МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН ӨНДӨР ЦЭГ
Эх орныхоо тэргүүн оргилд хөл тавих мөч 2 удаа тохиож билээ. Сүүлд гарахдаа газар дээрх ганц эгчдээ тээээр дээрээс 7 шүү гэж хэлж билээ. Харин өнөөдөр энэ зургаараа эгчтэйгээ дахин мэндлэх өдөр. Өнөө өглөө эгч минь хүү төрүүлжээ. Ингээд нийтдээ 3 хүүгийн ээж болсон баярын өдөр тохиож байна. 😀 Далайд дусал нэмэр гэгчээр доорх танилцуулгыг үлдээе
Хүйтний оргил: /ХӨ 49°08′45″ ЗУ 87°49′09″/
Алтай таван богд нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын нутагт зааглан орших ба хамгийн өндөр цэгийг Хүйтэн хэмээнэ. Хүйтэн оргил д.т.д 4374 метр бөгөөд тэртээх 1956 онд түүний цаст цагаан зулай дээр хүний мөр анх тамгалагдаж байсан гэдэг. Түүнээс хойш уулчдын цуваа үргэлжилсээр …
Алтай таван богд тэр дундаа ноён оргил Хүйтэн нь дэлхийн сүрлэг өндрүүдтэй харьцуулахад жижиг хэдий ч цаг агаар догшин, цагаан цасан уул юм. Дэлхийд авирах гэхээсээ илүү үзэх ёстой цаст уулсын жагсаалтын 10 дугаар байранд байдаг тус уул үзэсгэлэн төгөлдөр гэдгээрээ онцлогтой. Тийдээ ч дэлхийн өнцөг булан бүрээс уулчид, аялагчид түүний барааг тольдохоор ирдэг юм. Ингэж тэргүүн эгнээнд бичигдэх гол цөм нь Потанин мөсөн гол их үүрэг гүйцэтгэдэг билээ.
Хүрэх замнал:
Маш товхоон тайлбар өгье. Өөрийн байгаа газартаа биеийн болоод тоног хэрэгслийн бэлтгэлээ хангасан бол мэдээж Өлгий хотыг зорино. Агаараар уу авто машинаар уу гэдэг бол таны сонголт. Өндөр ууланд Соло авиралт гэж байдаг ч ханьтай явна гэдэг их чухал. Энэ нь сайн баг сайн чиглүүлэгч, удирдагчтай байх гэсэн үг юм. Ууланд бол зөрчлийн тухай хууль үйлчлэхгүй шүү 😀 Тус багийн ахлагчийн үг шууд хууль юм. Ер нь бол сахилга бат дэг журам их шаарддаг спорт гэдгийг мэдэх учраас үүнээс илүү юм бичээд яах вэ?
Хилийн бүст явах учраас зөвшөөрөл авахаа мартаж болохгүй. Ямар нэгэн аргаар төлөвлөгөөний дагуу Алтай таван богдын хормойд шат дамжлага адал явдлаар дүүрэн туулж очсон бол за тэгээд цаг агаар сайхан байгаасай л гэж найдаж хононо доо. Ганзага нийлсэн бол гарцаагүй оргилд хүрч л таарна. Уулын талаар олон зүйл бичие гэвч туршлага нимгэн учир энэ хүрээд өндөрлөе дөө.
Хүйтний оргил дээр:
Зүгээр л эх орноо дээрээс нь харна шдээ. Хүсвэл Жи Мобайлын утсаар гэрийнхэнтэйгээ ярьсан ч болно. 😀 Хамгийн гоё мэдрэмжийг авч хэсэгтээ л сэтгэл хөөрөлд автана даа.
/2014 он, 2016 он/ М.Дархижав