“ТАЛЫН ТҮМЭН АДУУ 2019” ЭВЕНТ — Замын тэмдэглэл

Daagii Compass
8 min readNov 5, 2019

--

2019.11.05 09:02 …

Нэр нь хүртэл чихэнд чимэгтэй сонсогдох нэгэн арга хэмжээ бол “Талын түмэн адуу” эвент юм. Домог мөнхөрсөн Хөх үүрийн талд энэхүү арга хэмжээ болсон ба дэлхийг чичрүүлж явсан дээдсийн удамт морьтон Монголын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагнасан соёлыг сурталчлах, тал нутгийн адуучин залуусын авхаалж самбаа, ид хавыг гайхуулах зэрэг давхар давхар үйл хэргүүдийн нэгтгэл болсон аялал жуулчлалын улирлыг уртасгах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд тус арга хэмжээ ийнхүү 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг Мөнх Харилцаа ТББ-аас зохион байгуулдаг гэхээс илүүтэйгээр бараг л байгууллагаас нь илүү Цэба /Э.Цэрэнбат 99089730/ зохион байгуулдаг гэвэл аялал жуулчлалын салбарынхан маш сайн мэднэ. Жил ирэх тусам дэмжигч байгууллагууд нь мэдэгдэж байгааг үзвэл эвентийн цар хүрээ төдий чинээ томорч байгаагийн илрэл байх. За ингээд олон таван үгээр оршил хийх хэсгээ дуусгаад өөрт төрсөн сэтгэгдэл, аян замын тэмдэглэлээ товчхоон сийрүүлье.

Замын тэмдэглэл:

2019 оны 11-р сарын 01-ний өдөр буюу баасан гараг. Энэ өдрийн 16:40 цагт /АЖХТ/ ажлын хамт олонтойгоо 3917 УНБ улсын дугаартай цав цагаан өнгийн Алпард машинд суун улсын нийслэл Улаанбаатар хотоос зүүн зүгт чиглэн алс холын аян замд гарав аа. Мэдээж “Талын түмэн адуу” хэмээх арга хэмжээг үзэхээр хөдөлсөн минь энэ. Тэртээ 436 км-ын алсад орших Хэнтий аймгийн Батноров сумыг зорих замд инээлдэнэ, хөөрөлдөнө, хөзөрдөнө, хорвоогийн сонин хачныг хов живтэй хольж ярина. Гэнэтхэн чив чимээгүй болж хэсэг нөхөд нь нүдээ анин амс хийх дүр зураг үргэлжлэн засмал замаар давхисаар /331 км/ Хэнтий аймгийн төв Чингис хотод хүрэлцэн очих нь тэр. Хуучнаар бол Өндөрхаан хот юм. Их эзэн хааны нэрээр овоглоод удаагүй ч бидний хамгийн сайн мэддэг нэр учир шууд л хуучин дуудлага мэт Чингис хот хэмээн хэвшиж .

Хэнтий аймгийг Эзэн богд Чингис хааны өлгий нутаг гэдгээр Монгол түмэн мэдэх ба тэртээ 1923 онд байгуулагдсан түүхтэй. Аялал жуулчлалын салбарын хувьд зүүн зүгийн түшиц нутаг бөгөөд сүүлийн жилүүдэд олон томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтууд өрнөж буй. Түүхийн арвин судартай тус нутаг 800 гаруй булш бурхан байх төдийгүй ар Монголын алдарт Бурхан Халдун уул, Балдан бэрээвэн хийд, Дэлүүн болдог, Хар зүрхний хөх нуур, Хэрлэнгийн хөдөө арал, Аварга тосон, Өглөгчийн хэрэм, Рашаан хад зэрэг олон түүх дурсгалын газрууд орших нутаг юмсанжээ. Хэнтий аймаг нь 80,3 км2 нутагтай 80 орчим мянган хүн амтай ажээ. Үүнээс цааших тус аймагтай холбоотой сонирхолтой түүх шастирыг гүүглэдээрэй. Надаас илүү тоо баримттай тод томруун хүүрнэх орчин цагийн цахим орчин бидэнд нээлттэй байна даа.

Чингис хотоос Батноров сум орох учиртай. Тийм учиртай хэдий ч хотын төвөөс нь орон нутгийн замдаа орох гэж хэсэг будлив. Ертөнцийн зүгээр бол зүүн хойд зүгт Хэнтийчүүд 20 км толь шиг зам тавьж. Энэ нь Батноров сумын чиглэл бөгөөд үүнээс цааш уйдах, унтах эрхгүй ухаалаг зам угтана. Энэ бол шороон зам. Шороон замаар 80 гаруй км замыг 2 цаг хэртээ туулан зорин очих зогсоолдоо хүрэв. Уран дархан хийцээр улсдаа алдартай Батноров сумын төв тосоод авах нь тэр. Замдаа яаралгүй олон зогсож тааваараа давхисан бид үүрийн 4 цагийн үед ороход Талын түмэн адууны ерөнхий зохион байгуулагч /дээр дурдсан/ Цэба ах маань тосон авав. Үүрийн 4 цагт шүү дээ. “Нэг том ажил амжуулахын тулд 1000 жижиг ажлыг гүйцэтгэдэг” гэж алдартай том эрдэмтэн хэлээгүй би хэлсэн юм /хэхэ/. Ямар ч арга хэмжээ зохиосон ба түүнийг гүйцэтгэж буй хүний сэтгэл дуусах хүртлээ ямагт элдвийг бодогдуулж байдаг. Ядаж л ирж яваа хүмүүсийн маань машин нь саадгүй ирээсэй гэж хүртэл бүх бурханд шахуу залбирна ш дээ. Дан ганц биднийг биш бидэн шиг ирж яваа бүх зочдоо л угтан авч байрлуулж байсан байх аа. Тэр олон хүнийг сумын төв байрлуулах хэцүү ч хамаг боломжоо дайчлах тус дайчилгаанд өөрийн үүргээ гүйцэтгэн оролцож буй цэцэрлэгт бид байрлав. Хол замын ядаргаа нойр хоёрын давхцал хоромхон зуур давсанд явуулав.

Нэг сэрэх нээ өглөөний 09:10 цаг болжээ. Арга хэмжээний үндсэн хөтөлбөр энэ өдөр эхлэх учиртай. Хөтөлбөр ёсоор бол 10:00 цагт эхлэх юм. Бид ч аль байдгаараа гоёж хотоос авчирсан дээлээрээ өөрсдийгөө чимэв. Ингээд хамт олноороо машинд сууж аваад арга хэмжээ эхлэх цэг рүү хөдөллөө. Ажваас сумынхан болон ирсэн зочид өнгө өнгийн дээлээр гангарсан нь илт харагдана. Энэ суманд /2018 оны 6-р сарын байдлаар …/ 1900 орчим өрхийн 5500 гаруй хүн оршин суух аж. Нутаг дэвсгэрийн хувьд 4968 км2 ба аймгийн төвөөсөө 105 км гэж ажээ.

Арга хэмжээ сумын төвөөс 4 км-ын зайд буюу түүхийн сударт өгүүлснээр домогт Тэмүүжин, Боорч нарын нөхөрлөл /андгай өргөсөн/ Хөх үүрийн талд зохиогдож буйгаараа онцлог юм. Энэ газар түүхээс жаахан сонирхуулахад: Их эзэн Чингис хааны өрлөг жанжин, хүлэгт баатруудын нэг Боорчи нь Наху баяны ганц хөвүүн. Наху баян нутаг усандаа адуун сүргийн тоогоороо дээгүүрт бичигддэг байсан аж. Тэдний нутаглаж байсан Хөхүүрийн талыг адуун сүрэг нь дүүргэж байвал тоо нь бүрэн хэмээн үздэг байсан гэх яриа, домог бий. Илүү ихийг Монголын нууц товчооноос уншина биз ээ. Нээрээ нэмж хэлэхэд энэ газрыг яагаад Хөх үүр хэмээн нэрийдсэн бэ гэхээр … 1177 онд Тэмүүжин 16 настай байсан байна. Тэр жил Тайчуудад баригдаж дөнгөлүүлэн айл, айл дамжин баалуулж явж, Сорхон Шарын тусламжаар амь гарч Сэнгүр горхиноо нутаглаж буй гэртээ дөнгөж ирвээс морьдыг нь дээрэмчид хөөн одов. Тэмүүжин найман шаргынхаа араас нэхэн мөрдөж явсан гурав дахь хоногийн өглөө морин дээрээ хөхүүрээ ганзгалж ирээд гүүгээ сааж байгаа үеийн хөвгүүнтэй учирч морьдоо сураглавал, “Саяхан нарнаар зүүн өмнө зүг элдэж өнгөрөв” хэмээжээ. Тэрбээр өөрийгөө Наху баяны хүү Боорчи хэмээнэ. Тэд танилцаж, морьдын араас хамт нэхэлцэхээр явав. Ийнхүү 800 жилийн өмнө Тэмүүжин, Боорчи хоёрын уулзаж нөхөрлөсөн газар болохог түүхэн газар зүйч О.Сүхбаатар багш хэсэг судлаачдын хамт Чингис хаан, Боорчи хөлөг баатар хоёрын анх уулзаж нөхөрлөсөн газар хэмээн тогтоож улмаар гэрэлт хөшөө босгосон ба Боорчийн морин дээрээ тэгнэж ирээд Тэмүүжинтэй хамт явахдаа орхиж, гурав хоноод буцаж ирээд авсан хөхүүрээр ийнхүү Хөхүүрийн тал хэмээн нэрлэсэн гэдэг.

Хаа хүрэхээ мэдэхгүйгээс бус
Хаана байгаагаа мэдэхгүйгээс л төөрдөг гэж үг бий.

Хаа явсан газар орон, уулзаж учирсан хүний нэрийг ямагт тогтоож яваарай хэмээн өдгөө 100 насыг шүргэж яваа /Дорнод аймгийн Булган суманд амьдарч байгаа/ өвөө минь дээхэн цагт айлдсан байдаг.

Энэ нутаг орчин цагт нэг зүйлээрээ бас улс даяараа нэртэй. Энэ бол Батноров сумын уран дархчуудын цуу алдар юм. За тэгээд үүний талаар бичих илүү биз дээ.

Бид эвент дээрээ ирлээ. Олон машин ярайн зогсоон түм түжигнэж бум бужигнаж эхэллээ. Машины зогсоол, бие засах орчинг бол сайхан бүрдүүлсэн харагдана. Нээрээ хол гэхгүй холын гийчид гадаад дотоодгүй олон иржээ. Нүд унагах сайхан морь эдлэл хэрэглэл эдэлсэн нутгийн адуучин, гэр бүл, хүүхдүүд. За тэдний гоёл бол бол гоёоо гоё. Хөтөлбөр ёсоор “Адууны хийморь” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн байв. Нийт 250 гэрэл зургаас шилэгдэж тавигдсан 34 зураг зочдын өмнө эгнэн жагсаж. Эвент үргэлжилт шургуу, сайхан морьтой хос, төрийн далбаа цэнгүүлэх, морьт харваа шувуулахуйн үзүүлбэр, удамт монгол хүүхдийн морьтон жагсаал, морьтон цуваа, адууны зүс зүсэлгээний тэмцээн, задгай театрын урлагийн тоглолт гээд л үзэх юм ихтэй үүгээр нэг түүгээр нэг явав.

Дэргэд нь нутгийн брэндийн бараа бүтээгдэхүүн боломжийн хэрээр дэлгэгдэж. Хоол цайны гэрүүд хүртэл үйлчилгээ үзүүлнэ. За нэг ийм өдөр Хөх үүрийн талд өрнөн энэ өдрийн арга хэмжээ дуус ч нар шингэв ээ.

Сумын төвд ирээд дээлээ тайлан тухлах зуур хажуу байшинд хөгжим хангина. Арга хэмжээ хараахан дуусаагүй ба ирсэн зочдод зориулсан Урлагийн тоглолт болох юм гэнэ. Уухай дуудаад яаран очив. Соёлын төвийн урлагийн заал нь гоёмсог ажээ. Тайзны чимэглэл, сэтгэл гаргасан байдал бол зүгээр л хотод байхгүй гээд бодоорой. Янзын тайзан дээр янзын гоё ардын урлагийн амьд тоглолт болсондог. Тус сумынхан авьяастай гэж жигтэйхэн. Том жижиггүй шүү. Энэ сумын урлагийн хамтлагийг Хөх Үүрийн домог гэдэг. Тэр өмссөн зүүсэн үзүүлэх тоглолтын дэглэлт энэ тэр бол гоёоо гоё. Дахин хэлье гоё.

Улаанбаатар хотод ирээд яг тэр чигээрээ тоглолт хийвэл үзсэн хүн лав хаппи гарна даа. Сэтгэл нь хөдлөөд хүмүүс их баярласан. Үүний тод Жишээ бол манай салбарын Ижилмөрөн ах /Тэнүүн ХХК-ийн захирал/ маань тэнд хамтдаа явж байсан нөхдийнхөө хамтаар тус соёлын төвд 1 сая төгрөг хандивлан дэмжлэг үзүүлсэн юмдаг. Гайхалтай тоглолт болсоон.

За ингээд тоглолт дууссан ч арга хэмжээ дуусаагүй л байв. Шууд нийтийн бүжиг залгаад шууруулах нь тэр ээ. Бид юунаас хоцрох билээ дунд ороод эргэж өгөв. Сумын бүжиг хамгийн сайхан зүйлсийн нэг л дээ тийм ээ. Үүнтэй бол хэн ч маргахгүй байх. Маргах хүн байвал урлагийн мэдрэмжгүй матар болох биз. /хэхэ/ Үнсгэлжин гүнж үлгэрт цаг хараад гэнэтхэн гүйгээд явчихдаг даа. Яг тэр цагт нь дин дон гээд бас бүжиг дуусав.

Хорвоогийн бор хоног шар нар ээлжлэн солигдож ээлжит өглөө айлчлан ирлээ. Өнөөдөр мөн Хөх үүрийн талд очно. Талын түмэн адууны арга хэмжээний сүүлийн өдөр их онцлог. Энэ өдөр шилмэл үйлдвэрийн гүү шалгаруулах, богино зайны морьдын уралдаан мөн нохойтой холбоотой арга хэмжээ үзүүлбэрүүд өрнөнө. Тал нутгийн тайга нохой бол анч гэдгээрээ алдартай өнгө зүс сайтай том биетэй өндөр нохой. Арга хэмжээний хөтөлбөрт талын тайга нохойн жагсаал, хурдан нохойн уралдаан, гэрэл зурагчдад зориулсан хөтөлбөр зэрэг багтсан байна.

Энэ өдрийн хамгийн сонирхолтой нь хурдан нохойн уралдаан байлаа. Амьд өгөөштэй гэдгээрээ сонирхол татаж байв. Таны бодож байгаачлан аль нэг амьтныг урд нь харуулан бариан зүг явуулна. Түүний араас ноход хөөх маягаар уралддаг юм билээ. Энэ удаад амьд өгөөшөөр хярс байлаа. Машинд тусгай тоноглол хийж хярсыг зүүн нохдын өмнө хөдөлнө. Тус амьтныг харсан ноход араас нь хэн нь хурднаа үзэж уралдан барианд орно. Барианд ормогцоо зохион байгуулагчид хярсыг хамгаалан авч аюулгүй болгож нохдоос холдуулна. Тэмцээн дуусмагц барьсан хярсаа эх байгальд нь эргүүлэн тавьдаг гэнэ лээ. Энэ өдөр 30 гаруй нохой уралдсан даа.

За эвент үзсэн байдал нэг ийм. Энэ хүрээд бид ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад улсын нийслэл Улаанбаатар хотын зүг хөдөлсөн юм даа.

Аялал жуулчлалын нөлөөлөл орон нутагт ямар хэрэгтэй байгааг доорх мэдээллээс хараарай /Мэдээллийн эх сурвалж. Э.Цоморлиг/

1. Хөхүүрийн тал хэмээх энэ түүхэн газар адуун соёлтойгоо танилцах гэж нийтдээ 2500 зочин иржээ.

2. Зөвхөн адуучдад уралдаан тэмцээн бай, шагнал бас урамшуулал хэлбэрээр нийтдээ 30 сая төгрөг үлдэж.

3. Мөн орон нутгийн уран бүтээлчид болон зочдыг байрлуулах зэрэгт тусалсан байгууллагуудад дахиад 30 орчим сая төгрөг үлдэж,

Ирэх жил та заавал очоорой. /99089730 дугаарт холбогдоод бүх талын мэдээллийг авах боломжтой шүү/

… 11:40

Тэмдэглэл сийрүүлсэн: М.Дархижав

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

Responses (1)