Д.Сүхбаатар жанжины төрсөн газарт зочилцгооё
Жанжин Д.Сүхбаатар хаана төрсөн бэ? гэсэн асуултад ихэнх хүмүүс одоогийн Сүхбаатар аймагт төрсөн гэж хариулах нь элбэг ажээ. Тэгж бодох нь ч аргагүй л байх. Хаана төрснийг мэдэхгүй тохиолдолд логикоор тэгж бодогдох нь дамжиггүй юм билээ.
Монгол Улсын баатар Дамдины Сүхбаатар нь 1893.02.02-нд Их хүрээ (одоогийн Улаанбаатар)-нд, бүр тодруулбал Маймаа хот (одоогийн Амгалан)-ын зүүн монгол хороололд мэндэлсэн хэмээн түүхийн хуудаснаа тэмдэглэгдсэн байдаг. Дамдингийнх Хүрээнд нүүж ирээд нутгийн айл бараадан Маймаа хотын зүүн монгол хороололд Яатуу хочит Даваагийн хашаанд байх үед Сүхбаатар мэндэлсэн ажээ. Сүхбаатарын төрсөн газрыг 1924 онд түүний эх Ханджав нь Амгалан дахь МХЗЭ-ийн гишүүдэд зааж өгснөөр тухайн үед тэнд жижиг овоо босгон тэмдэглэж. Улмаар 1967 онд партизанууд болон пионер сурагчид дахин тэмдэгжүүлж, баталгаажуулсан байна. Харин 1993 онд Д.Сүхбаатарын төрсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний төрсөн гэрийн буурин дээр “Дамдины Сүхбаатарын төрсөн газар шороо. 1893” гэж монгол бичгээр товойлгон бичсэн чулуун гэрэлт хөшөөг босгосон нь өнөөг хүртэл сүндэрлэн оршиж буй.
2012 онд Улаанбаатар хотын захиргаанаас Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буурийг тохижуулахдаа хашаа татаж, зүлэг тарьж, Д.Сүхбаатарын хөшөө, Анхны долоогийн хөшөөг хийжээ. Ингэснээр Д.Сүхбаатарын төрсөн газар гэр хорооллын дундах соёлын орон зай, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин болох эхлэл тавигдсан байна. 2015 онд Д.Сүхбаатарын төрсөн газрыг соёлын өвд бүртгэн авсан байна.
Сүхбаатар нь ердөө 30 насандаа бусдад амь хорлогдож хорвоог орхисон ч Монголын түүхэнд тод томруунаар мөнхрөн үлдсэн цэргийн эрдмийг гарамгай эзэмшсэн их жанжин юм. Ардын журамт цэрэг 200 дайн тулаанд оролцсон байдаш бол Д.Сүхбаатар цэргээ өөрийн биеэр манлайлан 40–50 удаа тулалдаж явжээ гэх түүхчдийн судалгаа бий. Мөн 1921.11 сард ЗХУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзаж байсан байна.
Тус цогцолборт анхны долоо хэмээн алдаршсан нэрт эрхмүүдийн хөшөөг хамтад нь урласан байдаг. (1921 оны Ардын хувьсгалын анхны долоо буюу Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамдины Сүхбаатар, Дамбын Чагдаржав, Дансранбилэгийн Догсом, Хорлоогийн Чойбалсан, Д.Лосол нар нь 1919 онд байгуулагдсан Консулын ба Зүүн хүрээний нууц бүлгэмүүдийн гишүүд байсан ба 1920 оны 7-р сард Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэхээр эдгээр долоон хүн ээлж дараалан явцгааж байжээ. Ардын хувьсгал ялсны дараа Ардын засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллацгаасан байна. 1923 онд нас барсан Сүхбаатар, төр засгийн эрх мэдлийг гартаа авсан Чойбалсан нараас бусад нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгджээ.)
… Одоо бүх зүйл тодорхой боллоо. Сүхбаатар жанжин одоогийн Улаанбаатар хотын Амгалан орчимд төржээ. Тус газар хэрхэн очих вэ? гэж үү. Төөрч будилаад байх зүйл байхгүй юм билээ. Бидний мэддэгээр Ботаник түүний зүүнхэн талд орших Оргил худалдааны төвийн зүүн талаар урагшаа эргэсэн засмалаар салаад ердөө 800 метр явууд л хүрээд очно доо …
Мэдээлэл бэлтгэсэн. М.Дархижав 2021.04.20