Мөрөөдөл биелдэг
Хүүгийн нүүдэл “АЯЛЛЫН ТҮҮХ” номын өмнөтгөл хэсэг …
Аялагч хүн … алдар нэрийн төлөө аялдаггүй юм. Аялагч хүн ардаа үлдэх хойч үеийнхээ төлөө өнөө цагийн байгаль, түүх дурсгал, соёл, аж ахуйг баримтжуулж тэмдэглэн үлдээхийн тулд аялдаг юм гэх үгээр номын оршлоо эхлүүлье. Номоор дамжуулан нэгэнтэйгээ харьцах харилцааны нэгэн хэлбэр хүн төрөлхтний дунд явж ирсэн билээ. Тиймээс аялах хоббитой, байгаль дэлхийдээ хайртай, сонирхол нэгт уншигч таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Энэхүү номыг минь эргүүлэн унших энэ цаг мөчөөс эхлэн та манай аяллын багийн гишүүн болж хамтдаа эх орныхоо дархан хил орчмын хязгаар нутгаар адал явдлаар дүүрэн аялалд гарахад бэлэн боллоо гэсэн үг. Энэ аялалд хамтдаа гарахын тулд бид амьдрал дээр танилууд байж болно, танил биш ч байж болно энэ огтоос хамаагүй. Учир нь таны гарт эх орныхоо хязгаар нутгаар аялсан тухай бидний тэмдэглэл байна. Арын хуудаснуудыг эргүүлэн унших тусам та бид хоёр илүү дотно танилууд болох учиртай.
Хүн бүхэнд өөр өөрийн гэсэн мөрөөдөл бий. Тэр дундаа мэргэжил, нас хүйс, шашин шүтлэг, хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэсэн ямар нэгэн ангилалгүйгээр төрж өссөн нутаг, эх оронтойгоо танилцах хүсэл тэмүүлэлтэй хүмүүс бидний санаснаас илүү их. Таныг бидний нэг гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь та тэр хүсэлдээ дийлдэн хэзээ нэгэн цагт явна даа гэсэн бодол өвөртлөн хэн нэгний аялсан тухай тэмдэглэл бусад хэрэгтэй мэдээлэл олж авах, оюуны бэлтгэл ажил хийх үүднээс эргүүлэн уншиж байгаа учраас огтхон ч эргэлзэхгүй байгаа минь энэ.
Юуны өмнө өөрийгөө болон, аяллынхаа тухай товчхон хүүрнэе. Эх орны зүүн хязгаар Дорнод аймгийн Булган суманд төрж өссөн тал нутгийн хүү намайг Мягмарнарангийн Дархижав гэдэг. Бага нас маань бусадтай л адил гол дээр хацраа сайрттал өнждөг, хурдан морины нуруун дээр хээрийн салхинд борлож давхисан, тэрэг түрээд усанд явна, тэвэг тоглоод ээждээ загнуулна яг л бусдын адил дурсамжтай бор хүү. Сурагч гэх нэрээс оюутан гэх алдрыг зүүсэн цагаас эхлэн эх оронтойгоо танилцах хүсэл маань илүү бадарсан гэхэд болно. Аялал жуулчлалын мэргэжил эзэмшихээр улсынхаа нийслэл Улаанбаатар хотод ирсэн хөдөөний хүүд аяллын анхны “А” үсгийг заасан ачтан бол Э.Хишигбаяр гэх гүндүүгүй сайхан эрхэм багш минь билээ. Тэр хүнийг дагаад тэртээх 2007 оны намар Богдхан уул руу явган аялалд явж ой мод гээч зүйлийн дундуур анх удаа алхаж билээ. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй хачин сайхан тэр мэдрэмж намайг шууд л аяллын амтанд оруулж орхисон эхлэлтэй. Тэр цагаас хойш багшийгаа даган олон газар оронтой танилцаж цаашлаад ахлах курсын оюутан болоод ирэхээрээ ангийнхаа хэдэн нөхдөө нэгтгээд биеэ дааж ойр зуурхан аялдаг байлаа. Эхэндээ их сонирхолтой байсан ч сүүлдээ өөрийн бодол хоббиныхоо хил хязгаарыг нэгэнт даваад бодчихсон байж билээ. Энэ бол эх орноо тойрон аялах гэсэн чин хүсэл бодолд минь бууж ирсэн юм. Энэ хүсэл мөрөөдөл маань 2016 онд биеллээ олсон ч гэлээ түүнд хүрэхээс өмнө, эхлэн бодсон үе рүүгээ буюу кинонд гардагчлан орон зай цаг хугацааны машин ашиглаад хамтдаа 2010 онд хэсэг зуур эргэн очицгооё.
Гуравдугаар курсээ төгсчихсөн оюутан байлаа. Энэ үед Монголын Аялал Жуулчлалын Багш Судлаачдын Нийгэмлэг гэх байгууллагаас эх орноо тойрох нэгэн аялал хийх гэнэ гэсэн мэдээг хаанаас ч юм олоод сонсчихож билээ. Тус байгууллагын гишүүн байсан Э.Хишигбаяр багшаасаа асуух нээ “Хөх Монголын хязгаар нутгаар 108 хоног” гэсэн үүргэвчтэй аялал зохион байгуулахаар төлөвлөж байгаа Этүгэн дээд сургуулийн багш Г.Довчиндорж бид хоёр явах юм гэхийг мэдэж авлаа. Шууд л юу ч бодолгүй би явъя гэж хэлээд амжлаа. Багш жуумалзан хэсэг харж байснаа багийн ахлагч маань Довчиндорж болохоор түүнээс л асууж дээ гэж хариулав.
Маргааш нь билүү нөгөөдөр нь миний бие Этүгэн дээд сургууль дээр очоод Довчиндорж багшийг олж уулзаад явах саналаа шуудхан л хэлж орхив. Багш маш тайвнаар за даа Дархижав минь боломжгүй л байхдаа юу ч гэсэн Монголын Аялал Жуулчлалын Багш Судлаачдын Нийгэмлэгийнхэнтэй уулзахаараа хэлээд үзье тэгээд шийд хэлье гээд уулзалт маань ганц хоёрхон минутын дотор болоод өнгөрлөө. Гарч явахдаа бүтэхгүйг нь мэдсээр байж мэргэжлийн чиглэлийн оюутан хүн аваад явчихаж магадгүй гэсэн горьдлого тээсэн хэвээр гэрийн зүг явлаа. Ингээд утсаар хэд хэд лавлан ярьсан ч тодорхой хариу өгөөгүй удлаа. Өнөөх аяллынх нь явах хугацаа дөхсөөр л. Нэг өдөр хичээл тарсны дараа ангидаа сууж дэвтрийн гол цаасан дээр аялалд авч явахыг хүссэн тухай дүүрэн юм бичиж орхилоо. Хэд хэд ноороглож байж нэг нь арай утга ойлгомжтой болсон бололтой дөрвөлжин эвхээд сургуулиасаа гарч алхаж билээ. Ингээд Довчиндорж багшид өгөөд хариу их хүлээсэн дээ. Хэд хоногийн дараа Хишигбаяр багш маань боломжгүй юм байна лээ шүү гэсэн үг надад зориулж хэлсэн юм. Түүнийг өнөөх захианыхаа хариу гэдгийг мэдээд жаахан гуньсан ч гомдоогүй юм шүү. Явах хүсэлдээ дийлдэж ямартай ч өөрийнхөө хувьд авч болох арга хэмжээгээ авч орхисон юм даг. Тэр захиа маань тухайн үеийн багш одоогийн Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны Г.Довчиндорж даргад байдаг бол эргэж нэг уншиж үзэхсэн. Эхний боломж замхран алга болсон түүх ийм болой.
Харин сэтгэлдээ тэр аяллыг их дэмжсэн. Яваад ирэхэд нь угтан авч, хуримын ордны арын зааланд гэрэл зургийн үзэсгэлэн гаргахад нь туслалцаж, тухайн үед TourBeer үйл ажиллагаа аялал жуулчлалынхны дунд болдог байсан үед хамтдаа очиж зургийг нь байршуулан хүмүүст үзүүлж тайлбар хийн зогсдог байлаа. Тэнд багш нар аялал жуулчлалын салбарын томчууд юм яриад л Л.Намдаг гэх ангийн найзынхаа хамтаар зургийн үзэсгэлэнгээ хураачихсан хоёр багшийг хүлээн шатан дээр шөнийн 2 цаг хүртэл сууж байсан ч үе бий. Ирснийх нь дараа ингэж л өөрт байгаа биеэрээ л тусалж явсан даа.
Сайхан аялал болсон нь ойлгомжтой байсан учраас би тэндээс их урам авч өөрийгөө илүү их хурцалсан юм. Энэ агшнаас хойш амьдралын хувь тавилан эрс өөрчлөгдөж ар гэрийн шалтгааны улмаас 2013 он хүртэл мөрөөдлөөсөө жаахан ухарч бодохоос өөр ахицгүй болж хувирсан даа. Энэ тухайгаа дэлгэрэнгүй бичнэ гэвэл хэдэн хуудас болно. Тиймээс эндээс шууд 2012 он руу шилжье. 2012 оны сүүлчээр Монголын Адал Явдалт Спорт Аяллын Холбоонд элсэн орж тус холбооноос зохиогдох хол ойр, хүнд хөнгөн гэлтгүй аялал алгасахгүй явж эхэлсэн дээ. Сургууль төгссөнөөсөө хойш энэ газраас дахин их мэдрэмжийг сэргээсэн юм. Бүтэн 3 жил тасралтгүй үйл ажиллагаанд нь тэргүүлэн оролцож хожим спорт аяллын Улсын Шүүгчээр батламжлагдан ахмад, оюутан, сурагчид, насанд хүрэгчид, албан байгууллагын спорт аяллын тэмцээнүүдэд шүүгчээр явж цаашлаад адал явдалт аяллын Спортын Мастер гэх эрхэм цолыг хүртэл 2015 онд хүртсэн түүхтэй. 2013 онд хэсэг нөхдийн хамт түүдэг галын дэргэд сууцгаан монгол улсаа монгол мориороо тойрох тухай ярилцаж явсан ч удаатай. Тэр үед ярихаас өөр ажил хэрэг болгож чадахгүй байсан үе. Гэвч бидний бодож байдгийг өөр хэн нэгэн бас бодож байдаг юм гагцхүү түрүүлж хийсэн нь хождог гэх өвгөн багшийн үг биеллээ олж хэсэг залуус 2014 онд эх орноо мориор амжилттай туулаад ирсэн билээ. Ингээд хоёр дахь боломж бодол маань салхинд дахин хийссэн дээ.
Цаг хугацаа харвасан сум шиг хэдэн жилийг мөрөөдөлтэй минь хамт авч одлоо. Анх бодож эхэлснээсээ хойш хэдийн 6 жил өнгөрөх үе буюу 2015 онд эх орноо өртөөлөн тойроод үзэх санаа орж ирэх хүртэл тархи тайван байлгаагүй юм. Спорт аяллын мастер гэх эрхэм цолыг хүртэж спорт аяллын чиглэлээрээ ямар нэг зүйлийг хийх юмсан гэсэн бодол, эх орноо тойрох юмсан гэсэн мөрөөдөл хоёр яв цав цаг хугацааны хувьд тохирч байсан учраас өртөөлөн аялах гэсэн цэг дээр тогтсон билээ. Бодоод байх нээ нэг зүйл унаагаар тойрч явснаас нэгээс нэг рүү шилжин аяллын олон төрлөөр өртөөлөн явбал илүү биед амар, сонирхолтой, адал явдалтай болохыг хараад гэрийнхээ ханан дээр газрын зураг нааж эндээс энэ хүртэл ийм төрлөөр, тэндээс үргэлжлүүлэн тийм төрлөөр гэх мэтчилэн тодруулагчаар маршрутаа зурж гарсан даа. 2015 оны сүүлийн хоёр сар монгол орныхоо байгаль газарзүйн байршлыг харгалзан авто машин, дугуй, тэмээ, мотоцикл, уул, явган, хөсөг тэрэг, морь, цаа буга, завь, галт тэрэг гэсэн аяллын төрлүүдийг сонгон явахаар шийдэж төлөвлөгөө, маршрут, замнал боловсруулахад шамдан орж билээ. Одоо л явахгүй бол хэзээ явах вэ? одоо л мөрөөдлөө биелүүлэх цаг маань гэж өөртөө шаардлага тавиад зүтгэсний үндсэн дээр 2016 онд буюу 7 жилийн дараа аяллын 10 төрлөөр өртөөлөн 11000 гаруй км замыг 130 хоногт амжилттай туулснаар ёс журмын дагуу мөрөөдлөө биелүүлэн толгойн дотор байсан том бул чулууг авч хаясан омогшилтой. Ингэж явахад ганцаар огт чадахгүйгээ мэдэрсэн би аялал тус бүр дээр тухайн аяллын чиглэлээр мэргэшсэн найз нөхөд танил талаасаа санал тавьж хамтран аялагчдаа олсон юм. Тэдэнтэй маань та тун удахгүй танилцах учраас илүү зүйл бичээд энд хэрэггүй байх.
Мөрөөдөл биелдэг гэж үнэн юм билээ. Гагцхүү түүнийхээ төлөө тэмүүлж, тус бодолдоо үнэнч байж, мөрөөдлөө тархиндаа амьд байлгах нь хэзээ нэгэн өдөр бодол боломж болж ирдэг юм шүү. Мөрөөдөл гэх үг нь мөрөө үлдээгээд өөдөл гэсэн утгатай ажээ. Тийм ч учраас сайхан мөрөөдөл сайхан зүйлсийг л араасаа дагуулж сайн замын мөрөөр өөдлөн дэвжих учиртай. 2010 онд Г.Довчиндорж, Э.Хишигбаяр багш нараасаа би явъя гэж гуйж байсандаа одоо ичмээр ч юм шиг. Нэг том аялал хийхийн тулд 1000 жижиг ажил амжуулдгийг ухаараагүй байсан юм билээ. Өөрийн толгой дээр буугаад ирэхээр өөрийн эрхгүй тэрхүү аялагчдын орон зай, бэлтгэл ажил, маршрутын төлөвлөгөө, тэсвэр тэвчээрийг ойлгодог юм байна.
Долоон жилийн дараа ингэж нэг бүтсэн аяллынхаа тухай тантай хуваалцаж байгаадаа баяртай байна. Олон хүнд хүргэх үүднээс телевизийн нэвтрүүлэг ч юм уу хийх хэрэгтэй байсан байх. Гэхдээ хийж чадах, аяллаа дуусгаж чадах үгүйгээ мэдэхгүй учраас тэгж сүржин хэмжээнд хүргээгүй юм. Тэгээд ч миний бодолд олны танил болох гэдэг үг угаас тохирохгүй. Сонирхол нэгт найз нөхөд, танилуудынхаа хүрээнд Фэйсбүүк гэх цахим орчинд л өөрийн хуудсаараа мэдээлэл хийж, очсон газраа танилцуулж явсан минь амжилттай дууссан даа. Одоо түүнийгээ тайлан болгож аяллын тэмдэглэлээ сийрүүлэн эмхтгэж хэдэн ширхэг товхимол болгоод хэрэгтэй гэсэн хэдэн хүндээ хүрээсэй хэмээн найдаж сууна. Миний бие энэ аяллаасаа нэг зүйлийг маш сайн ойлгож үлдсэн. Ямар нэгэн хүсэл мөрөөдөл, ямар нэгэн ажил үйлс цаг нь ирэхээр өөрөө аяндаа бүтдэг гэсэн ухаарлыг ой тоондоо ойлгосон юм. Хэт их яарах нь цаг нь болоогүй шагнал үнэ цэнэгүй байдагтай агаар нэг гэдэгтэй дүйцүүлэн ойлгож болох юм.
Энэхүү бүтээлээрээ бид танд аяллын тэмдэглэлээсээ сийрүүлсэн тухайгаа өгүүлэх ба олны таньж мэддэг түүхэн дурсгалт газар орны танилцуулгыг бусад ном зохиол, интернет орчноос дэлгэрэнгүйг олох боломжтой учраас бага оруулсан гэдгийг сануулан уламжилъя.
За ингээд хуудсаа арагш эргүүлэн хамтдаа аялалдаа гарцгаая!
Мягмарнарангийн Дархижав