Жуулчдын ноён нуруу хугардаг газар
Гарчиг шиг ийм асуулт асуувал хамгийн түрүүнд ЖОРЛОН гэнэ биз дээ. Мэдээж ЖОРЛОН. Арай зөөлрүүлээд боловсон хэлбэл БИЕ ЗАСАХ ГАЗАР. Ялангуяа хөдөө, орон нутгийн аялалд явахад илүү их мэдэрдэг хугарлын цэг. Хаая нэг олдвол цоожтой ч байх нь бий.
Олон хүн олон жил НОЙЛ НОЙЛ гэж орилж, бичиж, шүүмжлүүлж байсны үр дүн гэх нь тохиромжтой болов уу? Юутай ч одоо бол энэ асуудал харьцангуй саажирсан. Аялал жуулчлал хөгжсөн бүс рүү гараад давхихад боловсон нойл бол харьцангуй элбэг болж байна. Мэдээж өнөөх үйлчилгээний байгууллагуудыг түшиглээд шүү дээ.
Замын хоолны газрын нойл нь цэвэрхэн, аятайхан бол тэр нойл тус газрынхаа далд сайн маркетинг нь болж байна. Нойл ийм л хүчтэй байна. Чамлахаар чанга атга гэдэг шиг талархах хэрэгтэй. Ийм газрууд өшөө олон болоосой л гэж ерөөмөөр.
Харин гол асуудал одоо бид нийтээрээ хурдан соёлжих хэрэгтэй. Цөөнх нь боловсон соёлтой байгаад олонх нь хувиа хичээсэн үзэлтэй нойлд бие засах хандлагатай байвал хөгжил төдий чинээ хойшилсоор л байна. 1000 боловсон нойл байгаад ч нэмэр байхгүй.
Жуулчин гэж хязгаарлахаа болъё. Ядаж л чиний ард би орно. Миний ард чи орно. Таны ард хүүхэд тань орно. Хүүхдийн тань ард түүний сайн найз нь орно гээд л … нойлын дараалал энгийнээр бол нэг ийм эргэлтийн цэгтэй. Соёлтой байвал бүх зүйл амархан.
Жуулчдын нуруу яг үнэндээ нислэгийн тийз, хоолны чанар, үйлчилгээний соёл, харилцаа хандлага, дэд бүтэц гээд л их зүйл дээр мэр сэр хугарчил байгаа. Энэ бүхнийг тоочно гэвэл роман мэт урт зүйл болно. Ядаж л нэг зүйлээ бөөнөөрөө барьж авч давалгаалах нь их том амжилт. Тиймээс өөрийнхөө хүрээллийн 5 хүнд ч болтугай нөлөөлж байвал гээд хэдэн үг хэлхэж суугаа минь энэ. Улс орон, аялал жуулчлалын хөгжил дэвшлийг нээх том зүйлээр хэмжих гэсний хэрэггүй. Өөрийнхөө үйлдлээр л хэмжихэд болно.
БОАЖЯ-ын сайд хүртэл модон жорлонгүй байх уриалгыг гаргаад хэсэг шүүмжлүүлсэн. Шүүмжилсэн хүмүүс нь мэдээж улс төрийн заваан өнцөгөө нийгмийн сүлжээний масст тавьсан хэрэг л дээ. Ард түмэн гэдэг чинь массыг дагадаг. Уг чанартаа бол энэ үйл нь улс орны хөгжил, эрүүл ахуйн орчныг сайжруулах, боловсон соёлд сургах, өнгө үзэмж гээд л цаадах үр дагавар нь амьдралд нэн тустай л юм.
Жуулчдын нуруу хугардаг цэг бол ЖОРЛОН байсаар байна …
М.Дархижав