Хайр бол ХАЛАМЖ
Яг одоо та дэргэдээ хань ижилтэйгээ, хайртай бүсгүй /залуу/-тайгаа байгаа бол чи яг одоо хамгийн жаргалтай хүн шүү. За тэгээд эцэг эхдээ хэзээд хөөрхөн харагдах /хүүхэд/ үртэй бол бүүр дээдийн жаргал шүү. Нээрээ шүү.
Хоёр хүн холдох тэр л орон зайг сэтгэлийн тань угаас мэдрэгдэх гашуун мэдрэмж ойлгуулдаг. Заримдаа нулимс түүнийг илэрхийлэх ч гэрчгүй нуудаг аж. Гэдсээ дүүртэл юм идсэн ч яагаад ч юм дотор тань хов хоосон мэт ханамжгүй мэдрэмж байсаар байх болно. Тэр бол ХАЙР-ын орон зай шүү.
Хайр бол ХАЛАМЖ бөгөөд харин халамж дутвал хайр хөрдөг. Хөрсөн хайр урьдынх шигээ хэзээ ч ургадаггүй аж. Ургахгүй байх учир нь дээрх мөрөнд бий. Халамж гэхээр байр машин, гоёл чимэглэлдээ биш ээ зүгээр л ажлаасаа ороод ирэхэд нь таавчгыг нь дөхүүлж өгөх, аяга ус хийгээд угтах, ажилдаа явахдаа болон ирэхдээ үнсэх, хаая нэг дуртай амттанг нь цүнхлээд ороод ирэх, хамтдаа сууж кино үзэнгээ нэгнийгээ хөлийг дэрлэх, амралтын өдрүүдэд агаарт хамт алхах нь л гэр бүлийн хувьд үнэтэй халамж ажээ.
Сэтгэлээр унах үед нь сайн зөвлөгөө өгч чадахгүй ч чиний ард үргэлж бий байгаа шүү гэдгээ ямар нэгэн аргаар мэдрүүлэх нь дэм аж. Амжилттай яваа үед нь урам өгч урагшлах замд чамтай хамт шүү гэдэг нь хүч аж. Хаая нэг найз нөхөдтэйгээ сархадын ард саагих ч ижлээсээ өөр хүнтэй сээтэгнэхгүй байх нь итгэл аж.
Хослон амьдрах тийм ч хэцүү биш ээ. Зүгээр л байгаа бүхнээ хувааж байгаа чадлаараа хичээж ажиллах нь амьдрал. Бүхнийг хамтдаа босгох гэдэг нь л хөдөлмөр. Хувь хүмүүсийн ур чадвараас хамаарч түүнд хичнээн ч цаг орж болох ч эцсийн үр дүнд хамтдаа байх мөч.
Гэвч… сүүлийн жилүүдэд САЛАЛТ хэмээх муухай үг хамаг амьдралыг самрах тохиолдол нийгэмд ихсэж. Энэ нь зөвхөн дээрх холбоосууд болон халамж дутагдсаных. Магадгүй зарим тохиолдолд бусад хүчин зүйлс тохиолдох ч ихэнх тохиолдолд нэгнээ хүндэтгэхгүй байх, үг сөрж даамжруулан ярилцаж ойлголцохгүй байхаас л С-ын эхлэл үүсч байдаг аж.
Үлдэх үрийн заяагаа л дээдэлж яваарай. Чиний үргэлжлэл элэг бүтэн өсч энэ орчлонд ааваа гэж дуудан айх аюулаас ангижирч, ээжээ гэж дуудан энэрэх ухаарлыг олж байх хувь тохиолыг заавал олгоорой.
Хүний амьдрал тийм ч урт биш. Хамгийн товчхондоо бол 4 үетэй. Эхний үе нь таны хүүхэд нас. 2 дахь үе нь жинхэнэ дурлаж шохоорхон гэгэлзэх нас. 3 дах үе нь сайхан ханьтай болж үр хүүхдүүдээр гэрээ цангинуулах нас. 4 дэх үе нь хүүхдүүдийнхээ төлөө хамтдаа зүтгэх нас.
Үүнээс цааш үе байхгүй. Учир нь хүн энэ үеэс эхлэн хүүхдийнхээ төлөө л бүхнийг зориулдаг нь жам аж. Харин хамт байж хамтдаа зүтгэхийг л ХОСУУД гэх аж.
2020.08.07