаа. Энд нийт 300 гаруй рашаан байгаагаас 108-ыг нь судалсан ба түүнээс түмэн олон рашаан хүртдэг байна. Шаргалжуут хэмээх нэрийг учрыг энд товчлон хүүрнэе. Рашааны хажуугаар урсах голыг эрт дээр үед Шар галзуугийн гол хэмээдэг байж. Цагтаа их ус үерлүүлэн шаргалтаад ширүүхэн урсдаг байж. Энэ голын нэрээс эхтэй ба сүүлд ар түмэн нэрийг зөөллөн дуудаж шаргалжуут болгосон гэдэг. Нэр ийм учиртайг тэнд очиж мэдэв. Харин Шаргалжуут голын дээгүүр татсан гүүрэн дээр очиход өглөөний цайгаа уух үй олон загас урсгал сөрөөд хүлээж байдаг юм билээ шүү. Гадна дотны жуулчидтай явж очвол талхны үүрмэг халааслан явж гүүрэн дээрээс загас хооллох сэтгэл сэргэм тохиолыг алдахгүйг цээжиндээ цээжлээд авахад илүүдэхгүй байхаа.
Одоо тус рашаан сувилалд дотоодын амрагчид олноор очих ба гадны зочид мөн цөөнгүй байх юм. Ойролцоохон нутгийн хөрөнгө оруулагчид том амралтын газар барих сураг дуулдаж байна лээ. Баригдвал баярлах л асуудал байх. Жуулчин аваад очиход тосоод авах тав тухтай тохилог орчин бүрдвэл аштай юу. Гэхдээ одоо байгаа байр байршил, буудлын үйлчилгээ ор дэр бол гологдохгүй шүү. За энэ газрын мэдээллийг энэ хүрээд дуусгая. Тэртээ тэргүй Google багш надаас хэд дахин мэдээлэл өгөх байх. Эрэн зуунаа дагаад интернетээс хайж мэдээллээ баталгаажуулна бизээ.
Харин сүүлийн үеийн супер хөтөч GPS-тэй замд гарах бол ХӨ46.19.936, ЗУ100.13.650 солбицлыг хийчихвэл зам заагаад л будлихгүй ирэх байх. Хэрэв сүлжээ тань барьж байвал 7737–7777 албаны дугаарт нь холбогдсон ч болох юм. Улирал бүрт өөр үнийн дүн гардгыг санахад илүүдэхгүй байх шүү. Бидний энэ үед явсан цагт бол хагас люкс өрөө 67.000 төгрөгний үнэтэй байсан болно.
Нэмж ганц зүйл дурдахад. Шаргалжуут рашааны хойморт залран байх тус цэнхэр шүтээн бурхныг Оточ Манал хэмээнэ. Очсон хүмүүс “дадията ум беханзи беханзи махо беханзи раза самуд гаде суухаа” зүрхэн тариныг уншиж болно. Үнэндээ надад элдэв шашин шүтлэг байхгүй ч энд тэнд явахдаа усыг уувал ёсыг дага гэх ардын үгийг эрхэмлэн явдаг үүднээс тус тариныг нь тэмдэглэлийнхээ нэгэн хуудсанд бичиж авснаа хуваалцаж байна.
За ингээд ээлжит өдрийн аяллын замдаа үргэлжлүүлэн гарлаа. /3 дахь өдөр/
Алдарт пургон машиндаа сууцгаан аян замаа үргэлжлүүлэн 140 гаруй км явж Холбоолж нуурын эрэгт хүрлээ. Тус нуур д.т.д 1327 метр өргөгдсөн ба ХӨ45.11.728, ЗУ100.48.357 солбицолд оршино. Энэ нуураас Улаан давс гарган авдаг уламжлал одоо ч хэвээр. Харин тус нуурын цаахан талд Хунт нуур хэмээх жижгэвтэр цэнгэг нуур орших юм. Нэр нь юу билээ дээ нэр шигээ тэнд нэлээдгүй хун шувууд нүд баясгаж байлаа. Хэсэг амран саатаж 13 км давхин Богд суманд хүрэлцэн очив. Үдийн хоол энд таарч биднийг буузаар дайллаа. 10 гаруй бууз будаатай цэнхэр аяганд овоолон өгснийг бүгдийг цохиж орхилоо. Даруулганд нь говийн амтат ногоо хөмүүл байв. Идэж үзсэн хүмүүсийн завжинд одоо амтагдаж шүлс тань ялгарч байгаа гэдэгт итгэлтэй байна.
Тус сумаас 10–12 км орчим зайд жуулчны бааз байгуулагдаж байгаатай бид зорьж очин танилцав. Нутгийн иргэн Ганаа /96054368/ хэмээх ах нутаг орныг нь зорин ирэх зочдод үйлчлэх зорилготой бааз барьж байгаа юмсанж. Энэ жилдээ тэрээр 3 гэр барьж боломжийн хэрээр дайран өнгөрөх зочдод үйлчилсэн байна. Гэр баазаа барихаасаа өмнө нойл хамгийн чухал болохыг судалсан туршлага суусан Ганаа ах эхний ээлжинд 2 нойлтой 3 дүүштэй боловсон нойл хэдийн босгоод авч. Гэр нэмэгдэхийн хэрээр нойл, дүүшээ мөн өргөтгөх алсын зорилго өвөртөлсөн байна лээ дээ. Энэ газраар дайран өнгөрөх бол дээрх утас руу нь залгахад 24 цаг нээлттэй гэж өөрөө рекламдсан. Эргэн тойронд нь үзэх зүйлс гэвэл алдарт Их болд уул, элсэн манхан орон нутгийн бүтээгдэхүүн болон тэмээ унуулах бүрэн боломжтой юм билээ. Тус бааз одоогоор нэрээ ч өгч амжаагүй ч ирэх жил гэхэд нэрээ өгч шинээр шинэлэг үйл ажиллагаа эрхлэх юм гэсэн шүү. Тус бааз хөөвөр гэдэг газар байршдаг ба ХӨ45.08.150, ЗУ100.54.722 солбицолд оршино.
Түүнээс буцаж Богд сумын төврүүгээ зүглэн дэлгүүр хоршооноос ойр зуурхан зүйлс худалдан авч тус сумын ИТХ-ын дарга Т.Өнөржаргал /88696484/ болон Их Богд уулын БЦГын байгаль хамгаалагч С.Батсуурь /91892177/ нарын хамтаар замаа үргэлжлүүллээ. Тэд ойрхон зуур бидэнтэй явахдаа нутгаа танилцуулах үндсэн зорилготой яваа нь энэ юм. Их Богд уулыг чимэг Орог нуурын эрэгт ирлээ. Эндэхийн газар усыг харж шинжин тольдъё гэвэл их амархан. Баянхонгор нутгийн унаган хүү ард түмний бахархалт уран бүтээлч Сосорбарамгуайн “Зүүдний гуйлга” клипийг үзээрэй. Эргэн тойрон тэр клипэнд тод бий.
Орог нуураас холгүйхэн зам дагуу байх нэгэн дурсгалт хөшөөтэй таарна. Тэр бол тэртээх 1957 онд тэр нутаг орчимд 8 зарим эх сурвалжид 11 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь эрсэдсэн 8 хүний дурсгал болно. Ном зохиол, интернет орчин тус газар хөдлөлтийн тухай илүү ихийг өчнө байх. Тэр оройдоо тэндэхийн малчин айлд хоноцгоов. Хөзөр тоглон хөөрөлдөв.
Аяллын 4 дэх өглөөний нар тооноор туссан хойно хамгийн сүүлийн нэг хүн мишокноосоо боссон нь би байлаа. 08:40 цагт аялал замдаа гарч нутгийн 2 ахтай машинаа хослуулан давхиж Их Богд уулын ар тал Өвтийн амаар өгслөө. 14 км замыг 2 цаг орчим явж туулан гарах тус амны замын хэцүүг цаг хэмжүүр туулсан зайнаас харьцуулан харахад илт байх. Тэнхэл тонхол хэмээн аажуухан донслон ам өгсөж явсаар уулын нуруунд гарч ирлээ. Замаас баруун гар тийш хазайн 2 км явж Ширээтийн бууц буюу “Бичигч хад” түүхэн дурсгалт газар хамтлагаараа хүрэлцэн ирлээ. Нутгийн хүү Содномсамдан ах 3D ярьдаг нь үнэн гоё л доо. Хаа явсан ч гоё тайлбар өгнө. Аргагүй л нутгийн хүү дээр нь аялал жуулчлалын мэргэжилтэй албандаа 10 жил тасралтгүй зүтгэж яваа залуу мэргэжилтэн ингэж ярихаас ч яалтай билээ дээ. Энэ бичигт хадны өврөөс нутгийн хүчит бөх Богд сумын харьяат Улсын арслан Пагмын Аюуш өсөж торнисон түүхтэй. /Аймгийн музейгээс үүний тухай мэдээлэл авах боломжтой/ Бичигт хаданд хадны зураг элбэг ба ХӨ44.55.860, ЗУ100.28.929 солбицолд орших ба д.т.д 2430 метрт байршина.
Үүх түүх элбэгтэй тус бууцнаас эргэн 10 км давхиж Их Богд уулын тахилга үйлддэг уул Гэгээний овоо хүрлээ. Чулууг их цэвэрхэн өрж барьсан өнгө зүс сайтай өгөөж арвинтай уул юмсанж. Тэндээс Орог нуур харагддаг гэсэн. Биднийг очиход уулын хормойд манан буусан учир үзэж харж чадаагүй болно. Нутгийн замчин 2 маань цааш давхихыг санал болгон дахин 13 км уулын нуруугаар давхин Цонж хэмээх овоонд хүрэв. Сэтгэл сэргээж нүд баясгах цэг энэ юмсанжээ. Учир нь тус овоон дээрээс Их Богд уулын сүрлэг оргил уулын нугачаа, тахиралдан урсах Битүүтийн гол тэртээх 1957 онд газар хөдлөлтөөр нурж унасан уулын том эвдрэл, цавчим өндөр хадан хясаа, сэвэлзсэн хүчтэй салхи зэрэгт очсон хүний сэтгэл баясахыг өөрийн биеэр батлан дааж болж байна. Аз таарвал янгир, аргал хонь харах бол энүүхэнд гэсэн шүү. /Солбицол ХӨ44.57.779, ЗУ100.22.751/
Ирсэн замын зүг жолоо эргүүлэн 20 км явж Пунцаг овоонд хүрлээ. Энэ бол Монголын хамгийн том бөгөөд хамгийн өндөрт байрлах хиригсүүр байж мэдэх юм. За тэгээд эндэхийн түүх домог, учир жанцан их учир үлдээгээд цаашлая. Алдарт Google маань хэлээд өгнөө.
Энэ цэгээс биднийг нутагтайгаа танилцуулсан сумын ИТХ-ын дарга Т.Өнөржаргал, Их Богд уулын байгаль хамгаалагч С.Батсүх нар зам салан буцлаа. Бид хамтлагаараа саарал пургондоо дуу аялан цонхоор байгаль ширтэн 60 орчим км явж Хүн үүслийн өлгий хэмээгдсэн алдарт “Цагаан агуй”-д морилон саатлаа. /ХӨ44.19.859, ЗУ100.20.520/.
Төсөөллөөс тэс өөр байсныг дотор нь ороод мэдсэн юмдаг. Одоо очвол агуйн ам руу чулуугаар шат засаж гадна тэмдэглэгээ сүүдрэвч таныг тосно. Агуйн дотор эртний хүний эр эм баримлыг уран гоё цогцлоосон нь илүү анхаарал татж байлаа. Анхааруулахад ганц нэгээрээ зорин анх очвол тэр хоёр хүний баримлаас айж мэдэхээр юм билээ шүү. Агуйн мухар хонгол тасалгаа түүний чулуу гоёоо гоё. Илүү реклам энэ агуйд хэрэггүй зүгээр байгалиас бүтээж өгсөн нандин бүтээл.
Тус агуй Баянлиг сумын нутагт хамаарагдах ба агуйн нийт урт 34, 44, 38 гэх мэтчилэн судлаачид өөр өөрийн судалгааг дэвшүүлдэг. Мэдсэн бол метр авчираад хэмжин үзэж хэнийх нь зөв болохыг дөхүүлэхсэн. Ам яриа, шинжлэх ухааны гадаад дотоодын эрдэмтдийн судалгаагаар бол тэртээх 750.000 жилийн өмнө хүн амьдарч байсныг түүнээс олдсон олдвороор нотолсон гэдэг. Яг аргачлалыг нь мэдэхгүй ч “А” хувилбар Африк тивд хүн үүссэн гэвч “Б” хувилбар нь Ази тив тэр дундаа Монгол нутагт минь хүн үүссэн таамаг дэлхий дахинаа тархсан юмсанжээ. Худал үнэнг цаг хугацаа, шинжлэх ухаан харуулах учир орчин цагийн энгийн иргэд бид энэ асуудалд оюун ухаанаа уралдуулж хэрүүлийн алим хуваах хэрэггүй биз. Саяхан салбарын фэйсбүүк групп бичлэгийг байршуулсан чинь цагийн дотор хэд хэдэн хүн талцаад авна лээ. Тэдний сайн сайхны төлөө бичлэгээ устгасан даа. /хэхэ/
За илүү дэлгэрэнгүйг сонирхолтой мэдээллийг Google багш болон эрдэмтэн судлаачдаас асуугаарай. Миний мэдэх зүйл энэ хүрээд дуусч байна. Ямартай ч зориод очвол ярвайхгүй ээ ямар ч байсан сэтгэл тань баясаад гарна шүү. Гар чийдэн авч орохоо мартав аа.
Сэтгэл нь өег болсон бид 40 орчим км давхиад Баянлиг сумын төвд хоног таарууллаа. Шинэ сум төсөл хэрэгжсэн сумыг нүдээр үзэв. Бид дотуур байранд нь байрлаж утас, аппаратаа дүүртэл цэнэглэн хонолоо. Сумын засаг дарга А.Бадмаадорж гэх эрхэм ярьж өгдөг нэгэн байсан шүү. Ярьдаг шигээ үүрэгт ажлаа бас хийж өгдөг бололтой ажлын бүтээмж байгаа байдлаас нь илт. Жуулчин дагуулаад очвол сумандаа зочид буудалтай ба жуулчдад бас дотуур байр сургууль их таалагдах нь дамжиггүй мэт санагдсан шүү.
Ээлжит нар илчээ төөнөн мандаж ээлжит өдрийн аялалдаа гарахад ч бид бэлэн. Баянлиг сумаас зүүн урагш 45 км явж “Бичигт хад” хэмээн нэрийдсэн газар хүрлээ. /Солбицол ХӨ49.19.859, ЗУ101.10.232/. Хадны зурагтай л бол нутаг бүхэнд Бичигт хад гэж нэрлэх нь элбэг. Харин би энэ газрыг арай өөрөөр нэрлэчихмээр санагдаж байлаа. Учир вэ гэж үү? мэдээж учиртай. Тэнд үй олон хадны зураг нэгэн уулын энгэр дүүрэн байх. Эргэн тойрны ам бүхэнд хадны зураг байна. Зүгээр л байгалийн галерей гэлтэй. Өдөржингөө яваад ч хөл үл хүрэх тийм л сайхан газар монголд минь байдаг л юм байна лээ дээ. Жуулчдад бол хоноглуулан байршуулж /майханд/ үзүүлсээр нэг өдрийн хөтөлбөрч болж болмоор. Цаг нартай яваа бид хэсэгхэн газрыг нь үзэж баясан зураг хөрөг татуулан аяллаа үргэлжлүүлсэн дээ.
Тэндээс үргэлжлүүлэн 60 км цаашлан дахисаар нар тонгойх цаг дор Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Бүгийн цавын захад хүрлээ. Энэ хүрэхэд Говь Гурван сайхан улсын ТХГН-аар дайран явна. Бидний урд Нэмэхтийн хоолой үзэгдэх ба энэ газраас балар эртний үлэг гүрвэл түүнтэй холбоотой олдворууд их олддог алдарт цавуудын нэг билээ.
Нар шингэхтэй зэрэгцэн хүлгийг жолоог эргэн залж 110 км шуурхайлан давхиж Баянговь сумын төвд ирж хоног таарлаа. Сумын төв орохоос урьтаж сумаас 8 орчим км зайд орших “Цагаан булаг” хэмээх газраар зочлов. Бидний найз энэ удаад гар чийдэн байлаа. Харанхуйд нэгэн үзвэр үзнэ гэдэг бас сонин. Сонин сониндоо энд их содон зүйл бий. Цагаан гантиг чулуун дээр ирсэн хүн бүр гулган буусаар байгаад илэх төдийд толийсон мөс адил гялгар болсон гулсуур хад түүний орчимд харь гарагийн дурсгал байх юм. Харь гарагийн дурсгал нь хадан дуур харагдах ба яг л дээрээс доошоо хараад унасан мэт хөл гар, толгой, нүд, толгойн дээрх 2 антийн /үгийн алдаа байж болно/ зэрэг дүрс байх нь содон. Нутгийнхан түүнийг харь гарагтай холбон тайлбарлах нь үнэн худал нь бүү мэд ч үнэхээр сонирхолтой юм билээ. Шөнөөр очиж үзсэн нь түүхэн дурсгалт газрын онцлогтой яв цав таарсан мэт.
Ийнхүү Баянговь суманд ээлжит хоног өнгөрлөө. Ургах наран цагтаа мандаж урдах замаа бид хороохоор өглөөтэй учирлаа.
Сумын төвөөс холгүйхэн 10 км дотор Gobi Camel ger camp замд тосно. 10-р сарын эхээр буусан бололтой гэр баазын туурь тоссон л доо үнэндээ. Гэвч энэ жуулчны бааз одоогоос 10 гаруй жилийн өмнө үйл ажиллагаагаа эрхэлж тогтвор суурьшилтай үйл ажиллагаа нь явагддаг юм билээ. Хэрэв холбогдох бол 99013348, 99445899 дугаарт болон bayraa1192@yahoo.com хаягаар холбогдох боломжтой. Энэ мэдээллийг тус баазын захирал Баяраа ах биднийг тосон ирж мэдээлэл өгсөн юм. Аргагүй л нэг ажил хэрэгч хүн харагдана. Гэр нь үйлчилгээний явцад 70–90 мянга юм билээ. Хоол унд нь багтсан үнэ шүү. Говийн алдарт хоол Жимбийг ч мөн захиалбал дор нь гаргана гэж байгаа. Жуулчны тав тухтай байдлыг эрхэмлэн боловсон нойл дүүш, гэрийн зохион байгуулалт нь бидэнд тараасан брошур дээрээс лав сайхан харагдсан. /Солбицол ХӨ45.33.324, ЗУ100.20.520/. Нэмж сонирхуулахад тус баазын баруун талын хэсэг хаданд Байшинтийн туурь хэмээх төдийлөн судлагдаагүй туурь байх юм билээ.
Одоо аяны тэмдэглэлээ жаахан түргэсгэж үзье. Энэ газраас шууд Баацагаан сум орлоо. Сумын музей үзэв. Сумаас шатахуун авав. Цааш 18 км давхин Бөөн цагаан нуурын орчимд ганцаар торойх Баянсайр тур жуулчны баазад зочиллоо. Харин энэ хавьд жаахан мэдээлэл сийрүүлье. Энэ кемп нь энэ хавьдаа ганц хэдий ч бас гэж тохь тухтай байшин болон, гэр бааз ажилладаг. Мэдээж биднийг очиход буусан байсан ч манаач эзэнтэй нь орон нутгийнхан нь холбогдож байршсан юмдаг. Энэ газартай холбогдох бол 91117373 билүү 91117676 билүү аль нэг утас нь зөв шүү /хэхэ/. Нөхцөл байдлаас шалтгаалан бал цааснаасаа хол байсан учир толгойдоо тогтоосон ч хэд хоногийн дараа санах ойгоо ухавч эргэлзээ төрөв. За ямартай ч нэг нь шүү. Болохгүй бол ХӨ45.37.092, ЗУ99.15.358 гэсэн солбицлоор олоод очих боломжтой.
Энэ газраас хойхно талд орших Бөөн цагаан нууранд нар шингэхийг харах тун сайхан юм билээ. Бас нар мандахыг. Энэ орой бол манай багийнхны хувьд хэрээр гэр хийж хэцээр дэр хийх гэж хэлсдүүлэх ч хөдөө талд давхих сүүлийн шөнө маань билээ. Ганзага нийлсэн хамт олны аян зам, ажил үйлс бүтдэг. Бидний ганзага нийлсэн бидний зорилго биелсэн тийм л аялал боллоо гэж дүгнэн суух оройн хоолонд амт нэмнэ.
Маргаашийн мандах нар үүлсийн цаагуур орж бүдэгрэнэ. Өглөө салхитай ч өнөөх Бөөнцагаан нуурын давлагаа яг л далай мэт. Далайг дэргэдээс нь харж үзээгүй л дээ. Гэхдээ кинон дээрээс бол зөндөө харсан /хэхэ/ яг л тэрэн шиг байсан юм.
Биднийг өнөөдөр 140 км зам хүлээж байна. Энэ замыг туулчихвал Баянхонгор аймгийн төв орно гэсэн үг. Үг ёсоор 15 цагийн үед аймгийн төвд ирснээр судалгааны аяллын үндсэн зам дуусаж билээ. Улаанбаатар хотоос ирэхдээ байршиж байсан буудалдаа өмнө орж байсан өрөө өрөөндөө тухлан саатаж аян замын тоос шороогоо усаар урсган аймгийн зах орж хотод ховорхон цагаан идээний зүйлс худалдан авцгаав.
Оройн 19:00 цагт тус буудлын 2 давхрын ресторанд Баянхонгор аймгийн засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны дарга С.Баярмагнай болон тус газрын ахлах мэргэжилтэн Содномсамдан нар тусгай хүлээн авалт хийж тэрүүхэн тэндээ хөөрөлдөн аяны богц, алдаа оноо, аймгийн аялал жуулчлалын маршрут, санал хүсэлтээ урсгасан сайхан үдэш боллоо.
Аян замынхаа төгсгөлд энэ бүх тэмдэглэлийн гол эзэд нь болсон багийн хамт олноо танилцуулъя. Жигүүр ХХК-ийг төлөөлж тус компаний захирал М.Доржханд, Ар Монгол Трэйвел ХХК-ийг төлөөлөгж Б.Өнөбилэг, Тахь Трэйвел ХХК-ийг төлөөлж н.Мөнх-Оргил, Степ Адвентур ХХК-ийг төлөөлж Э.Отгонбаяр болон Э.Сугармаа, Наранцацрал түүнчлэн миний бие М.Дархижав Монголын аялал жуулчлалын холбоог төлөөлж оролцсон билээ.
Энэ аяллын хамгийн содод зүйл нь бид Их Богд уулыг л тойрон аялж байгаа мэт хаа газраас дүнхийн харагдах бараа сүр нь тод уул хамгийн тод дурсамж нь боллоо. Баянхонгор аймгийн 10 гайхамшгийн 7 газраар нь бид зочилжээ.
Элдвийн яриа шуугиангүй энгийн нэгэн аялал маань ээлжит өдөр буюу 10-р сарын 25 нд 630 км замд давхин оройн 19 цагт улсын нийслэл Улаанбаатар хотод ирснээр дуусгавар болов.
Манай аяллын баг үзсэн харсан зүйл дээрээ тулгуурлан Улаанбаатар хотноо товлосон өдрөө уулзаж урт, богино, дунд гэсэн жуулчдад зориулсан 3 маршрут гаргахаар зэхэж байгаа болно.
Аялал сайхан дурсамжийг бүтээдэг.
Аян замын тэмдэглэл хөтөлсөн: М.Дархижав
… 17:25
Тэмдэглэл сийрүүлэн бичсэн өдөр 2018.10.30