Балданбэрээвэн хийдэд хэрхэн очих вэ?
Амралтын /хагас, бүтэн сайн/ өдрүүдэд гэр бүл, найз нөхдөөрөө явахад тохиромтой байдлаар тэмдэглэлийг хүргэж байна.
… За ингээд хагас сайны өглөө хэмээн төсөөлж өглөөний нарнаар эртлэн замдаа гарья. Улаанбаатар хотоос зүүн чиглэл буюу Налайхын замаар давхин засмал зам даган нийт 170 км явж зүүн гараа даган /ертөнцийн зүгээр бол хойд зүг/ шороон зам руу орно. Андашгүй дээ чиглэл заасан ХӨХ НУУР гэсэн хуучивтар төмөр пайз бий. Шороон замдаа орж 40 орчим км тоос манаруулан давхиж өнөө цагийн Монгол улсын минь гал голомт тогтсон, бат суурь бэхэжсэн гэх Хар зүрхний Хөх нуурт морилон ирэх учиртай. Эх түүхээ мэддэг хүн энэ нуурыг хараад өөрийн эрхгүй омогших сэтгэл төрдөг хэмээн хууччуул хуучилдаг. Учир нь их эзэн Чингис хааны маань эцгээсээ хойш эрийн цээнд хүрэх үедээ энэ газар хэсэг хугацаанд тарвага зурам гөрөөслөн аж төрж амь зуудаг байсан гэнэ лээ. Ухаант Тэмүүжин удалгүй гуравхан жилийн дараа буюу 1189 онд тархай бутархай байсан Монгол угсааны аймгуудыг нэгтгэсэн түүхтэй. Үүнээс хойш хөх толбот ард түмний хөх монгол улсын тулгуур бат бөх болж түүний үр сад бид ийнхүү эх орноороо дураараа нүүж, аялах эрх чөлөө гэгчийг утгаар нь мэдрэх нөхцөл бүрдсэн нь ийнхүү эхлэлтэй.
Нуур маань д.т.д 1675 метрийн өндөрт өргөгдсөн байдаг ба түүний урд эрэг дээр байх модон сийлбэрт дурсгалууд бол Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон саран хэлбэрийн байрлалтай алтан ургийн хаадыг 108 эрхийг билэгдэн 108 метр зайд дундын зайг хамааруулан байршуулсан байдаг. Олон түмний яриагаар яригдах Хар Зүрхний Хөх нуур гэж нэрийдэх тус нуурын өөрийн уг нэрийг зүгээр л Хөх нуур гэдэг юм. Хар Зүрх гэдэг нь түүний хойд эргийг хашин тогтсон урд энгэр нь халцгай /модгүй/ уулыг тийнхүү нэрлэдэг билээ. Энэ хоёр газрын нэрийг нийлүүлэн нэг нэр мэт андуурдаг ажээ. Монголын нууц товчоонд Хар зүрх уул гэж дурдагддаг ба хожим лам нар Хар гэдэг нь бөөгийн өнгө гээд Баянзүрх гэж нэрлэсэн гэдэг. Нэрт судлаач О.Сүхбаатар Хар зүрхний Хөх нуурт Тэмүүжин Бөртэ хатантайгаа гал голомтоо асаасан ба дараа нь энд Тэмүүжин “Чингис хаан” цол өргөмжлөгдсөн онцгой түүхт газар хэмээн бичсэн байдаг.
Энэ нуурын орчимд хонож болно. Жуулчны бааз, амралтын газрууд бол их бий. Майханд хонох бол нуурын зүүн хүр дээр отоглох тусгай цэг байгуулсан байдаг шүү. Хэрэв энд хонохгүй нар дээр учир цааш давхина гэвэл асуудалгүй үргэлжлүүлээд уншаарай.
Хөх нуураас зүүн чиглэлд 50 орчим км-ын алсад орших Хан Хэнтийн Хангал нуур бий. Майхантай хоноглох хамгийн сайхан газар даа.
Нүд алдам тус нуур нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Хурхын голын савд оршдог бөгөөд 1.5 ам.дөр.км талбайтай тектоник гаралтай цэнгэг нуур юм. 2012 оны УИХ-ын 57-р тогтоолоор тус нуурын өгөөж, түүх, эргэн тойрон дахь үзэсгэлэнг харгалзан үзэж улсын тусгай хамгаалалттай газар нутгийн “дурсгалт” газрын ангилалд авсан ийм л учир жацантай газар л даа.
Энэ нуурын эрэгт хүрэх цаг үед нар хэдийн доош бууж цагийн төлөв оройг илтгэх мөч таарна. Хангал нуурын БДГ-ын байгаль хамгаалагч Болдбаатар гэх ах бий. Олон ч жил хамгаалж буй зан харилцаа сайтай сайхан ах бий. Дахиад ирвэл битгий гайхаарай тэр эзэн нь гэсэн үг шүү. Мэдээж хөөж туугаад сүйд болохгүй ээ зөвхөн эко, боловсон сайхан аялахыг л уриална, анхааруулна. Бид ч бас тэр хэрээр хоггүй, ул мөргүй аялах үүрэгтэйгээ хэзээд санах нь зүйтэй.
За ингээд одод түсэн тэнгэрийн доор майхан бариад, түүдэг гал тойрон суухад хажууд тань цэлийсэн нууранд усны шувууд зэрэгцэн оршино. Үлгэрийн мэт байна уу. Энэ дүрслэл үнэн шүү.
Хаврын нэгэн өглөөний нар мандах учиртай. Өнөөдрийн үзэх ёстой гол зорилго Ар халхын алдарт утай гүмбэн хэмээн алдаршсан Балдан Бэрээвэн хийд маань юм. Хангал нуураас хөдлөөд Баян голыг гатлан 25 орчим км яваад түүнд хүрнэ. Хэрэв явган аялал хийнэ гэвэл Хангал нуураас шууд уулаа даван алхвал 10 орчим км л хүрнэ. Гэхдээ зам мэдэхгүй бол машинаараа явсан дээр шүү.
Уулаа тойроод давхиад очиход зам саадгүй дээ. Яг тэмдэглэлд дурдсан замаар явна гэвэл хүч сайтай машин сонгохгүй бол жижиг тэрэг шаварт суугаад балаг тарих аюултай байж мэднэ шүү.
За ингээд Хангал нуураас 25 орчим км давхиад зорьсон газраа хүрнэ дээ.
БалданБэрээвэн хийдийн тухайд:
Тухайн цагт эх орны зүүн хэсэгт томоохон шашны суурь үгүй байсан тул Цэвээндорж хамба хэдэн бараа бологчийн хамтаар хийд байгуулах газар шинжихээр явжээ. Ингэж явах зуур олон газар үзсэний эцэст өнөөдрийн хийд тогтсон газар хэдэн ямаа малладаг, сахал нь өвдгөндөө шүргэх шахам Балдан гэх өвгөнийд зочлон оржээ. Тэднийг гэрт орох агшинд тогоон дээр будаа чанаж байхтай таарав. Өвгөн эмгэндээ хандаж зочдод будаа аягалж өг хэмээхэд, хамба ам угтуулан танай энэ газар үнэхээр хийд байгуулмаар сайхан үзэсгэлэнтэй газар байна даа хэмээсэн гэдэг. Ингээд энэ хийдийн суурь тус газар 1777 онд тавигдсан юмсанж. Ийнхүү Балдан өвгөний нэр түүхэнд мөнхрөн хийдийн нэрэнд багтжээ. Мөнх-Өлзийт уулын өвөрт байх тухайн хийд ид цагтаа 3500 лам хуварга тогтмол ном хурдаг байсан ба Энэтхэг, Түвдээс лам нар ирвэл 5000 хүрдэг байж. 1880-ээд оны үед “Улаан бурхан” өвчин гарч зарим нь тэнгэрийн оронд, зарим нь түүнээс дайжсан гэх.
Харин их хэлмэгдүүлэлт буюу 1930 оны дундуур тэнд байсан лам нар, бурхан шашны эд зүйлийг бусниулжээ. Энх цагт 42 дуган, 12 том дацантай байсан гэнэ билээ. Балдан Бэрээвэн хийдийн эргэн тойрны хадан цохионд сийлсэн 10 гаруй бурхад томоос том соёмбо бий. 1920-оод оны үед Барон Унгерн хийдийн лам нараас морь үхэр олноор албадан авч байсан гэх мэдээ байдаг. Үүнээс хойш олон арван жил орхигдсон ч 1993 оноос лам нар ирж дахин ном хурж эхэлсэн байна. Харин одоо бол түүнийг аль болох сэргээн засварлах ажлууд жил дараалан хийгдсээр байгаа ба 80 лам шавилан сууж амьдрах сууц хүртэл хажууд нь ашиглалтанд оржээ.
Арван хангал бурхнаар тойруулсан Балдан Бэрээвэн хийдийг үзсэн бол гэрийн зүг гэдэн годон, сурсан дуугаа дуулаад ирсэн замаараа буцна даа. Гэвч ирсэн замаараа буцахгүй Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумыг чиглэлийн замаар ч буцах боломжтой.
Тус хийдээр аялах бол та нэг хүний 2000 төгрөгийн хураамж төлдгийг урьдчилан тооцоорой.
Буцахдаа хийд байрлах уулын доор нь байх Номч хадыг үзсэн ч болно. Үзэхгүй байсан ч болно. Ямартай ч хийд дээрээ ирж зорилгоо биелүүлсэн учир үүнээс цааш аялах эсэх, маршрутын баялагаа аялагч та өөрөө баяжуулж, нэмж хасах бүрэн боломжтой учир энэ хүрээд мэдээллийг дуусгая аа. Аян зам тань өлзийтэй байх болтугай
Тэмдэглэл сийрүүлсэн. М.Дархижав
ХАМТДАА ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛЦГААЯ /Мазаалай Аялагч Клуб/