Аялал жуулчлалын салбар бол салбар дундын бизнес юм
Аялал жуулчлалын бизнес эрхлэхэд учир их бий. Харагдах байдал их амархан мэт. Хүний мөнгөөр аялаад, хүний мөнгөөр идээд, хүний мөнгөөр амраад л. Тэгээд бүр дээр нь ашиг авч байгаа дүр зураглал бол зүгээр л ажил гүйцэтгэлийн нүүрний л илрэл. Угтаа жуулчдад үйлчлэх гэдэг бол 1000 жижиг ажлын нийлбэр байдаг.
Нэг жуулчин ирэхэд 20 ажлын байр идэвхжиж 10 гаруй салбар хөдөлгөөнд ордог гэдэг. Учир нь эдийн засгийн эргэлтийг түмэн олон газарт шингээж, үр өгөөжөө өгч байдаг салбар учраас САЛБАР ДУНДЫН САЛБАР гэж хэлэх дуртай. Тэртээх холын аймгийн шатахуун түгээх, дэлгүүр, хоолны газар, зочид буудал, амралтын газар, малчин айлын морь, тэмээ түрээс, цагаан идээ гээд л орон нутагт төгрөгийг шингээж эргэлтэд оруулдаг болохоор л …
Нэг жуулчин аялуулахад ямар өрнөл ард нь өрнөдөг вэ? … гэвэл тоочоод барахгүй л дээ. Товчхондоо бол хариуцлагатай, зам харгуй мэддэг харилцаа сайтай жолооч хайх, хэлний мэдлэг болон харилцааны ур чадвартай, тодорхой мэдлэг мэдээлэлтэй хөтөч олох, яваад очиход ярьсандаа байх байршуулах хэрэгслүүдтэй контакт тогтоох, замын нөхцөл байдал, үүрэн холбооны сүлжээ, интернетийг тооцоолох, цаг агаарыг хүртэл урьдчилан харах гээд л түмэн зүйлийн ажлын нийлбэрээр НЭГ МАРШРУТ буюу нэг аялал амжилттай явагддаг. Яг л нөгөө Шоргоолж Гахайнаас очиж хялгас гуйгаад дээс томоод … гэдэг аман зохиол шиг.
Асуудал яг ар араасаа булаг мэт ундарч өгнө.
Гэхдээ гарт орсон үед аялал жуулчлалын салбар бол үнэхээр сайхан салбар. Нээрээ л ажлаа хийнгээ аялдаг салбар. Аар саархан бэрхшээлүүд бол одоо ч манай салбарт бий. Асуудал дагуулсан томхон хүндрэлүүд ч байна. Гэхдээ муугаасаа илүү сайхан нь зөндөө.
Хүмүүс жаргалтай үедээ аялдаг гэж боддог. Тийм л аз жаргалыг үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч салбар. Нэг хүнээс олон талын ур чадвар шаарддаг ч хамгийн гол нь хариуцлагатай, хандлага сайтай гэх харилцааны ёс зүйтэй байхад бусад нь ер нь болчихно дөө.
Аялал жуулчлалын салбар нь тухайн улс орныхоо ВАЛЮТ-ыг бүрдүүлж байдаг маш чухал салбар. Ялангуяа манайх шиг ихэнх зүйлсээ гадаад орноос худалдан авч оруулж ирдэг үйлдвэрлэгч бус оронд бол энэ салбар ус агаар мэт чухал. Манай улс чинь ихэнх зүйлсээ төгрөгөөр бус гадаад мөнгөн тэмдэгт /валют/-ээр гадаад зах зээлээс худалдан авдаг. Ийм л учраас жуулчлалын салбарыг эрчимтэй, болдогоор хамтран хөгжүүлье гэж учир мэдэх хүмүүс дуугараад байгаан.
Гол нь иргэд, олон нийт жуулчидтай зөв зохистой харьцах, хүн ёсоор хандах аваас аялал жуулчлалын салбарт агуу том боломжийг нээдэг билээ.
М.Дархижав 2024 он