Буйр нуур — Халхгол хүрэх аяллын маршрут
БУЙР НУУР, ХАЛХ ГОЛЫН АЯЛЛЫН МАРШРУТ
………………………
Аяллын зорих чиглэл: Дорнод аймаг
Аяллын хугацаа: 5–7 хоног
Аяллын нийт зам: 2100 км
………………………
Үндсэн маршрут: Улаанбаатар хот — Хэнтий аймаг Чингис хот — Тугийн Сүм оршиж байсан Туг уул (Хэрлэн голын хойд эрэгт Хэрлэнбарс хот харагдана) — Булган сум — Чойбалсан хот — Мэнэгийн тал — Буйр нуур — Халхгол сумын Ялалт баг — Их Бурхант цогцолбор — Халх голын дайны холбогдолтой хөшөө, дурсгалууд — Халхгол сум.
………………………
Аяллын эхний өдөр. ЧОЙБАЛСАН ХОТ орох
………………………
Хэрхэн хүрэх вэ.
Улаанбаатар хот — Цонжинболдогт орших Чингис хааны морьт цогцолбор (54 км) — Багануур дүүрэг (76 км) — Хэнтий аймгийн төв Чингис хот (200 км) — Дорнод аймгийн Хөлөнбуйр сум (206 км) — Туг уул (тухайн цагт Тугийн сүм байсан уул) (30 км) — Дорнод аймгийн төв Чойбалсан хот (90 км)
Замын нөхцөл: Энэ өдрийн аялал Улаанбаатар хотоос зүүн бүсийн төв замаар нийт 656 км явах болно. Өнөөдрийн туулах зай урт учир аль болох өглөө эрт аяллаа эхлүүлээрэй. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын төвөөс 30 явж Чингис хааны Хар сүлдний түүхээр холбогддог Тугийн сүм оршиж байсан Туг уулыг үзэх боломжтой. Засмал замаас холгүйхэн (1,5 км) харагдана. Тус (овоо) уулын орчмоос Хэрлэн голын хойд эрэгт орших Хэрлэн Барс хотын туурь алслан үзэгдэнэ. Ингээд засмалдаа эргэн нэгдэн аймгийн тов орно. (Жич: Хэрлэн Барс хотыг үзэх бол та Хөлөнбуйр сумын төв орохоос өмнө буюу Хэрлэн голын хойгуур шороон замаар явж очих боломжтой. Ингээд эргэн засмал замдаа нийлэх эсвэл шууд үргэлжлүүлэн голынхоо хойгуур шороон замаар явж Чойбалсан хот орох боломж бий.)
………………………
Зорих үзмэр, мэдээлэл:
ТУГИЙН СҮМ (Туг уул)
Байршил: Дорнод аймаг Хөлөнбуйр болон Булган сумын нутгийн зааг
Солбицол: 47°58'30.9"N 113°15'41.5"E
Товч мэдээлэл: Чингис хаан, түүний үр ач нартай холбоо бүхий олон сүлд тахилгын газар Ар Монголд байсны нэг нь туг уулан дээрх дээрх сүм гэдэг. Тугийн сүмийн гарал үүслийг судалваас, XIX зууны дунд үеэр Сэцэн хан аймгийн гүн Дамдинжавын хошууны зүүн зүгийн нутагт ган гачиг болсны улмаас малчид ядуугийн туйлд хүрч, амьдралд туслах тухай аймгийнхаа Ханд айлтгажээ. Хан, чуулганы дарга, ихэс ноёд уг асуудлыг хэлэлцээд Дамдинжавын хошуу болон эрт дээр үеэс дээдсийн хар туг сүлд, шарилыг уламжлан хадгалж ирсэн бэйс Минжүүрдоржийн хошуудын зааг, Хэрлэн бар хотыг бараадуулан Баян-Эрхт хэмээх толгой дээр эзэн Чингисийн хар сүлд тугийн сүм байгуулахаар болжээ. Түүнд зориулсан хандивыг Манжийн хаанд уламжилж, Ар, өвөр бүх Монголоос хуримтлуулан сүмийн жасын малыг нутгийн малчдаар маллуулж, ашиг шимээр тэдний амьдралд туслахаар шийджээ. Энэ үед Сэцэн хан аймгийн Чуулганы даргын албыг Төртогтох /То/ ван хашиж байв. Тэрээр Чингис хааны туг сүлдний сүм байгуулах буянтай үйлст бүх монголчууд мал, хөрөнгөөр туслах зар тараажээ. үүний дагуу мал, эд агуурс их цугларсан байна.
ЧОЙБАЛСАН ХОТ
Байршил: Дорнод аймгийн төв
Солбицол: 48°05'50.9"N 114°31'40.0"E
Гурван үгт хаяг: ///тохиргоог.ялвал.албатууд
Товч мэдээлэл: БНМАУ-ын засгийн газрын 1931 оны 11-р сарын 6-ны өдрийн тогтоолоор Дорнод аймаг нь 24 сумтай 212.8 мян км кв нутаг дэвсгэртэй, 75.8 мян хүн амтай, 1.4 сая толгой малтай байгуулагдаж, аймгийн төв нь Баянтүмэн хот болов. Дорнод аймаг нь уудам их нутагтай, зам харилцаа хөгжөөгүйн улмаас сумдыг биечлэн удирдах, холбоо барихад хүндрэлтэй байсныг харгалзан үзээд Сүхбаатар аймгийг анх Жавхлант Шарга уулын аймаг нэртэйгээр байгуулахад Дорнодоос 10 сумыг шилжүүлэн өгч байжээ. Одоо засаг захиргааны 14 нэгжтэй, 123.5 мян ам км нутаг дэвсгэртэй. Аймгийн төв Чойбалсан хот нь нийслэлээс 656 км алслагдсан бөгөөд д.т.д 700 метр өндөрт оршдог, засаг захиргааны хувьд Хэрлэн суманд хамаарагдан 40 гаруй мянган хүн амтай манай орны томоохон хотуудын нэг билээ. Чойбалсан хот нь тус орны төмөр замын хоёр дахь том зангилаа хот төдийгүй авто болон агаарын тээврийн чухал зангилаа газар юм. Тус аймагт халх, буриад, барга, үзэмчин зэрэг ястнууд бий. (Жич: Та аймгийн төвд байрлаж буй ДОРНОДОД ҮЙЛДВЭРЛЭВ бүтээгдэхүүн худалдааны дэлгүүрээр зочлоорой. Тус дэлгүүрт аймгийн түүхэн дурсгалт газар, хөшөө дурсгал бүхий гар урлал, аймгийн аяллын газрын зураг болон бусад бэлэг дурсгалын зүйлс бий. Хаяг: Чойбалсан хот, 22-р байр болон Тээврийн биржид тус тус байрлалтай. Утас: 91917452)
Хотоос гараад явахад зам дагуух нийтлэг үзмэр:
· Налайх дүүрэг: Улаанбаатар хот буюу Нийслэлийн 9 дүүргийн нэг бөгөөд Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сумтай хиллэн оршдог. Хотын төвөөс 36 км зайтай ба 68,7 мян га талбай бүхий нутаг дэвсгэртэй.
· Сайн номуун хийд: Налайх дүүргийн төвд орших тус хийд нь буддын шашны чиглэлээр байгуулагдсан ба өнгө үзэмж сайтайн зэрэгцээ гадаад дотоодын аялагчид үзэж сонирхох болон аян замын ерөөл, ном уншуулах боломжтой.
· Чингис хааны морьт цогцолбор: Монгол түмний бахархалт нэгэн газар болсон Цонжинболдогт байрлах их хааны нэрэмжит морьт цогцолбор нь тэртээ 2008 оны 09-р сарын 26 нд албан ёсоор нээгдэж байсан түүхтэй. Тус хөшөө 40 мерт өндөр ба 36 баганатай билээ. Багана тус бүр нь алтан ургийн 36 хааныг илтгэдэг аж. (Тасалбар 10.000 төгрөг. Утас: 93229323)
· Багануур дүүрэг: Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км зайд Хэрлэн голын сав газарт оршдог нийслэлийн хамгийн алслагдмал дүүрэг билээ. БНМАУ-ын АИХТ-ийн 1980 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 43-р зарлигаар Улаанбаатар хотын район нэртэйгээр байгуулагдаж байжээ. Нийт 62,2 мянган га нутаг дэвсгэртэй ба д.т.д1276–1333 метрт өргөгдсөн байдаг байна.
· Хэрлэн гол: Номхон далайн ай савын гол мөрнүүд дотор уртын хэмжээгээр нэгдүгээрт орно. Хэрлэн гол Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгийг дамжин урсаж улмаар улсын хилээс гадагш гарч БНХАУ-ын нутагт орших Далай нуурт цутгадаг. Манай орны нутаг дэвсгэрт нийт 1090 км урт үргэлжлэн урсах ба урсгалын байдал тогтуухан дөлгөөн билээ.
· Чингис хот: Эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий уулын аймаг 1923 онд 25 хошуу, 2 шавь, 109 сум, 328 багтай Өндөрхаан хошууны Хэрлэн голын хөвөө Цагаан Эрэг гэдэг газар одоогийн Чингис хот байгуулагдаж байсан түүхтэй. Одоогоор Хэнтий аймаг 18 сум, 5 тосгон, 88 багтай. Аймгийн төвийг 2013 оноос Их Эзэн хааныхаа нэрээр “Чингис хот” хэмээн нэрлэсэн ба 80,3 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай билээ.
· Хэрлэн барс хот: Дорнод аймгийн Цагаан Овоо сумын нутаг Хэрлэн голын хойд эрэг Баруун Дөрөө нуурын зүүн урд Хэрлэн Барс хот оршино. 1731 онд Монголоор явсан Хятадын жуулчин Гун Чжи-йо-гийн тэмдэглэлд Сэцэн хан аймгийн Далай Бэйсийн хошуунд Барс хот байна. Нэг нь долоон давхар, нөгөө нь таван давхар хоёр суваргатай, суварганы туурганд зурсан бурхны хөргүүд нь бүтэн хэвээрээ байна. Долоон давхар суваргын дотор модон хайрцаг дээр гурван цагийн бурхан, манзшир, самандбадра дөрвөн махранз зурмал хуйлмалаар хадгалагдан байхын зэрэгцээ сүмийн дэргэд уншиж болохтой 2–3 мөрөөс бусад ихэнх үсэг нь холтрон баларсан хятан улсын үеийн бололтой гэрэлт хөшөө бий гэж тэмдэглэжээ. Бас манж хэлнээс Дашням гүнгийн орчуулсан “Олон монгол аймгийн газрын ойллого”хэмээх түүхэн тэмдэглэлд Барс хотыг Хятан улсын “Дүн чэн”хотын үлдэц гэж бичсэн байдаг.
Буудаллах, хоноглох: (Аймгийн төвд)
· Чадангууд зочид буудал: 99577427, 88587421
· Болор зочид буудал: 95589988, 99656478
· Хэрлэн зочид буудал: 70584250 гэх мэт бусад зочид буудлууд болон аймгийн төвөөс 14 км зайтай орших Ухаа арал амралтын газарт (88587599, 99588909) очиж хоноглох боломжтой.
Жич: Хэрэв та өөрийн майхандаа хоноглохыг хүсвэл аймгийн төвөөс зайдуу газар очих эсвэл Хэрлэн голын хөвөөнд очиж амрах боломжтой.
Анхаарах болон нэмэлт мэдээлэл:
- Хог хаяхгүй байх
- Зөвшөөрөлгүй газар ил гал түлэхгүй байх
- Гол мөрөн, нуурын ус бохирдуулахаас сэргийлэх
- Шумуул, хөхтрүүтэй байх магадлалтай
- Манайхан барьж хонох бол тухайн газарт тусгай отоглох цэг байгааг шалгах
- Чойбалсан хотын музейн тасалбар 5000 төгрөг
- Аймгийн төвд байх ДОРНОДОД ҮЙЛДВЭРЛЭВ бүтээгдэхүүн худалдааны дэлгүүрээр зочлоорой.
- http://travel.dornod.gov.mn энэ сайтаас Дорнодын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой
…………………………………………..
Аяллын хоёр дахь өдөр: БУЙР НУУР-т хүрэх
…………………………………………..
Хэрхэн хүрэх вэ.
Чойбалсан хот — Мэнэнгийн тал — Буйр нуур (300 км)
Замын нөхцөл: Аймгийн төвөөс энэ өдөр зүүн урд чиглэлд гарч нийт 300 км замыг шороон замаар туулна. (Дан шороон замаар явахгүй 180 км замыг засмалаар ч явах боломж бий. Интернэтээс судлаарай) Ихэнхдээ хүмүүс хойгуураа шууд явдаг учраасшороон замаар явахаар тооцлоо. Энэ замд зарим хэсэг газарт замын дэржигнүүр таарах магадлалтай. Харин алдарт Мэнэнгийн тал дөхөх тусам шороон замын нөхцөл байдал сайжирч таны сэтгэлийг баясгана. Бороо ороход хөрс зөөлөн болж замын зарим хэсэгт шалбааг тогтдог шүү.
Зорих үзмэр, мэдээлэл:
МЭНЭНГИЙН ТАЛ
Байршил: Дорнод аймаг Матад, Халхгол сум
Солбицол: 47°42'54.5"N 116°59'00.7"E
Гурван үгт хаяг: ///дурлалт.донслуулах.хөнгөлнө
Товч мэдээлэл: Дорнод Монголын өргөн уудам тал нутгийн дунд орших Мэнэнгийн тал нь манай орны хамгийн том тэгш тал юм. Мэнэнгийн тал нь Буйр нуураас баруун тийш 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутгийг эзлэн д.т.д дунджаар 600 метрөндөрт оршдог. Бэлчээрийн ургамал, цагаан зээр, саарал чоно болон ховор амьтад ихтэй, дэлхий дээрх байгалийн төрхөө хадгалан үлдсэн том тал билээ. Олон наст үржил шимт үетэн ургамлууд зонхилсон хялганат хээрийн өвсөн далай мэт үзэсгэлэнт байдлыг Мэнэнгийн талаас харах боломтой. Унаган төрхөө харьцангуй хэвээр хадгалан үлдсэн хялгант хээр түүний салшгүй хэсэг болох цагаан зээрийн их сүргийг нүдээр үзэх боломж мөн бий. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Мэнэнгийн тал болон түүний орчмын бүс нутагт уул уурхай, газрын тосны үйлвэрлэлтээс улбаалан цагаан зээр төдийгүй бусад ан амьтад хүртэл дайжих нь элбэгшсэн билээ.
БУЙР НУУР
Байршил: Дорнод аймгийн Халхгол сум
Солбицол: 47°48'34.2"N 117°53'16.6"E
Гурван үгт хаяг: ///баримтлагч.шогших.гинж
Товч мэдээлэл: Буйр нуур нь хэв шинжийн байдлаар нь хээр талын нуурт хамааруулж болно. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 кило¬метр, эргийн шугамын урт 118 км, ус хураах сав газрын талбай 20200 хавтгай дөрвөлжин километр, 615 хавтгай дөрвөлжин километр талбайтай манай орны 5 дахь том нуур юм. Нуурын усны гүний дундаж 6 метр бол хамгийн гүн хэсэгтээ 16 метр хүрдэг. Буйр нуур далайн түвшнээс дээш 583 метр өндөрт өргөгджээ. Буйр нуурын тэгш талархаг газар байдаг тул эргийн шугам маш жигд булан тохой цөөтэй. Буйр нуурын үндсэн тэжээл нь гадаргын урсац (Халх голын ус) юм. Буйр нууранд 6 овгийн 34 зүйл зүйл загас бүртгэгдээд байгаагийн 12 зүйл нь агнуурын ач холбогдолтой булуу цагаан, тул, зэвэг, хадран, улаан живэрт, цурхай, цулбуурт, хэлтэг бөгөөд эдгээрийн 54 хувийг булуу цагаан загас эзэлдэг. Тус нуураас жилдээ 300 тн загас олборлох нөөцтэй гэсэн тооцоо бий. Буйр нуур, түүний орчимд 16 багийн 45 овгийн 122 төрлийн 236 зүйл шувуу бүртгэснээс орших хэлбэрийн хувьд 37 зүйл суурин амьдралтай, 199 зүйл нүүдлийн шувууд байна. Нүүдлийн шувуудын 115 зүйл өндөглөдөг, 59 зүйл дайрч өнгөрдөг, 7 зүйл өвөл ирж өвөлждөг, 9 зүйл тохиолдын байдлаар хаяа тааралддаг ба 9 зүйл шувуу оршин амьдардаг байна. Түүний эрэг орчимд амарч байх үедээ та талын нарыг мандах болон шингэх үеийг заавал үзээрэй. Сэтгэлийг тань хөдөлгөж нүдийг тань баясгана гэдэгт итгэлтэй байна.
Зам дагуух үзмэр:
· Зоогийн цагаан овоо, Баруун шавар нуур, Дунд шавар нуур, Баян нуур гэх мэт орон нутгийн үзмэр, дурсгалт газруудыг үзэх боломжтой. Хэрэв та нэг бүрчлэн замдаа үзнэ гэвэл тус нутгийн иргэдээс тодруулан лавлаж асуугаарай.
· Цагаан зээр: Төв Азийн Цагаан зээрийн 70 хувь нь Дорнодын их талд бий гэдэг. Цагаан зээрийн анхны тооллогоор Монголд 1970-аад онд 5 сая цагаан зээр тоологдсон харин 2010 оны тооллогоор 3 сая зээр тоологдож байжээ. Хамаагүй хууль бус агналт, уул уурхай газрын тосны үйлвэржилтээс болж газар нутаг хумигдаж улмаар зээрийн сүрэг багассаар байна.
Буудаллах, хоноглох: (Буйр нуур орчимд байх бааз, гэр буудал)
- Долоон Од 88582106
- Буйр Далай 99990450
- Дөлгөөн Буйр 80588181
- Баян буйр 89657666
- Эко Буйр 80575337
- Цэнгэг Буйр 88019673
- Элс ус 88606485
- Талст нуур 88431177
- Буянт тал 88210506
- Буйр лайк 80112915
- Буйр трэйвэл 88915499
- Буйрын сувд 99068818
- Талын хөх сувд 88111971
- Буйрын толио 99580925
- Буйрын давалгаа 99572044
- Тэмүка 99584694
- Байгаль 99579477
- Тансаг буйр 88989110
- Буйр памали 99109478
Жич: Та өөрийн майхандаа хоноглох боломжтой. (Тусгай отоглох цэгтэй) Нуурын эрэгт хэд хонох нь таны эрх учир маршрутад нэг хоногоор бодсон болно.
Анхаарах болон нэмэлт мэдээлэл:
- Хог хаяхгүй байх
- Нуурын ус бохирдуулахаас сэргийлэх
- Иргэний үнэмлэхээ биедээ авч явах (Мэнэнгийн отряд болон хилийн цэргийн албаныхан эрхийн дагуу шалгаж болно)
- Маршрутад дурдаагүй буюу хилийн бүс рүү эсвэл Нөмрөгийн ДЦГ-аар аяллаа сунган аялах бол урьдчилан Хилийн бүсэд аялах зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авсан байх шаардлагатай
- Шумуул, хөхтрүүтэй байх магадлалтай
- Зөвшөөрөлгүй газар ил гал түлэхгүй байх
- Майхан барьж хонох бол тухайн газарт тусгай отоглох цэг байгааг шалгах
…………………………………………..
Аяллын гурав дахь өдөр: ХАЛХ ГОЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУДААР аялах
…………………………………………..
Хэрхэн хүрэх вэ.
Буйр нуураас (зүүн хойд чиглэлд) — Халхгол сумын Ялалт багийн төв (27 км) — Их Бурхант цогцолбор (35 км) — Яклов хөшөө (5 км) — Хилчин дайчдын хөшөө (10 км) — Ерэн баатрын хөшөө (8 км) — Ялалт хөшөө, Халхгол сум /Ялалт музей/ (12 км) — Халхгол сумын төвөөс зүүн хойд чиглэлд орших Хээрийн музей (15 км) — Халхгол сум (15 км) — Буйр нуур (65 км)
Замын нөхцөл: Нийт 195 км замыг туулах ба харьцангуй саад тотгор багатай орон нутгийн шороон замаар аялах болно. Халхгол сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км зайд байгуулагдсан Хээрийн музейг үзэх бол та тус сумын төв дээр байх цэргийн ангиас болон тус сумын Ялалт музейн хамт олноос замын байдал заавар зөвлөмжийг асуугаарай.
Зорих үзмэр, мэдээлэл:
ИХ БУРХАНТ
Байршил: Дорнод аймаг Халхгол сум
Солбицол: 47°52'24.0"N 118°27'10.5"E
Гурван үгт хаяг: ///сүндэрлэх.зочлох.золголт
Товч мэдээлэл: Соёлын томоохон дурсгалуудын нэг Халхгол сумын нутагт орших “Их Бурхант” чулуун бурханы цогцолбор дурсгалыг Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат-Очирын Тогтохтөрийн /То ван 1797–1868/ санаачлага удирдлагаар 1859–1864 онд бүтээсэн дурсгал “Их шүтээн”, “Их бурхант” хэмээн олноо алдаршжээ. Энэ дурсгалыг найман аюулаас аврах Арьяабал бурханч гэдэг. Түүний гарт нь арслан, заан, могой, гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан билэгдэл атгаастай байдаг. Их Бурханыг Монгол улсын дорнод хил хязгаарыг аюул гамшигаас хамгаалахын билгэдэл болгон барьсан гэж олны дунд яригддаг боловч То ван ард олон шүтлэг бишрэлээс шалтгаалж асар их эд хөрөнгө түвд, энэтхэг, хятад руу урсаж байгааг гярхай ажиглаж энэ бүх буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьжээ гэсэн саналууд бий. Их бурханыг бүтээхэд мянган үхэр тэрэг хөдөлгөж долоон жилийн турш барьсан гэдэг. Тухайн үедээ өрх бүрээс нэг үхэр, айл болгоноос таван лан мөнгө гаргасан гэсэн хууч яриа байдаг. Найман аюулаас аврагч Жанрайсиг бурханы дүр эл шүтээнийг То ван болон Сэцэн хан аймгийн хошуу ноёд, ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж, Халх голын баруун 35 градусын налуу энгэрт 90 тохой буюу 30 метр уг бурханыг хоёр бага хүрээн дотор цогцлуулжээ.
http://travel.dornod.gov.mn/place?type=1&mid=4үзмэрүүдийн дэлгэрэнгүй тайлбарыг энэ линзээр орж үзээрэй
ХИЛЧИН ДАЙЧДЫН ХӨШӨӨ
Солбицол: 47°44'02.0"N 118°31'66.4"E
ЕРЭН БААТАРЫН ХӨШӨӨ
Солбилцол: N47°42'58.5" E118°33'53.7
ЯЛАЛТЫН ХӨШӨӨ
Солбицол: 47°38'05.5"N 118°35'56.6"E
Зам дагуух нэмэлт үзмэр:
· Өлзий амгалан хөшөө: Энэхүү хөшөө 2000 оны 7-р сарын 2 нд Япон Улсын Чион хийд, Монгол Улсын Гандан тэгчилэн хийдээс санаачлан бүтээв. Барималч С. Гансүх “Буун дуутай дайны талбарт дуу хууртай өлзий оршиг” Утга санаа нь 2 сэлэмний ирийг 2 тийш харуулсан байгаа нь дайн дахин бүү болосой гэсэн утгатай.
· Г.К. Жуковын командын байр: Г.К.Жуковын командын байр нь Халх гол сумын хамгийн өндөр газар болох Хамар даваанд Цогтсүмбэр овоон дээрээс Халхголын Эрс уул, Хайлааст манхан, Ремизовын өндөрлөг, Талын манхан, Баянцагааны нуруу харагдах аж. Далайн түвшнээс дээш 810 метрт өргөгдсөн орчин тойрны хамгийн өндөрлөг газрыг Командын байранд армийн нэгдүгээр бүлгийн цэргийн зөвлөл, командлагч нар, Монгол ардын хувьсгалт цэргийн удирдах дарга нар цугларч, фронтын нэгтгэл ангиудыг удирдаж байсан ба японы цэргийг1939 оны наймдугаар сард бут цохих их давшилтын төлөвлөгөөг боловсруулан бэлтгэж байв.
· Цагаан алт: Дайны галд тулалдаж явсан цэрэг эрсээс гадна ар талд алба хааж явсан хүүхэд эмэгтэйчүүд олон хүнийг бид дурсах ёстой. Тэдэнд зориулсан “Цагаан алт” хөшөөг 1994 онд Мардайн орсууд босгожээ. Харин 70 жилийн ойн баярт зориулж ОХУ -ын Элчин сайдын Яамны захиалгаар “Орос байшин” компани сэргээн засварлаж байв. … Гэх мэт дайны холбоотой өөр 10 орчим үзсэр, түүх дурсгал таарна.
· Ялалт музей: Энэхүү музей нь Халхгол сумын төвд байх ба тухайн сумын болон Халх голын түүхэн дайны бүхий л мэдээллийг тус музейгээс авах бүрэн боломжтой. /Утас: 88207902/
· Хээрийн музей: Халхгол сумын нутгаас дайны үеийн сөнөөгч онгоц, овор хэмжээ томтой зэр зэвсэг нэлээд олддог учир эдгээрийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилгоор хээрийн музей байгуулсан.
· Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Халхгол сум: Халхгол сум нь 1689 онд Сэцэн хан аймгийн зүүн гарын Дунд хошуу хэмээн нэрлэгдэж байгуулагдсанаас хойш 319 жил болсон монголын анхны хошуу сумын нэг билээ. Өнөөдөр Монгол улсад 21 аймгийн 323 сум байдгаас хамгийн их газар нутагтай сум бол Халхгол сум бөгөөд 2809000 га нутаг дэвсгэртэй, сумын нэг иргэнд 914.4 га нутаг оногдож байна.
· Халх гол: Монгол Улсын зүүн хэсгээр урсах ба Халх гол гол хэмээн нэрийдсэн шалтгааны нэг нь голын баруун эрэг нь зүүн эргээсээ өндөр тул зүүн талаас нь харахад хана хэрэм мэт халхалж харагддагаас ийм нэртэй болсон гэдэг. Нийт 233 км урттай.
· Гонх таван толгойн хүн чулуу: Халхгол сумын төвийн өмнө 7 км зайтай Шонх Таван Толгой нэртэй газарт хоёр хүн чулуу байсан бөгөөд нэг нь одоо Монголын Үндэсний Музейд үзмэрт хадгалагдаж байна. ХIII — ХIV зууны үеийн дурсгал болно.
Буудаллах. хоноглох: (Халхгол сум орчимд)
· Халхгол сумын төвийн зочид буудалд байрлах эсвэл сумын орчимд майханд мөн энэ цэгээс эргэн Буйр нуурын орчимд очиж хоноглох боломжтой
Анхаарах зүйлс:
- Хог хаяхгүй байх
- Зөвшөөрөлгүй газар ил гал түлэхгүй байх
- Гол мөрөн, нуурын ус бохирдуулахаас сэргийлэх
- Хөшөө дурсгалд гар хүрэхгүй байх
- Иргэний үнэмлэхээ биедээ авч явах
- Шумуул, хөхтрүүтэй байх магадлалтай
- Майхан барьж хонох бол тухайн газарт тусгай отоглох цэг байгааг шалгах
- Сумын төвийн Ялалт музейн төлбөр 3000 төгрөг /Утас: 88207902/
…………………………………………..
Аяллын дөрөв дэх өдөр: ЧОЙБАЛСАН ХОТ орох
…………………………………………..
Хэрхэн хүрэх вэ.
Буйр нуур, Мэнэнгийн тал — Чойбалсан хот (300 км) Өмнөх өдөр Халхгол сумын төв орчимд хоносон бол 70 км энэ өдрийн аялалд нэмэгдэнэ.
Замын нөхцөл: Нийт 300 орчим км. Энэ өдрийн зам аяллын хөтөлбөрийн 2 дахь өдрийн байдалтай ижил болно.
Зорих үзмэр, мэдээлэл:
- МЭНЭНГИЙН ТАЛ
- ЧОЙБАЛСАН ХОТ
(Тайлбарыг хөтөлбөрийн 2 дахь өдрийн маршрутас үзнэ үү)
Буудаллах, хоноглох: (Аймгийн төвд)
http://travel.dornod.gov.mn/org?mid=8Аймгийн төв дээрх буудлуудыг энэ линкээр орж үзээрэй.
…………………………………………..
АЯЛЛЫН ЯВЦАД АНХААРАХ ЕРӨНХИЙ ЗҮЙЛС
- Хог хаяхгүй байх ба эко аяла
- Зөвшөөрөлгүй газар ил гал түлэхгүй байх
- Гол мөрөн, нуурын ус бохирдуулахаас сэргийлэх
- Майхан барьж хонох бол тухайн газарт тусгай отоглох цэг байгааг шалгах
- Шумуул болон шавжны хамгаалалт, тос түрхлэг авах
- Дуран авч явбал их зүгээр
- Шатахууны нөөц болон техникийн бүрэн бүтэн байдлаа хянах
- Орон нутгийн музей үзвэл илүү ойлголттой болж аялалд өнгө нэмдэг
- Нутгийн иргэдийн зан заншил, уул усыг хүндэтгэх
- Буудал, баазад хонох бол аль болох урьдчилан захиалах
- Маршрутаа нягтлан сайн төлөвлөх
- Эмийн сан болон техникийн багаж хэрэгсэл авч явах
- http://travel.dornod.gov.mn Дорнодын танилцуулга сайтыг судлах
- Үнийн болон буудал, баазын онлайн захиалгыг www.ihotel.mn сайтаар хийх боломжтой.
…………………………………………..
Аяллын тав дахь өдөр: УЛААНБААТАР ХОТ буцах
…………………………………………..
Хэрхэн хүрэх вэ.
Чойбалсан хот — Улаанбаатар хот (656 км)
Жич: Замын нөхцөл болон маршрутын тайлбар аяллын хөтөлбөрийн 1 дэх өдөртэй ижил болно.
Жичийн жич: Энэ маршрут бол зөвхөн Буйр нуур, Халхгол чиглэлийн мэдээлэл болно. Чойбалсан хотоос хойшоо болон Сүхбаатар сум руу гэх мэт замдаа маршрутаа баяжуулах олон боломж бий гэдгийг анхаараарай. Дорнодын маршрутаа баяжуулах бол дараах линкээр орж үзээрэй http://travel.dornod.gov.mn/guide?mid=2
Та бүхний аялалд амжилт хүсье. Хамтдаа хариуцлага аялцгаая!!!
Маршрут бэлтгэсэн: Дорнод аймгийн Булган сумын харьяат, Мазаалай аялагч клубын үүсгэн байгуулагч М.Дархижав. (Цахим хаяг: Daagii compas)
Жич: Захиалгаар бусад аймаг, газруудын аяллын маршрутыг илүү нарийн гаргаж өгнө. Төлбөртэй. Утас: 98888803