АЯЛАЛ СОНИРХОГЧДОД ӨГӨХ НИЙТЛЭГ ЗӨВЛӨГӨӨ

Daagii Compass
4 min readSep 4, 2019

--

СҮСЭГ: Уул овоо, хүн чулуу, буган хөшөө, дөрвөлжин булш, хиргисүүр тэргүүтэй түүхэн дурсгал, соёлын өвийг хадгалсан гарт баригдах тус биет рүү цагаан цайлган сэтгэл хэмээн эндүүрч сүү битгий өргөөрэй. Өвөл, зун гэлтгүй сүүний тослог шинж чанар нар салхинд элэгдүүлж тухайн дурсгалыг хар бор өнгөтэй болгож өнгө зүс алдуулах, цаашлаад янз бүрийн хорхой шавьж цуглуулах үндсийг үүсгэдэг юм. Хэрэв сүү өргөх бол та хол зайнаас өргөвөл зохимжтой билээ.

ХОГ: Аялагчид гэлтгүй ямар нэгэн зорилгоор хэзээ ч хаана ч явж болно. Мэдээж идэх уух зүйлтэйгээ явж байгаа нь тодорхой ба тэдгээр зүйлс нь бүгд сав баглаа боодолтой. Манайхны нэг сонин зан ч гэх юм уу ажиглагддаг зүйл бол идэж уугаагүй байхдаа тэр их зүйлийг яаж хийж байгаад авч явчхаад идэж уусныхаа дараа хоосон сав хайрцаг гялгар уутнуудаа авч явахгүй орхих тал их байдаг. Уг нь идсэний дараа бүр хөнгөн авч явахад бүр авсаархан болдог юмсан. Бидний тарьсан хогийг бид цэвэрлэнэ үү гэхээс аль нэг амьтад цэвэрлэж чадахгүй. Тэд зөвхөн бидний үлдээсэн идэх зүйлсийн үлдэгдлийг ээлж ээлжээрээ харин юу ч үлдээлгүй цэвэрлэж чаддагаараа онцлогтой. Эх оронч хүн гэж халзан толгойтой, хас тэмдэгтэй, хар хувцастай хүнийг огтоос хэлдэггүй. Эх оронч хүн гэж байгаль эхээ шүтдэг, байгальдаа хог хаядаггүй хүнийг л хэлнэ буй заа. Хог ихэдвэл хөглөрөхийн шинж, хог хаявал хоосрохын шинж шүү.

ОВООНЫ ӨРГӨЛ: Овоо ууланд янз бүрийн чихэр өргөх тийм ч зохимжтой биш юм. Хэрэв чихэр өргөх бол цааснаас нь салгаж өргөвөл хүн явсны дараа амьтад, жигүүртнүүд түүгээр хооллох боломжтой болдог. Цаашлаад давхар давхар буян болох учиртай. Цаастай нь өргөвөл байгаль дэлхийд хог хаяж байгаа нүгэл болохоос биш хэзээ ч өргөл хэмээн овоо уул хүлээж авахгүй нь лавтай. Энэ удаа ганцхан чихэр хэмээн тодотгож байгаа ч бусад цаастай зүйл өргөхөөс зайлсхийхийг анхааруулж байгаа юм шүү. Аян замд явахад будаа өргөх хамгийн зохимжтой байдгийг тогтоогоод аваарай. Хамгийн чухал нь тэр овооны орчмоос чулуу авч өргөх нь хамгийн зөв өргөл болно.

МӨНГӨ: Хаа газрын овоо уул, сүүлдээ энд тэндэхийн мод, хадан хясаануудын завсар хүртэл мөнгө тавьж хавчуулдаг болжээ. Энэ нь маш буруу үйлдэл гэж боддог. Монгол улсынхаа төрийн сүлдтэй мөнгөн дэвсгэртийг хээр хаячхаж байгаа үл хүндлэл гэж үзнэ. Тэнд мөнгө тавилаа гээд хог л болохоос өөр яг яах вэ? Иймээс уул овоон дээр явахдаа мөнгө төгрөг байвал түүж аваад ойролцоох буяны газар аваачиж өгөх эсвэл хэрэгтэй зүйлээ авахад буруутахгүй байх.

ХАДНЫ ЗУРАГ: Хэллэгээсээ эхлээд анхаарах хэрэгтэй юм. Ихэнх хүмүүс “хадны сүг зураг” гэж ярьж заншсан байдаг. Гэвч энэ нь угтаа буруу ойлголт юм. Манжийн үед Монгол улсыг эрхшээлдээ оруулахын тулд шууд Манжчилах бодлого авч чадахгүй байсан учир эхлээд Түвдэдчилэх бодлого барьж үүх түүхээс нь холдуулах атгаг санаа оруулж “сүг” хэмээх үгийг хавчуулсан гэдэг. Сүг гэж сонссон Монгол хүн бүр сүг сүнс хэмээн сайхнаар лав хүлээж авахгүй нь лавтай. Иймээс хадны сүг зураг биш “хадны зураг” юм. Мөн хадны зургийг хүмүүс үзэхдээ аль болох гар хуруугаараа тэмтэрч үзэхийг илүүд үздэг. Олон хүн ингэж үзээд ирэхээр харлаж халтартах гэмтэх эвдрэх хэлбэр дүрс нь өөрчлөгдөх гэх мэт асуудлууд он цагийн эрхээр үр нөлөөгөө үзүүлдэг. Тиймээс түүхэн эд зүйлтэй маш болгоомжтой харьцаж аль болох хүрэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Энэ түүхэн дурсгал биднээс хойш олон олон үе удамд минь үлдэх үнэт баримт болох учиртай.

АЯЛАГЧ: Аялагч хүн хээрээр явахдаа зохих байгаль газарзүйн мэдлэгтэй байх хэрэгтэй. Одон орон судлал хүртэл сонирхох нь таныг их хөгжүүлнэ. Хаа газар төөрөх асуудал хожим хэзээ ч гарч мэднэ. Тэр тохиолдолд бэлэн байвал та аялагч хэмээн өөрийгөө нэрлэж болно гэж үздэг. Газрын зураг унших, градус болон солбицол тогтоох, луужин мөн GPS дээр ажиллаж сурах, тэнгэрийн байдлыг олон талт мэдрэмж мэдлэгээр уншиж чаддаг байх хэрэгтэй. Ингэхийн тулд маш их зүйлийг судлах, олон газраар биеэ даан хөлс хүчээ зориулан аялах нь туршлага болон хуримтлагдана. Хортой хоргүй мөөгийг хүртэл ялгах, цэцэг ургамлын нэр мэддэг байх хүртэл үүнд хамаатай билээ. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг дээ.

ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ: Аян замын явцад тэмдэглэл хөтлөх гэдэг хамгийн чухал. Явсан газар орны нэр усыг, уулзсан тусалсан хүнийхээ нэр алдрыг цаг тухай бүрт нь тэмдэглэн явах хэрэгтэй. Тэмдэглэл бичих дэвтэр овор ихтэй том байх хэрэггүй байдаг ба авч явахад авсаархан дэвтрийг сонгоорой. Бал болон давхар харандаа авах нь зохимжтой. Таны тэмдэглэл хэзээ нэгэн цагт хэрэг болдог гэдгийг мартаж болохгүй. Тэмдэглэлээ сийрүүлж нийтлэл бичиж олонд түгээх эсвэл хадгалан авч үлдвэл хойч үеийнхэнд хосгүй баримт үлдээж байгаа хэрэг болох учир он цаг өнгөрөх тусам улам бүр үнэ цэнэтэй болно. Нөгөө талаар толгойдоо тогтоох мэдлэгийн хүрээ нэмэгдэхэд тус дэмтэй.

ГАЗРЫН ЗУРАГ: Аяллын маршрутаа газрын зураг дээрээ сайн тааруулах хэрэгтэй. Явах газар орныхоо талаар нарийвчилсан газрын зураг авч явах нь төөрч будлих эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Газрын зургаа уут саванд хийж норж гэмтэхээс хамгаалаарай.

ТӨЛӨВЛӨГӨӨ: Хол замын аялал хийхийн тулд төлөвлөгөө зохиохоос урьтаж бие сэтгэлээ бэлэн байгаа эсэхийг өөрөө өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрэв бэлэн бол төлөвлөсөн төлөвлөгөө тань сэтгэлчлэн бүтэх үндэс нь болно. Төлөвлөгөөг аяллын нийт хугацаагаар, хэд хоногоор, өдрөөр гэх мэт нарийвчлан гаргах боломжтой. Газрын зураг, атлас дээр түшиглэн хийх ба ахмад аялагчид судлаач нараас зөвлөгөө аваарай.

АЯЛЛЫН ХЭРЭГСЭЛ: Майхан, мишок, гал тогоо, чийгний гудас, хувцас, нүдний шил, малгай гэх мэт бусад тэргүүлэх хэрэгслүүдийг хувь хүн өөрийн биед тохируулан авдаг. Харин чанартайг авах нь чухал юм шүү. Энэ нь таны эрүүл мэнд, эрсдэлгүй аяллын баталгаа болох юм. Нөгөө талаар тод өнгийн хувцас хэрэгсэл сонгох нь хэд хэдэн ашиг тустай. Фото зурган дээр тод өнгөлөг гарахаас гадна төөрч будлих үед холоос харах боломж нөхцөлийг олгодог билээ. Брэнд гэхээс илүү дунд зэргийн үнэтэй зүйлс байсан ч манай орны хувьд аялахад боломжтой.

ЭМИЙН САН: Аяллын баг, хамт яваа нөхрөө болон өөрийгөө болзошгүй эрсдэлээс хамгаалах боломжтой чухал хэрэгсэл юм. Эмийн санд шаардлагатай ойр зуурын эм тан байхаас гадна уян бинт, цэнхэр спирт, иод гэх мэт бусад байх ёстой зүйлс байвал зохино. Зориулалтын эмийн сангийн хайрцагтай явах нь бас чухал билээ. Эмийн сангийн бүрэн байдал эрхэм таны мэдлэг хоёр нийлээд эмч гэх хүн үүсэх юм.

ЗӨВЛӨГӨӨ БЭЛТГЭСЭН: М.ДАРХИЖАВ

--

--

Daagii Compass
Daagii Compass

Written by Daagii Compass

Үдээсээ чангалаад мөрөөдөлрүүгээ гүй

No responses yet