МОРИН АЯЛАЛ — ХӨВСГӨЛ НУТГААР
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул хэмээх суманд оюутан ангийн охин Л.Цэцэнгэрэлийнх бий. Урьдаар ярьж тохирсноор Архангай аймгийн Цэнхэрмандал сумаас машинд ачигдан ирэх хоёр морь, хамтран аялах Т.Баярбямба дүүгээ энд хүлээх учиртай. Ангийн охины нөхрийг Д.Юра гэх ба бид сайхан танилцаж, ангийнхаа охинтой оюутан насныхаа дурсамжийг хүртэл хүүрнэлээ.
Маргааш өглөө утас дуугарч Баярбямба дүү морио ачаад аавтайгаа хамт гарч байна гэсэн мэдээ дуулгав. Портер машин дээр хэдэн зуун км-ын цаанаас их замд гарах морьд маань ачигдан наашлах хойгуур ангийн охины нөхөр мотоциклоороо үйлчилж сумын эргэн тойрноор давхиж сум орон нутгаа танилцуулав. Энэ өдөр бол 6-р сарын 29 буюу улс орон даяар сонгуулийн санал хураалтын өдөр таарч байлаа. Энэ удаад үүргээ биелүүлж сонгууль өгөх хувь тохиогоогүй ч сонголт мэргэн байж, сонгогдсон нь сэтгэл зүтгэл сайтай хүн байгаасай гэж дотроо өөртэйгөө улс төржив. Мөн нөгөө талаар энэ өдөр бол анх эх орноо тойрохоор гарснаас хойших аяллын минь “100” дахь өдөр тохиож байгаа билээ. Орой хэвд гэрийн эзэн эзэгтэй хоёр хөдөө ажлаар явахаар болж би гэдэг хүн гэрийг нь сахиж үлдэв. Баярбямба дүү рүү ярихад Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод ирсэн байна эндээс удахгүй гарлаа гэх. Ойролцоогоор үүрийн 4 цагийн үед ирэх нь гэж таамаглаад сэрүүлэг тавиад унтлаа.
Тавьсан сэрүүлэг тачигнаад дуугарав. Сэрмэгцээ утас руу нь залгавал холбогдох боломжгүй байлаа. Ямар ч байсан ирж яваа нь тодорхой учир сүлжээгүй газар яваа нь ойлгомжтой. Хол зам туулж яваа хүмүүст хоол хийхээр үүрийн 04:00 цагт мах төмс ногоо хөшиглөж, гэрээс гарч хэдэн мод хагалаад гал түлж будаатай шөл бэлэн болголоо. Цагаа харвал 5:00 өнгөрчээ. Сумын төвийн баруун урд булангийн айл учраас үе үе хашаанаас гарч ирэх зүгт нь нүдээ бэлчээнэ. 10:25 минутад Баярбямба дүүгээс дуудлага ирж би ч байгаа байршлаа зааж өгнө. Цэнхэр өнгийн 72–76 УНВ улсын дугаартай портер машин ирж зогсоход тэвшин дээр нь аяллын 8-р өртөөг үргэлжлүүлэх хоёр ажнай маань харагдана. Машинаас Баярбямба араас нь түүний аав Төмөрбаатар ах, жолооч Баатар нар бууж ирлээ.
Морь ачиж хол замд явна гэдэг хэцүү бололтой ярианаас нь илт. Морьдоо буулгахад дэл нь жаахан ургачихсан бор морь, зөв талын гуян дээрээ “99” тамгатай жижиг биетэй халиун морьд байх юм. Ачаанд ирсэн эмээл, богцоо буулгаад хүсэн хүлээсэн аялалдаа гарахаар амьхандаа яаравчилна. Тогтуухан сайхан яриатай Төмөрбаатар ах бид хоёрын эмээл, хазаарыг мөн янзлалцана. Халиун морь их хөнгөн, год шод хийсэн адуу учраас занг нь мэдэхээр нь Баярбямба дүү маань унахаар болж үлдсэн бор морь миний унаа боллоо. Хаа газар явахад өөрсдийн морь гэдгээ нотлох бичиг баримт болгож мал, амьтны эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээ №00049050 код0119 гэсэн дугаарлалттай тамга тэмдэгтэй бичгийг Архангай аймгийн Цэнхэрмандал сумын Эрдэнэ-Уул багийн засаг дарга үнэн болохыг нотлон албан бичиг цохон өгчээ.
Гэрт орж хоол цай идэж уугаад морьд хүргэж ирсэн хүмүүс маань нарны голтойд Мөрөн хот орох ёстой гээд замдаа буцлаа. Хол замд хөл дээрээ ирсэн морьдоо хашаанд чөдөрлөж хоёр цаг хэртээ амраах зуураа аян замд гарах ачаа бараагаа янзлан, дээл хувцсаа өмсөж монголжлоо. Улаанбаатар хотоос захиж авчруулсан хором гутал маань харин асуудал болж хөлийн хуруу тулж багадах юм. Урт замд ийм гуталтай удаан хугацаанд явна гэдэг хэцүү болохоор сумын төвийн дэлгүүрүүдээр хэслээ. Урд өдөр нь ийм асуудал болохыг мэдсэн юм шиг нийслэл хотдоо ажиллаж амьдардаг энэ нутгийн уугуул охин ХААИС-ийн багш найз Ж.Пүрэвсүрэн маань аяллыг минь дэмжин 100.000 төгрөг шилжүүлсэн байсан юм. Түүгээр нь суманд нь хөрөнгө оруулалт хийж 40 размерын бакал хэмээх алдарт гутал авлаа даа. Гутал маань надад арай томдож байсан ч хамгийн бага размер нь энэ байсан болохоор метрийн даавуу авч хөлөө ороогоод өмсөж орхилоо.
Ингээд 2016 оны 07-р сарын 01-ний 15:00 цагт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвөөс морин аялал маань албан ёсоор эхлэн зүүн хойд зүг рүү гарч алхлаа. Дэлхийг чичрүүлж явсан дээдсийн удамт монгол хөвгүүд гэсэндээ морин дэл дээр дээлээ өмсчихсөн баясгалантайхан явна.
Халиун морь, бор морь хоёроороо газрын холыг туулан Дархадын сумд — Цаатан ард — Монгол шарын даваа — Хорьдол Сарьдагийн нуруу — Уртрагийн даваа — Хөвсгөл нуур — Ханх сум — Халх Булнай — Даян дээрхийн агуй — Булган аймгийн Хутаг-Өндөр сум гэсэн үндсэн чиглэлээр явах ба бидний зорилго тэртээх 1000 км-ын цаана байгаа билээ. Түүнд хүрэхийн тулд уул даваа, шавар намаг, гол мөрөн, хад чулуу, ой тайга, бороо шороо гээд юу эс тохиолдохыг хэлж мэдэхгүй учраас зам зуураа хуучилна биз ээ. Хоёр морь маань явчихъя гэсэн байртай чих нь соотолзоод хөнгөн шингэн гэж жигтэйхэн. Сумаас нэлээн хөндий гартлаа сайхан алхууллаа. Миний унасан бор морь сайвар алхана, хажууд харин халиун морь хөнгөн шогшиж түүнийг унасан Баярбямба дүү ойж буух аятай хөгжилтэй харагдана. За ингээд хэдэн сарын өмнөөс яриад байсан хол замын морин аялал маань эхлэлээ шүү дээ гэж дүүд хандахад, дүү ч толгой дохино. Сумаас хойш 4 орчим км-т Шаргын гол хэмээх нарийн гол байх юм. Түүнд хоёр морио услаад цаашилж Өвгөдийн булаг харагдахад түүний дэргэд байх Өвгөд багийн төвөөр дайран өнгөрлөө. Энэ удаа бид хоёр маш хариуцлагатай аялалд явж байгаа юм. Хэдийгээр монгол хүн бүрийн чадах ажил байвч морь маллаж явна гэдэг хэцүү. Тэр дундаа нутгаа сольсон морьдыг хол газар олон хоног унаж, эдэлж, маллаж явна гэдэг амаргүй. Шөнө чөдөрлөж аргамжих ч нэг удаа л хайхрамжгүй байж морио алдаж гүйлгэчихвэл энэ удаагийн өртөө маань төлөвлөгөө гажуудуулах эрсдэлтэй юм. Төмөрбаатар ах хашир хүн учраас адуун сүргээсээ хол замын аялал, туувар даах яс сайтай морьд явуулсан нь ойлгомжтой. Тийм хэдий ч бид хоёроос шууд хамааралтай билээ.
Эхний өдөр сайхан ергүүлээд нэлээн зам хороов. Хоёр морин дээрээ бүх ачаагаа богцлон ганзагалсан нь хурдан явахад төвөгтэй байх нь мэдээж. Тэгээд ч олон хоног явах учраас аль болох хөлийг нь цуцаахгүй явах давхар зорилготой. Баярбямба дүү бол морийг унаж эдлэх тал дээр гаршсан жинхэнэ монгол залуу билээ. Би ч уг нь дутахгүй байх учиртай, хар багаасаа л хурдан хүлгийн зоон дээр өссөн хөдөөний хөрслөг жаал хүү байлаа. Жаахан томроод ирэхээр авч давхидаг, хадуурдаг, эмнэг ардагыг унуулдаг байсансан. Морь унах арга техник, түүнтэй харьцах ур ухаан гээд л аавын минь зааж сургасан монгол боловсрол надад сууж үлдсэн байх учиртай. Хаяа зэргэлдээх сумдаар аавыгаа даган хурдан морины унаачийн үүрэг гүйцэтгэн нэлээн тэнэсэн толгой. Хэдийгээр сүүлийн хэдэн жил хот хүрээ газраар байсан ч морь унах, маллах, түүн дээр олон хоног явах сэтгэлийн болоод биеийн тэнхээ надад бий. Ийм л учраас “хангайн”, “талын” хоёр өөр нутгийн залуучууд нийлж 20 хоногийн морин аялал Хөвсгөл нутагт хийхээр эхлүүлэн явж байгаа минь энэ.
Хаашаа л харна дүнхийсэн сайхан уулс, ой модод, цэцэг навч, шувуудын жиргээ нүдэнд үзэгдэж чихэнд сонсогдоно. Өдөржингөө морины зоо нуруун дээр явахад нүдээ амраах завгүй эргэн тойрныхоо байгалийн гоо үзэсгэлэнг биширнэ. Нар хаяарах үеэр бид хоёр Оглогын гол даган нэлээн өгсөөд морьдынхоо нурууг амраан буудаллаа. Өмнөх аяллуудад явсан майхан маань энэ удаа бас бидэнтэй хамт явж байгаа учраас майхнаа бариад гал түлж түүдэг асааж хэсэг сууцгаав. Оройн хоолондоо цуйван хийхээр төлөвлөж сумаас гарахдаа бэлэн гурил аваад гарсан юм. Би махаа хуурч, сонгино сармис арилгах зуур Баярбямба маань хоёр мориныхоо эмээлийг авч байх нь харагдана. Хол замд явахдаа хөлстэй морины эмээлийг шууд авч болдоггүй заншилтай. Манай нутагт бол хий цохино гэж ярьдаг учраас хэсэг амрааж байгаад авахдаа тохмоор нь хэд хэд сэвж авдаг уламжлалтай. Холын аянд биеэ ч тордоно морио ч гамнана шүү.
Сайхан цуйван сэгсэрч идчихээд үргэлжлүүлэн гал дээр ус буцалгаад авлаа. Нар уулын цаагуур орж нуугдан гэгээ тасрах үед морьдоо чөдөрлөж модон гадсаар аргамжаагаа шаантаглана. Аргамжааны гадас модон байвал илүү бат бөх байдаг юм. Төмөр гадас хэд хэд эргэлдэх хөдөлгөөнөөр нь займчин сулардаг бол модон гадас анх шаантгалсан чигээрээ маргааш хүртэл хэвээрээ байдаг онцлогтой.
Чийгний гудсаа дэвсээд мишокнуудаа дэлгээд дээлээ нөмрөөд хэвтэцгээлээ. Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг малгай бүс хоёроо майхныхаа хоймор хэсэгт залаад гар чийдэнгээ гарт ойрхон байдлаар бэлтгээд амарцгаалаа даа. Нүдээ аниад унтахаар тухлахад чихэнд шир шир хэмээх морьдын өвс идэх чимээ дотно сонсогдоно. Үдийн алдад Цагаан-Уул сумаас гарсан гэхэд 40 орчим км яваад амарч байгаа минь энэ. Хоёр хоёр цагийн зайтай сэрүүлэг утсандаа тавиад амарсан нь морьдоо шөнө эргэх гэсэн санаа болой. Сэрүүлэг дуугарахад майхнаасаа цухуйх төдий үйлдэл хийж гар чийдэнгээрээ гэрэлтүүлж харчхаад эргэн хэвтэнэ. Удалгүй дараачийн сэрүүлэг ээлжлэн дуугарсаар өглөө боллоо. Ингэж ойр ойрхон сэрүүлэг тавьж унтахад амар ч ер чаддаггүй юм билээ. Эрт унтсан хэрнээ олон сэрсэн учраас нойр жаахан дутуу ч эхний өдөр учраас маш хариуцлагатайгаар морио манасан шөнө өнгөрлөө. Хоёр морь маань биднийг сэрэхэд өвс идэхгүй хойд хөлөө сольбон амарч зогсож харагдана. Өглөөний унд болгож голын сэнгэнэсэн хүйтэн усаар ундаалж, боорцог молоко хольж зооглоод морио эмээллэн ээлжит өдрийн аян замдаа гарахад бэлэн боллоо. Хүн төрөлхтөн морь хэмээх энэхүү амьтныг тэртээх 10000 жилийн өмнө гаршуулсан гэдэг. Түүнээс хойш одоог хүртэл хүн төрөлхтөнд үйлчилж яваа буянтай амьтан. Үүргээ ухамсарласан морьд маань үргэлжлүүлэн алхахад хэдийн бэлэн болсон санагдана.
Баянзүрх сум хүртэл дунджаар 40 км учраас өнөөдөр тайван явцгаая гэсэн бодлоо хоорондоо хуваалцлаа. Энэ өдөр их халуун байсан учраас дээлээ тайлж эмээл дээрээ тохоод ус тааралдвал малгайгаа норгож явахад хоёр морь маань хазаар хаялан алхана. Үд өнгөрөөгөөд үүлс хурж эхлэв. Битүү ой модтой хэд хэдэн уул даваанууд давахдаа дотроо төөрчихгүй юмсан гэсэн нууцхан айдастай. Замд хүн таарвал зам чиг асууна эсвэл газрын зургаа сайн унших гэсэн хоёр боломжтой. Хүн бол тэрийн болгон таарахгүй хааяа мотоциклтой хүн харагдах ч таарсан болгонтой нь уулзаад байх боломжгүй. Өдөр бүрийн аялал тутамд нэг удаа эмээл тохмоо авч морьдоо аргамжин 1–2 цаг хүртэл амрааж идүүлнэ. Тэр хооронд нь бид хоёр бас үдийн цайгаа ууж, хэвтэж хэсэг зүүрмэглээд хүртэл амжина. Өдрийн 15 цаг өнгөрөөгөөд бороо дуслахад ообой цув хэргээ гаргана шүү дээ. Баянзүрх сум дөхөх тусам уулс нь их шовх чулуун оргилуудтай болдог юм билээ. Энэ тэнд нь агуй гэмээр том жижиг нүх сүв бол маш их. Агуй судлаач хүний хамгийн түрүүнд ирэх газруудын нэг ч байж болох юм. Хийморь сүлдтэй явж бид хоёр тэртээ уулын наана давхих саарал чоныг хараад удаагүй явтал энгэр өвөртлөн урдуур үнэг жалга өгсөөд давхин одлоо.
Энэ хоёр амьтныг ингэж ойрхон харах боломж тэрийн болгон олдохгүй л байх. Сумын төвөөс хэдхэн км-ын зайд Дэлгэрмөрөн гол халхлан урсана. Ном зохиол, ахмад аялагчдын ярианаас сонсож байсан домогт гол дээр ирж үзсэн дээ баяртай байлаа. Энэ гол 445 км газарт Идэр голтой нийлж Сэлэнгэ мөрөнд цутгадаг юм билээ. Дунджаар 40–100 метрийн өргөнтэй хамгийн гүн хэсэг нь 2,5 метр хэмээгддэг. Бидний унасан хоёр морь нутагтаа Хануй голд их ордог түүнээс өөрөөр бол их ус үзээгүй агтнууд. Морьдоо усалж өөрсдөө ундаалж аваад гол гатлахаар болоход эхэндээ хоёр морь маань хулжис хийгээд хөлөө зөөж ядан шарвалзана. Баярбямба дүү морио гуядаж байгаад түрүүлээд оруулахад араас нь бор морь маань дуртай дургүй явна. Нэлээн өргөн гол хэдий ч ус нь их тунгалаг юм. Биднийг гарахад хамгийн гүн нь дөрөөн дээгүүр татаж байсан. Мэдээж гарамтай газраар гарсан гэдгийг ойлгоно буй заа. Голоос цааш нэлээд явж байж сумын төв ороход морь унасан бид хоёрыг хүмүүс их гайхан харна. Магадгүй морь унасан гэхээсээ илүү хаачиж яваа хоёр нөхөр вэ гэж сонжсон байх л даа. Дэлгүүр орж хэрэгтэй зүйлсээ аваад сумын баруун хойно байх шинэхэн хоосон хашаанд орж майхнаа барилаа. Шинэхэн хашаа учраас өвс нь гэж сайхан, морьдоо аргамжилгүй сул чөдөрлөөд орхилоо. Одоо эргээд бодох нээ магадгүй хэн нэгэн нь тэр хашаанаасаа бага ч болтугай хадлан бэлтгэх гэсэн нөөцөө харж байсан байхаа даа. Гэхдээ хоёр морь маань гэдэс алдаагүй байсан учраас тэгж их идээгүй тэрүүхэн буланд л нэлээн эргэсэн болохоор хадлан тэжээлээс нь хомсолжээ гэж бүү ташаа ойлгоорой. Энэ шөнө харин айх аюулгүй сэрүүлэг тавилгүй амар жимэр бат бөх нойртой хонолоо. Өглөө 8 цагийн үед босоод морьдоо эмээллэн сумын төвийн захиргааны гадаа очиж хэсэг сууцгаалаа.
Унаж яваа хоёр морь маань жаахан үргэмтгий учраас үе үе хажуугаар давхих мотоциклтой хүнээс ч хамаагүй цэрвэнэ. Тамгын газрын даргыг нь хүлээж байгаад газрын зураг дээрээ тамгаа даруулаад замдаа гарлаа. Энэ өдрийн очих газар Улаан-Уул сум бөгөөд Баянзүрх сумаас 58,2 км зайтай. Гэхдээ энэ газрын зураг дээрээс бодож гаргасан агаарын замаар л даа. Хэд хэдэн томоохон давааг давж заримдаа давааны уруу буухдаа морио хөтлөн явж байлаа. Ачаатай болохоор эмээл урагш түрээд морьдоо хүчлээд улдуулчих вий гэсэн эрсдэлээс амьхандаа сэрэмжилнэ. Өдөр бууж хоолоо идэнгээ морьдоо нэг сайхан амраагаад үргэлжлүүлэн тэр чигтээ туусаар борооноос өмнө Улаан-Уул суманд хүрч очлоо. Сумын төв орохоос өмнө Дархадын 13 овоо гэх газраар дайран ирснээ сануулъя. Дархадууд 13-ын тоог билэгддэг учраас ийнхүү 13 овоо босгож бөө мөргөлийн зан үйлээр тахидаг юм гэсэн шүү. Тэр газраас Улаан-Уул сум очих зам дандаа уулын уруу учраас нэг талаараа жаахан хүндрэлтэй зам санагдсан. Дээр нь бороо их орж шавар ихтэй учраас бүр хүнд. Холын газрыг товчлоод байдаг хомбон туурайтай морь долоон жилээ гэж тодотгосон нь зүгээр ч үгүй дууны үг бололтой. Нээх ширүүн биш алхаж шогшоод хааяа ойр зуурхан газрын хэвлий харж байгаад ергүүлж хэд хэд цогиулахад оройн 18 цаг өнгөрөөгөөд л өнөөдрийн замаа дуусгасан. Анхны эхэлсэн цэгээс энэ хүрэл одоогоор 150 гаруй км зам туулжээ. Бороонд гутал чийг дааж норсон байдалтай хөлд чимээ өгнө. Аялалд яваа хүмүүс аль нэг газар очиход танилгүй бол эхний зогсоол дэлгүүр хоршоо байдгийг анзаарвал аяллаас ажиглаж болдог. Бид хоёр дэлгүүрийн гадаа ирж ганц ундаа авч хувааж уулаа.
Үс нь жаахан бууралтсан 50 гаруй насны эгч, жаахан охин дагуулаад бидний байгаа дэлгүүрт ороод гарахад нь яриа үүсгэж учир байдлаа хэлээд амжлаа. Та хоёр манайд очилдоо гэж танихгүй ч гэлээ эгч хэлэхэд хэзээний нэг танил шиг хамт гэрт нь очив оо. Хашааных нь гадаа морио уяад гэрт ороход сахал нь цайрч яваа ах унтаж байх юм. Морьдынхоо эмээлийг авч хажуу хоосон хашаанд нь оруулж чөдөрлөөд, майхнаа үүд хавьд нь босгоод эмээл хазаар ойр зуурын юмаа янзалжээ суулаа. Хашааны урдуур явж байсан ах ирээд за хоёр дүү энэ хашаанд унтах гэж байгаа юм уу гэх нь тэр. Харваас илт байсан болохоор ах хариулт авалгүй энэ хашаа ч юмтай шүү ах нь сайн санаж хэллээ шүү гээд хэсэг ярьж байгаад яваад өгөх нь тэр. Гэгээ тасрах үетэй давхацсан болоод тэр үү эргэж хашаагаа ажиглавал ойрын хэдэн жил хүн амьдраагүй хэдэн дүнзэн жижиг амбаар, хүн явсан мөргүй өвс нээрээ л жихүүцээд биенийгээ харан инээлдээд майхнаа өнөөх ах эгчийн хашаа руу бушуухан шиг зөөлөө. Хаалгыг нь сайтар уяж бэхлээд зэргэлдээх хашаандаа орцгоолоо. Эгч гэрт унтахгүй дээ гэж учирлах ч энэ айлд олон зочин ирсэн тул майхандаа амархаар болсон билээ. Бидэнд майхан доор дэвсэх жижиг хивс өгөхөд түүнийг нь доороо дэвсээд майхандаа орж хэвтэх зуураа хоёр морь маань юмтай газар зүгээр байгаа гэж яриад бас амжина. За ямар ч байсан шөнө сэрээд нэг эргэе гээд амарцгаалаа.
Шөнө бороо орсоор л … нэг сэрээд цаг харвал шөнийн 2 цаг өнгөрч байлаа. Ярьсан ёсоор бол морьдоо эргэмээр байвч юмтай гэгдсэн хашаан дээгүүр өнгийж харна гэж бодохоор зүрх алдуулна. Хэвтээд хэсэг сонсох нээ морьдын тургих чимээ сонсох үед ямар ч байсан байгаа л юм байна гээд эргээд унтчихаж билээ.
Өглөөний 07:00 цагт морьдоо хашаанаас гаргалаа. Өчигдрийн ах хэлээгүй бол бид хоёр мэдэхгүй хонох л байсан байх даа. Гэхдээ юм саналгүй хоновол юмтай газар гэсэн бүхэн ямар ч хоргүй байдаг юм гэж өвөө маань дээхэн цагт хэлж байсан түүхтэй. Нээрээ л тийм байх, юм бодчихоор хүний оюун ухаан улам гүнзгий ухаж түнхдэг хойно. Морьдоо эмээллээд гэрт орж цай уугаад сумын захиргаа руу нь очиж газрын зураг дээрээ ээлжит нэгэн улаан дардас даруулав. Өглөөгүүр нэгэн цайны газар онгойсон байхтай тараад гурав гурван хуушуур захиалж идчихээд замаа үргэлжлүүллээ. Улаан-Уул сумаас гарч хээр нэг хоноод хоёр өдөр яван байж Цагааннуур сумын төвд ирлээ. Муу хүн идсэнээ гэдэг байх гэхдээ яадгийм зам зуур хэд хэдэн айлаар орж тараг, сүү ууж явснаа орхиж болохгүй байх. Аялал эхэлснээс хойш морьд маань нэг өдөр ч амраагүй болоод тэрүү анх соотолзож байснаасаа арай гундуухан болж ядарсан шинжтэй болжээ. Үргэж цэрвэх нь эрс багасаж ташуурын чимээгээр л хурдаа жаахан нэмэх аятай ярьж чадахгүй ч гэсэн амраахгүй юм уу гэх зүйлийг үйлдлээрээ үзүүлэх шиг. Дээр нь яваа бид хоёр бас амармаар л байна шүү дээ гэж эргүүлэн хэлчихмээр.
Хил Хамгаалах Ерөнхий Газар-аас олгосон зөвшөөрлийн бичгээ бариад тус суман дээр байрлах хилийн 0257-р ангийн харьяа 0258-р салбарт /07-р застав/ бүртгүүлэхээр очлоо. Тус салбарын захирагч, Хошууч Д.Отгонсүрэн өрөөндөө уулзаад хилийн зурвас бүхий газрын зураг дээр байршил зааж явах зам харгуй хэцүү, гол ус уул нуруу тэргүүтэй бартаат замыг тайлбарлана. Сүүлд 2015 оны зун 10 ахмад явган аялагчид ирж очихын 9 хоног явж байсан түүхтэй. Зам ч гэж хэцүү шүү дээ гэж дахин дахин анхааруулна. Нэгэнт ирснийх шантрахгүйгээр Монгол Шарын даваа орчихмоор байгаагаа дахин хэлэхэд бууж өгөхгүй хоёр нөхөр байна гэж ойлгосон уу яасан за дүү нар явж болно оо гэхдээ ах нь та хоёрт зам мэддэг хүн дагуулж явуулъя гэж баярлуулав. Ингэж хол зам туулаад зориод ирсэн дүү нарыг яаж буцаахав? унаж яваа хоёр морио манай заставын адуучинд орхиод заставын адуунаас хоёр морь унаад явцгаадаа гээд тус газрын Ахлагч Энхбаяр гэх залууг дуудан үүрэг болгов.
Танилцаад байсан Энхбаяр маань урд жил явган ирсэн ахмад аялагчидтай маань хойд зүгт хүрсэн байлаа. Эрэлхэг зоригт тэр ахмадууд бол Алдартолгой клубын Ж.Оюунтуяа ахлагчтай баг тамирчид байсан юм. Бид нэг нэгнийгээ маш сайн мэднэ. Тэд маань 2015 оны 5-р сарын 1-нд Монгол улсынхаа өмнөд цэг Орвог Гашууны Бор Толгойноос үндсэн гараагаа эхлэн улсынхаа хойд цэг Монгол Шарын Давааг чиглэн 2 сарын хугацаанд хөлс хүч, тэсвэр тэвчээр үлгэрлэл үзүүлэн байж 7-р сарын 1 гэх өдөр биеллээ олж зорилгоо биелүүлж мөрөөдөлдөө хүрсэн Ж.Оюунтуяа, М.Сугар, Ю.Цэцэгбадам, М.Шаравжамц, Д.Очирхуяг, Д.Саша, Х.Пүрэв, Г.Баттуул, У.Байгаль, Х.Алтанцэцэг хэмээх ахмадууд юм. Хамгийн залуу нь 55 настай байсан бол хамгийн ахмад нь 69 настай байлаа. Эдгээр хүмүүс “ёо” гэж хэлээгүй аяны хүндээс шантраагүй байхад залуучууд бид ёо гэж хэлэх ч эрхгүй мэт. Тэр аялагч ахмадуудын маань замын тэмдэглэл, дурсамж дурдатгалын гарын авлага удахгүй гарах байх гэж найдаж байна. Нөгөө хэдтэйгээ утсаар ярьж яриа хөөр болж бид хоёр дэлгүүрээс шаардлагатай зүйлээ базааж аваад заставын адуучных руу явлаа. Сумын төвөөс зүүн хойд зүгт 20 гаруй км зайд байгаа бололтой. Сумын төвийн зүүн жигүүрт цэнхэртэн харагдах их ус бол Цагаан нуур юм. Нуурынхаа нэрээр орон нутгийнхаа нэрийг өгсөн нь ийм учиртай бололтой. Хөвсгөл аймагт ганцхан Хөвсгөл нуур байдаг мэт хүмүүс ойлгодог бол Сангийн далай нуур түүний араас томоороо Цагааннуур зүй ёсоор бичигдэх байх. Ийм л том нуурын баруун эргээр явж Шишгэдийн голд тулж ирэхэд гол дээр хөвдөг гүүр тавьжээ. Гол яаж ч үерлэсэн гүүр тэр хэрээр дээшлэн одоо байгаа шигээ байдаг нь тус гүүрний давуу тал мэт. Шишгэд хэмээх нэрийг чихэндээ олон сонсож байсан ч ийм өргөн том гол байх юм гэж санасангүй. Далайн түвшинээс 2610 метр өндөрт орших энэ гол Хорьдол Сарьдагийн салбар уулс Алтайн тайгын Гунын голоос эх авдаг ба 344 км урт урсдаг хэмээн тогтоогджээ. Багтаг, Хөг, Гуна, Ходон, Шарга, Хогорог, Тэнгис, Ивэг зэрэг дөчөөд гол цутгадаг ба алдарт Дархадын хотгор энэ голын ай савд багтдаг юм билээ.
Маргаашаас эхлээд хоёр морь минь хэд хоног ч гэлээ амрах юм чинь гэсэн сэтгэлээр цааш нэлээн давхив. Хөлс нь цутгаад ирэх үетэй давхцан очих айлын маань бараа үзэгдэнэ. Алхуулан очих зуур өнөөх хөлс бараг хатсан нь хэр холоос алхсан нь таамаглахад ойлгомжтой. Ирэхэд адуучин ах гэртээ алга. Ямартай ч заставын даргын үүргийг танилцуулаад гэрийн гадаа майхнаа босголоо. Маргааш өглөө ахлагч Энхбаяр маань араас ирэх учиртай тул бид хоёр ийнхүү түрүүлж ирсэн нь энэ л дээ. Гэрийн эзэгтэй хоол цай болж тэнд байх хоёр хүүхдэд бид ч гар хоосонгүй очсон юм. Нэлээн орой хэвд адуучин ах гэртээ ирлээ. Утсаар застав руугаа мэдээгээ өгөхдөө бид хоёрын ямар учиртай ирснийг хэлүүлэлтгүй мэдчихлээ. Хоёр дүүгийн аян зам сайн уу? маргааш шарын даваа явах юм байна эртхэн амар даа! хэмээв.
Маргаашийн мандах нартай уралдан ахлагч Энхбаяр маань эмээл хазаараа ганзгалчихсан мотоциклтой ирэв. Заставын адууг хашаалж байгаад морь барьцгаалаа. Энхбаяр ахлагчид хар голтой ухаа морь, Баярбямбад маань хув чихтэй хар морь, харин надад жижиг биетэй хүрэн морь таарлаа. Миний унаж явах хүрэн морь багахан түүхтэй адуу байлаа. Монголоо гэсэн заншилтай морио гэсэн сэтгэлтэй хэдэн залуучууд санаа нийлэн 2014 онд Морьтон Монгол нэрийн дор эх орныхоо хилийн хязгаар нутгаар бүтэн тойрох аяллаа эхлэн нийт 188 хоногт 10400 орчим км замыг туулахдаа 88 морь сэлгэсэн гэдэг. Энэхүү сэлгээнд орсон морьдын нэг болж хүрэн адуу энд үлдсэн түүх ийм. Тэрхүү адуу нь надад таарч намайг Монгол Шарын Даваа хүргэж өгөх үүрэг хүлээсэн юм даа. Эмээл тохож байхад гэдэс цатгалан адуу унгас алдаад сүүлээ шарвалзана. Ийм түүхтэй адуу ч гэлээ нэг жаахан гэмтэй гэнэ. Эвгүйхэн байвал бухдаг зантай гэдгийг мэдчихээд уначихгүй юмсан гэсэн бодол өвөртлөн мордлоо. Ямартай ч бухах боломж олголгүй жолоогоороо сойж байгаад нуруун дээр нь гараад авлаа. Гурвуул нийлж аваад Монгол Шарын Даваа руугаа замдаа гарах нь тэр ээ. Эндэхийн морьдын нэг давуу тал нь өөрсдөө явах замаа бараг мэддэг болчихсон байдаг юм билээ. Нэг ёсны хэзээний хилчин болчихсон морьд гэсэн үг. Монгол Шарын Даваа явахад эгнээд алхах гэсэн ойлголтгүй ар араасаа нарийн жимээр цуван алхана.
Буугаа үүрсэн дүрэмт хувцастай Энхбаярынхаа араас бид хоёр мөр даган шогшино. Бороо орвол бүсэлхийнээс доош шууд нордог гэж ярьдаг нь битүү бургасан дундуур явахтай холбоотой ажээ. Шумуул биднийг, хөхтүрүү морьдыг маань барьчих гээд цус руу минь дайрах юм. Түүнд нэмэлт хүч болон хэдгэнэ үе үе хүч хавсарна. Эхний өдөр 50 км хэртээ газар яваад буудалцгаалаа. Хилчдийн маань авч яваа зүйл аялагчдын авч яваа зүйл хоёр их төстэй. Богцонд тогоо шанага, хоол хүнс, газрын зураг тэргүүтэй зүйлс байх юм. Хилчид маань нааш цааш явсаар байгаад бууж суудаг буудаллаж хонодог нэлээн газартай болжээ. Түүний нэг газар нь морио бургаснаас аргамжаад отогоо байгуулан хоноцгоов.
Үүрийн 5 цагт босоцгоон аяллаа үргэлжлүүлэн урд өдрийн адил ар араасаа цувж өнөөх танил шавьжнуудтай найзлан явна. Эргэн тойрон нов ногоон, нар шарсан халуун өдөр дэлгэр сайхан дулааны улирал хэдий ч явах замдаа мөсөн голтой таарсан нь сонин санагдана. Олон нарийн гол хоёр том гол гатлан байж очих замд ийм үзэсгэлэн байдаг юм шүү. Түүнээс цааш 40 орчим км газар явж хойд захын хилийн харуулын байран дээр ирж хилчидтэй хамт өдрийн хоол хамтран хийцгээв. Өнөөдөртөө багтаж очих төлөвлөгөөтэй учир яаравчлан цааш мордоход морьд маань ч яваад сурчихсан болохоор бөн бөн шогшино. Элэг бөөр өвдөхгүй ээ цаанаа л сурчихсан зөөлөн явдалтай адуунууд байсан даа. Халаасандаа хэдэн ширхэг чихэр хийчихсэн болохоор ээлж дараалан хүлхсээр л. Оройн 6 цагийн үед Энхбаяр хэсэг зогсох зуураа хойд цэг маань тэр уулын тэнд л бий дээ гэж заахыг үзвэл тэр олон уулын аль нэг нь бололтой гэдгийг ямартай ч мэдээд авлаа. Үнэндээ аль нь ч юм бүү мэд. Замд хилчид маань хилээ эргэн явж байхтай тааралдав. Хилчин гэж байгаа ч угтаа яг л бидэнтэй адил залуучууд эх орныхоо торгон хил дээр хүнд нөхцөл гэж няцалгүйгээр олон хоногоор гэрээсээ хол яваа нь бахдалтай. Ярьж хэлж байгаа нь хүртэл эх оронч үзэлтэй нь шууд ажиглагдана.
Энд тэнд гөрөөс ганц нэгээрээ хааяа явж үзэгдэх дүр зураг одоо нүдэнд эргэн цаг хугацааг ухруулан харагдах шиг. Баавгай ихтэй газар гэсэн болохоор айж байгаа ч амьхандаа бас харчихмаар давхар сэтгэлтэй хараагаа энд тэнд бэлчээнэ. Энэхэн агшинд хүсэн хүлээсэн эцсийн цэг харагдав аа. Монгол Шарын Даваа хилийн 350-р сүлдэт багана дээр ирэхэд ахлагч Энхбаяр цэрэг ёсоор ёслоход харин бид хоёр хоймор баганадаа сөгдөн мөргөлөө.
Цаг харвал 19 цаг болж байх ба 7-р сарын 7-нд 7-р заставын ахлагч Энхбаярын хамт оройн 7 цагт ийнхүү ирсэн нь бас баахан долоогийн тоонууд давхацсан агшин болж билээ.
Цагааннуур сумаас 120 км зайд орших хойд цэгт хүрэх унаа бол морь, нисдэг тэрэг эсвэл явган очих юм. Морь гэх унаа хамгийн тохиромжтой ба нисдэг тэрэгнээс удаан ч чадвараар бол морийг хэр барагтай техник гүйцэхгүй шүү. Яваад сурсан адуунууд замдаа нэг хоноод л очих юм. Харин явганаар очиж болох ч маш олон нарийн гол, шавар намаг, өөрөөсөө өндөр бургасан дундуур олон хоног тэвчээр зааж байж очно доо. Тэндээ газар шимийн салат задлан хөнгөн хооллоод зураг хөргөө дурсгал болгон татуулаад эргэн ирсэн замаараа сурсан дуугаа аялаад буцлаа. Нэр нь Монгол Шарын Даваа гэгдэх ч үнэндээ хоёр уулын онь буюу муйхарлан хэлбэл хоёр уулын хонхорхойд хойд цэг маань байдаг юм байна. Гэхдээ жинхэнэ Монгол Шарын Даваа гэдэг уул энэ цэгээс цааш 70 орчим км-т ОХУ-ын газар нутагт байдаг нь хил тогтоолтын үед олон асуудал гарч зарим газар нутгаа хүртэл буруу тогтоосон гэх олны яриа оргүй бололтой. За энэ бол бидний мэдлээс хэтэрсэн хэрэг ч хэн нэг нь үнэн түүхийг баримттайгаар бичиж үлдээх хэрэгтэй. Яагаад, ямар учраас гэх олон асуултын хариулт ил болох учиртай.
Ганц Монгол Шарын Даваа ч биш өөр олон газрын нэрний жинхэнэ “орги” газар нь хилийн чанадад байдгийг нэлээдгүй газраар яваад ирснийх мэдэж авсан юм. Ямартай ч улсынхаа хойд захын цэг 350-р багана дээрээ ингэж ирэх хувьтай байжээ.
Тэндээсээ эргэн 3 орчим км яваад өнөөдрийн ээлжит хоног таарлаа. Энэ удаад хилтэй тун ойрхон хоноглож байгаа учраас болгоомж илүүдэхгүйг Энхбаяр маань үүргийн дагуу анхааруулна. Хоол цайгаа идэж уучихаад хэсэг сууцгаасны дараа амрахаар бид хоёр мишокондоо ороод хэвтэхэд хамгийн сүүлд Энхбаяр майханд орж ирэв. Орж ирээд буугаа цэнэглэн майхны хойморт толгой хэсэгт хөндөлсүүлэн тавих юм. Буугаа цэнэглэдэг нь яаж байгаа юм бэ? гэж сониучлан асуухад хилтэй ойрхон учраас хэзээд бэлэн байдалд байх ёстой гэсэн хилчин хүний хоргүй үг сонсоод би ч дэмий юм асуучхав уу даа гэж бодогдоно. Хэвтэж байхдаа улсынхаа хил, хилчдийн талаар жаахан юм яриулахад морь их чухал байдаг юм гэсэн үгийг онцолж сонсоод дуг нойрондоо дугжирлаа.
Энэ хэцүү хязгаар нутагт мориор л хилээ эргэж, хэл хүргэх ажлыг хүртэл мориор гүйцэтгэдэг. Монгол морь бол дэлхийн түүхэнд мөнхөрсөн домогт амьтан. Тэртээх 2200 гаруй жилийн өмнө Хүннү гүрний үеэс л морь гэх энэ амьтны үүрэг их, гүйцэтгэсэн гавьяа арвин билээ. Хараа алдам өргөн саруул тал, нүд гялбам сүрлэг цаст хайрханууд, дуулим түнэр ой шугуйтай уудам газар нутгийнхаа өнцөг булан бүрт болж байгаа үйл явдал, зарлиг тунхгаа хүргэх түүнчлэн атаатан дайсан, өштнийхөө тухай хэл сургийг бүхнээс түрүүнд нүүдэлчин Хүннүгийн хаан сонордон болгоож чаддаг байсан түүхтэй. Энэ бүхний нууц нь Хүннү гүрний өргөн уудам нутгийг хэрэн давхих уургын улаа, буухиа элч нар байсан гэдэг. Түүнээс гадна галын дохио, дарцаг зэрэг цаг хугацааг товчлон мэдээ илтгэх арга дохио байсан ч хамгийн чухал нь морин өртөө байсан юм. Энэ түргэн арга нь Чингис хааны үеийг дамжин Өгөөдэй хааны үед өндөр зэрэглэлийн зохион байгуулалттай болжээ. Их хааны зарлигаар тухайн үед 37 суурь өртөөг байгуулсан ба өртөө зам нь ганцхан Монгол орны дотор биш тухайн үеийн Монгол гүрний уудам нутаг дэвсгэрийг хамран байгуулагдаж байсан билээ. Үе үеийн хаадын үед уламжлагдан явсаар Монголын их хаан Хубилайн дэргэд 17 жил алба хашсан гэгдэх Италийн алдарт жуулчин Марко Пологийн тэмдэглэлд бичсэнээр бол морин өртөө шуудангаар явуулах зүйлсийн ачааны хүнд нь 70 жин буюу 42 кг, Урт нь 13 ямх, өргөн нь 7 ямх, өндөр нь 6 ямх /нэг ямх 3,2 см/ байхаар овор хэмжээг нь нарийн тогтоож байсан гэдэг. Өртөө бүрийн хоорондох зай 25–30 бээр газар байсан ба энэ нь морины хурдлах чадварт тохируулсан хэмжээ байсан хэрэг. Өртөө бүрт өдөр бүр 300–400 морьд бэлэн байдаг байсан хэмээжээ. Энэ тэмдэглэлээс үзвэл Монголчууд өнөө цагийн шуудан харилцааны үндэс суурийг анх бий болгосон гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу? Талын нүүдэлчдийн ялагдашгүй байдлын нууц нь дан ганц эр зориг, тэсвэр тэвчээр, хүч чадалдаа биш аливаа мэдээг түрүүлж мэдэх боломжийг олгосон морин туурайн ач хэмээн үздэг. Монголчууд морио дээдлэн эрхэмлэдэг нь эрт дээр үеэсээ энэ их ашиг тусыг нь мэддэг учраас гэсэнтэй холбон тайлбарладаг.
Маргааш өглөө нь морио эмээллээд танил замаар эргэн явлаа. Өнөөх харуулын байран дээр ирэхэд харуул солигдох хоног нь болсон тул хилчид түрүүлээд явцгаажээ. Бид араас нь явсаар өнөөх мөстэй голын тэнд очиход хилчид маань морио амраагаад хэвтэцгээж байлаа. Хэцүү ажил юм даа гэхэд хэцүү биш ээ сайхан шүү дээ хил дээр цэвэр агаарт гээд л эрчүүд буу халах юм. Тэндээ хэсэг саатаад бидний хажууд үзэгдсээр байгаа 80 орчим км үргэлжлэх загас арвинтай Тэнгис голоо даган уруудаж 20 орчим км яваад ирсэн замаасаа салж, зүүн гараа даган эргэж зүүн зүгийг чиглэн уул өгсөн хэцүү зам руу шилжлээ. Нэгэнт энэ хүртэл ирснийх Цаатан ард түмэн дээр очиж үзэхээр яваа минь энэ. Зам хэцүү ч нутгийн морьд биднээр жолоодуулахгүй шахуу сурамгай гэгч нь явцгаах юм. Уулын бэлээр ой дундуур шавар намагтай замаар их удаан явсаар үдээс хойших цаг хугацааг бүхэлд нь энэ замд өнгөрүүлэв. Шумуул үргээж явсаар ойгоос гарахад 4 км хэртээ цаана цаатан ардын урцууд цайвартан, заримаас нь утаа суунаглан тослоо. Тус отгийг Зүүн тайгын цаатнууд гэж нэрлэх ба отгийн ахлагчийг Ц.Ганбат гэдэг. Тэднийд зочлон ороход гэрийн эзэгтэйг мөн Ганбат гэдэг ба цаа бугын сүүгээр сүлсэн цай аягалав. Амттай гэж жигтэйхэн байсан учраас дахин нэг нахьчихав.
Тус отог 20 гаруй өрх айл 800 орчим цаа бугатай юм гэнэ. Ажих нээ амьдрал нь бидэнтэй ижил болсон бололтой. Ижил гэдэг нь өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа зүйлсийг хэлж байгаа юм шүү. Уг амьдрал нь ан хийж амь зуудаг хэдий ч ан хийхийг нь хориглосон улсын хууль мөн өнөө цагт агнах ан ховордсон шалтгаантай билээ. Ийм учраас нийгмээ бараадаж уламжлалт ахуйгаасаа хөндийрч байгаа хэрэг болно. Тэглээ гээд цаа буга маллахгүй гэсэн үйл биш. Харин ч сайхан өсгөж ашиг шимийг нь зах зээлд нийлүүлж заримдаа гадна дотны жуулчдад үйлчилж байна. Түүний хажуугаар соотон чихтэй ноход нь сонирхол татаж хараа булаах юм.
Цаатан ард гэж яг хэн вэ? Өмнө нь уншиж байснаар бол Хөвсгөл аймгийн ой тайгаар цаа буга маллан нүүдэллэж аж төрөх хэсэг иргэдийг Цаатангууд буюу цаатан ард гэнэ хэмээсэн байдаг. Зарим хэсэг нь Тува нутгийн Тожийн хошуугаар байдаг бололтой. 13-р зууны үед Ойн иргэд цаа буга малладаг байсан гэдэг түүхэн баримт ч бий. Одоогийн цаатан ард 1945–1951 оны үед Монгол нутагт нүүж ирсэн ч байна. Ямартай ч миний бие цаатны урцад хонох завшаан олдсондоо олзуурхана. Гэрийн хүмүүсээс элдвийг сонжин суухдаа олж авсан жаахан мэдээллээ мөн та бүхэнтэйгээ хуваалцъя. Урцны өндөр 3–4 метр байх ба том урц 28–32, жижиг урц 17–23 мод орох учиртай ажээ. Дээхэн цагт ан амьтан цаа бугын арьс, модны холтосоор хучдаг байсан бол 1970-аад оноос брезентээр бүрсэн уламжлалт сууцандаа нэмэх 30 хэмээс, хасах 50 гаруй градусын цаг уурын нөхцөлд өнөөг хүртэл амьдарсаар байна. Дараа өдрийн нарыг урцны үүд сөхөн гарч хараад цаа бугын сүргийг харж баясана. Отгийн ахлагчийн ярьснаар бол эцэг цааг — этэр, хөнгөлсөн цааг — зарь, эм цааг — мянджиг үр төлийг нас наснаас нь хамаараад өөр өөрөөр нэрлэдэг юм байна.
Нар дээр хөөрөхөөс өмнө буцах замдаа нийлж явахдаа эргэн эргэн харж байснаа бодвол сэтгэлд их ойр сайхан ард түмэн санагдлаа. Буцах зам маань намаг шалбааг нь дийлдэхгүй морины тэнхээ хүний тэвчээр шалгасан тийм л өдрийг бидэнд өглөө. Дээр нь шиврээ бороо дээрээс ороостой. Улсынхаа хойд цэгт хүрнэ гэдэг тийм ч амаргүй болох ч зорьсон зорилгоо биелүүлээд буцаж яваа дээр нь жаахан зам хазайж, очихыг хүсдэг ард түмэн дээр ч очсон болоод тэр үү бидэнд замын хүнд тийм ч тээртэй байгаагүй. Явсаар бид заставын адуучныд гэгээ тасрахаас арай өмнөхөн ирлээ. 3 хоног 4 өдөр хоёр морио хараагүй болохоор нэг л дотно нүдэнд дулаахан. Гэрийн ойролцоо аргамжаатай гэдэс нь цадсан бололтой халиун морь хэвтчихсэн бор морь толгой хаялан зогсох дүр зурагтай. Унаж явсан морьдынхоо хөлсийг хатахаар нь эмээлээ авч дээлийнхээ ханцуйгаар хэд хэд үрж духыг нь алгаараа бас зөндөө илж баярлалаа гэж мориндоо хэлээд хазаарыг нь мулталлаа. Гурван морь гэрийн гаднаас хол гүйхгүй хоёр гурав алхаад л өвс зулгаан зогсоно. Гэрт орж цай уучхаад сумын төв рүү шууд орохоор боллоо. Энхбаяр мотоцикл дээрээ эмээл хазаар ачаагаа ачаад Баярбямба бид хоёр адуучин ахын мотоциклоор сундлаад хамт сумын төв рүү давхилаа.
Утсанд сүлжээ ормогц гэр орон, холбогдох ёстой хүмүүс рүү ярьж дараачийн зам, очих газрын тухайгаа хуучлах зуур мессеж ирнэ. Ирсэн мессежүүдийг гүйлгэж байгаад Хаан банкны мобайлаа хамгийн түрүүнд шалгах нь тэр. Монгол Шарын Даваа явахын өмнө данс улайсан байсан учраас өөрийн фэйсбүүк дээрээ аяллыг минь дэмжин сэтгэлээрээ хандив өргөх тухай пост оруулаад орхиход 3 хоногийн дараа 467.000 төгрөг хандив болон цугларсан байсан юм. Их мөнгө орсон байхыг үзээд явуулсан хүмүүс рүү баярласнаа илэрхийлээд өнөөх постоо шууд устгалаа. Морин аялалд минь тооцооллоор хүрэх байсан учраас хангалттай гэж үзээд устгасан хэрэг л дээ. Аяллын ивээн тэтгэгч байгууллага гэж байхгүй учраас эргэн тойрны танил ах дүүс, найз нөхдүүдийнхээ хүчээр энэ мэт аяллаа үргэлжлүүлж явлаа. Танилын хүрээ маань ч сайн дэмжиж тусалж байсан учраас энэ олон хоногт шантралгүй зүтгэх хүчийг надад өгсөн байх.
Ахлагч Энхбаярынх маань нялх хүүхэдтэй учраас айлд хоосон орж болохгүй учир карт уншдаг дэлгүүр хайн баахан давхилаа. Мөн заставын даргад бас баярласанаа илэрхийлэх нь зүй ёсны хэрэг. Унаагаа хэрэглүүлсэн адуучин ахын мотоциклд ч бас шатахуун хийж тэр оройдоо хилийн 0258-р сарбарын захирагч Д. Отгонсүрэн хошуучтай уулзаж газрын зураг дээрээ тамга даруулж аваад Энхбаярынд очиж амарлаа.
Дараа өглөө дэлгүүр орж ойрын гурван өдөр хэрэглэх хоол хүнс бас бус зүйлс авч богцоо дүүргэлээ. Учир нь бид хоёр өнөөх адуучныхаас шууд цаашаа гарч Хорьдол Сарьдагийн зүг явах учиртай. Үдийн үед бор морь, халиун морь гэх танил агтныхаа нуруун дээр гарч цааш аян замаа үргэлжлүүлэв. Уулын цас хайлан урсах, ойрын хэдэн өдрүүдэд орсон борооны ус голыг үерт автуулсан гэх дам яриа чих дэлсэж сэтгэл түгшээнэ. Замд таарсан хүн бүхэн гол гатлах хэцүү дээ гэж зүрх алдуулна. Гэсэн ч ямар нэгэн арга олдох байх гэсэн зориг, зорилгодоо итгээд Ходон голд тулж ирээд энэ өдрөө майхандаа амарлаа. Чөдөртэй байсаар байгаад хөл нь чөдрийн ормоор улайсан байсан учраас энэ удаад хоёр морио өрөөлдөж холбон хонолоо.
Нар манддагаараа мандаж энэ өдрийн аялал гол гатлах үйлдлээр эхэллээ. Харах нээ Ходон гол үнэхээр үерлэжээ. Түүн дээр тавьсан хөвдөг төмөр гүүрний хоёр талаар ус дүүрээд эргээ шахан хальжээ. Нэг ёсондоо гүүр хоёр талдаа машин, мотоцикл гаргахгүй устай болсон гэсэн үг. Миний бие хувцсаа тайлаад цулбуураа аргамжаагаараа уртасгаад гүүрэнд хүрэхээр алхлаа. Бага багаар алхсаар гүүрэнд хүрэхэд санаснаас арай гайгүй бололтой бүсэлхийгээр татсан устай байлаа. Гүүрэн дээрээс морио татаж чангааж байж ус руу оруулан арай хийн гүүр лүү гаргахад Баярбямба маань мөн адил үйлдлийг давтав. Чих нь хулмалзан төмөр гүүрэн дээгүүр түн түн, тог тог алхах морьд маань биеэ хураасан шинжтэй. Цаад эрэг дээр хүрмээр байвч мөн гүүрний үзүүр давсан устай. Харин энэ удаад гүүрийг эрэгтэй холбосон модон шонгууд байгаа учраас түүн дээгүүр дамнан явж цаад эрэгт гаран морио татахад ухас хийн үсэрч буухдаа хөлөө гүүрний хажуу тийш халтираад цохичихлоо.
Эрэг дээр гарч ирэхэд бор морины маань баруун хойд хөл шалбарчихсан жаахан хазганаад байсан учраас хэсэг амраан шээсээрээ шавшин байж домноод үргэлжлүүлэн алхууллаа. Энэ голыг гараад Хорьдол Сарьдагийн нуруунд шууд хүрчихгүй дахин Жарын гол гарах учиртай. Нэг даваагаа давсан ч цаад голыг мэдэхгүй учраас барайсан царайтай явна. Тулаад очиход бас ч гэж татарчихсан морины гэдэс шүргэсэн устай ба урсгал нь нэлээн ширүүн талдаа. Ингэж нэг юм өнөөдрийн айдсаа даваад Хорьдол Сарьдагийн нурууны баруун доогуур Уртрагийн амаар орж өгсөн Уртраг рашаанд очихоор явлаа. Тэр нурууны дундаж өндөр д.т.д 2500 метр боловч шовх оргил, эгц хадан цохио ихтэй 130 км газар сунаж тогтсон байгалийн нэгэн өвөрмөц хэв шинжийг хадгалсан сайхан нуруу билээ. Хорьдол Сарьдагийн хамгийн өндөр уул нь д.т.д 3093 метр өндөрт өргөгдсөн уул уулын хаан Дэлгэрхаан уул юм. Аргаль угалз, янгир, зэрлэг цаа, хандгай, баавгай, хүдэр зэрэг тоо толгой нь ховордож байгаа ан амьтад, алтайн хойлог, ёл, тас, бүргэд зэрэг жигүүртнүүд, эмийн болон олон төрлийн өвс ургамалтай тул 1997 оны УИХ-ын 47-р тогтоолоор Хорьдол Сарьдагийн дархан цаазат газар болгосон түүхтэй.
Уртрагийн ониор дээш өгсөн ой дундуур шавар шавхай заримдаа чулуутай замаар дээшилсээр оройн 18 цагийн үед Уртрагийн рашаанд хүрэлцэн ирлээ. Өнөөдөр ерөөсөө давхиагүй дандаа алхуулж явсан өдөр өнгөрлөө. Биднийг ирэхэд ойролцоогоор 50 гаруй майхан бариатай бужигнасан олон түмэн тослоо. Ихэвчлэн орос тэргээр энд ирэх боломжтой учраас Пургон, уаз-469, Зил-130 зэргийн тэргүүтэй унаанууд олон байх юм. Залуучууд, хүүхэд багачууд нь энд тэнд инээлдсэн, өвгөд хөгшид нь майхныхаа дэргэд даалуу, хөзөр тоглож зарим нь цай оочсон шиг ээ сууцгаах дүр зурагтай. Тэр хавийн хүмүүстэй хуучилж үзвээс Уртраг гэх энэ рашаан нь хэдэн зуун жилээр хүн ардыг өвчнөөс эдгээсэн сэргийлсэн ач буянтай, юм юманд сайн олон төрлийн рашаанууд байгаа гэх юм. Энэ рашаанд хүрэх зам бэрх тул аймгийн хөдөлмөрчдийн санаачлагаар 1988 онд машинаар очих боломжийг олгож зам зассан гэнэ. 1926 онд Түвдийн нэг маарамба үзээд ямар өвчинд аль алийг ууж болох тэмдгийг булаг булгийн эхэнд тавьсан гэдэг. 1972 оны үед МУИС, Эрхүүгийн их сургуулийн судалгааны шинжээчид рашааны найрлагыг судалсан байна. Энэ рашаан нь эрдэсжилттэй сульфат натрийн найрлагатай хүхэрлэг амттай ба ходоод гэдэс, элэг цөс, толгой тархи, цус багадах зэрэг өвчинд сайн юмсанжээ. Тэндэхийн настай хүмүүс жилд багадаа нэг удаа ирээд ирсэн хойноо багадаа 5 хоног рашаан дээр суурьшдаг гэнэ. Холоос зорьж ирсэн хүнд бүр сайн гэх учраас бид хоёр рашаануудтай танилцаж зохих дэг жаягийн дагуу бүгдийг тойрч үзлээ. Дээхэн цагт нэгдлийн үед байгуулсан рашаан амралт нь устаж, рашааныг зорин ирэгчид шинэ амралтын газар гэхээсээ илүү майхандаа байрлахыг үлүүд үздэг бололтой.
Байгалийн сайханд ийм сайхан газар өвгөд маань дураараа амарч суухыг харах сэтгэл амраад өөрийн эрхгүй тайвшрал төрдөг юм билээ. Тэр оройдоо тэндээ хоноод маргааш өглөөний сэрүүнд морио эмээллэн аяллаа үргэлжлүүлж Уртрагийн даваагаар үргэлжлүүлэн цааш явлаа. Явах тусам мод шингэрч ам мухардаж огцом дээш өгсүүр машины бүдэг зам даган өгсөнө. Уулын оньд босгосон жижиг овоо, түүнээс цааш 1 км зайд мэлтийх жижиг нуур, түүн дээгүүр эрх дураараа шаагилдан нисэх жигүүртнүүдийг харахад тэрхэн агшинд яг л диваажинд яваа мэт.
Байгалийн хамгийн сайхан зураглал тэрхэн агшинд үзэгдэхийг харж явах бид азтай нөхдүүд шүү. Уртрагийн даваа дуусах болоогүй яваад л байлаа яваад л байлаа. Овооноос нааш модгүй учраас чулуу ихтэй тул морьдоо өөрийн тааваар алхуулна. Яваад л байлаа яваад л байлаа гэж түрүү бас хэлсэн ч хэлснээс хойш бас л яваад л байлаа яваад л байлаа. Өдрийн 3 цагийн үед даваагаа дуусаж цаад доор нь буулаа. Нэрнээсээ ойлгомжтой Урт-рагийн даваа үнэхээр урт ажээ. Түүний цаад дор урсах Их Хороо голыг дагаад явбал Хөвсгөл нуур луу шууд хөтлөөд орохыг газрын зураг дээрээсээ уншлаа. Морьдоо сайхан усалж аваад цаг хэртээ цэцгэн дунд цэмцийн хэвтэв. Замаа үргэлжлүүлэн явахдаа замдаа гишүүнэ түүж идээд л. Гишүүнэ гэснээс тэндэхийн гишүүнэ Монголд харсан хамгийн том навчтай байсан юм даг. Түүнээс бүүр том навчтайг 2015 оны 7-р сард ОХУ-ын Саяаны нуруу Шумаакын рашаан орох олон хоногийн явган аялалд явж байхдаа харж байсан удаатай. За нэг ингэж сажилсаар оройн нар буух агшинд нэгэн сайхан танил нуур нүд дүүргэн цэлийгээд гараад ирлээ. Энэ бол Хөвсгөл нуур.
Монголчууд Хөвсгөл нуурт ирэхээрээ Швецарьтай харьцуулдаг. Гэхдээ дотоод гадаадын ихэнх зочид Хатгал тосгонд ирээд нуурын зах үзээд буцдаг. Жинхэнэ Швецарьтай харьцуулан уулга алддаг хэсэг нь нуурынхаа хойд талд байдаг юм шигээ. Байгалийн унаган төрхтэй үзэсгэлэн түүнийг илтгэнэ. Орой хэвд Хөвсгөл нуурын хойд эрэгт намаржих айлаар буухад наадмын бөх ид үедээ буюу их шөвгийн дөрөв барилдаж байхтай таарлаа. Түүнийг хараад хэсэг суусан биш улсын арслан Бүрэнтөгс, улсын начин Пүрэвдавга нарын үл ойлголцол очих цагаас минь хомслон их удаасан учраас хүлээж чадалгүй гарч хонох газраа очихоор явлаа. Энэ удаа Хөвсгөл нуурын яг хойд эрэг дээр майхнаа засан морьдоо аргамжин хээрийн хоолоо хийж идээд хэсэг хугацааг нуурын эрэгт сууж өнгөрүүлээд амарлаа. 2013 онд яг энэ цэгээс МАЯСАХ-ны шугамаар Хатгал тосгон хүртэл Хөвсгөл нуурын баруун эрэг даган хэд хоногийн морин аялал хийж байсан болохоор их дотно газар санагдана.
Дараа өдрийн үд болтол амарч байгаад 30 орчим км явж байж Ханх сумын төв хүрлээ. Тус сумын байршил үнэхээр сайхан учраас нуурыг дээрээс нь харах аятай. Шууд цайны газарт орж хэдэн хуушуур захиалж идчихээд хажуугаар нь фэйсбүүк орж үзэхэд Увс, Архангай гэх хоёр аймаг талцсан байдалтай нутаг нутгийн бөхөө өмөөрч бөөн л юм болжээ. Үүнээс үзэхэд бичлэгийг нь үзээгүй ч битүүхэндээ ийм барилдаан болж дээ гэж гадарлана. Архангайн найздаа баяр хүргээд, Увсын найзтайгаа явж ууя гэх хошин постоос үйл явц тод харагдах юм. Увс, Архангай хоёр талцах надад ямар хамаа байна би чинь Дорнодын хүү шүү дээ гэж төвийг баримтална. Харин манай Баярбямба дүү маань хангай нутгийн хар хүү учраас нүүрэнд нь баясал тодорно. Цагаахан өрсөлдөөн цайлган зан Монголчууд бидний хийж чаддаг нэн тэргүүний үйл учраас энэ яриаг энэ хүргээд зогсооё. Тэр өдрөө тэгж ингэсхийгээд сумын төвийн ЗДТГ-ын хашаанд морио тушаад майхнаа босгоод нэгэн өдрийг үдлээ. ЗДТГ-ын байр нь хамгийн сайхан байрлалтай ч юм шиг санагдлаа. Хашаанаас нь гараад хэдхэн алхаад л Хөвсгөл нуурын эрэгт очно. Хайрган дээр суугаад алсыг хараад л ёстой нөгөө хошин шог дээр гардаг шиг клипээ клип. Түүний давлагаа түүний үзэсгэлэн түүний ус үнэхээр сайхан. Хөвсгөл нуур нь Монголд төдийгүй дэлхийд данстай цэнгэг нуур юм. Дэлхийн 17 эртний нуурын нэг бөгөөд хоёр сая жилийн настай хэмээн тогтоосон гэдэг. Нөгөө талаар Монгол улсын хамгийн хойд захын том нуур ба хамгийн гүн нуур билээ. Монгол хүн бүрт далай ээж хэмээн өргөмжлөгдсөн тус нуурын талаар илүү тайлбар тавих нь илүүц биз ээ. Энэ цэгт хүрэхэд морин аяллаа эхэлснээс хойш 16 дахь хоногт 800 гаруй км замыг туулсан үзүүлэлттэй.
Энэ цагаас хойш үйл явдлын тэмдэглэлийг жаахан түргэсгээд үзье. Өглөө боллоо морио эмээллэлээ замдаа гарч алхлаа хааяа шогшлоо тэгээд давхилаа дараа нь мориныхоо амыг татлаа. Нуурын зүүн талаар Чандмань-Өндөр сумыг чиглэн Өргөн цагаан уулын баруун шилийг даган урагшиллаа. Одоо жаахан хүүрнэл хэсэг рүү шилжүүлье. Шавар дээгүүр бамбаруушаа дагуулж явсан баавгайн мөр хараад бууж үзэн зураг хөрөг авч байтал холгүйхэн ганц гөрөөс үзэгдэж цочооно. Задгай амьтны паркаар замгүй явж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрүүлэх бидний эх орон минь ийм л сайхан.
Ганц сэтгэл зовоож яваа зүйл бол морьдын маань нуруу асуудал болж хувирсан юм. Олон хоног эзнээ үүрнэ, давхарлаад бас ачаа тээнэ. Адгуус болохоор л амаа хамхиж яваа тулдаа. Ханх суман дээр ирэхэд Халиун морины нуруу их автчихсан бор морины нуруу арай гайгүй гэхдээ л эмээл тохоод дээр нь унана гэхээр харамсмаар халагламаар тийм хэмжээнд хүрсэн юм. Орой унтахдаа тэнгэрийн дүлий гэх ургамлыг олж түүн нуруун дээр нь цацаад тохмоор халхлан хононо. Өглөө харвал өвгөдийн нээсэн дом үйлчилгээгээ үзүүлж арай дээр болгосон байх ч өдрийн урт аялалд мөн л улайна. Заримдаа Баярбямба дүү маань эмээлээ аван зайдан өдрийн хагасыг туулдаг байлаа. Эмээлээ нуруун дээрээ авч ачаагаа бид хоёр хувааж үүрсэн нь жаахан ч гэсэн морио бодсон хэрэг юм. Хээрийн хоол хийх ээлжит нэгэн хоног өнгөрөөхөөр буудалцгаалаа. Өдрийн харсан баавгай хүрээд ирвэл яана гэж өөд өөдөөсөө харж наргиад бас амжина. Морьд маань ч аргамжаандаа дассан бололтой хааяа тургисан шигээ өвс шир шир хазална.
Цаг явсаар өглөөг заахад уулан дундах өглөөний агаар уулга алдам нарны тусгал замдаа гарахыг минь сануулна. Мориныхоо эмээлийг тохохоос өмнө сэтгэл их өвдөнө. Нурууг нь харахаар нулимс гарах дөхөх ч удахгүй дууслаа шүү гээд хоёр мориндоо яаж ойлгуулахаа мэдэхгүй духыг нь байн байн илнэ. Бидний хэлэх гэсэн санааг ойлгосон бололтой толгойгоо улам наах юм. Цаад утгаараа бол морь хүн хоёр их дассан ч юм шиг. Газрын зургаа харж очих замаа тогтоовол өнөөдөр Халх Булнайн халуун рашаан орох учиртай. Их бургас, ой мод, нарийн гол, зүлэг ширэг ээлжлэн дамжсаар үдлэх завгүй Булнайн халуун рашааныг олоод ирлээ дээ. Амралтынх нь газар орж хүйтэн ундаа худалдаж авч уугаад рашааны дэргэд морио аргамжаад өнөөдрийн алжаалаа тайлахаар халуун рашаан руу алхлаа. Тус рашаан нь Чандмань-Өндөр сумаас хойш 40-өөд км зайд байрлах ба халуунаараа алдартай Булнайн буюу Халхан голын рашаан гэгддэг юм. Хар модон ой, боржин чулуунаас тогтсон их уулсын дунд оршино. Халуун нь 27–45 хэмд хүрэх ба эмчийн заавраар нутгийн болон зорин ирэгчид өвчин хуучаа эмчилдэг билээ. Бид хоёр 27 хэмийн халуунтай тусгай засаж тохижуулсан газар нь орлоо.
Сүүлийн үед энэ халуун рашааныг зорин ирэгсэд жил ирэх тусам нэмэгдэх болжээ. Олон жижиг байшингууд дотор рашаанууддаа ордог ба хамгийн бага нь 27 градусыг заана. Бид хоёр хамгийн багад нь ороход л чамгүй халуун байхыг үзвэл 40 давсанд нь орвол болсон мах болох нь илхэн. Эмчийн заавраар бага багаар дасган дээд хэмд нь хүртэл орох учиртай юм билээ. Ямартай ч энэ өдөр хэсэг хувцас, толгойгоо угаан сэргээд авлаа. Шөнө нэлээн бороо орж майхны гадуур үхэр сүрэг хэд хэд эргэлдэн нойр хулжааж чадлаа. Өглөө сэрэх нээ бороо намжжээ. Чийгний үнэр хамар цоргиож чиглэх зүгтээ замдаа гарлаа. Битүү ой дундуур явсаар Чандмань-Өндөр сумын төвд ирж сумын төвийн урд захад буудаллан хонолоо. Хорвоогийн бор хоног шар нар ээлжилж ээлжит өдрийн өглөө сумын төвөөс холгүйхэн орших Алунгоо хатны хөшөө дурсгалыг үзээд эргэн Ариг голынхоо хойно гарч Цагаан-Үүр сумыг чиглэн явна. Энэ удаад газрын зураг харж, замын хүнээс зам асуух шаардлагагүй төөрч будлих аюул үгүй. Учир нь хоёр сумын хооронд тодорсон машин зам даган явж байгаа юм л даа. Сумын төв рүү дөхөх тусам Цагаан-Үүр гэж сумынхаа нэрийг яагаад ингэж нэрлэснийг ухаж ойлгох шиг. Битүү цагаан хусан ой дундуур явахад Цагаан-Үүр сумын төв түүний дунд орших ажээ. Сумын бараа хараад хэсэг амрахдаа гүзээлзгэнэ түүж идсэн шиг зугаатай амттай амралт тохиолоо.
Төв ороод халуун усны газар ажиллуулдаг хүнийг нь гэрээс нь дуудаж ирүүлээд ямартай ч сайхан халуун усанд ороод авлаа. Хажуу зэргэлдээх үсчинд орж бас үсээ засуулаад амжлаа. Сумын хойхно орших цаг уурын газрын ойролцоо морьдоо аргамжаад ээлжит шөнө өнгөрлөө. Дараа өглөө замд гармаар байвч хоёр морио бүтэн амраахаар шийдэж буурь сэлгэн дахин аргамжлаа. Энэ хооронд миний бие мотоцикл хөлслөн сумын зүүн хойшоо Уйлган голоор нутагших Оюунгэрэл гэх айлаар зочлохоор явлаа. Аяллын минь ар талыг хариуцсан Улаанбаатар хотоос хамгийн их дэм тус болж байсан Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын мэргэжилтэн Н.Алтанзаяа түүний хүү Хүслэн дээр очоод ирэхээр явж байгаа минь энэ. Өвөө Нармандахтайгаа зуны амралтаар хөдөө хамаатныдаа ирээд байгаа нь тэр юм. Хотын сайхан цагаан хүү хөдөөний хөөрхөн бор хүү болон хувирчээ. Оройдоо эргэн Баярбямба дээрээ ирж майхандаа элдвийг ярьж хуучилсаар амарлаа. Морьд маань ч бас нэг өдөр сайхан амарсан бололтой харагдана. Нуруунд нь хоромхон тос түрхээд л авч болох арга хэмжээг ар араас нь тасалсангүй.
Өглөө эмээлээ тохоод өнөөдрийн замдаа гарлаа. Үүрийн таван жингээр Үүрийн голын гүүрээр гарч зүүн зүгт зүглэв ээ. Сонирхуулахад Үүрийн голын гүүр 350 метр урт тавигдсанаараа Монгол улсын хамгийн урт гүүр болж шинэчлэгдэн нэрлэгдсэн билээ. Бор морь маань хөл хөнгөн сайхан сайварлахад хажууд халиун морьтой дүү дөрөө хатируулан хамт явна. Нарийн гол, хөндий тохой, ой модон дундуур явсаар Даян Дээрхийн хүрээнд ирлээ. Цагаан-Үүр сумын төвөөс 35 км-ийн зайд байрлалтай Монгол улсад цор ганц гэж тооцогддог хоёр давхар агуй бол Даян дээрхийн агуй юм. Их ам нь 3х4 хэмжээ бүхий амсартай ба дотроо 200 метр урт хэмээгддэг. Тус агуйг 17-р зууны үеэс судлан шинжилж ирсэн түүхтэй. Эрдэмтэн Ч.Дүүжир гэдэг хүн 1960-аад оны үед нэлээн сайн судалсан байна. Ном зохиол, интернетээс ийм мэдээлэл авч байсан ч Даян дээрхийн агуйд орж үзэлгүй алсаас хараад хүлэг морьдынхоо хөлийг гамнан нурууг бодоод аян замаа үргэлжлүүлсэн тул өмнө уншиж байснаар хэдэн зүйл ийнхүү хэлж чадахаар байна. Нарийн ширийн мэдээллийг цахим сүлжээ хөгжсөн энэ үед хайлтаар олчих боломжтой учраас дэлгэрэнгүй тайлбар хийсэнгүй. Ямартай ч тус агуйн түүх эхэндээ бөөтэй холбоотой байсан ч шарын шашин дэлгэрэх үед 1864 онд агуйгаас дооших бэл хавьд хийд хүрээ байгуулагдаж байсан гэх. Одоо ч тус хийдийн үлдэгдэл байсаар байгаа билээ. Хэдийгээр Даян Дээрхийн агуйг үзэж чадаагүй ч огтоос харамсаагүй шүү. Учир нь нэг явалтаар бүх зүйлийг үзчихвэл дараа нэгэн цагт энэ хавиар ирэхдээ үзэх юм үлдээсэн ч юм шиг санагдсан. Зарим нь гайхаж байгаа байх л даа яагаад хоёрхон морьтой явсан юм бэ? ачааны морь тусад нь авч явахгүй яасан юм бол гээд л. Үнэндээ боломжгүй байсан гээд ойлгоорой.
Булган аймгийн Тэшиг сум руу явмаар байвч газрын зургаа харах нээ битүү ой шугуй, гол мөрөн олныг гатлах учраас таньж мэдэхгүй газар орноор явахаас зайлсхийн аль болох эрсдэл багатайг тооцон Эрдэнэбулган сумын нутаг руу зорилоо. Явж явж Эрдэнэбулган сумын төвийн бараа хараад хоноглолоо. Дараа өглөө сумын төвөөр шууд дайран гараад Тариалан сумын зүг явцгаасан юм. Замдаа нэг хоноод Тариалан суманд хүрлээ. Нэрнээсээ л онцгой сум бололтой эргэн тойрон нь тэр чигтээ тариалангийн талбай. Тариалан сум жаахан өнгөрөөд дахин нэг хоногийг авлаа. Аян замын тэмдэглэл бичихээс хүртэл залхуу хүрч, морио аргамжаад майхандаа ороод л унтчихдаг болсон үе. Хоёр морь маань ч азаар элдэв ааш авир гарган оргон зайлах арга хэмжээч авахгүй болжээ. Орой унтахаасаа өмнө мориндоо хандаж маргааш аялал дууслаа шүү дээ гэж ойлгохгүй ч гэсэн хэлнэ. Учир нь морин аялал дуусахад нэг өдрийн зай үлдсэн хэрэг. Урьдчилан ярьсанаар Баярбямба дүүгийн аав Төмөрбаатар ах портер машин хөлслөөд тохирсон газар ирэх юм.
Аяллын сүүлчийн өдрийн нар үүлний цаагуур нуугдаад харагдсангүй. Өглөөнөөс эхлээд бороо орсоор л байх юм. Гэвч өнөөдөр морин аялал дуусах учиртай болохоор норсон ч хамаагүй Тариалан сумаас урагш явсаар төв зам дагуух Зүлэгтийн хоолны газарт ирснээр ийнхүү морин аялал албан ёсоор дууслаа. Хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээр шалгасан 8 дахь өртөө маань 1100 орчим км замыг 21 хоногт туулсан түүх болон үлдлээ. Хоёр морь маань ижил олон сүрэгтэйгээ нийлэхээр техникийн тэвшин дээр гарч нутгийн зүг явахаар боллоо. Төлөвлөсөн замаа туулж чадсан хоёр залуу, төмбөгөр туурайгаар тамгалж тусласан хоёр агтны зорилго биеллээ олсон тул энэ удаагийн аяллын тэмдэглэл энэ хүрээд төгслөө.
АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН: М.ДАРХИЖАВ