Тооройн төгөл буюу Шаравын чангалан хэмээх газрын тухай

Daagii Compass
3 min readJul 28, 2021

--

Тооройн төгөл хэмээх газрыг сонсож байсан байж болох ч очиж үзсэн хүн ховор байдаг юм билээ. Тус газрын нөгөө нэр нь бол “Шаравын чангалан” юм

Тэртээх жил тус газраар очихдоо бичсэн аяллын тэмдэглэлийн хэсгээсээ хуваалцья … Тооройн төгөл буюу Шаравын чангалан гэх газраар түр саатлаа. Тус газрын шинжийг илтгэвэл, говь нутгийн нэгэн хөндийд Тоорой модон төгөл үзэсгэлэнтэй харагдана. Номгон сумаас баруун урагш чигт Орвог Гашууны Бор Толгой орох замд 150 км зайд байрлалтай. Нэр нь “Тооройн төгөл” хэдий ч Шаравын чангалан гэж яагаад нэрлэх болсоны учрыг танилцуулъя. Дээхэн цагт Монгол, Хятад гэсэн хоёр улсын хил хаалтгүй байсан үед мал амьтан нааш цааш их гардаг байжээ. Өмнөд хилээр ихэвчлэн тэмээ хил давж орж ирдэг ба тэднийг хорьж тогтоох үүргийг хилчин цэргүүд давхар хүлээж хоёр улсын хилийн уулзалтаар эргүүлэн өгөх үүргийг биелүүлдэг байжээ.

1972–1975 оны хооронд Жаалшандын заставт Жимэдийн Шарав хэмээх шинэ цэрэг алба хаахаар томилогдсон юм гэдэг. Мань цэргийг харуулын ээлжид гарч байх үед өмнөд нутгаас 60 орчим тооны тэмээн сүрэг орж ирсэн байна. Тус тэмээн сүрэг одоогийн Тооройн төгөлийн ойролцоох задгай усанд хошууран ирсэн нь энэ юм. Застав руугаа мэдэгдэхэд хорьж тогтоох үүрэг өгчээ. Тухайн үйл явдал болохоос эрт цагт Баянхонгор аймгаас нэгэн хүн 100 ширхэг Тоорой модны үндэс авчирч суулгасан түүхтэй.

Тэр нь одоогийн энэ Тооройн төгөл болно. Ж.Шарав цэрэг төглийг тойруулан төмөр утас татаж хашаалан тэмээг хорьсон юм гэнэ. Ингээд хэдэн сар өнөөх хашаалсан тэмээгээ мартаж хоол унд, усгүй байснаас болж ихэнх тэмээ амь тавьсан учраас тийнхүү Шаравын чангалан хэмээх нэр зүүх болсон нь ийм учиртай гэв. Энэ талаар заставынхан ярьж, мөн телевизээр хэд хэдэн удаа гарч байсан юм. Болсон явдал өрнөсөн тус газар өөрийн биеэр очиход төмрийн ором арьлаагүй моддыг хараад итгэсэн шүү. Ингээд хэргийн эзэн тэр цэргийн талаар сураг тавих нээ Өмнөговь аймгийн Ноён сумын харъяат хүн байж таарлаа. Аяллын минь зам Ноён суманд хэд хоногийн дараа очиж сураглан хайж байж тухайн үеийн цэрэг Ж.Шарав ахтай уулзлаа. Ноён сумаас баруун хойш 8 км зайд нутаглах Шарав ах одоо 60 гарч яваа ахмад ард. Түүнтэй болсон явдлын талаар сониучлан хуучлахад та нарын сонссон түүх үнэн би тэгсэн юм. Гэхдээ тухайн үед дээрээс тушаасны дагуу хорьж тогтоох үүрэг авсан. Тийм хэдий ч хашсан тэмээгээ мартаж өлсгөж цангуулж байгаагүй ба өдөр гаргаж шөнө хашдаг байсан юм. Тэгээд арван хэд хоногийн дараа хоёр улсын хилийн уулзалтаар эргүүлэн өгч байлаа гэж ярив. Сүүлийн үед тус газар очсон хүмүүст буруу мэдээлэл өгч, намайг их муухай харгис хүн мэт ойлголт өгөөд байгаад харамсаж явдаг гэж хоолойгоо чичрүүлэн байж үгс урсгалаа. Хэрэг болгож намайг зориод ирсэн та хоёрт баярлалаа. Өөрсдийнхөө хүрээнд ч гэсэн, цөөхөн ч гэлтгүй хүмүүст үнэнийг дамжуулаарай гэсэн хүсэлтийг ийнхүү тэмдэглэл номондоо товчлон сийрүүлж хүргэж байгаа юм шүү. Дам үгэнд хүмүүс их итгэдэг ч үнэнийг зөвхөн үйлийн эзнээс л мэдэх боломжтойг харуулахыг зорилоо. Ямартай ч нэрээ мөнхөлсөн Шаравын чангалан буюу Тооройн төгөлд хэзээ нэгэн цагт очих бол Шарав ахын талаар үнэнийг мэддэг боллоо. Ер нь энгийнээр бодсон ч хашсан тэмээгээ сар шахуу хоногоор мартдаг монгол хүн тэр дундаа хилийн цэрэг яаж байх билээ.

Тэмдэглэл хөтөлсөн. М.Дархижав

/”Хүүгийн Нүүдэл аяллын түүх” номын 86–87 дугаар хуудас/

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet