Бүү цэрэв
Гудамж гэх нэршил нь олон нийтийн хөл хөдөлгөөний дундын өмч. Тийм хэдий ч тэр орчин хэн нэгний ажлын байр төдийгүй зарим тохиолдолд гэр нь байх тохиолдол бий. Мэдээж ядарсан ардын зүдэрсэн амьдралын өнгийг тэндээс л тод томруунаар харж болох. Гэвч тэд цагтаа залуу явсан. Бас мандаж явсан ч үе байгаа байх. Амьдралын хэмнэлд ямарч шалтгаанаар сэтгэлийн хүчээ алдаж амь зуух төдийхөн болтлоо доройтсон болохоос биш тэд хэн нэгний хамгийн хайртай хүмүүс байсан. Магадгүй одоо ч байгаа байх. Хүн бүхэнд л нууцлаг шалтгаанууд бий.
Саяхан төмөр замын төв вокзалын хойно буюу замын дунд орших өндөр хөшөөний дэргэдэх саадан дээр суухдаа тэнд байх ноорхой хувцастай 50 гаруй насны болов уу нэгэн ах хүүг хэсэг ажив. Жаахан халамцуухан ч ухаан санааны хувьд бол зүв зүгээр мэт. Амьдралын шаардлагаар л архитай найзлан хорвоогийн бор хоног, шар нарыг сольж яваа нь илт.
Түүний ХАРЦ нэг л нууцлаг. Гуниг дүүрэн харц.
Байс хийгээд л ах хүү дэргэдэх шуудайгаа онгойлгож үзнэ. Ажваас хэдэн хуванцар сав л байх шиг. Гэтэл түүний дотроос өөр зүйл хайгаад ч байх шиг. Учрыг нь бол олоогүй.
Яг бас гудамжинд амьдардаг хүн бол биш шиг байсан. Сайхан гэргүй ч хаа нэгтээ хоргодох овоохоотой л санагдсан. Төмөр замын энэ орчим бол түүний ажлын талбар бололтой. Түүнтэй ижил ажилтай гурван хүн дэргэд нь ирээд саагих аятай дуу нь өндөрсөх. Муу муудаа дээрэлхүү, муна гадсандаа дээрэлхүү гэдэг нь тэр байхдаа.
Хэл загатнаад эсрэг талаас нь та нар наад хүнээ зүгээр орхиоч гэхэд эргэж харснаа юм дуугарахгүй хэсэг намайг харснаа хажуугийн сандал руу шилжих. Яг энэ үед өнөөх ах намайг байгааг анзаарч харсандаг. Түүний харцыг харахаар л сэтгэл өвдөж яаж яваад ийм болсныг нь асуумаар байв ч надтай ярихгүй нь үйлдлээс нь илт байсан л даа.
Хэсэг сууж байгаад ах ч босоод хажуугийн замын захад гэрлэн дохионы хажууд очив. Ногоон гэрэл хүлээж буй нь тэр ажээ. Яг тэр мөчөөс энэ хүний ухаан санаа нь зүв зүгээр ганцхүү нэг л шалтгаанаар ингэж явах болсон гэдэг нь нотлогдох шиг.
Тэрээр зүүн гартаа жаахан үлдсэн гаазтай ундаа — харин баруун гартаа ууттай зүйлээ бариад зам хөндлөн гарч бараа нь алга болов.
Бид өнөөдөр хэн ч байж болно. Магадгүй амжилттай яваа ч юм шиг үгүй ч юм шиг. Амжилт гэх зүйл рүү тэмүүлээд л байгаа ч юм шиг бас үгүй ч юм шиг. Амьдралын нугацаанд бүрдэх үе ирвэл бидэнд сэтгэлийн тэнхээ л туслах юм шиг. Ингэхэд та сэтгэлийн тэнхээгээр хэр вэ? гэж асуувал хэн ч хариулж чадахгүй мэт. Үүсэх шалтгаанаас л шалтгаална даа гэх байх. Түм түжигнэж бум бужигнасан их хотын олонд бол түүнийг анзаарч харах нь тун цөөхөн. Тэр явжил байдаг бас бидэнтэй зөрж л байдаг. Энэ зүгээр л энэ хотын энгийн үзэгдэл болсоон.
Хожмоо бид хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэдэг үгнээс дээгүүр болон доогуур ч явж болно. Гэвч ноорхой бөгөөд жаахан үнэр ханхлуулсан хүн бүхэн муу хүн бол биш ээ. Цэрвэж холдохоосоо өмнө урьд нь хэн байсан бол гэж нэг бодоод үзээрэй. Дандаа ийм байгаагүй нь ойлгомжтой л байх.
Ахыг ажин суусан замын дундах хөшөөн дээр дээр “… Энэ төмөр зам бол нөхөрлөлийн зам манай эх орны саруул сайхан ирээдүй маргаашийн улам баясгалантай сайхан болгохын зам мөн” хэмээн лоозогнон бичсэн байдаг юм билээ.
2020.08.02