Зөвлөмж: Явган аялалд анхаарах зүйлс

Daagii Compass
3 min readJan 21, 2020

--

· СЭТГЭЛ ЗҮЙ: Холын замд гарахаар төлөвлөсөн бол хамгийн түрүүнд хувь хүн өөрийнхөө сэтгэл зүйг бэлдэх нь нэн чухал.

· ЦҮНХ: Аяны үүргэвч аялалд маш чухал. Өөрийн биеийн өндрөөс хамаарч үүргэвчээ сонгоно. Аялагч хүн үүргэвчний чанартайг бодолцон сонгохгүй бол буруу сонголт нь зам зуурын зовлон болж нэмэгдэхийг анхаарч мөрөндөө эвтэйхэн цүнх сонгоорой. Аялагчийн марш гээд дуун дээр “аялагчийн үүргэвчинд амьдрал багтдаг” гэж шүлэглэсэн байдаг. Нээрээ л холын зайн аялалд гарахад бүх л зүйлсээ багтааж чаддаг. Майхан, гудас, мишок, гал тогоо, хувцас, аяллын туслах хэрэгсэл гээд л бүгд орчихно. Сайхан газар үзэхээр явахдаа сайн цүнхтэй нөхөрлөсөн нь дээр. Пян даахгүй үүргэвч бий. Иймээс л сайн чанартайг сонгох хэрэгтэй ба брэндийн гэхээсээ илүү дунд зэргийн үнэтэй үүргэвч аваад бүч бүслүүрийг нь давхар оёж шидээд монголчилж өөртөө тааруулах хэрэгтэй. Тааруулна гэдэг нь бүсэлхий болон мөрөндөө тааруулахыг хэлж байгаа юм. Биед таарсан цүнх эзэндээ ядралт бага үүрүүлдэг. Олон хоногийн явган аялалд эрэгтэй аялагч 15–20 кг, эмэгтэй аялагч 10–15 кг ачаа үүрэх шаардлагатай болдог. Бороо уснаас авахуулаад аялалд олон зүйл тохиолдоно. Тэр болгонд бэлэн байж чадвал та аялагч болох ирээдүйтэй гэсэн үг. Үүгээр юу илэрхийлэхийг хүсэж байна вэ гэвэл цүнхээ норохоос хамгаалсан борооны цувтай болоорой. Тэр таны цүнхийг бороо шорооноос хамгаалаад зогсохгүй шавар шавхай, хир даарь болохоос мөн давхар хамгаална. Бүх зүйл эдэлж хэрэглэж байгаа эзэн хүнээс шууд хамаардаг. Хэдий чинээ хайрлаж гамнаж хэрэглэнэ төдий чиний олон газраар таны ачааг зөөвөрлөнө. Үүргэвч нь олон талын давуу тал үзүүлж байдаг. Мэдээж хамгийн түрүүнд хэрэгтэй зүйлсийг чинь багтаана. Дараа нь хүйтэн болон бороо шорооноос хамгаалж нуруунаас дулаан төөнүүлж, уруу газар гулгах халтирах үед түшиг болж өгнө. Эцэст нь хэлэхэд өөрт хэрэгтэй зүйлсээ үүргэвчиндээ багтаана гэдэг бас авьяас даа.

· ГУТАЛ: Өмнө нь өмсөж байсан хатуувтар ултай хуучин гутлаа сонгосон нь дээр байдаг. Мөн явах улирал, очих газрын онцлогоос хамаарч гутлын чанартайг сонгоно. Хол замд илүү гутал авч явах нь чухал бөгөөд өөрт таарсан оймснууд гуталтай хамтран үүрэг гүйцэтгэнэ. Эхлэх цэгээс бариа хүртэл таны үнэнч туслах, өдөр бүрийн чинь найз бол гутал чинь байх учраас аль болох хөнгөн чанартайг сонгохыг дахин анхааруулъя.

· ХУВЦАС: Ямар газар оронд аялахаас хамаараад хувцсыг сонгоно. Аялалд сайн чанарын болон тод өнгийн хувцас өмсөх нь зохимжтой. Нэгнээсээ жаахан тасарч явах, үлдэж хоцроход холоос харах боломжийг олгодог давуу талтай. Салхи нэвт сийгдэг болон, салхи нэвтэрдэггүй гэсэн хоёр төрлөөр голчлон хувцсыг өөртөө тааруулан авна. Аяллын үлдэх дурсамж фото зураг байдаг. Түүн дээр таныг өнгөлөг, эрч хүчтэй харагдуулж дурсамжийг тань мөнхлөх учиртай.

· ЭМИЙН САН: Аяллын нэн чухал зүйлсийн нэгд эмийн сан зүй ёсоор ордог. Өөрийгөө болон аяллын хамтрагчаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх чухал ач холбогдолтой. Толгой, гэдэс, өвчин намдаах эм, цэнхэр спирт, иод, уян боолт, халууны шил, даралтын аппарат, хуруу лент, жижиг хайч, тэмдэглэлийн дэвтэр болон бусад туслах хэрэгслийг багтааж зориулалтын саванд хийж авч явна. Зүү утас түүн дотор байхад илүүдэхгүй.

· ГАЗРЫН ЗУРАГ: Явах зам маршрутынхаа тухай тэмдэглэсэн зураглал болон тухайн газрынхаа нарийвчилсан газрын зурагтай явах нь чухал. Мөн JPS төхөөрөмж дээр ажиллаж чаддаг байвал таны давуу тал болно. Арга ядахад газрын зургаа уншиж чаддаг сольболцол, градус, км олж чадах аргыг эзэмших төдийгүй луужингаар зүг чигээ тогтоож чаддаг байх хэрэгтэй. Ямар нэгэн асуудал тулгарсан тохиолдолд гэнэтийн өөрчлөлт гарч маршрут өөрчлөгдөх тохиолдолд хамгийн ойр суурин газрын очих зай, туулах хугацааг тогтоох чадвар зайлшгүй хэрэгтэй болно. Иймээс аялж явахдаа цаг агаарын байдлыг уншиж маршрутаа төлөвлөх болдог.

· ТАЯГ: Таяг аялалд ямар чухал болохыг мэдэх үү? Тэр тусмаа явган аялалд. Таяг сонгож авахдаа чанартайг нь сонгож авна. Муу таяг аян замд хугарч нугараад төвөг удна. Ганц биш хоёр таягтай байх хэрэгтэй ба сунаж эвхэгддэг бол ачаанд авч явахад тохиромжтой. Таяг нь хүн алхаж байх үед хөлний хөдөлгөөнд 30 хувийн дэм үзүүлдэг юм. Үүнээс арай өөрөөр ашиг тусыг нь харах юм бол шөнө барьж явахад хань болно. Мөн хот айлын хоргоогч нохойд зэвсэг болно. Өдөр орой амрах агшинд газар зоож хооронд нь хэц татан ойр зуурын зүйлсээ хатаачихна. Таньж мэдэхгүй газар гол ус гатлахдаа урдаа тэмтрүүл болж ашиглачихна. Уруу газар уртасгаж, өөд газар богиносговол тулгуур болно. Салхитай үед майхны гадас болно гээд л сэтгэж ашиглаж чадвал түүний тус ихээ их.

· БУСАД: Өөрт хэрэгтэй гэсэн зүйлсээ сонгох. Үүнд: майхан, гудас, мишок, зургийн аппарат, нарны тос, нүдний шил, бугуйн цаг, чүдэнз, усны сав, гар чийдэн гэх мэт.

Зөвлөмж сийрүүлсэн. М.Дархижав

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

Responses (1)