Аяллын үүргэвч ба цүнх

Daagii Compass
2 min readApr 27, 2020

--

Аяны үүргэвч аяллын хамгийн чухал хэрэгслийн нэг. Өөрийн биед эвтэйхэн болон өндөртөө тааруулан хэмжээ, оврыг харгалзан сонгоно. Аялагч хүн үүргэвчний чанартайг бодолцон сонгохгүй бол буруу сонголт нь зам зуурын зовлон болж нэмэгдэхийг анхаарч мөрөндөө эвтэйхэн цүнх сонгоорой.

Аялагчийн марш гээд дуун дээр “аялагчийн үүргэвчинд амьдрал багтдаг” гэж шүлэглэсэн байдаг. Нээрээ л хол, ойрын зайн аялалд гарахад тухайн аялалд хэрэгтэй бүхий л зүйлсээ нэгтгэх орон зай бол цүнх байх болно. Майхан, гудас, мишок, гал тогоо, хувцас, аяллын туслах хэрэгсэл гээд л бүгд орчихно. Сайхан газар үзэхээр явахдаа сайн цүнхтэй нөхөрлөсөн нь дээр. Пян даахгүй үүргэвч гэж бий.

Иймээс л сайн чанартайг сонгох хэрэгтэй ба брэндийн гэхээсээ илүү дунд зэргийн үнэтэй үүргэвч аваад бүч бүслүүрийг нь давхар оёж шидээд монголчилж өөртөө тааруулж бас болно. Тааруулна гэдэг нь бүсэлхий болон мөрөндөө тааруулахыг хэлж байгаа юм. Биед таарсан цүнх эзэндээ ядралт бага үүрүүлдэг. Олон хоногийн явган аялалд эрэгтэй аялагч 15–20 кг, эмэгтэй аялагч 10–15 кг ачаа үүрэх шаардлагатай болдог.

Бороо уснаас авахуулаад аялалд олон зүйл тохиолдоно. Тэр болгонд бэлэн байж чадвал та аялагч болох ирээдүйтэй гэсэн үг. Үүгээр юу илэрхийлэхийг хүсэж байна вэ гэвэл цүнхээ норохоос хамгаалсан борооны цувтай болоорой. Тэр таны цүнхийг бороо шорооноос хамгаалаад зогсохгүй шавар шавхай, хир даарь болохоос мөн давхар хамгаална. Бүх зүйл эдэлж хэрэглэж байгаа эзэн хүнээс шууд хамаардаг. Хэдий чинээ хайрлаж гамнаж хэрэглэнэ төдий чиний олон газраар таны ачааг зөөвөрлөнө.

Үүргэвч нь олон талын давуу тал үзүүлж байдаг. Мэдээж хамгийн түрүүнд хэрэгтэй зүйлсийг чинь багтаана. Дараа нь хүйтэн болон бороо шорооноос хамгаалж нуруунаас дулаан төөнүүлж, уруу газар гулгах халтирах үед түшиг болж өгнө. Эцэст нь хэлэхэд өөрт хэрэгтэй зүйлсээ үүргэвчиндээ багтаана гэдэг бас авьяас даа.

Увс аймгийн Түргэн сумын орчимд амрангаа ийм зураг авхуулж байж.

Мазаалай аялагч клуб: М.Дархижав

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet