Тэмээн аялал — аян замын тэмдэглэл

Daagii Compass
21 min readAug 30, 2018

--

Өмнөговь аймаг

Аяллын тэмдэглэлээ тэмээ гэх амьтны талаарх түүхэн домог яриагаар эхлүүлье. Тэмээг ус ууж байхад нь буга ирээд найранд очих гэсэн шалдан толгойтой муухай юм байна би эврээр чинь гоёчхоод эргүүлэн аваад ирье гээд авсан гэдэг. Тэр цагаас хойш ус уух болгондоо байн байн алсыг харж зогсдог нь найранд явсан буга эврийг нь авчирч магадгүй хэмээн горьдон харж зогсдог ажээ. Мөн өөр нэг домогт Хулгана, тэмээ хоёр 12 жилд орохоор маргалдсаны эцэст хэн өглөөний нарыг түрүүлж харсан нь жилд багтахаар тохирч гэнэ. Тэмээ өндрөөрөө би эхэлж нар үзнэ гээд наран мандах зүгт хараад зогсоход хулгана хойд бөхийх нь дээр эсрэг харан уулын оройд нар тусахыг хүлээн суусан аж. Уулын оройд нар тусахыг харсан хулгана би эхэлж харлаа хэмээн үсрэн бууж хаясан үнсэн доогуур оржээ. Үүнээс хойш тэмээ айлын тэгш газар хаясан үнс хараад хулганад өс санан дээр нь очиж хөрвөөдөг болсон гэдэг. Домогт өгүүлсэнчлэн амьдралдаа хоёр удаа хууртаж явсан тэмээ гэх амьтнаар “Хүүгийн нүүдэл” аяллын минь 3-р өртөө үргэлжлэх учиртай.

Дугуйн аялал дуусаад Өмнөговь аймгийн Ханбогд суманд тэмээн аяллын хамтрагчаа хүлээлээ. Тохирсон өдрөө товлосон цагтаа буюу 4-р сарын 18-нд Өмнөговь аймгийн унаган хүү Ч.Сумъяахүү найз яваад ирлээ. Бид хоёр танилцаад удаагүй ч хамтрагч маань хамт аялах санал тавьснаар өнөөдөр ингэж дахин уулзах хувь тохиосон хэрэг юм. Даланзадгад хүнсний Ч.Сумъяахүү гэхээр аймгийн төвийнхөн нь андахгүй танина. Говийн Их Батаар компанийг үүсгэн байгуулж Даланзадгад хэмээх брэнд нэрээр аймгийнхаа төвийг хүнс, хүнсэн бүтээгдэхүүнээр хангадаг өсөж яваа бизнесмен залуу билээ. Ирэхдээ ажлынхаа нэг машиныг унаад ирсэн байлаа. Тэр оройдоо хоёулаа сумын төвд зочид буудалд амраад маргаашийг хүлээлээ.

4-р сарын 19-нд тэмээн аяллын гарааны өглөө айлчлан ирлээ. Бидний тэмээн аяллыг дэмжин тэмээтэй айл өрхөд холбож өгөхөөр Монголын Тэмээн Соёл Уралдаан Холбоо тэр дундаа С.Ариунсанаа ах маань ард минь голлох үүргийг гүйцэтгэж байгаа билээ. Ийнхүү тэмээн аяллаа эхлүүлэхээр сумын төвөөс баруун хойд зүгт 15 орчим км газарт байрлах Ханбогд сумын 2-р багийн малчин Боюу ахынх руу хүлгийн жолоо заллаа. Хүрч очин аяллын зорилго, зорилтоо танилцуулаад аялал эхлэх үндсэн цэг дэлхийн энергийн төв Дэмчог хийд рүү хоёр атан тэмээ унаад 18 км газар тэдний хүү Ганхүлэгийн хамт замдаа гарлаа. Сумъяахүү маань машинаа бариад шууд Дэмчогийн хийд рүү түрүүлж очихоор давхилаа. Хоёр цаг гаруй яваад бид хоёр ч хүрч очлоо. Тэмээгээ аргамжин майхнаа бариад тэмээчин залуутай хууч хөөрсөөр амарцгаалаа. Дараа өдрийн нар 07 цаг 05 минутад мандлаа. Дэлхийн энергийн төв хэмээн алдаршсан Дэмчогийн хийдээр зочиллоо. Энэ газар 2012 оны 10–р сарын сүүлчээр явган аяллаар явж байхдаа маршрут таарч ирж байсан болохоор яаж энерги авах, ямар учиртай газар болохыг сайн мэдэж байлаа. Цаашлаад тухайн үед манаач хийж байсан Ч.Ганчимэг гэх эгч 4 жилийн дараа очиход яг хэвээрээ байж байсан юм. Энэ жилээс эхлэн хийд тогтмол ламтай болох ба Ганчимэг эгчийн хүү түүний ловон лам болох ажээ.

Ноён хутагт Д.Данзанравжаа говь нутагт нийт 8 хийд байгуулсны нэг нь Дэмчогийн хийд юм. Тэрээр Ханбогд хайрханы дэргэд 7 хоног бясалгал үйлдээд 30 хоног мориор давхиж нутаг орныг сонжин шинжиж үзээд эдүгээ болон ирээдүй хойчийн хамаг амьтны тусын тулд “Галбын гурван хийд” Дэмчог, Эрээт, Цагаан толгой бүхий гурван хийдийг чандмань хэлбэрийн байрлалаар 1830–1836 оны хооронд 5–6 км-ын зайтай цогцлоожээ. Дэмчог гэдэг нь “дээд амгалан” хэмээх утгатай ба 2007 онд Дашням тэргүүтэй эрдэмтэд энергийн цэг болох бүсийг тогтоох судалгаа хийсэн байна. Хутагтын номын ширээгээ залж байсан хадан тавцанг энергийн төв болохыг тогтоож, тэр цэгээс хааш хаашаа 15 км газар энергийн төв байгаа хэмээн тэмдэглэжээ. Тус энергийн цэгт хадаас зоож тэмдэглэсэн байдаг ба зүүн гарын алгаа хадаасны толгойгоос 1–3 см зайтай барьж баруун гарын алгаа наран зүг харуулан энерги авдаг уламжлал тогтоод байна. Хийдийн хойд хэсэгт босоо бэлэг эрхтэн хэлбэртэй Бэлэг хад буюу Норов хад байдаг ба эмэгтэйчүүд тус хаданд сайн хань, сайхан үр хүүхэд гуйн шивнэдэг бол эрчүүд эрч хүч хайрлахыг хүсэн шивнэдэг билээ. Тус хийдэд очихоор төлөвлөсөн бол та Ар Монголын алдарт дуу Үлэмжийн чанарыг сураад очоорой. Учир нь хийд рүү орох үүдэнд 7 тонн жинтэй чулуун дээр Үлэмжийн чанар дууг цохин сийлсэн байдаг ба түүнийг харан дуулах учиртай. Ингэснээр дарь эхийн тариныг 1000 удаа, хийморийн санг 100 удаа уншсантай ижил хэмжээний буяныг хураадаг хэмээжээ.

Ингээд дурсгалын зураг татуулан дурсамжаа арвижуулаад Сумъяахүүгийн хамт атан дээрээ мордож баруун зүгийг чиглэн нүүж эхэллээ. Ганхүлэг маань харин бидний машиныг барин урд гарч дахин хүлээх маягаар биднийг бараадан явна. Харагдах байдлаасаа хаврын тэмээ тэс өөр юм билээ. Үс ноос нь сагсайсан байдлыг нь харвал хоёр бөхийх нь дунд тав тухтай мэт санагдана. Гэвч тийм биш бололтой удаан яваад ирэхээр цавины хоёр тал холгож шалбарахын наагуур болох юм. Анхны өдөр болохоор дэмий баашлах эрт тул гүрийгээд явахдаа хааяа жонжуулна шүү дээ. Ингэж жонжуулахад босож сууж явах нь хамгийн тохиромжтой. Тэмээ гэдэг амьтны явдал нь удаан юм шиг хэрнээ газар сайн хороодог бололтой үдийн үед Оюутолгой ХК-ний объектын гадаа ирэхэд ойролцоогоор 35 км зам туулжээ. Тэндээ бууж үдлэн саатаад эргэн үргэлжлүүлэхдээ бид хоёр доороо мишокнуудаа тавиад унахад түрүүнийхээс хамаагүй зөөлөн эвтэйхэн санагдав. Дуу дуулаад л хоёулаа эхний өдөр мөн ч цоглог явсаар оройн 17 цагийн үед тэмээнээсээ буух гэтэл хөл хөшчихсөн буухад ёстой хэцүү болжээ. Нээх өндөр дээрээс бөхийг нь дагаад буух ч гараа тавимагц хөлөөрөө биш бөгсөөрөө газардлаа. Ганхүлэг хараад баахан шоолж инээж билээ. Босоод алхах гэхэд хөлөө зөөж ядаад хамаг бие агсагдаад үнэхээр хөгжилтэй ч юм шиг. Улаанбаатар хотын орчимд тэмээ уналгын газарт хэдэн минут тэмээ унах, урт холын аялалд хэдэн өдрөөр тэмээ унах хоёр хоорондоо тэс өөр сэтгэгдэл төрүүлж чаддаг юм байна. Халуун хар цай, хөнгөн хооллож аваад тэмээчин залуу Ганхүлэг Баян-Овоо сумын нутаг хүргээд нэг тэмээгээ унаад нөгөө тэмээгээ хөтлөөд жонжуулан татаад эргэн гэрийн зүг буцлаа. Хэдийгээр Тэмээн Соёл Уралдааны Холбоо биднийг тус айл өрхтэй холбож өгч байгаа ч атан тэмээ ашигласан, айлын хүний цаг нарнаас хомсолсон бид хоёр зохих хөлсийг өгч явсан билээ. Өнөөдөр эхний өдөр гэхэд 50 орчим км замыг туулсан үзүүлэлттэй боллоо.

Ингээд дараачийн тэмээ залгуулах айл Баян-Овоо сумын харьяат тэмээчин ахынхыг нар шингэх үед утсаар ярьж байгаад олоод оччихлоо. 50 гарсан бололтой бүдүүн бор ах гэрийнхээ хойморт биднийг хүлээсэн аятай хөөргөө бэлдчихсэн сууж байна. Заншил ёсоор мэнд мэдэлцээд учир байдлаа тайлбарлаж танилууд боллоо. “Монгол Тэмээ-999” ТББ-ын тэргүүн Болоожийн Од-Гариг гэх яриа хөөрөө ихтэй ах бөгөөд түүний гэргийг Ц.Отгончулуун гэдэг ба бууз жигнэхээр гал өрдөнө. Жаргалант уулын ар, Зэгтийн голын хөндийд нутаглах ба ямаа голдуу малаа өсгөсөн тэр айлд энэ өдрийн хоног таарлаа.

Хорвоогийн бор хоног ээлжлэн солигдож алтан шар нар мандлаа. Урд орой хийсэн буузнаас халуун цайнд хийгээд өглөөний унд болгох зуур тэмээний логотой жанжин малгай өмссөн хоёр залуу ороод ирэв. “Монгол Тэмээ-999” ТББ-ын тэргүүн Од-Гариг ахын тушаалаар ирсэн нь энэ байжээ. Гэрт танилцаж хэрэг зоригоо дахин тайлбарлаад хамтдаа гэрээс гарахад гурван сайхан атан тэмээ гэрийн гадаа уяатай байх юм. Шинэвтэр тохош тохоод сайхан ногт хийсэн болоод ч тэр үү үнэхээр сүржин сүр бараа нь улам үзэсгэлэнтэй харагдана. Бидэн дээр ирсэн хоёр залуу бол Б.Баатархүү, Ш.Мөнхтүвшин нар юм. Монголчууд морины уяачийг “алдарт уяач” хэмээн зэрэг дэвээр нь дууддаг бол Монголын Тэмээн Соёл Уралдааны холбооноос гаргасан санаачлагын дагуу тэмээ хурдлуулдаг алдартнаа “тэргүүн уяач” хэмээх цол гарган ялгах үйлдэл нь тун ч зөв бололтой. Ш.Мөнхтүвшин тэргүүн уяач залуугийн хамтаар Сумъяахүү бид хоёр замдаа гарлаа. Араас Од-Гариг ах Баатархүү хоёр машиныг маань бариад ирэх учиртай. 20 орчим км яваад агуйн амыг чулуугаар өрж янзалсан Баян нэртэй жижиг агуйд саатлаа. Түүнээс цааш үд хүртэл явахад ард түмнийхээ дунд “Ажлын тал” нэрээр алдаршсан өвөл зунгүй ус гоожиж байдаг байгалийн өвөрмөц тогтоц дээр ирж үзлээ. Нутгийнхан тус булгийн эхийг хамгаалан хашаалж орон нутгийнхаа хамгаалалтад авчээ. Тэндэхийн тэмээ мал гэлтгүй зэрлэг ан амьтад хүртэл ундаалж байдаг амин чухал газар нь юм гэсэн. Энэ өдөр тэмээн дээр дахин 50 орчим км явав. Өчигдрийн хөндүүр байсан хөл, цавь өнөөдөр аялалдаа дассан бололтой зүв зүгээр байх нь сонин. Өчигдрийн унасан тэмээнээс өнөөдрийн унасан тэмээний хоёр бөх хоорондоо ойрхон байсан учраас тэр байж магадгүй юм. Тэргүүн уяачдаас асуувал тэмээ болгон өөр өөр явдалтай гэж тоймлох үгнээс нь илт. Ийнхүү өнөөдрийн аяллаа амжилттай дуусгасан хоёрын сэтгэл хангалуун, нөгөө хэдийн маань ч үүрэг даалгавар амжилттай тул сэтгэл санаа өөдрөг. Баатархүү, Мөнхтүвшин хоёр маань тэмээгээ унаад гэрийн зүг эргүүлэн жонжуулж алсад улам холдоно. Харин Од-Гариг ах сумын төв орохоор бид хоёртой зам нэгдэн төв ороод хоноглов.

Дараа өглөө Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Х.Батболд гэх эрхэмтэй уулзаж газрын зураг дээрээ тамга даруулаад дараачийн айлын зүг хөдлөв. Тус сумын засаг даргын санаачлагаар Баян-Овоо суманд Геннисийн дээд амжилтыг тогтоох тэмээний баяр зохион байгуулах санаачлага гарсан ч ирэх зочдыг хүлээн авах зочид буудлууд, шатахуун түгээх газар, дэлгүүр хоршооноос эхлүүлээд хүч хүрэхгүй байсан учраас хожим аймгийн төвдөө хийхээр болсон байна. Номгон сумын нутаг Эмгэн булаг хэмээх газар нутаглах залуу уяач Б.Батбаярынд очихоор замдаа гарлаа. Баян-Овоо сумаас Их Хачиг уулын хойд шилээр гарч яван Батбаярынд хүрэлцэн ирлээ. Урьдчилан ярьсанаар хоёр тэмээгээ гэрийнхээ гадаа сойжээ. Цаг оройтох байсан учраас очоод шууд замдаа гарав.

Тэмээн аялал хийнэ гэдэг тийм ч амаргүй бололтой. Хэрэв бид хоёр машингүй явсан бол айлаас айл руугаа яаж явах байсан юм бүү мэд. Анх Ханбогд сумаас гарахдаа машинаа үлдээх үү яах уу гэсэн асуултыг байн байн нэгэндээ тавьж байгаад авч гарсан унаа минь. Санхүүгээр ивээн тэтгэх байгууллага байхгүй бид хоёрт тэмээний хөлс дээр нь Өмнөговь аймгийн нутгийг зүүнээс баруунд бидэнд тус болон ханьсах машиныхаа шатахууныг яаж хийх тухай асуудал нэмэгдэж байсан ч олон түмнийхээ дэмжлэгээр болоод л байлаа. Хэзээний нэг тэмээчин залуучууд шиг тэмээгээ унаад Номгон сумын төв рүү зүглэв. Батбаяр машин барьж урд хойно гарч ханьсаж явсаар 30 км зам туулж өнөөдрийн ээлжит аялал амжилттай дууслаа.

Энэхэн агшинд тэмээ гэх амьтантай хамтдаа танилцъя. Тэмээг тэртээх 5000 жилийн өмнөөс гаршуулж эхэлсэн ба дэлхийн тэмээний 90 хувийг ганц бөхт буюу Наран тэмээ, үлдсэн 10 хувийг хоёр бөхт тэмээ эзэлдэг байна. Монгол улс болон Хятад улсын хойд говь ӨМОЗО, Халимаг, Хасаг зэрэг улс орнууд хоёр бөхтэй тэмээ үржүүлдэг. Тэмээний өвөг бол зэрлэг тэмээн гөрөөс хэмээгдэг Хавтгай юм. Манай орны Алтайн нурууны цаад говьд одоо ч Хавтгай тэмээ байгаа билээ. Тэмээний уруул хөдөлгөөн сайтай, сэтэрхий уруулынх нь баруун, зүүн тал тус тусдаа хөдөлдөг нь говь, хээрийн бүсийн ургамлаар хооллох зохилдлогоог буй болгожээ. Тэмээ алсын барааг өдөр шөнө ялгалгүй хардаг ба үнэр сайн мэдэрдэг хосгүй амьтан. Ус худаг, айл бууцыг 30-аад км-ын цаанаас мэдэрдэг гэдэг. Ямар ч элсэн цөл, говь хээрийн бүсэд баримжаа алддаггүй орон зайн мэдрэмж сайтайгаараа малчдад хүндлэгдсэн тэнхээт амьтан. Нэг минутад 8–10 удаа амьсгалдаг. Тэмээ өвс, усгүйгээр удаан байж өл даах чадвараараа бусад амьтнаас илүү учир ялгарах нэг онцлог нь болдог. Энэ нь түүний хоёр бөхтэй холбоотой билээ. Өдөрт 80 литр хүртэл ус уудаг энэ амьтныг туршилтад оруулж өвс ус өгөхгүйгээр байлгахад 56–70 хоног, өвс өгч услахгүй байхад 78 хоног, зөвхөн ус өгч байгаа нөхцөлд 86–131 хоног тэсч чаддаг гэсэн судалгаа гарсан нь түүний тэвчээрийг биширхээс өөр яалтай. Тэмээ амгалан дөлгөөн зантай, уналга эдэлгээнд амархан сурдаг түргэн номхордог энэ амьтан 30–35 жил насалдаг. Хэвтүүлэхдээ “сөг сөг”, ачаанд буюу унаад босгохдоо “хөөг”, эргүүлэхдээ “хөөж, хаа”, хужирлахдаа “тоор тоор”, ингийг ботгондоо ирэхэд нь “хөөс хөөс” гэж аажуу тайван дуугаар аялгуу гаргаж сургадаг монгол малчны их гайхалтай ажиглалтын үр дүнгээс үүссэн арга заншил юм. Тэмээ нуруундаа 200–240 кг, тэргэнд хөллөсөн үед 400–500 кг ачаа тээж чаддаг хүчтэй амьтан. Удам угшлын хувьд Галбын улаан тэмээ, Ханан хэцийн хүрэн, Ламын гэгээний жаахан шар, Төхөм тунгалгийн хос зогдорт зэрэг тэмээний угшлууд бий. Ботго, тором, шилбэ, тайлаг, ат, ингэ гэсэн нас насны ангиллаар нэрлэдэг ба эцэг тэмээг буур хэмээдэг.

Цаашлаад Номгон сумын төвд ирэв. Энэ үед сумын засаг даргын орлогч, аймгийн арслан цолтой н.Идэрсүрэн ах угтан авч сумынхаа зочид буудалд байрлуулж өглөө. Буудлын хойд талд соёлын төв нь байх юм. Орой гэгээ тасрахын үед хөгжим нижигнэж сумын бүжиг болоход залуу хүмүүсийн цөс хөөрч хальт ороод бас амжлаа. Буудалдаа орж тэмдэглэлээ хөтөлчхөөд амарцгаалаа. Маргааш өглөө сумын төвөөс 75 км зайд байрлах Сэргэлэн ахынд очих ёстой. Тэндээсээ цаашаа Монгол улсынхаа өмнөд цэг Орвог Гашууны Бор Толгой орох учиртай юм. Улаанбаатар хотоос ХХЕГ-ын бичиг авсан ч түүнийгээ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байрлалтай хилийн цэргийн харъяа 0131-р ангид бүртгүүлэх үүрэгтэй. Гэсэн ч Номгон сумаас аймгийн төв орж бүртгүүлээд эргэж эндээ ирнэ гэдэг цаг хугацаа, санхүүгийн асуудалд орох байсан болохоор аль болох цахим хаягаар, утсаар харьцаж бүртгүүлэх, тус ангиас зөвшөөрөл авах ажил маань бага үд хүртэл үргэлжиллээ. Энэ үед өмнө нь аялалд хамт явж байсан Нараа найз маань суман дээрээ ирж таараад сумаа танилцуулах үүднээс Сангийн далай хийдээ үзүүлж, сумын төвөөсөө урагш 500 метр орчимд байх оргилдог булагаа хүртэл бидэнд үзүүлээд амжлаа. Сангийн далай хийд нь хэлмэгдүүлэлтийн үед нураагдаж сүйтгэгдээгүй ганц хийд юм гэсэн шүү. Тэртээх 1707 онд Түвдээс ирсэн бадарчин лам Үйзэн Саарав нэгэн булгийн дэргэд буудаллаж ардхан талд нь нэг жижиг шавар байшин бариулснаар хийдийн суурь тавигджээ. 1708 оноос тогтмол лам хуварга сууж 1772 онд цогчин дуган барьж, Энх-Амгалангийн хаалга бариулж “Рашчойнхор дамбадаржаалин” хэмээн нэрлэж байсан гэдэг. Тус хийд нь хааш хаашаа 98 метр хэрмэн хашаатай юмсанжээ.

Хилийн зөвшөөрлөө баталгаажуулж аваад сумын төв дээр ажлаар түр ирээд байсан дараачийн тэмээ залгуулах Н.Сэргэлэн ахыг суулгаж аваад гэрийнх нь зүг явцгаав. Замдаа нутаг орных нь тухай их зүйл яриулсан болоод тэр үү зам их хурдан хорогдсон санагддаг. Борзонгийн их говийг туулан 21:00 цагийн алдад Дэрсэн-Ус багийн малчных гаднаа хэдэн ботго сойчихсон төрхтэй, гэрт ороход Н.Алтанцэцэг гэх Сэргэлэн ахын гэргий хоол унд болчихсон хүлээж байлаа. Аяллаа танилцуулаад амрах үед Алтанцэцэг эгч ингэний цэнхэр гэсэн зүйл өгөв. Нэг ёсны нэрмэл гэсэн үг л дээ. Жижиг гарын мөнгөн аягаар 3 татахад нэлээн толгой манараад амархан аваад ойчихоор эд юм байна гэдгийг мэдээд орондоо ороод тэр чигээрээ тасарчихсан уу эсвэл ядарсандаа юу унтчихаж билээ. Өглөө гэрийн тооноор нарны гэрэл бууж гадаа нохой хуцах дуунаар сэрсэн юм. Өглөөний цэвэр агаар амьсгалахаар гарахад аль хэдийн эртлэн боссон Алтанцэцэг эгч ингээ саагаад эхнэр хүнийхээ үүргээ биелүүлж байх нь тэр. Яг л сайхан монгол эмэгтэйн дүр төрхийг олж харж зогсохдоо яагаад ч юм ээжийгээ санаж билээ. Эгч гэрт орж ирээд за хоёр дүүд сайхан тэмээ бэлдсэн байгаа хэдүүлээ эндээс 30 орчим км зайд байдаг манай дүүгийнх рүү явна гэх юм. Яриа хөөрөө сайхантай Нямжидийн Алтанцэцэг эгч маань Булган цохио хурд ТББ-ын тэргүүнээр ажиллаж сум орон нутгаа төлөөлөн энд тэндэхийн үзэсгэлэн, уралдаан тэмцээнд манлайлан оролцдог адтай хөдөлмөрч нэгэн ажээ. Гадаа хоёр тэмээ биднийг хүлээн зогсож байгааг мартах шахлаа. Энэ удаад Сумъяахүү маань машинаа барьж тэмээний эзэн бид хоёр тэмээ унан очих айлынхаа зүг алхлаа. Миний унасан тэмээ их омголон бараа сүр нь их сүрлэг байж харагдсан нь гарсан буур ажээ. Нуруун дээр нь гарсан хойно энийг хэлсэн болоод ч тэрүү шууд айдас төрсөн дөө. Эцэг мал гэсэндээ цаанаа л нэг эвгүй толгойгоо бөхөндөө үрэх нь хүртэл намайг айлгаж чадаж байсан юм. Хааяа амнаасаа цагаан хөөс цахруулаад толгойгоо хоёр тийш үе үе сэгсчих нь хүртэл сүрдмээр. Хажууд явсан эгч зүгээрээ гарсан буур /ороо нь ороод өнгөрсөн/ яах ч үгүй, айх хэрэггүйг сануулна. Энэ үед эр хүн зоригтой байх хэрэгтэй гэж өөрийгөө ирлээд юу ч болоогүй юм шиг элдвийг сонжин явна. Хаан Чингис мордож буусан Халзан хайрхан уулын баруун хүрээр явсаар С.Нялххүү гэх ахын гадаа очиж тэмээнээсээ бууснаар айдас сая нэг юм бүр арилав. Тэмээн аялал хийхдээ буур унана гэж бодож байсангүй. Санаандгүй унаад дараа нь унаж яваагаа мэдэх юм гэж бүр ч бодоогүй. Гэхдээ унахад их түшигтэй учраас бөгс цавь холгоно гэсэн асуудал байхгүй тухтай гэж жигтэйхэн. Хамгийн хүйтэн сар буюу 1-р сард буурны ороо нь орж орсон хойноо сүр жавхлантай, араатан шижтэй болж хувирдаг ажээ. Энэ хүрээд өнөөдрийн тэмээн аялал дуусав аа.

Дорноговь аймаг руу дугуйгаар орж ирэх үеэс эхлэн ажиглагдсанаар говийнхон их хүн чанар сайтай хүмүүс шиг санагдсан. Байгаа зүйлээрээ дайлж цайлдаг өнөөх монгол заншлаа хадгалан үлдэж чадаж байгаа бололтой. Баахан ааруул, ингэний хоормог өгөөд л. Энэ хэдэн зүйл өгснөөр нь хэмжээгүй юм шүү. Таарсан хүмүүс нь сэтгэл сайтай, аль болох тус дэм болчихъё гэсэн эрмэлзэл, харилцаа гэх мэт олон хүчин зүйлээс үүнийг нотолж болох юм. Алтанцэцэг эгч маань атаа унаад буураа хөтлөөд өөрийн бууц руугаа буцлаа. Бид хоёр ирсэн айлдаа зочин болж хонолоо. Тэр гэрийн эзэнтэй хуучлан суух зуур 1991 оноос өмнө эмнэг сургалтын Спортын Мастер гэх цол олгодог байсан юм билээ. Нэг хүн багадаа 80 тэмээ туйлуулж /сургах/ байж тэр алдарыг хүртэж байсан гэх ярианаас үзвэл тухайн үеийн тэмээчин залуус хоорондоо их өрсөлдөж тэмээ маллах соёл, унаж эдлэх үйл их байсныг илтгэнэ. Харин 21-р зууны эхэн үе гэхэд Монголчуудыг тэмээ малаас нь хөндийрүүлэх техникийн хүч зонхилох болжээ. Гэхдээ үүнийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Орчин үетэй малчид хүртэл хөл нийлүүлэн алхах хэрэгтэй шүү дээ. Хөдөөний нэгэн захын айлд ороход тог цахилгаан, олон сувагт телевиз, харилцаа холбоо болсон утас, унаа тэрэг гээд л бүгд байна. Тэмээчин залуус ч хөдөөд их байгаа учраас тэмээний соёл, тэмээн сүрэг Монгол нутгаас хэзээ ч тасрахгүй. Дэлхийд гайхагдсан хоёр бөхт тэмээ Монголын аялал жуулчлалын томоохон нэг брэнд бүтээгдэхүүн болж хөгжих нь дамжиггүй. Хот хөдөөгийн амьдралын эрлийз болсон бидэн шиг залуучууд өв уламжлалаасаа хөндийрч яваагаа тэмээн аялал дээр л мэдэрч явлаа. Гэхдээ одоо тэмээ маллах соёл, уламжлалт аж ахуйтайгаа танилцаад, Монголоо мэдрээд сайхан байна.

Маргааш өглөө нь баярлалаа, баяртай гэдэг үгсээр үдэлт хийж өндөрлөөд улсынхаа урд цэгт хүрэхээр замдаа гарлаа. Олон даваа гүвээний цаана орших Цагаан дэрсний заставт ирэв. Биднийг Ахлах дэслэгч Б.Бат-Эрдэнэ гэх залуухан заставын дарга хүлээж авч зөвшөөрлийн бичигтэй минь нягт танилцаж нэг ахлагчид хамт явж үзүүлэх үүрэг өглөө. Тэндээс шууд Орвог гашууны бор толгойн зүг хөдөлж элсэн голоор явж, уул даваа давж явсаар говийн чимэг болон мөнхөрсөн Тооройн төгөл буюу Шаравын чангалан гэх газраар түр саатлаа. Тус газрын шинжийг илтгэвэл, говь нутгийн нэгэн хөндийд Тоорой модон төгөл үзэсгэлэнтэй харагдана. Номгон сумаас баруун урагш чигт Орвог Гашууны Бор Толгой орох замд 150 км зайд байрлалтай. Нэр нь “Тооройн төгөл” хэдий ч Шаравын чангалан гэж яагаад нэрлэх болсоны учрыг танилцуулъя. Дээхэн цагт Монгол, Хятад гэсэн хоёр улсын хил хаалтгүй байсан үед мал амьтан нааш цааш их гардаг байжээ. Өмнөд хилээр ихэвчлэн тэмээ хил давж орж ирдэг ба тэднийг хорьж тогтоох үүргийг хилчин цэргүүд давхар хүлээж хоёр улсын хилийн уулзалтаар эргүүлэн өгөх үүргийг биелүүлдэг байжээ. 1972–1975 оны хооронд Жаалшандын заставт Жимэдийн Шарав хэмээх шинэ цэрэг алба хаахаар томилогдсон юм гэдэг. Мань цэргийг харуулын ээлжид гарч байх үед өмнөд нутгаас 60 орчим тооны тэмээн сүрэг орж ирсэн байна. Тус тэмээн сүрэг одоогийн Тооройн төгөлийн ойролцоох задгай усанд хошууран ирсэн нь энэ юм. Застав руугаа мэдэгдэхэд хорьж тогтоох үүрэг өгчээ. Тухайн үйл явдал болохоос эрт цагт Баянхонгор аймгаас нэгэн хүн 100 ширхэг Тоорой модны үндэс авчирч суулгасан түүхтэй. Тэр нь одоогийн энэ Тооройн төгөл болно. Ж.Шарав цэрэг төглийг тойруулан төмөр утас татаж хашаалан тэмээг хорьсон юм гэнэ. Ингээд хэдэн сар өнөөх хашаалсан тэмээгээ мартаж хоол унд, усгүй байснаас болж ихэнх тэмээ амь тавьсан учраас тийнхүү Шаравын чангалан хэмээх нэр зүүх болсон нь ийм учиртай гэв. Энэ талаар заставынхан ярьж, мөн телевизээр хэд хэдэн удаа гарч байсан юм. Болсон явдал өрнөсөн тус газар өөрийн биеэр очиход төмрийн ором арьлаагүй моддыг хараад итгэсэн шүү. Ингээд хэргийн эзэн тэр цэргийн талаар сураг тавих нээ Өмнөговь аймгийн Ноён сумын харъяат хүн байж таарлаа. Аяллын минь зам Ноён суманд хэд хоногийн дараа очиж сураглан хайж байж тухайн үеийн цэрэг Ж.Шарав ахтай уулзлаа. Ноён сумаас баруун хойш 8 км зайд нутаглах Шарав ах одоо 60 гарч яваа ахмад ард. Түүнтэй болсон явдлын талаар сониучлан хуучлахад та нарын сонссон түүх үнэн би тэгсэн юм. Гэхдээ тухайн үед дээрээс тушаасны дагуу хорьж тогтоох үүрэг авсан. Тийм хэдий ч хашсан тэмээгээ мартаж өлсгөж цангуулж байгаагүй ба өдөр гаргаж шөнө хашдаг байсан юм. Тэгээд арван хэд хоногийн дараа хоёр улсын хилийн уулзалтаар эргүүлэн өгч байлаа гэж ярив. Сүүлийн үед тус газар очсон хүмүүст буруу мэдээлэл өгч, намайг их муухай харгис хүн мэт ойлголт өгөөд байгаад харамсаж явдаг гэж хоолойгоо чичрүүлэн байж үгс урсгалаа. Хэрэг болгож намайг зориод ирсэн та хоёрт баярлалаа. Өөрсдийнхөө хүрээнд ч гэсэн, цөөхөн ч гэлтгүй хүмүүст үнэнийг дамжуулаарай гэсэн хүсэлтийг ийнхүү тэмдэглэл номондоо товчлон сийрүүлж хүргэж байгаа юм шүү. Дам үгэнд хүмүүс их итгэдэг ч үнэнийг зөвхөн үйлийн эзнээс л мэдэх боломжтойг харуулахыг зорилоо. Ямартай ч нэрээ мөнхөлсөн Шаравын чангалан буюу Тооройн төгөлд хэзээ нэгэн цагт очих бол Шарав ахын талаар үнэнийг мэддэг боллоо. Ер нь энгийнээр бодсон ч хашсан тэмээгээ хорь гучин хоногоор мартдаг монгол хүн тэр дундаа хилийн цэрэг яаж байх билээ.

Төглөөс цааш давхин харуулын байр өнгөрч улсынхаа өмнөд цэг Орвог Гашууны Бор Толгой буюу 662-р хүндэт багана дээр 4-р сарын 24-ний 13 цагийн алдад ирлээ.

Хэн болгоны дураар зочилдоггүй газар болоод ч тэр үү их тааламжтай санагдана. Дурсгалын зургаа татуулаад наахна талд нь гурвуулаа борцтой хоол хийж идээд эргэн буцахдаа харуулын байраар зочиллоо. Хэдэн цэрэгтэй харуулын байр хилээ нүд цавчихгүй харуулдана. Бид хоёр тэнд байх цэргүүдэд ундаа, тамхи өгөхөд хажууханд орой дээр хилээ харан цэх зогсох нэгэн рүүгээ өргөж харуулна. Энэ үйл явдал бид хоёрт их дотно бөгөөд хөгжилтэй санагдсан юм. Хилийн харуулын байртай танилцаад заставын зүг буцах замд хадны зураг үзүүлсэн юм. Хүн бага очдог учраас эвдэж сүйтгэгдсэн нь бага байж билээ. Заставаас 10 орчим км зайд хилчдийн амьжиргаандаа ашигладаг мотоцикл эвдрээд орхигдсон байсныг буцахдаа машиндаа ачаад заставт хүргэж өглөө. Магадгүй цэргүүд л явж өргөж авчрах байсан биз. Хүн хүндээ буян хийсэн гэж бодоод өег байлаа. Газрын зураг дээрээ заставын тамгыг даруулж аваад хажуу зэргэлдээх Жаалшандын застав орохоор хөдөллөө. Эндээс 45 км зайтай ч замд ямар ч айл амьтан таарахгүй зэрлэг амьтад бол байгаа гэх юм. Халуун цай ууж аваад хажуу заставыг чиглэв.

Нар шингэж харанхуй бүрхсэн ч аль болох элсэнд суучихгүйг хичээн явсаар Жаалшандын заставт хүрэлцэн ирэв. Биднийг ирэхэд хэдийн хоол унд, ор дэр бэлдчихсэн хүлээж байх нь тэр. Хилчдийн шугамаар хэл урьтаж хүрсэн нь ойлгомжтой байлаа. Тэндээ сайхан амраад маргааш өглөө хилийн цэргийнхэнтэй хамт өглөөний цайнд оров. Байсан тамхи, амт шимттэй юмаа тэнд үлдээгээд хоёул Хүрмэн сумын Жанжин багийг зорилоо. Ингээд эргэн тэмээн аялалдаа орж дараачийн айл болох Хүрмэн сумын 1-р багийн харьяат Батсүхийн Баянжаргал гэх ахынд морилов. Гэтэл маш онцгой айлд өртөөгөө таарч байгаагаа мэдлээ. 2016 оны 3-р сарын 06–07-ны өдрүүдэд Монголчууд хоёр бөхт тэмээгээ дэлхийн Геннисийн дээд амжилт тогтоохоор Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Монгол тэмээ-999” арга хэмжээ зохион байгуулагдсан билээ. 11 аймгийн 1132 тэмээг гарааны зурхайгаас нэгэн зэрэг амжилттай гарган 15 км зайг туулуулан уралдуулж, 1108 тэмээ барианд орсноор дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон түүхтэй. Урьд өмнө нь ӨМӨЗ орон 555 тэмээгээр дэлхийн дээд амжилт тогтоож байсан байна. Газар газрын хурдан тэмээ цугласан тэр уралдаанд бидний ирсэн айлын тэмээ хол тасархай түрүүлж Геннисийн тэргүүн байрын шагнал, нэр алдрыг эзэндээ авчирч өөрөө “Аварга хөх” хэмээх олон түмний хайрласан цолыг хүртжээ.

Аварга хөх тэмээ бага насандаа олон медалийн эзэн болсон түүхтэй юм байна. Харин би гэдэг хүн хамгийн азтай Аварга хөх гэх энэ Геннисийн түрүү тэмээг унаж нэг өдөр аялах том хувь тохиосон билээ. Баянжаргал ахынх Хавцалын бууц хэмээх газар нутаглаж байхтай ингэж тааран 20 гаруй км газар тэр тэмээгээр аялсан юм даа. Хамгийн хурдан тэмээ нэр зүүсэн болоод ч тэрүү хөл нь их хөнгөн жаахан гар хөдлөхөөр л ухас хийх гээд байдаг сайхан хөх ат байсан даа. Энэ тэмээний зоон дээр хэр баргын аавын хүү хүссэн үедээ гарахгүй учраас сэтгэл санааны өег бодол намайг дэвэргэж аяллын аз түшсэн хэрэг боллоо. Түүнээс цааш 50 км давхин Жанжин багийн засаг даргынд очиж хоног тааруулахад хамтран аялагч Сумъяахүүгийн маань багын танил болж таарлаа. Түүнийг н.Цогбаяр гэх ба бидний үеийн сайхан залуу байлаа. Хууч хөөрөн суухад маргаашийн аялалд санаа зоволтгүй ээ тэмээ бэлдсэн байгаа гэсэн мэдээ сонсоод амарцгаалаа.

Өглөөний нарнаар энд тэндээс тэмээтэй олон залуучууд тогтсон цагтаа цуглажээ. Ихэнх нь аймгийн тэргүүн уяач, сумын тэргүүн уяач нар юм байна. Ихэнх нь бидний үеийн шахуу залуучууд учраас дуу шуу ихтэй. Сайхан танилцаж аваад ээлжит тэмээн аялалдаа гарлаа. Энэ удаад бид хоёр дээр долоон залуучууд нэмэгдэж 9 хүний бүрэлдэхүүнтэй өтгөн сайхан өдрийн аялал эхлэв. Хатан сүйх, Сүмбэр хайрхан гэх ганц ганцаар цойлон харагдах уулсаар шүтлэгээ хийсэн Жанжин багийн төвөөс баруун зүгт 1О км зайд орших Хаяа гурван бөгтий хэмээх хэн болгоны мэддэггүй үзэсгэлэнт сайхан элсэн манханд хүрэв. Тэмээнүүдээ доор тушиж орхиод өөрсдөө дээшээ мацахад нэлээдгүй өндөр элсэн уул болох нь гарах хөлс, туулах зай явах цагаар хэмжигдэхэд нотлогдоно. Оргил дээр хүрэхэд алсын бараа сайхан үзэгдэнэ. Ирмэгдээд явж байхад нурсан элсний чимээ нь онгоц явж байгаа мэт чанга дуу гаргах нь байгалийн нэг сонин үзэгдэл мөн юм. Үнэхээр үзэсгэлэн төгс элсэн манхан байсан нь одоо нүдэнд үзэгдэж байна шүү. Амьдралдаа ахин очиж үзэх хүслийг минь төрүүлсэн сайхан газар бол Хаяа гурван бөгтий элсэн манхан уул байлаа. Доор бууж тойрч суугаад хэсэг хөөрөлдөв. Сонсоод байх нээ Жанжин гэдэг энэ багийн тэмээчид Өмнөговьдоо төдийгүй Монголдоо тэмээчдээрээ тэр дундаа хурдан тэмээгээрээ алдартай юм билээ. Тэмээг гурван насанд ангилан уралдуулдаг. Тором 6–7 км зайд, тайлаг 8–10 км зайд, ат 12–15 км зайд тус тус байгаль орчин цаг уураас хамаараад уралддаг байна. Тэндэхийн залуучууд бид хоёрыг хорхогоор дайлж явахад минь ингэний хоормог, өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох савлаж боосон ингэний ааруул хүртэл өгсөн билээ. Өнөөдрийн тэмээн аялал маш сонирхолтой маш сайхан боллоо. Залуучууд энгийн өдөр тэмээгээ унах сайхан байна шүү хэмээн хоорондоо шивнэлдэж байсан шүү. Аяллын үеэр тэдэнтэй тэмээгээр уралдаж тэмээ унахын жаргалыг тэнд мэдрэв. Нээх өндөрт наранд ойрхон нар салхинд яваа болоод тэр үү нүүр царай борлож гүйцсэн юм. Сүүлдээ нүүрээ угаахаа ч мартаж орхисон гэхэд хилсдэхгүй болж билээ. Тэмээ унаад удаан явахад өвдөг их чилдэг бололтой. Тийм хэдий ч тэмээ гэх амьтанд их дассан даа.

Аймгийн тэргүүн уяач Дашнамжилын хамт хамгийн олон тэмээтэй гэгдэх Бүд гуайнд харуй бүрий болж байхад ирж хоноглолоо. Гадаа нь майхнаа засаад амарцгаалаа. Өглөө босоод харсан гэр тойроод дүүрэн ботго буйлж байх нь хаа нэг газрын дуурийн театрт ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Монгол улсын гавьяат малчин Бүд хэмээх эрхмийнх гаднаа 150 ботго зэллэчихсэн нийтдээ 1000 гаруй тэмээтэй айл юм. Ихэр ботго энэ жил хэд хэдийг авч байна гэх яриаг нь сонсох нээ буянтай хүнийг буян л дагадаг юм байна гэх нь үнэн бололтой. Хоёр жилийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирж амарч байсан юм гэнэ билээ. Тэднийхээс хоёр сайхан ат унан 40 гаруй км зам туулан Баяндалай сумын нутаг руу орж тэмээгээ буцаалаа. Бидний нүдэнд говийн алдарт үзэсгэлэн Говь гурван сайхан уулын бараа сүр сүндэрлэн харагдана. Тэр уулын тухай нэгэн домог тэмдэглэлдээ хавчуулъя.

Говь гурван сайхан хэмээх уулс нь эрт цагт үзэсгэлэнт гурван бүсгүй байжээ. Хангай нутгийн энэ гурав нас бие жигдэрч үзэсгэлэн гоо бүрдэх үед эцэг нь охидоо тэр хавийн хөгшин ноёдод өгөхөөр сүй тавив. Цэцэг цэврүү шиг охид нь хоорондоо хэлэлцээд, уул уулсыг давж, ус мөрнийг гатлан хүлэг морины хурдаар өмнийн говийг зорьжээ. Тэд явсаар тэртээх говьд ирж харцын бор гэрт амьдран суув. Сайхан гурван бүсгүйн тухай ам дамжсан яриа говь нутгаар тархав. Хээрээр гэр, хэцээр дэр хийж амьдардаг Өлзийт, Цагаан, Цогт хэмээх гурван залуу тэдэнтэй учирч хуримлан суухаар болзоо товложээ. Гэтэл өөдгүй нэгэн зарц нь эзэн ноёндоо хов хүргэснээр баривчлан гэрт хориод гав гинж зүүн байцаав. Хонины бэлчээрээс холддоггүй аргалчин болгосноор өнөөх гурван залуу хангайгаас ирсэн гурван охинтой уулзаж чадахаа больж, алс зүүн зүгт Өлзийт овоо, Цагаан овоо, Цогт овоо нэртэй хайрхан болон үлдэж, гурван бүсгүй он жилүүдийн уртад гурван залуугаа хүлээсээр Гурван сайхан уул болон мөнхөрсөн гэдэг. Аливаа газрын нэр усыг мөнхжүүлэх, танин мэдүүлэх үүднээс Монголын өвөг дээдсийн ухаанаас ундарсан түүхэн домог, хууч ярианууд яахын аргагүй сонирхол татаж байдгын нэг нь энэ билээ.

Бид хоёр сумын төв орж машиндаа шатахуун, дэлгүүр хоршоо орж дутуу хөтүүгээ нөхөөд сумын төвөөс 45 км зайд байх Цагаан голын хөндийд нутаглах Баяндалай сумын Наран багийн харьяат сумын тэргүүн уяач Д.Идэрхүү ахынд хүрэлцэн ирж урьдаас бэлтгэсэн тэмээгээ унаад 10 км хэртээ явж майхнаа босгоод хоноглов. Тэмээ ноослох цаг болсон бололтой хүзүүнийх нь ноосыг шуусан байлаа. Идэрхүү ах өглөө бид хоёрт тэмээний талаар багагүй зүйл хуучилсан юм даа.

Тэмээ нь хүйтний улирал өвөл, хаврын цагт уналга ачлагад хэрэглэхэд тохиромжтойн дээр эдэлгээнд оруулахдаа тусгай тоног хэрэгсэл ашигладаг. Унаж эдлэхэд буйл, бурантаг, ногт, жолоо, таваглаа, тохош, ташуур, тушаа, бугуйл зэргийг хэрэглэдэг байна. Тэмээний тохош нь ширмэн цагаан эсгий болон хивсэн тохошнуудыг тохдог. Машин тэрэг техник хэрэгсэл гараагүй байхад тэмээгээр гэрээ нүүлгэх, хүүхдээ хунз буюу аргад хийж ачих зэргээр ашигладаг байсан юм гэх. Түүнчлэн тэмээний зарим үйл хөдлөлөөр цаг агаарыг шинжиж болдог байна. Тэмээ нөмөр газар болон бууц бараадан хөлөөрөө газар малтаж хэвтэх, хүзүүгээ сунган газар тавьж идээшлэхгүй өдөржин хэвтэх нь цаг агаар эрс муудахын дохио болдог байна. Шөнө болон өглөө эртлэн бэлчихэд эсрэгээрээ тэнгэр дулаарах шинжийг харуулдаг. Ингэ ботгондоо хорогдон буйлаад байвал бороо цас орохыг илтгэдэг байна.

Анх аялал эхэлж байх үе ээ бодвол тэмээ гэх амьтны талаар багагүй мэдлэгтэй болж бас ч гэж дөр суух шинжтэй болсон бид хоёр түүний ярианаас шинэ зүйлийг хайна. Мэдэхгүйгээ мэдэхийн тулд ам уралдан асууж шалгаан суухад гүндүүгүй сайхан ах өөрийн мэддэгээ харамгүй хэлж хайрлана. Энэ өдрийн аялал эргэн Идэрхүү ахынд ирснээр өндөрлөсөн юм. Мөн энэ үед хэд хэдэн хүн ирж бид хоёрын аяллыг сонирхон хууч яриа дэлгэсэн билээ. Хар бага наснаасаа тэмээ малласан хууччуулаас үг сонсож байгаад цааш хөдөллөө. Ноён сумын төвд ирж Сумъяахүү найзынхаа эмээгийнд ирж хоноглов. Эмээг Жунуу гэдэг ба ануухан сайхан буурай билээ. Маргааш нь хамаатных ах Төмөрбаатар болон түүний гэргий Алтанзул тэдний хүүхдүүдийн хамт Толь хад, Ноён богд хайрхан, Сарын хөндий гэсэн маршрутаар аялав. Эхний зогсоол Толь хад байсан ба сумын төвөөсөө баруун хойд зүгт 10 гаруй км зайд орших Дүгнэн уулын ар шилд 10 метр урт, 3 метр өндөр байгалийн өвөрмөц тогтоц юм. Хүн та өөрийнхөө царай төрхөө толинд харж байгаа мэт байгалийн хаданд харна гээд боддоо бодолд итгэмээргүй ч бодит байдал дээр үнэн билээ. Дээхэн цагт Монгол, Орос цэргүүд энэхүү толь хадыг буудаж байсан гэх ард түмний дунд аман яриа бий. Тийм хэдий ч өнөөдөр толь хад өмнөх өнгө төрхөө хадгалсан хэвээр байгаа юм. Түүнээс цааш хэсэг давхихад тэртээ алсад зэрэглээтэн харагдах онцгой хайрхан бол Ноён богд уул юм. Энэ уул нь энэ нутгийн гол шүтээн бөгөөд биднийг хормойд нь очиход хайрхан савдгаа үзүүлсэн юм. Доор байрлалтай овоог нар зөв бүтэн тойрох агшинд овоо руу могой шурган орсныг бид бэлэгшээн савдаг нь гэж үзсэн билээ. Хайрханд хамаг хүслээ шивнэж аян замаа даатгаад эргэн явахад Ханын хэц гэж тэр нутгийн бас нэгэн үзэсгэлэн хойд талд даган үргэлжилнэ. Ойролцоох уулын нэгэн аманд Сарын хөндий гэх мөс нь хайлдаггүй газар хүрлээ. Мөсний гүн 3 метр хүрэх тус газрын түүх, домог яриа их билээ. Нөгөө талаараа задгай ус ихтэй учраас аргал, янгир тэргүүтэй олон зэрлэг амьтдын ундаас ч байдаг чухал нөөц газар юм. Ийм сайхан газар үзсэн би их л баяртай буцлаа. Өнөөдөр 4-р сарын 29-ний өдөр тохиож байгаа билээ. Тэр өдөр дахин Ноён сумын төвд хоноглов.

Маргааш нь ЗДТГ-аар нь орж газрын зураг дээрээ орон нутгийн тамга даруулаад дараачийн тэмээтэй айлын зүг явлаа. Ноён сумын малчин ахынд бууж тэр өдөр 40 км газар туулж шөнөдөө цааш давхин Гурвантэс сумын тэмээчин Д.Гэндэндарма гэх эгчийнд хүрэлцэн очсон билээ. Хөдөө нутагт хамгийн сайн сүлжээ барьдаг үүрэн телефон бол Жи-Мобайл юм. Малчин айл өрх бүр гэрийн суурин утас болон унинаасаа гар утас зүүлттэй байлгах нь холбоо сүлбээг түргэсгэнэ. Дахин дамжуулах сүлжээний станц хөдөө малчдад зориулан босгосон байдаг нь ийнхүү хөдөөний айл өрхийн амьдралд их тус хүргэнэ. Алдсан малаа алс холын танилаасаа сураглана, аймаг хотоос ирэх хүмүүст хэрэгтэй зүйлээ захиад авна, хотол олныхоо мэнд усыг хүртэл мэдэж хэл авалцана гээд л утас хөдөөд чухал болжээ. Энэ л янзаар холбогдож байгаад бид мөн ирсэн билээ.

Тэмээн аялал дуусах сүүлчийн өдрийн нар шаргалтаад сайхан мандлаа. Зүүн толгодынхоо зүүн дор 20 орчим ботго зэллэсэн байхтай очиж танилцахад нэг ботго сул явна. Холоос ингэнүүд ботгондоо яаран ирэхэд өнөөх сул ботго хүлээх ээжгүй учир эзнээ бараадна. Эзэн нь ийш тийш гүйгээд завгүй болох үед намайг чиглээд ирлээ. Өрөвдсөн сэтгэлээ барьж ядаж нүдэнд минь нулимс цийлэгнээд ирж билээ. Биед хүрэхэд улам налж эрхлэх Д.Гэндэндарма эгчийн хотонд уулзсан ботгондоо зориулаад хэдэн мөрт холболоо.

Өнчин ботго

Тэр их хөөрхөн

Тэврэхэд маш дулаан

Тэмээ болох гэж

Тэвдэж яваа тэр

Эхийгээ хайн буйлж

Энд тэндгүй харах юм

Нүднээсээ нулимс бөмбөрүүлэн

Нэг л гунигтай алхах юм

Өөр ингэнээс гувшивч

Өрөвдөлтэй нь тэр удахгүй

Амттай сүү амтлавч

Амандаа дүүргэж амжихгүй

Хүн ойртоод очвол

Хуруу гар луу нь хошуурна

Эрхэлж байгаа мэт боловч

Эхийгээ цаанаа санагалзана

Өнөөдөр тэр өнчин ботго ч

Өдөр ирэх тусам өсөж томорно

Маргааш тэр арга барилаа олно

Маргахгүй алсдаа ат болно

Өнчин ботго минь чи

Өвсний шимийг идээрэй

Өөр өөр замаар салавч

Өнгөт орчлонд эргэн уулзана — гэж шүлэглээд 4-р сарын 30 гэх өдөр тус айлын хүү Т.Батсүх ахтай хамт Хадат, Овоотын хийд, Сухайтын гол, Овоотын цэргийн анги гэсэн маршрутаар аяллаа үргэлжлүүлэн явсан юм. Ийнхүү аялал маань Гурвантэс сумын төв дөхөөд албан ёсоор дууссан билээ. Тэмээн аяллын сүүлчийн өртөөг амжилттай залгасан Батсүх ахдаа талархаад эргэн уулзах ерөөл тавиад буцаалаа. Машиндаа сууж аваад сумын төвд Сумъяахүү найзынхаа хамаатны Наранцэцэг эгчийнд ирснээр 13 хоногт машинаар туулсан зай оруулахгүйгээр тэмээгээр 400 орчим км явсан түүхтэй боллоо.

Тэмээн аяллыг минь дэмжсэн Монголын Тэмээн Соёл Уралдааны Холбоо болон тэр дундаа С.Ариунсанаа ахдаа талархал илэрхийлье. Биднийг суманд очиход сумын Тэмээн холбооны тэргүүн Пэрэнлээ ах болон түүний төрсөн дүү Мэндбаяр ах нар тосон уулзсан юм.

Аяллын тэмдэглэл хөтөлсөн М.Дархижав

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet