Монгол Улсын хамгийн баруун цэг Мааньт хайрханд хүрсэн тэмдэглэл
Мааньт Уул /Аяллын Түүх номын хэсгээс/
Уулын авиралтын талаарх аян замын тэмдэглэл өгүүлэхээсээ өмнө нэгэн сайхан айлын тухай хэдэн өгүүлбэрт багтаан хүүрнэе. Шинэхэн танилындаа хоёр хоносны дараа аяллын минь 6-р өртөөний хамтран зүтгэгч Н.Сүрэнжав буюу уул аяллынхаа олон түмний дунд Сэнгү нэрээр танигдсан ахынхаа холбож өгсөн казах айлд очихоор боллоо. Алтай Таван Богд руу уулын аялал, авиралт хийх гэж ирсэн аялагч, уулчдын ихэнх нь тус айлд зочилж байрладаг юмсанжээ. Түүний нэгэн адилаар Б.Энхбаатар бид хоёр утсаар холбогдож байгаад яваад очлоо. Хүний жаргал зовлонг мэддэг, хүн чанар сайтай яриа хөөрөө ихтэй сайхан ах эгч хоёр хүлээн авч билээ. Гэрийн эзнийг Ж.Бөкенбай гэх ба залуудаа боксоор хичээллэж явсан өндөр нуруулаг биетэй нүдэнд дулаахан ах. Одоо аймгийнхаа МСҮТ-ийн биеийн тамирын багш ажилтай. Харин түүний гэргийг Ю.Аюнүр гэх ба залуудаа үнэхээр сайхан мисс явсан юм гэдэг. Тэднийх аймгийн төвдөө байранд байрлалтай ч дэлгэр зуны улиралд гэрийнхээ хажуудах хашаандаа зуншдаг бололтой. Тус хашаа руу хамтдаа ороход жижиг дөрвөлжин цагаан байшин онгойлгож өгөөд та нарын гэр энэ байна даа гэж дотно өгүүлнэ. Ямартай ч түр зуурын сайхан орон гэртэй болсондоо баяртай байлаа. Маргааш өглөө нь мотоциклын аялалд хамт явж үүргээ амжилттай дуусгасан Энхбаатар маань Улаанбаатар хотын зүг явж би гэдэг хүн аяллынхаа 5-р өртөө уулын аяллын хамтрагчаа хүлээн үлдэв ээ. Өглөө босоход цай бэлэн, өдөр оройн хоол бэлдэж өгнө ёстой л хүү нь юм шиг хэд хоног эрхэлсэн шүү. Уулын аялал эхлэхээс өмнө хэд хоног тааваараа сайхан амрахдаа цайны амтанд нь хэдийнэ орсон байлаа. Тэднийх зургаан сайхан хүүхэдтэй өнөр өтгөн айл. Том охин нь Хүннү Эйр компанид ажилладаг болохоор гэртээ байхгүй, харин 5 дүү нь ээж аавтайгаа хамтдаа аж төрөн суудаг билээ. Хуан, Хуат, Санка, Роза, Мирас гэх эгдүүтэй хөөрхөн дүү нартай болж тэдэнтэй өдрийг өнгөрөөх үе мөч бүхэн гэгээн дурсамжтай ба тэдний хамгийн эгдүүтэй нь Роза, Мирас хоёр байлаа. Нутаг усандаа нэр хүндтэй тус айлд магтаалын үг илүүц болно. Хэрэв та Баян-Өлгий аймгийн Өлгий хотод хэзээ нэгэн цагт орж гарах тохиол учирвал 99429710 гэсэн дугаарт залгаж Бөкенбай ахынд очих боломжтой юм шүү. Хэзээний нэг танил шиг хэнийг ч байсан тосоод авах сэтгэлтэй найрсаг айл учраас тэднээс зөвшөөрөл авалгүй дур мэдэн дугаарыг нь бичиж үлдээлээ. Өлгий хот орохдоо яваад очих сайхан айлтай болсондоо миний бие баяртай. Ингээд Ж.Бөкенбай ахынхаа гэр бүлд эрүүл энх аз жаргал бүхний дээдийг хүсэн ерөөж үндсэн аяллын тэмдэглэл рүүгээ шилжье дээ.
Монгол улсын хамгийн баруун хязгаар Мааньт хайрханд хүрсэн нь:
“Хүүгийн нүүдэл” эх орноо тойрон аялах аяллын минь эхний зорин очих уул бол Мааньт хайрхан юм. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод байх байшингийн минь чанх дээгүүр Хүннү Эйр компаний логотой онгоц нүсэр дуу чимээгээ сонсгон шунганан өнгөрөв. Ж.Бөкенбай ах бид хоёр Өлгий хотын онгоцны буудал яаравчлан оров. 5-р сарын 24 –ний өглөөний 08:40 цагт газардсан онгоцноос энэ 5-р өртөө буюу уулын авиралт аяллын хамтрагч Монголын Скайренингийн Холбооны тэргүүн Н.Сүрэнжав ах минь ирж байгаа билээ. Онгоц мэдээж цагтаа буух тул тосох бид хоёр бас амжиж ирлээ . Том үүргэвчээ үүрсээр нүүрэндээ инээд тодруулан гарч ирж биднийг чиглэн алхана. Хэзээний сайхан танил хоёр ах хоорондоо мэндлэх үеэр миний бие цүнхийг нь авч үүрэн машин руугаа явлаа. Гэрт ирж аяллынхаа төлөвлөгөөг ярилцаж урьдчилан каргогоор явуулсан уулын авиралтанд хэрэглэгдэх багаж хэрэгсэлтэй ачаагаа задлан энэ удаагийн авиралтанд хэрэгтэй зүйлээ ялган авч хоёр цүнхэндээ хувааж хийж бэлтгэлээ. Оройн хоолон дээр өмнөх өртөө аяллынхаа талаар хуучлан алдаа оноо бүхнээ хуваалцана. Тэр орой чанасан мах “газар шимийн салат”-тай хослуулж идээд хэсэг ярьж сууцгаагаад давсанд явцгаалаа.
Ногоон өнгийн УАЗ-469 маркын 7861 БӨТ улсын дугаартай машины жолооч Х.Аманбай хэмээх нутгийн ахтай урьдчилан тохиролцсон ёсоор дараа өглөө тогтсон цагтаа гадаа иржээ. Урд хожид хормойд нь хүн очлоо гэж сонсож байсан ч оройд нь хүн гарсан байна гэсэн мэдээ сонсоогүй тийм л нэг хайрханы зүг хөдлөв. Замдаа дэлгүүр хоршоо орж ойролцоогоор 6 хоногийн хоол хүнс базааж аваад их замд гарах нь тэр. Энэ үед цаг харахад 11:40 болж байсан ба очих газрынхаа тухай чих тавин сонсохнээ ойрын 14 жил ороогүй их хэмжээний цас унасан сурагтай байлаа. Улаанхус сум үргэлжлүүлэн Цэнгэл сумын төвөөр дайран өнгөрч Ховд голын урсгалыг сөрөн 200 км газар явж Цагаан гүүр өнгөрч, Могойт гол даган явсаар ганцхан машин явах боломжтой нарийхан модон гүүрээр гарч Сыргалын буюу 2-р заставт хүрэлцэн ирлээ. ХХЕГ-аас олгосон зөвшөөрлийн бичгээ үзүүлэн бүртгүүлж цааш хөдлөн явсаар 20 гаруй км замд таарах бууриа саяхан сольсон бололтой шинэхэн газар дээр барьсан малын хашаа хороотой казах айлд буудаллав. Хоол унд дуу хуур болж орчин тойрны газар усаа тайлбарлахдаа эндэхийн хамгийн алдартай газар бол Хурган нуур, Хотон нуур хэмээнэ. Ном зохиол, газрын зураг, хүмүүсийн яриа хөөрөөнөөс олон удаа сонсож байсан учраас нүдээр үзэх хувь тохиов.
Хотон нуур нь 22 км урт, 4 км өргөнтэй дундаж гүн нь 27 метр ба д.т.д 2084 метрт өргөгдсөн Алтай таван богд байгалийн цогцолборт газар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт харъяалагдана. Тус нуур түүхийн арвин сурвалжтай билээ. Түүхэнд Хотон нуурын тулаан гэж тэмдэглэгдсэн Ойрод Монголын цөст хөвгүүдийн цөсийг хөөргөж зүрхийг дэлсүүлсэн тулаан тэртээх 18-р зуунд энэхүү нуурын ойролцоо болж байжээ. Манжийн 20000 цэргийг бут ниргэж байсан түүхийн гэрч болсон нуур юм. Хурган нуур нь 23.3 км урт, 6 км өргөн дундаж гүн нь 8 метр ба д.т.д 2072 метр өргөгдсөн Хотон нууртай хүйн холбоотой билээ. Энэ хоёр нууранд олон жигүүртэн цугладаг ба Ховд голыг тэтгэх гол хүч нь юм. Хурган болон Хотон гэх хаяа зэргэлдээх хоёр нууранд тусгай сонирхолын аялал жуулчлал хөгжих боломж нөөц их байна. Гүний шумбалт болон, усан замын аялал зэрэг боломжууд харагдана.
Казах айлын нэг онцлог нь ширээ дүүрэн идээ будаа өрж шинэхэн цайгаар дайлдаг сайхан түмэн. Хонох хоноцоо аль болох тайван амгалан байлгах хоол ундаар дутаахгүйн тулд хичээх ба мах чанаж түүнийгээ бүр өөрсдөө жижиглэн хэрчиж хүртэл өгдөг. Өтгөн сайхан цайгаараа харин дайлах шиг болно доо. Ер нь хаа газрын Казах айлд ороход их сайхан зочломтгой дуу хууртай ард түмэн байдаг юм шүү. Малынх нь мах их амттай байдаг нь магадгүй идэж уудаг өвс ногоо, рашаан чанарын ус унданд нь байдаг байх. Бусад аймгийн хонь хундан цагаан өнгөтэй байдаг бол эндэхийн хонь хүрэн улаан өнгөтэй байдаг. Жижигхэн сүүлтэй байх ба анх харсан хүн алсаас баахан ямаа юу даа л гэж эндүүрч харна. Аж амьдралын хувьд их ажилсаг найрсаг ба өрх гэр нь нилээн том, өндөр байдаг. Энгийн айл нь гэхэд бараг 6–8 ханатай гэрийн чинээ тийм л гэрт аж төрөх нь хэр том гэрт амьдардаг болохыг батална. Эмэгтэйчүүд нь толгойгоороо алчуур ороочихсон дүр төрхтэй ажилсаг гэж жигтэйхэн. Хоносон айлд маань утасны сүлжээ зурагт байхгүй ч харин Монголын радио бол тэнд барьдаг юм байна.Тухайн өдрийн хоног тэр айлд таарлаа.
Нэг сэрэхнээ тооноор нарны туяа тусчихсан хамт яваа хоёр ах аль хэдийнэ босоод явчихсан гадаа байгаа бололтой дүнгэр дүнгэр гээд дуу нь сонсогдоно. Гэтэл миний өмнөхөн дөнгөж босоод нүүр гараа угаангаа өнөөдрийн цаг агаарын талаар ярилцаж байсан нь тэр байжээ. Цай унд ууж аваад замдаа гарлаа. Хотон нуур, Хурган нуурын эрэг даган цааш ойролцоогоор 20 гаруй км явж улсын хамгийн баруун захын застав Арал Толгой буюу 1-р заставт очив. Биднийг очиход дор бүрнээ л ажилтай заставын хашааныхаа гадаа нэгэн бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаатай таарлаа. Мэнд усаа мэдэлцэж хэрэг зоригоо танилцуулж Хил Хамгаалах Ерөнхий Газар-аас олгосон зөвшөөрлийн бичгээ үзүүлж Мааньт хүрэх зорилгоо хэлэв. Заставынхан толгой сэгсэрч яаж тэнд очно доо хэмээн дуу алдацгаана. Хэд хэдэн удаа хүмүүс ирж хормойноос нь буцсан гэх юм билээ. Бид хажууд нь очоод зогсохгүй дээр нь гарах юмаа гэхэд жийрхсэн аятай болгоомжтой л яваарай гэснээс өөр үг хэлээгүй юм. Ингээд бид гурав цааш уулын замаар давхиж 25 км явсаны эцэст машин маань явах боломжгүй болж Бух толгой хэмээх газар жолооч Аманбай ах машинаа харан хоцорно. Харин зорилгодоо хүрэхээр Сэнгү ах бид хоёр үүргэвчээ үүрэн Хоромдог гол даган ойролцоогоор 15 км замыг туулан сартай уралдан сажилсаар сая нэг Мааньт уулын бараа харав. GPS-ийн тусламжтайгаар Мааньт хайрханаас ойролцоогоор 3 км-ын зайд отгоо байгуулав. Ингэж хүрэх гэдэг үнэхээр их тэвчээр шаарддаг юм байна. Торлог өвдгөөр татаж зарим тохиолдолд бүсэлхий хүрдэг хэцүү ургамал байдаг юм билээ. Түүн дээр битүү цас орчихсон болохоор цөмрөөд хэд алхаад л аахилан амрах аятай алхаж хүрэхэд хэд хэдэн том үхэр чулуунууд мөн замын бартаа болж хүлээнэ. Дээр нь тус өдрийн нарны халууныг одоо мэдрэх шиг.
Майхнаа түргэхэн шиг босгож ороод борцтой шөл пор пор хийлгээд гүд гүд залгиад ирэхдээ багагүй цас туулсан учир нэлээн ядарсан хоёр нар уулын цаагуур ороогүй байхад мишокондоо орж эртхэн амарсан юм. Ядарсандаа ямар хурдан унтсанаа ч анзаарсангүй. Маргааш өглөөний 5:10 цагийн үед босож халуун цай, ус буцалгаж аяны халуун саваа дүүргэн цүнхэлж гол зорилго Мааньт хайрхан руу зүтгэв. Харахад их ойрхон харагдах ч явахад тун ч хүнд тэр хэрээрээ хол билээ. Энгийн газар дээр алхаж явдгаас даруй гурав дахин удаан явна. Учир нь алсуур өөд, гутландаа муурын хумс гэж манайхны нэрлэдэг кошка хийсэн тул тэр байх. Хажуугаар нь хаа нэг цас цөмөр ч цөмөрсөн хөлөө татах гэж тамаа цайна. Ингэж явсаар уулынхаа элгэнд ирэхэд уулын эзэн цоохор ирвэсний шинэхэн мөр урдуур хөндлөн явсан харагдана. Цаашлах тусам хэд хэдэн мөр үзэгдэх нь энэ хавиар их гүйдэг бололтой нь илт.
Дээш явах замын тэхий дунд хавьцаа налуу огцомтой чулуун асганд шилжин өөд өгсөнө. Жижиг жижиг ширхэгтэй тул кошка салган явна. Ингэж явахад босоогоор алхах боломжгүй урагш бөхийн мөлхөх аятай хөлөө зөөнө. Нэг л удаа барьц алдаж гулгавал бүүр доошоо гулгаж дахин өөд мацах гэсэн даваа үүснэ, эсвэл тэнгэрийн орон руу тэр чигээрээ явчихаж мэднэ. Тиймээс анхаарал болгоомж аюулгүй ажиллагаа нэн чухал байлаа. Ядарч байна гэж жигтэйхэн байсан учраас заримдаа энд яах гэж ирэв ээ гэж бодох ч үе гарч байлаа. Түр амс хийнгээ эргэн тойрондох байгаль дэлхийн зургийг буулгах санаатай аппаратаа гарган хэдэн зураг дарав. Эргүүлж хийхээс залхууран бүчээр нь цээжиндээ үүрч элгэндээ унжуулан дээшилж байтал гэнэт хөл алдан доош жаахан гулгах төдийд аппаратныхаа дурангын линзийг зурж охих нь тэрээ. За энэ ч дүүрч хэмээн цаашлаад оргилд хүрэх үед дахин кошка өмсөн цасан дээгүүр мацсаар 5-р сарын 26-ны 10:37 цагт Монгол улсынхаа хамгийн баруун цэг д.т.д 3244 метр өндөрт өргөгдсөн Мааньт хайрхан /ХӨ: 480 53I/12II — ЗУ: 870 45I 01II / дээр гарч чадлаа.
Би тийм мэргэжлийн уулчин бол биш шүү. Гэхдээ хэд хэдэн мөнх цаст ууланд хөл тавьж үзсэний хувьд хэцүү авиралттай уул болохыг хэлж чадахаар байна. 40–60 градусын налуутай их өндөр авалттай ч оргилд нь хүрвэл тийм ч шовх биш юм. Тэнд бичлэг хийж, зураг авч GPS-ээр баримтжуулан оргил дээрх хэсэг чулуугаар овоо босгон Монгол нутаг гэдгээ баталгаажуулав.
Усны шувууд зулай дээр нь
Сүүдэр унагаагүй сүрлэг хайрхан
Удамт дээдэс хормой бэлийг нь
Сүүгээр цангаагаагүй Мааньт хайрхан
Хүний мөр орой дээр нь
Хүрч чадаагүй сэтгэлийн хайрхан
Буурал дээдэс залбиран мөргөсөн
Буянаа нэмсэн Мааньт хайрхан хэмээн Ж.Раднаадаргиа гэдэг хүн шүлэглэсэн байдаг байна.
Ирсэн зочин буцдаг гэгчээр гарсан бол бууж таарна. Бага үдийн нар халуунаар төөнөж цас нойтон усархуу гадаргуутай болж хувирна. Буух цаг болж гарсан замаараа эргэн буух боломжгүй учир бид зүүн урд энгэрийг нь даган жаахан тойруу замаар алсуур буухаар шийдэв. Уулын элгэнд ирэх үеэр цас зөөлөрч цөмрөөд эхэллээ. Шинэ замаар бууж байгаа, дээр нь цас цөмөрч байгаа учраас тун сэрэмжтэй болгоомжтой явах нөхцөл байдал үүслээ. Нилээн доошлоод ирэхэд хүн даахгүй цөмөрч бүсэлхийгээр татах ч хүчлэн байж гарах нь хөлс цутгах хэмжээнд хүргэнэ.
Сэнгү ахаараа зам гаргуулаад байлтай биш урд нь гарч гүрийгээд зам гарган туучаад байлаа. Мааньтын оргилд хүрэхдээ бид 5 цаг орчим зарцуулсан бол буухдаа 6 цаг гаруй зарцуулсан юмдаг. Энэ хугацаанаас харвал хэр хүнд байсан нь ойлгомжтой санагдаж байгаа байхаа. Өмнө хожид хүн явж байгаагүй тийм замаар бууж байгаа тул давхар айдас төрөх жишээтэй сажилна. Ойролцоогоор 3 км газар явчихвал майхан дээрээ очих гээд байдаг. Үе үе цасны хатуу биднийг дааж байснаа удалгүй цөм үсрээд орчихно. Эргэж гарах гэж их хөлс хүч хөдөлмөр зарцуулдаг боллоо. Үдийн нар төөнөөд ч тэрүү цас бидний өмд гутлыг шал нойтон болгож орхилоо. Бүсэлхийнээс доош нойтон учраас сүүлдээ хөлөө дээш өргөн цаснаас гарах гэхэд шөрмөс татаж уйлах урвайхын завсарын тиймэрхүү нэг сэтгэгдэл төрүүлнэ. Цасан доор чулуу ихтэй учир хэд хэдэн удаа өвдөгөө шалбалан байж тэгж ингэж тэвдэж явсаар нэг юм их цаснаас гарч 6 цаг явсаны эцэст отог дээрээ ирж чадсандаа баяр хүргэн тэврэлдэнэ. Тухайн үеийг одоо эргэн бодох нээ хөлөө өрөвдөх шиг.
Майханд үлдсэн ганц шоколадаа хувааж идээд хэсэг амрав. Хоёр хөл урагш алхмааргүй санагдавч бид тэртээд хүлээх машин руугаа явахаар шийдэж ачаагаа эмхлэн замдаа шууд гарав. Тэндэхийн өвс, торлог дотор бодон гахай их байдаг бололтой энд тэндгүй сэндийчилсэн хөрс таарна. Азаар тэд цувж явдаг учраас аль болох цас нимгэн газраар зам жим гаргадаг тул тэдний замаар бид хоёр зөвшөөрөлгүй орж явсаар Хоромдог гол дээрээ тулан ирж билээ. Уул руугаа явж байхдаа аль болох гутлаа норгочихгүй юмсан гэж хаднаас хад руу үсрэн тойрч байсан бол энэ удаад гол хэргээ бүтээсэн хоёр шууд гутлаараа туучаад гарлаа. Хоёр мөр үүргэвчиндээ түүртээд хөндүүр байсан ч тэвчсэн. Нэлээн оройхон машин дээрээ арай хийн очиход бие сэтгэл зэрэг хөнгөрөөд явчих шиг боллоо. Ингээд гурвуулаа болж аваад эртээдийн хоносон айлдаа эргэн шөнөөр очив. Тэндээ сайхан амраад маргааш өглөөний мандах нарнаар машиндаа сууж аваад Өлгий хотын зүг хүлгийн жолоо мушгилаа. Замдаа жолооч ахын хамаатныхаар орж хоол унд идээд тэндээс хэдэн кг ноолуур ачаатай эмэгтэй замд дайгдаад Цэнгэл сум ороод буув. Цааш үргэлжлүүлэн давхисаар Өлгий хотод ирлээ. Тухласан айл маань хүлээн авч хоол унд болж баяр хүргэлээ. Орой хэвд саунд орж сайхан амарлаа даа.
Уул усаа шүтэж явах нь ухаант Монголчуудын үндсэн шашин
Аян замын тэмдэглэл хөтөлсөн М.Дархижав